2012/11/15
Дуусашгүй...
2011/02/13
Өвлийн охин
Дэггүй занг нь өвлөсөн дэгдээхэй охины өмнө хариуцлага үүрэх насанд хэдийнэ хүрчихсэн хэрнээ өвөл дөхөхөд юунд ч юм хөгжинө. Цас хаялахыг мөрөөсч, цайран харагдах тэртээх уулсын тэргүүнийг үе үе ширтэнэ. Наадаж өнждөг мөсөн талбай нь дурсамж болж, найзалж өссөн цагаан тэшүүр нь таарахаа больсон ч өвөлд дуртай. Том том ц
Цас орсны маргаашт илүүтэй дурлана. Часхийх жавар хацар хайрахыг ч үл тоон өсгийн дор чихрах чимээг сонсонгоо, өд шиг бутрах цасыг ажингаа өөөрийгөө чагнан ганцаар алхах дуртай. Хаврыг хавсаргатай гэж, зуныг аагим гэж, намрыг хайлан гэж чамладаг хэрнээ өвлийг тэсгим гэж хэзээ ч халширдаггүй.
Цан цохисон моддын мөчрөөс шувууд дэрхийн нисэх, цас мөсний хэлтэрхийнүүд цонхонд угалз татуулан хөлдөх, цасанд ойн гялтганах нарны элч муутай судлууд ... цаашлаад, тэр бүр анзаардаггүй юм бүхэн өвлөөр цаанаа нэг өнгөлөг... Өөр олон өнгө холилдолгүй өвч цагаан болохоор өвөлд дуртай ч байж болох.
Гутлаа нэвтэртэл гулгадаг балчир ахуй нь алсалж буй ч, гучтай бүсгүйн сэтгэл үе үехэн нялхарна. Өнөөдрийн дараа маргааш болохгүй юм шиг, өвөл дуусаад хавар ирэхгүй юм шиг ханзрах цасанд нэвчин уусмаар хааяахан хачин жигтэй санааширна. Толгой гашилгах юмс бишгүй л байх, тогтож, үл анзаарахыг хичээх. Тортогт харлаад цас царай алдах ч тоож түүнийг даган гонсойхыг хүсэхгүй...
Цасны үнэр.... нэг тийм, үгээр хэлшгүй, бас юутай ч үл зүйрлэм. Магад гуниг тийм үнэртэй байх. Өнө эртний гуниг шинэхэн дурлалаар сэлбэгдэж, өнгө өнгийн бодрол зүрх тойрон бүжихэд өрцөн цаанаас цасны үнэр сэнхийх шиг... нэг тийм сонин мэдрэмж төрнө.
Харин өвөл дуусахад оргилж байсан тэмүүлэл, оршиж байсан гуниг цастай хамт хайлж одно. Яг л хорьтой залуугийн дурлал шиг гэгээхэн атлаа богинохон...
2010/08/25
Гитар үүрсэн залуу
Булчин шөрмөс нь зангирсан булиа эрчүүдээс бядгүй харагдах ч бурхан ч атаархам тэнэмэл авьяас түүнд заяаж. Зургаан чавхдасны аялгуугаар зуны үдшийг амилуулж, зуурхан бүрхэх ганцаардлыг зүрхэнд тултал хөглөнө.
Өвөрмөц сөөнгө хоолойгоор хайнгахан дуулах нь өнө урдын дурсамжийг сэтгэл сэмэртэл хүүрнэх шиг. Өөрийн мэдэлгүй урсах этгээд тэр аяз нь өрцөн дотор гунигийн гал өрдөх мэт.
Юуг ч үл сониучирхах тоомжиргүй харцанд нь юуных ч юм далдхан уйтгар шингээстэй. Хэнээс ч үл х
амаарах хэрмэл тэр тавилан нь хүсээд үл олдох эрх чөлөөний хэлтэрхийтэй.Зорилгогүй амьдралыг зовлонгүй туулах зоргоороо тэр залуу, авах хийгээд олохын адын хүслийн хажуугаар амирлангүй алхалж өнгөрнө, гитартайгаа...
2008/07/28
Энэ би гэж үү?
Udeesxen MC:
Ямар ч гэсэн зурсан хүнд талархав. Төлөөлж намайг түүнд ярьсанд хүнд ч талархав. Сахилгүйтэж 90:60:90 гэх мэт илүүдсэн хэмжээс хэлснийг эс тооцвол саваагүй энэ сараачлагад би хачин дурлав. Өмнө нь нэг удаа өөрийгөө үгээр зурахыг оролдож байснаас өрөөлийн зургийн бийрт өртөж явсан удаагүй билээ.
"Сайн уу? Танд нэг зураг өгөх гэсэн юм. Таныг зурах гэж оролдсон юм. Таныг хараагүй байж зурах гэж оролдсон юм.
Өөрийнхөөр чинь зурж чадаагүй л байх. Өөр хүний үгээр зурлаа. Янз янзын ямар ч зохицолгүй хэмжээс, зохицолуудыг тэр хүний амнаас сонслоо. Тэр баримт найдваргүй гэж бодлоо. Тэгээд өөрийнхөөрөө өөрийг тань зурлаа. Хэтэрхий дураараа загналаа.
Яг ингэж айлгүйтэж алхдаг байх гээд зурлаа. Яг ийм өнгө л тохирно байх гээд будлаа. Гүйцэд мэдэхгүй тул гүйцэд будсангүй. Зүгээр л цацчихлаа.
Толгой дээр чинь ядаж малгай тавьчихъя гэж бодсон ч ямар стил фейшн сонирхдогийг тань мэдэхгүй болохоор хоосон орхилоо. Үсээ яаж хаяалдаг бол гэж удаан бодлоо. Яаж хаялдаг байтугай ямар үстэйг тань ч мэдэхгүй тул худлаагаас хоосон нь дээр гээд үсийг тань зурсангүй. Ингээд өл халзан толгойтой зурагдлаа.
Нүүрийг чинь хоосон байлгаад яах юм ядаж хэдэн зураас, цэг үлдээе гэж бодсон ч нүүрний тань хэсэгт харандаа хүргэнэ гэхээс жинхэнээсээ нүүрэнд тань мэс хүргэж байгаа юм санагдаад чадсангүй. Чаддаг нь би биш бололтой. Тэгээд таны энэ зурган дээр нүүр тань дутуу зурагдлаа... Ядаж харцыг тань мэддэг бол яаж ийж байгаад хоёр цэг хатгах л байсан байх...
Хувцасыг тань яаж зурах вэ гэж бодлоо. Ямар хувцас яаж өмсөж явсныг тань хараагүй болохоор хувцас нөмөргөж чадсангүй. Нүцгэн үлдээлээ. Нүгэл гэж бодохвий. Өөр арга байгаагүй юм шүү. Уучлаарай.
Хээнцэрлэж чармайж зуръюу гэж бодлоо. Гэвч эрэгтэй хүн хээнцэрлэж чармайвал хэрэг дээрээ уг зүйлээ гутаадаг жамтай юм шиг тул тэгсэнгүй. Тэгээд энгийн мохоо зураг үйлдлээ. Зурчихаад дахиад харахаар таныг биш таны тухай өөрийнхөө төсөөллийг зурчихсан ч юм шиг. Үгүй ч юм шиг.
Надад таны тухай хангалттай баримт байгаагүй шүү. Тэгээд л иймэрхүү зураг зурлаа. Нөгөө айхтар 90:60:90-г тань гаргаж зурж дүрсэлж чадсангүй бол уучлаарай. Угаасаа уучлах юм олон л байгаа байх :P
Эцэст нь өөр хэн нэгэн хүнээс ишилж өгүүлэх нь: "Хамгийн чухал нь чи өөрөө л зурагаа таних хэрэгтэй байна..." -- M...
2008/05/27
Хэврэг...
2008/05/06
Өдрийн зураглал
Удтал уйлагнаагүй тэнгэрийн хатсан элэг дэвтэж, уласгасан уугих улаан шороо хаашаа ч юм оджээ. Өдөр хагаслан буусан зөөлөн хуранд дэвтэхдээ уулын түймэр унтарч, уяхан нэг нь дэнсэлнэ. Хот тэр чигээрээ чимээгүй дүнхийж, цонхонд мөр татуулан урсах усан судлын цаанаас улам ч дүнсгэр харагдах шиг. Цас, мөрөөдөл, гуниг гурваас чинагш хорвоо буй...
Тогтворгүй хөвсөлзөх сэтгэлээ торгоож ядахдаа дундын чаатанд дөрвөн мөр тэрлэж орхив.
Idea: Хөвөн цас хөлд унахдаа бороо болон шалбайж
Хөнгөн гуниг сэтгэлд хургахдаа жавар болон шандуурна
Чийг даасан савхин хүрэмний цаанаас сэтгэл сэрмийж
Чиний одсон зүгийг нууцгайхан ширтэнэ...
6 May 08, 10:40
хэмээхүй дор хэрүүлч, шогч Зараа ноёнтон үргэлжлүүлсэн нь:
Намрыг л нэхэн үгүйлээ юү?
Хүрэм чинь чийг даагаад байна уу?
Хөнгөн гуниг хөндий сийгээд байна уу?
Өвгөн цас унахдаа удалгүй хайлна
Өнгөрсөн явдал гуниг нэхэн сэдрээнэ
Нимгэн хүрэм нэвт жиндүүлж хайрна
Нууцхан харц чинь зөвхөн намайг төөнөнө
6 May 08, 10:52
хэмээн “их юм” санаж шүлэглэжээ. Дунд нь “оооо ееее камоооон” хэмээн Гаамп хүү түрлэг нэмсэн байх юм. Цааш үргэлжлэхүйд:
Хүсэл: Цас бишээ энэ
Цаг хугацааны нулимс
Өнгөрөн одсон сайхан бүхэнд гуниглаж
Өөдөөс тосон санаандгүй учралд баясаж
Уйлнам...
6 May 08, 12:30
хэмээн сэтгэлийн учигаа хөндсөн байхуйд авьяас билэгт Арзгар толгойт өлгөн авч өгүүлрүүн:
Segsger: Цас бороо холилдон бударсан ертөнцийн буйдад
Цаг агаарын мэдээ сэрэл хүслээс шалтгаалж
Амьдрал хэцэн дээр тохсон хэврэг бөс мэт
Амьсгалах чимээ нь чихний дэргэдүүр өнгөрөхөд
Мөнөөх эртний моддын мөчрөөс солонго татаж
Мөнгөлөг дуут шувуун цээжний гүнээс алдармой
6 May 08, 12:30
гэх ахуйд Шүлэгч авхай тосон авч ийн уянгалав.
Shulegch: Би яг л энэ цас шиг, цасны судал шиг
Биелүүлж амжаагүй мөрөөдөлдөө урсаж буй лаа шиг
Дагжитлаа чичрэх хэврэг амьдралын хүлээсэн дунд
Дандаа чамайг аргадсаар зэвэрч яваа төмөр мэт...үл далд орно,
гэвч үнээ алдсаар ....
6 May 08, 12:31
хэмээн халаглахуй дор
| Фриска: Арай гэж хөл дээрээ тогтон тэнцмэр аядахад...ахиад л |
| Амьдрал яагаад ийм салхитайм бэ |
6 May 08, 14:49 |
2008/03/27
Өөрийгөө зурсан нь

Өмнө нь намайг таньдгуудад таалагдахгүй байж болох ч, өнөөдөр би өөрийгөө зурмаар санагдлаа.
Өнгийн харандаагаа шовхоос шовх үзүүрлэж, өргөн цагаан цаас өмнөө дэлгэн суулаа. Өөрийгөө бүү хэл өрөөлийг зурж яваагүй ч өрөөсгөл энэ хүсэлдээ өөрийн эрхгүй дийлдэв.

2008/01/14
Сэтгэлд хоногшсон сайхан мөртүүд
Салхиар ганхах өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
Сэтгэлээ ариусгаж, нэгэн биеэ өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье
Санаагаар жаргаж, гол усны чинь ариун тунгалагт уусъя.
О.Дашбалбар
Орон дэлхий уудам ч төрөлх нутаг ганцхан
Охид хүүхнүүд олон ч төгөлдөр чи минь ганцхан
Мөнх цастай ууланд хавар ирлээ ч адилхан
Мөнхөд орших нутагтаа жаргаж гуньсан ч адилхан
Ж.Болд-Эрдэнэ
Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Б.Лхагвасүрэн
Буурал намарт би зун цагаас илүү дуртай ч
Бундан навч ногоорох хавар цагт дэндүү дурладаг
Мөнгөлөг горхи жирэлзэн урсаж, мэлхий вааглахад
Мөнгөн сарны дор амьдарч яваадаа баярладаг.
Ц.Буянзаяа
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгийг няцлаад
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Б.Явуухулан
Аргалын цэнхэр утаа талын дундаас хөврөх нь
Амар мэндийн аялгуу эгшиглээд байх шиг санагдах юм
Арилжаа морины мөр айлын гаднаас зулрах нь
Алагхан талдаа үлдээсэн алганы хээ шиг бодогдох юм.
Х.Чилаажав
Үе үехэн бороо орох сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах сайхан
Үүлэн чөлөөгөөр нар гарах сайхан
Үүдээр болжморууд нисч өнгөрөх сайхан
Д.Нямсүрэн
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна
Оддын дунд ижлээ үзсэн шиг
Шөнийн талд адуу янцгаана
Д.Нямаа
Суурингийн дэргэдэх өвгөн ганц мод цасанд дарагдаж
Хөв хөх хөдөөд бүсгүй хүн дуу мэтгэх мэт утасны мод алсарна
Эх нутагт минь он цагийн хөх тавилан сүүмэлзэж
Эцэг шиг уртаар санаа алдана, цас бударна.
Л.Моломжамц
Өглөө босоход минь цас орсон байгаасай
Өнгө тунгалаг наран гийж үүр цэлмэсэн байгаасай
Тэнгэрт тасарсан ганц шувууны өдөөр ээждээ захидал бичих юмсан
Тэрлэг дээлийг минь явуул гэж хүнээр хэлүүлэх юмсан
Д.Баттогтох
Сорт уулын будан цээжний буйдад намаршаад
Сайн яваагаа хэлэх мэндийн минь үг оройтжээ
Өнчин хөх нулимс зэрэглээнд үйж гэмтэхүйд
Өнгөт энэ орчлонгийн элгийг дэвттэл уйлахсан.
Idea

