Showing posts with label Юу ч гэхэв дээ. Show all posts
Showing posts with label Юу ч гэхэв дээ. Show all posts

2011/04/19

Баба Самбуу & Баярлалаа Глоб!

Ажлаа хийж яваад л асуудалд орчихсон сэтгүүлч бүсгүйг өрөвдөв. Анхнаасаа ингэхээ мэдсэн бол эрхэм гишүүнээс ярилцлага авахгүй л байсан байх. Ажлыг нь сурталчилж, үзэл бодол, байр суурийг нь олон түмэнд хүргэе гэсэн биш хандах хүн, хамгаалах газаргүй болж хамраараа газар хатгажээ. Нэмж хачирлаж, зохиож гувуйлсан бол бас яахав, гэтэл харин ч хасч танаж, найруулж додомсоныхоо төлөө шүү. Бэлээхэн хальс бичлэг нь байсаар байтал баримт гэж үзэхгүй байгаа нь сонин.

Өдрөөс өдөрт өргөжиж тэлэхийн хэрээр буруу бусармаг юм үүрлэж, мэргэжлийн ёс зүй, үнэ цэнээ гээж яваа салбар бол яах аргагүй хэвлэл мэдээлэл. Гэхдээ хэсэг бүлгийн увайгүй үйлдлээс болж нийтээр нь хавтгайруулан гутаах хаашаа юм. Ямар ч байсан гал тогоонд нь харьяалагддаг хүний хувьд, Монголын сэтгүүлзүй шилжилтийн энэ үеэ давчихвал цэгцэрч, эв зүйдээ орно итгэж л явдаг юм.

Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах тохиолдол зөндөө бий. Цаг хугацаанд хавчигдана, бусдын үзэмж, чөлөө завыг царайлчилна, бүгдийг мэдэгч биш болохоор мэдлэг, ур чадвар дутна. Ялангуяа манайх шиг процедурын хуульгүй, яг юуг алдаа гэж үзэх нь тодорхойгүй оронд эрүүгийн хуулиараа далайлгаад сэтгүүлчийг шоронд илгээх тун амархан. Ингэснээрээ бусдынх нь зүрхийг үхүүлж, нэг бол худалдагдах, үгүй бол жийгдэхээс аргагүй байдалд хүргэнэ. Өнөөдүүл нь ч яаж зүгээр байхав, баахан баримт цуглуулж шантааж хийнэ. Ийм л бохир эргүүлгэнээс мөддөө гарах янзгүй, хамгийн гол нь золиосонд нь жирийн сэтгүүлч явчих гээд байхын.

“Бизнес хийхийн тулд тэртэй тэргүй улс төрийнхөнд авлига өгдөг. Авлига өгч байсан хүмүүстэйгээ одоо УИХ-д зэрэгцээд л сууж байна” гэж ярьсан Ш.Сайхансамбуу гишүүнээс “Та тэр хүмүүсээ нэрлэ гэвэл нэрлэж чадах уу” гэж асуух нь зүйн хэрэг биз дээ. Нөгөөх нь ч ам бардам “Чадалгүй яадаг юм гэж”... Ингээд л маргаашийнх нь нэг өдөр тутмын сонин дээр ярилцлага дурайж, хууль хяналтынхны анхаарлыг татав. Хуулиараа авлига өгсөн авсан аль аль нь бурууддаг бөгөөд авлига авсан хүнийг мэдэж байгаа бол мэдээлэх үүрэгтэй. АТГ-ыг одоо л ажлаа хийгээсэй гэсэн хүлээлт ч бий болов.

“Урт хэл хүзүү орооно” гэгчээр мань гишүүн байдал бишдэнгүүт “УИХ-ын гишүүн хэлсэн ярьсандаа хариуцлага хүлээхгүй” гэсэн дархан заалтаар бамбай хийх гэж оролдов. Харамсалтай нь тэнд “чуулганы танхимд” гээд заачихаж. Ингээд хэдий халдашгүй эрх эдэлж байгаа ч бусад хууль тогтоомж адил үйлчлэх ёстой нь тодорхой болов. Дараа нь “Угаасаа л Оюутолгойн гэрээг алдаатай хийсэн С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт гурвыг нийтээрээ авлигач гээд байгаа биз дээ. Би тэрийг л хэлсэн” гэж мэлзэж үзээд ч нэмэр болсонгүй.

Болохоо байхаар нь сонины эрхлэгчтэй уулзжээ. Тэгээд л ханцуйн дотор найраа хийж, сэтгүүлчийг гөрдсөн болохоор тохиролцож... Редакц маань намайг хамгаална гэж бодож явсан сэтгүүлчид том цохилт болох нь мэдээж. Эрхлэгч, хуулийн зөвлөх /урьд нь огт үзэгдэж харагдаагүй нэгэн гэжуга/ хоёр нь дуудаад “За чи ярицлагынхаа сүүл хэсгийг нь зохиосон гэж мэдүүл. Манай хамтарч ажилладаг гишүүн учир бид хамаагүй юм ярьж болохгүй байна. Хальс байгаа гээд бардам байх шиг байна, наадах чинь цагаа тулахаар баримт болохгүй. Ер нь ч тэгээд бидэнд өгчих...” гэсэн аж.

Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон сэтгүүлч ажлаасаа гаръя гэтэл асуудлаа цэгцэлчээд яв гэх. Асуудал нь цэгцрэх байтугай улам ноцтой болж, АТГ байцаалтад үе үе дуудна. Утас нь амрахгүй хангинаж, таних танихгүй хүмүүс элдвийн юм хэлэх болов. Ингээд л арга буюу хэд хоног хөдөө явж бүгэх хэрэг гарчээ. Цалин хөлс, замын зардал ч бүр дүүрч.

Энэ зуур хамт их сургууль төгссөн хэдэн сэтгүүлч найздаа учир байдлаа хэлж, өнөөдүүл нь “Нэгэнт материалыг нийтэлсэн бол редакц хариуцлага хүлээх” олон улсын сэтгүүлзүйн хэм хэмжээг сануулсан нийтлэл, мэдээ бичицгээж, чадах нь тэр болохоор. Бас “Сэтгүүлчийн эрх ашгийг хамгаална” гэсэн сүржин уриа хийсгэдэг МСНЭ, Сонины холбоо гэх мэтэд хандахыг зөвлөж. Нэмэр байсангүй. Урт хэлтэй гишүүний гар бас урт болтой.

Харин “Глоб интернэйшл” ТББ хуулийн зөвлөгөө өгч хамгаалтандаа авчээ. Хальсыг нь дижитал руу буулгаж, хэд хэдэн хувь дискэнд хуулж баталгаажуулсан гэнэ. Тэгээд ямар ч тохиолдолд үнэнээ мэдүүл гээд өмгөөлөгч гаргаж өгч. Одоогоор байдал иймэрхүү байгааг танил бүсгүй өөрөө ярьсан юм.

Хүн сэтгэлийн хөөрлөөр юм ярьсан байж болно. Гэхдээ хэлсэн үгэндээ эзэн болох л хэрэгтэй. Ялангуяа төрийн түшээ хүн. Парламентад суугаад хууль тогтоох нь наймаа хийгээд нарантуулыг удирдахаас арай л өөр гэдгийг “муухай” Самбуу гуай эрхбиш энэ гурван жилд ойлгосон л баймаар. Сонин телевизээр гарч, олны анхаарлыг татаж л байвал юу ч гэсэн яахав гэж асуудалд ханддаг гишүүд олширсон. Их хурлаа “их тайз” болгосон ийм удирдагчидтай цааш явна гэхээр ирээдүй нэг л итгэлгүй санагдаад байхын.

Нөгөөтэйгүүр, авсан өгснөө хэлээд тавьчий гэхээр мань гишүүн бөөн дарамт шахалтанд орох гээд байсан байх. Түүнээс биш авлигаас болж Монгол Улс хөгжихгүй байгаа гэж ярьсан уг агуулга нь бол зөв шүү дээ. Энэ үйл явдал нь хэдэн жилийн өмнө АПУ-гийн хувьчлал ид болж бужигнаж байх үеэр Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр “Зууны мэдээ” сонины сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Миний өрөөнд 500 сая төгрөгийн авлига өгөхөөр хүмүүс орж ирсэн. Би хөөгөөд л гаргасан” гэж мэдэгдээд, дараа нь сэтгүүлч гуйвуулсан болж өнгөрөөсөнтэй адил замаар замхрах гээд байх шиг.

Хамгийн гол нь мөрөөрөө ажиллаж явсан ажилтнаа мөнгөний сургаар золионд чихдэг редакц... Арай ч дээ. “Арван ембүү хараад алгаа тосдог аав уу даа, Хорин ембүү хараад хормойгоо тосдог ээж үү дээ” гэдэг дууг л зориулъя даа, өөр хэлэх үг алга. Ингээд бодохоор сэтгүүлчээс сэжигтэн, ярилцагчаас ялтан болж хувирах дэнс нэг л алхмын наана цаана байх.

Энэ бол өнөөдрийн “бохир” гэж тодотгогдсон сэтгүүлзүйн нэгхэн хэсгийн тусгал... Хэзээ хэн цэвэршүүлж, эрүүлжүүлэх тогтолцоо юм бүү мэд. Гэхдээ сэтгүүлзүйгүйгээр нийгмийг төсөөлнө гэвэл бүтэшгүй. Ямар боловч зарга хатуу, редакц хол цагт авралын гараа сунгасан “Глоб интернэйшл”-д талархъя.


PS: Нэг зүйл мартжээ. Төлөвлөөд байгаа ял нь Эрүүгийн хуулийн 111-д хамаарч байгаа бөгөөд 2-5 жил хорих, эсвэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлж төлөх. Энэ нь одоо нэмэгдсэн 140 мянгаар биш өмнөх 108 мянгаар тооцоход 27 сая төгрөг бөгөөд сэтгүүлч сарын цалингаараа төлнө гэвэл зургаан жил дөрвөн сар тасралтгүй ажиллаж байж ард нь гарах мөнгө.


2010/09/14

Өөрөө олоод баярлаг

xxx: hi duu minee, 1 medee gargaad uguuch
Idea: ok, yun tuhai medee ve?
xxx: Bymbatsogt gishuunii tuhai medee
Idea: aan za, gishuun yagaa ve?
xxx: gishuun yagaach guie, naizuud ni bayrluulsan bna
Idea: tursun udur ni boloo yu?
xxx: guie, surguuliinh ni oi bolson bna
Idea: 10 jiliinh ymu, ih surguuli ymu
xxx: 2-4-r angidaa surch bsan dund surguuli genee
Idea: hehe, tegeed gishuun oidoo oroltsson ymu?
xxx: ooroo oroltsoogui angiihan ni mori uralduulsan bna
Idea: haha, tegeed terend ni gishuun bayrlaa yu?
xxx: chi odoo yundaa durguilheed bgam be, gargaj chadahgui bol teriigee helchihne l biz de.
Idea: durguilheh ni yu ym, 76 gishuunii bayrlasan, gomdson toolond medee gargaad bval ch, za za yu ch gsn shidchih.
xxx: yahav, gishuuniig bayrluulah l gsn ym, yu ch gsn harahgui yu da, oruulchihval sain l bna.

Жич: Би сонинд оруулж чадсангүй ээ, харин өөрийн юм өргүй гэгчээр мэдээг өгсөн зурагтай нь блогтоо тавилаа. Дуртай юм бол өөрөө олж үзээд баярлана биз. Төрийн түшээд маань нэг удаа ч гэсэн баярлавал тэ, дандаа ард түмнийхээ төлөө зовж явдаг хүмүүс...

Ангийнхан нь С.Бямбацогт гишүүнийг баярлуулав

Энэ сарын 2-оос 3-ны өдрүүдэд Ховд аймгийн Мянгад сумын Баасанжавын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 80 жилийн ойн баяр тохиолоо. С.Бямбацогт гишүүн тус сургуульд 2-4-р ангидаа суралцаж байсан бөгөөд түүний ангийхан нь ангиасаа төрсөн төрийн түшээдээ хүндэтгэл үзүүлэн ойн баяр наадамд түүний нэр дээр хязаалан насны морь уралдуулсан нь айргийн 4-т хурдалсан байна. Хэдийгээр ойн баяр наадамд оролцож амжаагүй ч энэ мэдээг сонсоод эрхэм гишүүн маш их баярласан гэнэ. Учир нь түүний хувьд хурдан морь давхиулсан анхны тохиолдол нь бөгөөд анхны морь нь айргийн тавд хурдалсан нь эр хүний цог хийморийг илтгэлээ гэж Мянгад нутгийнхан бэлэгшээж байсан байна. Тэрээр хурдан морио 500 000 төгрөгөөр мялаажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.