2010/04/01

Үзэг нэгтийн үгэн паянгаас-2

/Инээдмийн өдөрт/

Явсан газар бүртээ паян тарьж явдаг янзын улс бол яах аргагүй сэтгүүлчид. Ажил мэргэжлийнхээ онцлогоос болоод очихгүй газар, хүрэхгүй алс гэж үгүй. Өглөө сэрэхдээ л өлөн нүдлээстэй, сонор чихлээстэй. Өдөржингөө үүгээр түүгээр шиншлэн өлөв долов хийж явдагтаа түүртэнээ нэг үгүй. Хаана л сураг сэжүүр гарна, тэнд харайлгаж очоод хазуулж ёвруулж, хайруулж хөөгдөх ч энүүхэнд. Хайснаа олохгүй бол хааяа хачир ургуулж хужир урлаад, түүндээ ороогдож таварцаглах нь ч бий. Будлианы эзэд болсон тэдэнд буруутгах, зөвтгөх юм бишгүй л байдаг. Бусдадаа чимх инээд бэлэглэх үүднээс мэргэжил нэтгнүүдийн хөгжилтэй явдлаас мэдэж санаж буйгаа хальтхан сийрүүлье. Өмнө нь “Үзэг нэгтний үгэн паянгаас-1” гэж бичиж байсан юм.

* * *
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс хэвлэлийн хурал хийж байв. Гол мэдээллийг зөвлөлийн дэд дарга В.Алзахгүй өгч, дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр долоо хоног тутмын нэг сонины сэтгүүлч босч ирээд:
-“Базаахгүй даргаас нэг асуулт байна” гэхэд хүмүүс нирхийтэл инээлдэв.

* * *
Эх хэлээ гажуудуулахгүй байхын чухлыг хэвлэл мэдээллийнхэнд таниулах сургалт эхэллээ. Төрийн хэлний зөвлөлөөс уригдаж ирсэн эрдэмтэн яриагаа эхлэхдээ сэтгүүлчдэд хандаж:
-Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ? гэхэд хамгийн урд эгнээнд суусан залуу сэтгүүлч:
-“Махны ченж” гэж түгдрэхгүй хариулав.

* * *
УИХ-ын чуулган завсарлаж, улс төрийн үйл явдал, дуулиан шуугиан ховордов. Бичих, сурвалжлахаа олж ядсан өдөр тутмын сонинуудын улс төрийн мэдээллийн албаныхан Төрийн ордонд болсон нөхөн үржихүйн семинар дээр бөөнөөрөө цуглав. Нөхөн үржихүйн асуудлыг хэрхэн улс төрийн нүүрэнд мэдээлснийг маргааш нь зориуд сонирхож үзтэл “Семинар болж зөвлөмж гаргалаа” гарчигтай мэдээ хэд хэдэн сонинд нийтлэгдсэн байв.

* * *
Телевизийн сэтгүүлч бизнес мэдээ хөтөлж байв. “Самраар брэндийн дэвтэр нь өндөр чанартай цаасаар хийгдсэн, наалт сайтай учир хуудсаараа салдаггүй” гээд л баахан рекламдав. Гэвч маргаашнаас нь эхлээд онигоонд орох нь тэр. Учир нь тэр брэнд нь англиар “Самрар” буюу монголчилж дуудвал “Кемпап” гэж уншигдах байтал мань сэтгүүлч мэдээгээ эхнээс нь дуустал “самраар” гэж уншжээ.

* * *
Хоёрхон үсэг солигдсоноос болж нэг сонины редакцийнхан бултаараа донгодуулав. Өнгөц харахад бүхэл бүтэн 16 нүүр сонинд хоёр үсэг алдах гайгүй хэрэг мэт. Гэвч тэр дугаарын шуурхай мэдээний нүүрэн дээр “Түрүүлсэн сурагчдыг Японд алуулна”, гоо сайхны зөвлөгөөний буланд “Хаврын цагт хүүрээ тослоорой” гарчигтай мэдээнүүд гарчээ.

* * *
Ерөнхийлөгч галаас хүний амь аварсан хүүд “Шударга журам” медаль гардуулав. Гэвч маргаашийнх нь сонинд тэр үйл явдлын мэдээний зураг солигдож, Төрийн тэргүүн, шагнал гардсан хүү хоёрын оронд ойролцоо насны өөр нэг хүүхдэд гадаадын иргэн ном бэлэглэж байгаа зураг тавигдсан байв. Дугаар эрхэлсэн сэтгүүлчид банга хүртээж эхэлтэл мань хүн өөрийгөө өмөөрч:
-“Хүүхэд нь бол яг мөн. Ерөнхийлөгч нь арай жаахан биш” гэж мэлзэв. Нас ойролцоо гээд хүүг андуурч болох ч, яаж ч харсан тэр нуруулаг европ хүн Элбэгээ ерөнхийлөгчтэй огтхон ч төсгүй байв.

* * *
Ноолуур ид үнэд орж байсан цаг. Бусад газар ямаа үржээд байхад Өвөрхангайд өсч өгөхгүй, бүр сувайраад, олигтой төл ч авахгүй байв. Төвийн мэдээллийн агентлагийн Өвөрхангай дахь сурвалжлагч малын тоо толгойтой холбоотой статистик мэдээ ирүүлжээ. Гарчиг нь “Ухнатай унтаад жирэмсэлдэггүй ямаа”...

* * *
Архангайн сурвалжлагчаас асар урт гарчигтай мэдээ ирэв. Агуулга нь бод малын хорогдолд санаа зовсон өнгө аястай байлаа. Мэдээний гарчиг нь “Арц Богдын айлууд ааруул идээгээ дэлгэж байхад арын сайхан хангайд үхэр үхэж байна”...

* * *
Сонины гадаад мэдээний редакцид дөнгөж ажилд орсон залуу анхныхаа мэдээг орчуулав. Тэрээр “встреча в верхах” гэснийг “Хоёр орны ерөнхийлөгч нар өндөрлөг газарт уулзлаа” хэмээн орчуулжээ. Баахан загнуулж заалгаад хэд хоногийн дараа дахиад л фактлав. “Хуулийн цоорхой” гэдгийг “дыра в законе” гээд орчуулчихаж. Албан ёсны хэллэгт “пробел в законе” гэх байтал мань эр “нүх” гэдэг үгээр орлуулжээ.

17 Сэтгэгдэл:

ЗОРИГТ8 said...

баярн мэнд өргөн чөлөө

Anonymous said...

монголхатан: баярлалаа хө, ийстоо хөөрхөн онигоонууд байна. ганцаараа баахан инээж хүмүүсийг гайхшрууллаа...ккк

uka said...

hehe hugjiltei ym. Ter 2 useg alddag sonin bol aimaar ai? Hevlemel ymaa gej osoltoi ed bh ni. Bas ter samraar brend deer uhtlee ineev. Chi ingeed 1 amilmaar daa.

Pearle Deppsu said...

Цэдэнбал гуайг Цэдэнал гэж бичээд ажлаасаа хусуулж байсан гэдэг

Arsun said...

Ha ha ha

Төгөлдөр said...

Хэхэхэ үнэхээр хөгжилтэй байлаа

artga said...

aldiim bn haha

artga said...

aldiim bn haha

Javkhlan said...

2 useg anduurdagiig unshaad eleg hoshih gej baina shd. hehe nadarhuu garuu ugui yu.

Arsun said...

Эзгүй гишүүний товчлуур дарснаас болж огцров

2010/04/03 • Сэдэв нь: Үнэн

Японы парламентын дээд танхимын гишүүн Масатоси Вакабаяси санал хураалтын үеэр эзгүй байгаа гишүүдийн товчлуурыг дарсныхаа төлөө албан тушаалаасаа огцорлоо. “Гайтай л юм боллоо” хэмээн өөрийнхөө үйлдлийг Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарласан Газар тариалан, ойн болон загасны аж ахуйн сайд асан тэрбээр Либерал-ардчилсан намыг парламентад төлөөлдөг. Парламентын дээд танхимын сахилгын хороо түүнийг бусдын санал хураалтын товчлуурыг дарж байх агшныг гэрэл зургаар баримтжуулсан нь тодорхой болсны дараа огцрох өргөдлөө өгсөн байна. Тэрбээр өнгөрөгч сарын 31-ний лхагва гаригийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй намынхаа гишүүдийн өмнөөс санал өгчихсөн аж. Тухайн өдөр дээд танхимын бүгд хуралдааны үеэр 10 санал хураалт явуулжээ. Хуралдааны тэмдэглэлд дурдсанаар 75 настай гишүүн Вакабаяси бусдын өмнөөс ирцийг нь бүртгүүлчихсэн байж.

Электрон санал хураалтын системийг Японы парламентын дээд танхим 1998 оноос ашиглаж эхэлжээ. Өнөөг хүртэл сая огцорсон гишүүнийх шиг ганц ч үйлдэл гарч байгаагүй гэнэ.

Н.Хажидсүрэн

Anonymous said...

atga chimh ineed amttai gej. bayraljeedii shuu. xxx ariuka

ganga said...

Saak blogchin sard neg chashiisen bichleg amuulah yum. Uliral jileer tag baidgiig ulalztal bichsen shuumj negiig hairlaach, hehe.

Anonymous said...

IDEA БҮСГҮЙ ЯАГААД Л БУТ АВСАН БИЧЛЭГ ХИЙХГҮЙ БАЙНА ДАА.

engunee said...

алдах эрхгүй хүмүүс шүү нээрээ...

алтаргана said...

хаха ерөнхийлөгч нь арай жаахан биш...хаха за яахав цагаан магаан хүн бол дүүрч, урд зүгийн хүн тавьчаагүй нь яамай даа, манайханд сенсаац болж л байвал "арай жаахан биш" юм ярьдаг бичдэг хүн ч бий ш дээ

anjigai said...

Ёстой хөөрхөн юм байна. Үхтлээ инээлээ. НЭг нь ч мөн адил.

Б.Баясгалан said...

ухнатай унтаад жирэмсэлдэггүй яадаг ямаанууд вэ... Өвөрхангайн сэтгүүлчид гэхээд Мөнхдалай гуай юм уу, Отгонжаргал л байна даа. хэхэ. хүн гүтгэх ч яамай...