2010/09/08

“Ногоон нүдэн лам”

“Ногоон нүдэн лам” гэдэг номыг улаан нүдэлж суусаар нэг шөнийн дотор зүйл дуусгав. Хэлмэгдүүлэлтийн хар шуургаар хавсарга тавьж асан тэртээх он жилүүдэд очсон юм шиг л боллоо. Түүхийг хүн бүтээдэг ч түүнийгээ эргээд баллаж сохолж болдог, бүр танигдахын аргагүй гуйвуулж хувиргаад, болсон мэт итгүүлж үнэмшүүлж чаддагийг энд томруун харуулжээ. 2008 онд хэвлэгдсэн уг номыг нэлээд оройтож барьж авсан ч уншсандаа харамссангүй.

Анхандаа зохиогчид нь хүний эрхийн хуульч, судлаачид болохоор уран зохиол гэхээсээ баримтаар зодсон, ур бичгийн эв дүй тааруухан роман байх болов уу гэж бодтол санаснаас сайн бичигджээ. Яахав, англи хэлээр эхэлж туурвиад, дараа нь монгол руу буусан болохоор “Ховчилтойн хөндийд тавтай морил”, “Муу өчүүхэн лам. Үхээгүй байгаа чинь духанд чинь сум зоох хангалттай шалтгаан болно” “Залуу Агваан. Би чамаас хоёр л асуулт асууя”, “Тэр таны буруу байгаагүй ээ. Намайг морь өшиглөчихсөн...” гэх мэт монгол хүүрнэл ахуйгаас тасарсан үг өгүүлбэрүүд нэлээд таарсныг эс тооцвол шүү дээ. Бас уулзахдаа тэврэлддэг нь яалт ч үгүй америк ёс, харин монголчуудын эрхэм мэндчилгээ нь золгох буй заа.

Үйл явдал гуч, дөчөөд оны үед үргэлжилнэ. Гол агуулга нь хөдөөний залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага яргалал, олон мянган гэмгүй лам хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж хэн хохирсон зэргийг өгүүлнэ. Зохиолд гарч буй баатрууд бүгд бодит хүмүүс гэж бодохоор их сонирхолтой. Хамгийн гол нь, үзэл суртал гээч нь үхэл амьдралаас илүү хүчтэй, түүний хүнд буулган доорх хэлмэгдүүлэлт аль ч нийгмийн үед амиа тавихгүй, харин ч арга нь нарийсч, хэлбэр нь өөрчлөгдөн оршсоор буйг зохиогчид харуулахыг хүссэн юм шиг санагдсан.

Лам нарын баривчилгаа, улстөрийн хилс хэрэг, хувьсгалын хийрхэл, соёлын довтолгоотой бишгүй л олон ном зохиол уншиж байсан ч энэ номонд гарч буй үйл явдал, дүр зураг эмээгийн маань ярьдагтай дэндүү төстэй байсан нь сэтгэлд ойр байлаа. Бүр эмээ маань нэг удаа хийдийн бүх шүтээнийг урласныхаа төлөө баривчлагдан аймшигтай тамлуулж, 10 жил шоронд хоригдоод Чойбалсангийн хөргийг зурж байж суллагдсан уран гартай, сайхан дуулдаг ламын тухай ярьж байсан юм. Чухам түүнийг ногоон нүдтэй байсан эсэхийг мэдэхгүй, нүдний өнгөөр зохиолд ямар нэг давхар санаа илэрхийлсэн юм болов уу гэтэл үгүй байна лээ. Лам нар нигүүлсэнгүй сургаалаар хүмүүжсэн, эсэргүүцэн тэмцэх чадваргүй, хүлцэнгүй улс тул улаан хувьсгалчид хамгийн түрүүнд бай болгож, нийгэмд айдас төрүүлэх ажиллагаандаа ашигласан гэдэг нь яах аргагүй үнэн билээ. Энэ мэт эгэл жирийн иргэний үзсэн дуулсан, санаж байгаатай дүйж байхыг бодоход уг зохиолыг туурвихдаа нэлээд сайн судалгаа хийсэн юм шиг байна.

Монголын тусгаар тогтнол ямар их үнээр эргэж ирснийг бид мэднэ. Ардчилал ч бас түүнээс дутахгүй үнэтэй. Гэтэл ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлсний төлөө тавын таван хүний амийг буудан хороосон эзэн олдохгүй байгааг Монголын төр хэрхэн тайлбарлаж байна вэ? Хэлмэгдлийн золиос болсон хүмүүсийн сэтгэлийн шарх аниагүй, гашуун нулимс нь хатаагүй байхад энэ аймшигт үйл явдал давтагдаад байна шүү дээ гэх эмзэглэл ч төрж байлаа. Газар нутаг бүх ард түмний өмч хэрнээ жирийн иргэд нь шарил дэрлэн амьдарч, уух ус, хариулах бэлчээрээс болж залуу малчин алтны ангуучдын гарт амиа алдаж, хэсэг хүмүүсийн ашгийн төлөөх улайрлын золиосонд хаа хамаагүй бүсгүй гажигтай хүүхэд төрүүлж байгааг юу гэх вэ?

Нөгөөдөр улстөрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн өдөр болно. Хэдэн хүнд байр олгоод, нөхөн олговрын мөнгө өгөөд л өнгөрөх байх. Гэвч энэ бүхний цаана нийгмийн ямар үнэт зүйл хөндөгдөж, эв зүйдээ орохын аргагүй эвдэрсээр буйг бодууштай. Эцэст нь номын талаарх сэтгэгдэлдээ эргээд ороход ганц нэг логик зөрчилтэй зүйл анзаарагдсан. Жишээ нь Баасанг хөгшин лам нарын гэрээс залуу лам нарынх руу оруулахад тусалсан Нямжавын гавьяаг Агваан дараа нь яриандаа дурсахгүй өнгөрдөг, уул нь тэр хоёр үүнийг хамтдаа төлөвлөсөн шүү дээ. Бас цэвэр ичимтгий Сэндмаа Цагаан Дарь эхийг зуруулахдаа шууд хувцсаа тайлж байгаа нь үнэмшилгүй гээд өөнтөгч нүдээр харвал юм гарах л байх. Ямартаа ч түүхийн энэ хар толбыг өөр өнцгөөс гаргаж, хойч үеийнхний зүрх сэтгэлд мартагдахааргүй хадаж өгсөн зохиогчдод талархмаар байна.

“Тэргүүн дэвтэр төгсөв” гэснийг бодоход үргэлжлэл байгаа бололтой. Гараад ирвэл дуртайяа уншихын сацуу гарахаас өмнө үг хэллэг, найруулгын тал дээр оруулж чадах хувь нэмэр бий аваас сайн дураар оролцмоор ч юм шиг хүсэл төрж байна. Нээрээ ирэх зун эмээ, ээж, аавын маань нутаг болох Хөвсгөл аймгаар аялах бодолтой байгаа. Ингэхдээ заавал Даян дээрхийн агуйгаар орж үзнээ. Хэлмэгдүүлэлт эндээс эхэлсэн гээд бодохоор их л сонин мэдрэмж төрөх байх даа.

12 Сэтгэгдэл:

Anonymous said...

Хөөрхий хэлмэгдэгсэд, хөөрхий ах дүү 2, хөөрхий бүсгүй

Unknown said...

уншхиймсан энэ номыг

Гаамп said...

тэр нүцгэлдэг хэсэг чинь бүүр уншмаар санагдуулчихлаа. Цэвэр ичэмтгий Цэндмаа цусын зураг байснуу

Оогий said...

Анд Обдоогоос дурсгасан энэ номыг уншиж байж билээ. Их таалагдсан шүү

Anonymous said...

Энэ номыг ч хангалттай рекламдсан дөө. Мөрөөр нь нэг аялал маялал зохиогоод байлуу яалаа. Харин танай эмээгийн яриатай таардаг сонинын тээ, өшөө олон яриагаар нь юм бичээч. Чи ч бас задлан шинжлэхдээ сайн юмөө, өнгөрснийг өнөөдрийн амьдралтай холбоод гоё бичиж, нэг олж умшдаг ч юм уу зүгээр байхаар.

BorlaSQue said...

тухайн үед тэгээд яг яах ёстой байсныг би ойлгодоггүйм аа

Ганга said...

Idea харн ч их эерэг талаас нь дүн шинжилгээ хийж. Хэлмэгдүүлэлтийн тухай С.Эрдэнэ гуайн "Хойт насандаа уулзая" роман уншсаны дараа энэ номыг залгуулж уншсан болоо ч тэрүү, монгол хөрсөнд буухгүй үйлдэл болон үг хэллэг, монгол үсгээр бичигдсэн ч могол биш харилцан яриа зэрэг нь хайран сайхан санааг ... гэсэн халаглал төрүүлснийг нуух юун.

bolorhon said...

Олдвол нэг уншихад илүүдэхгүй ном юм байнаа, барааг нь ч хараагүй ээ харин чиний бичлэгээс л сонсож байна. Ингэхэд яагаад эхлээд инглиш дээр хэвлэгдээд дараа нь монголруу юм бол. Орчуулгын ном биш биздээ Дүрүүд нь ч тэр, үйл явдал, түүх нь ч монгол биздээ.

avidushka said...

nomiig hevlehees omno hyanalt minaltand oruulahaa bur bolison bh daa, hairan saihan sudalgaanii ajliig mongol hund hurgeh tal deer mash dutuudsan sanagdsan. ene nomiig sanaa ni l avarsan daa.

Unknown said...

dahin dahin unshmaar uneheer goyo nom shu

Zolzaya said...

Би нэлээн хожуу уншжээ. Дөнгөж уржигдархан уншиж дууслаа. Уг нь аль өнгөрсөн намар худалдаж авсан юм. Тэгээд авангуутаа эхний бүлэг дуусгаад л цаашаа уншилгүй орхисон. Яагаад ч юм тэр дор нь цааш унших хүсэл төрөөгүй. Тэгээд энэ номыг уншсан, үнэхээр гоё ном гэж хэлээд байсан хүмүүсийг ойлгоогүй. Энэнээс өмнө сая зургаан сард С.Эрдэнийн "Хойт насандаа учирна" номыг уншсан. Тэгээд сая амралтаараа уншиж дуусгалаа. Миний уншсан хэсгээс цааш нэлээн сонирхолтой ном байна. Би магадгүй буруу бодож байсан байж болох юм. Гэхдээ шүүмжлэмээр нэг зүйл нь монгол ахуй, үг хэллэг тал дээрээ үнэхээр сэтгэлд нийцээгүй, ялангуяа эхэн хэсэг дээрээ. Ямар сайндаа л "Тавтай морил" гэж байх вэ дээ. Баримт судалгаа тал дээрээ магадгүй маш сайн болсон гэж байна. Гэхдээ нээрээ ийм сайхан санаа, сэдвийг сонин сонин үг хэллэгээр бичжээ. Аа гэхдээ сүүлрүүгээ нөгөө номынхоо үйл явдалд автаад тэрийг бүр анзаарах сөхөөгүй 2,3 өдөр уншаад дуусгасан шүү, хэхэ. С.Эрдэнийн зохиолтой бол юу ярихав дээ. Буриад зон олны дунд орж үзээгүй надад нээрээ л ийм байдаг болов уу гэсэн сэтгэгдэл үлдээсэн. Бас тэр үеийн үйл явдал нүдэнд ургаад ирж байгаа юм. Гэхдээ энэ хоёр номны нийтлэг тал нь тухайн цаг үеийн ороо бусгаа байдал, харгис хэлмэгдүүлэлтийг өнөөгийн юу ч үзээгүй бидэнд тод томруун харуулж, үүх түүхээ мэдэх, судлах, өнгөрсөн тэр үед амьдарч байсан, хэлмэгдэж байсан хүмүүсийн талаар бодох, хойч үедээ дахин ийм хэрэг гаргахгүй байх талаар өөр өөрсдийн өчүүхэн ч болтугай үйлийг хийх зэрэг ухамсрыг төрүүлж байна. Энэ талаараа таалагдсан шүү, энэ ном. Магадгүй орчуулгынх биш шууд монголоор бичсэн бол илүү сайн байх байсан ч юм билүү.Дараагийн хэвлэл нь гарсан юм болов уу, гарсан бол шууд худалдан авч уншнаа.

Zolzaya said...
This comment has been removed by the author.