Showing posts with label Зүгээр суухаар. Show all posts
Showing posts with label Зүгээр суухаар. Show all posts

2012/03/27

Реклам уу, сүрдүүлэг үү?



Open World-ийнхэн миний найзууд л даа, гэхдээ рекламных нь санаа таалагдахгүй байна, уучлаарай. Хүний хийснийг хоосон үгүйсгэх амархан, бүтээлчээр шүүмжлэх хэцүү. Шууд миалахын оронд яагаад таалагдахгүй байгаа шалтгаанаа хэлье.

1. Хүмүүсийн сонирхлыг татахын тулд цаг үеийн мэдрэмжийг ашигласан байж болно. Гэвч энэ нь эдний үйл ажиллагааг сурталчлах биш тэр аймаар үймээн самууныг санагалзсан, нэхэн дуурссан диннотациар бууж байна. Өвчин зовлон, үхэл хагацал, цус нулимс дагуулсан үйл явдлаар шоудах хэрэггүй.

2. Слоган үгс нь оюутан солилцоогоор АНУ явуулж өгье гэхээсээ "7 сарын 1-нд дахиад үймээн самуун болно. Тиймээс Америк руу зугатаалгая" гэж уриалж байгаа мэт болжээ. Үймээн самуун давтагдахыг баттай мэдэж байгаа учир зохион байгуулагчдын нэг юм бишүү гэсэн хардлагад орох вий, найзуудаа.

3. 2008 оны 7-р сарын 1 бол нийгмийн чанартай үйл ажиллагааны рекламд ашиглаад байхаар бахархалтай, хүмүүсийн сэтгэлзүйг удирдаж, сонирхлыг өдөөх үйл явдал мөн үү. Магадгүй харуул хамгаалалтын шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа бол урьдчилж сэргийлж байгаа байдлаар ашиглаж болно. Харин "Open World" хөтөлбөрөө хэлтэйнхээ хүчээр үндэсний бахархал төрүүлсэн, омогшуулсан үйл явдлаар товойлгох байж дээ. "Монгол хүн олимпоос алт авч, чансаа өндөр шатарчдыг өмнөө сөхрүүлж чадаж байхад та юугаараа дутах юм. Амралтаараа АНУ-д ажилла, хэл сур, мөнгө хий. Оюутан гэхээрээ л орлогогүй залхуу шоучин гэж ойлгогдсоор явах уу" гэсэн санааг илэрхийлэх маягаар... 70 мянгатай нь холбосон ч яадгийн.

4. Оюутнууд бол залуучууд. Залуу хүмүүст нөхцлийг нь бүрдүүлээд, жаахан дэмжээд өгчихвөл юуг ч хийнэ. Ямар ч юмны тэргүүн шугаманд явах сонирхолтой тэр эрмэлзлийг нь хөгжөөх хэрэгтэй болохоос амиа хоохойлж дүрвэ, бид туслъя гэсэн байдлаар хамаатуулж болохгүй. Солилцоогоор явах мөнгийг энд үлдэх эцэг эх нь гаргана шүү дээ. Аливаа сурталчилгаа нийгмийн сэтгэлзүйд ямар замаар хүрэх вэ, айлгаж, сүрдүүлж, муулуулж, хардуулсан ч хамаагүй ярианы сэдэв болж л байвал болоо гэж бодож байгаа бол хар PR-иар хол явахгүй болов уу.

2012/01/25

Мээддрэмж...

Хөх Монголчуудаа ахан дүүсээ бидэнд
Хуурдаг хумсалдаг хэрүүлчид хэрэггүй
Харин хийдэг бүтээдэг энэрдэг
Хохирсон олноо өмөөрөх хүмүүс хэрэгтэй .... гээд л нээх танил хоолой FM-ээр дуулаад байхаар нь гайхаад тогтоод сонстол Жавхлан гавьяат сонгуулийн уриагаа дуу болгоцон нааж өгч байна.

Үг нь тэр чигээрээ Монголд тулгамдсан асуудлууд, үнэхээр сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Гэвч "цөлжсөн нутаг, нам, мал, цадахаа мэдэхгүй мангас" гэх мэт үгсийг зохиолын дууны аяаар сонсох арай л биш юм. Уг нь улс төр, урлаг хоёрыг ялгаад сурчихвал, бас жаахан PR-ийн мэдрэмжтэй болчихвол мань хүнд өөрт нь л хэрэгтэй. Сурталчилгаа биш сонгодогийг дуулж явбал хүмүүс түүнийг ихээр сонсоно доо. Эсвэл зүгээр хип хоп үглэчихвэл чихэнд арай наалдацтай ч юм уу.

Хүн болгон чаддаг чаддагаараа зодоод байвал Батхүү жишээ нь архины шил болгон дээр зургаа наагаад, Сайхансамбуу захаар нэг өөрийн дүрст хүүхэлдэйг заруулаад, сумо Батбаярын зурагтай баахан маваши үйлдвэрлэгдээд, тэрийг нь Баясгалан гавьяат "Чалх сайтай монгол эрийн Чанар сайтай алтан маваши даа" гэх мэтээр дуулахнээ дээ...




2011/02/01

Hi, Туулай!!!

Зээ... Морилон ирж буй молтогчин туулай, биш ээ бэртэгчин туулай... /ингэхэд илбэчин... эсвэл рекетчин туулай... ч гэсэн яадын, юун яасан илжиг/ жилийн мэндийг нийт ард түмэндээ нижгэр сэтгэлээр хүргэе ээ.

Улстөрчид тойргоо, дуучид үзэгчдээ, буузчид захиалагчдаа ард түмэн гэж томруулж байхад би яахлаараа блогоор зочлогсдоо тэгж болдоггүй ийн, угаасаа энэ үгийг тэдээс дээш масстай юманд ашиглана энтэр гсн хууль байгаа биш, тийм биз дээ? тийм шүү дээ! Боролдойг чи сана л даа, мангасыг дарсан...гээл далийгаа наассс.

Тэгээд туулай жилийн ерөнхий зурлагыг өөрөө өөртөө зориулж зурий гэж бодлоо л доо. Алийн болгон тэр ч биш, энэ ч биш хүнээсээр зуруулж байх уу хэмээн гэнэтийн ухаарлаар гэгээрсэн дээрээ туулай гэдэг амьтныхаа нийтлэг шинжээр айсуй жилийг андаад тандаад явчий.

За, туулай бол юуны өмнө дэлдэн чихтэй гэдгийг та бүхэн сайн санаж байгаа байх. Энэхүү сонор чихний өндөр үелзлийг судалснаар хүн төрөлхтөн шугаман болон тавган антень хийсэн түүхтэй. Иймээс ирж буй ондоо хол ойрын хов живийг алдахгүй, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулахгүй байх талаар асар анхаарууштайг илтгэж байна. Үндэс ургамал мэтхэнээр хооллодог энэ амьтнаас үлэмж суралцууштай гэдгийг ч санууштай.

Улмаар, дээр дээр дэгддэг байдлаас нь харахад аруун нэгэн он бол хөдөлгөөний дутагдалтай тэмцэх жил бөгөөд зориудын болон зохиомол хөдөлгөөнөөр зогсоо зайгүй занималдах хэрэгтэй гэсэн үгиймаа.

Бидний сэтгэлд хамгийн хоногшсон туулай бол ну пагадийгийн туулай бөгөөд ну нь чоно юм уу, пагадий нь чоно юм уу гэдэг асуудал одоог хүртэл эрдэмтэн мэргэдийн дунд маргаан дагуулсаар ирсэн. Иймээс миний бие маргааныг эцэслэх үүднээс, эдгээр нэр нь чононд ямар ч хамаагүй, харин бүхэлдээ туулайны ник нэйм, мессенжэр ай ди байх магадлалтай болохыг дэвшүүлэн тавьжийнаа.

Тэхдээ туулай бол чонотой ямар нэг сэжмээр заавал холбогдох учиртай бөгөөд чоно, туулай, идеа, чаапий дөрвөөс хаях юм байхгүй гэдэг утгаараа уялдаж болох юм аа. Дэлдгэрийн хорголыг л гэхэд дайны үед ороож татдаг байснаас энэ амьтан хүнд хэцүү цаг үед монголчуудын аминд хэрхэн орж байсныг харж болно. Орчин үед энэнээс нано технологийн тусламжтайгаар хөлс дарагч гаргаж болох талаар судалгаа хийгдэж буйг дашрамд дурдах хэрэгтэй болов уу.

Туулайн зүрх нь бусад амьтныхаас хурдан цохилдог нь уг амьтныг зориг зүрх муутай болгон харагдуулдаг. Амьтнаас зугтахдаа бут бараагддаг учир монголчууд дэрс бутны ёроолд үлдсэн цасыг туулайдас гэдэг. Энэ бүхэн нь олноо өргөгдсөн аруун нэгэн онд өндөр ойнууд давхцах бөгөөд олон хүн цугларсан газар амиа хоохойлж, айж явахад аминд өлзийтэй болохыг өгүүлж байна.

Туулайнаас ялгарах өвөрмөц үнэр нь уушгинд сайн гэгддэг, тиймээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өрх бүр туулай тэжээх зарлиг гаргаж өгөхийг төрийн тэргүүнд уламжлахад таатай байна.

Мэдээж аливаа жилд сөрөг тал бий. Жишээ нь шүдний эмч нар дорсгой шүдэнд дайн зарласан учир үүдэн шүдээ өмгөөлж явах нигууртай. Туулайн арьсан шубаар гангарагсдад хандаж хэлэхэд, ан амьтныг хамгаалах нийгэмлэгийнхэн энэ жил нэлээд бодитой ажиллаж, ирэх жилийн сонгуулийн шоугаа дорвитой хийнэ гэснийг дуулгахгүй бол хүн чанаргүй хэрэг болох юм. Хувийн зурхай нэг иймэрхүү, хувьсгалын зурхайг зав зай гарч, од гараг эрхшээвэл зурамз.

Миний хувьд, бар жил балаг ихтэй ч барцад багатай улирч байна. Сурч гавихгүй ч ном сонсч, ууж шалихгүй ч пиав эргүүлж, бүжиглэж чадахгүй ч диско хэсч, бүтээж ялихгүй ч цаас цоохорлож.... Хорьтой юм шиг дэгэлзэж, хол ойргүй тэнүүчилж, дурсах зүйл элбэгтэй, дуулиантайхан шиг цагаан барыг цаашлуулж буйдаа баяртай байна.

Ийгээд, ирж буй рекэтчин туулай жилдээ хотлоороо хор найруулж, бултаараа бут авч, даагандаа далавч давкарлаж, бяруундаа булдруу ургуулж, алт мөнгө авдраараа халгиулж, амжилт бүтээл өврөөрөө цалгиулж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөе өө.

2010/10/31

Тайлбаргүй

Тосгондоо дүлийгээрээ дотносдог хоёр хүн байлаа. Нэг удаа байцаа тарьж байсан нэг дүлий дээрээ нөгөө дүлий найз нь хүрч ирэв.
-Сайн уу хө, чи чинь байцаа тарьж байгаа юм уу даа?
-Гүй, гүй. Би байцаа л тарьж байгаа ухаантай.
-Аан, би чамайг байцаа тарьж байгаа юм болов уу гэж саналаа.. гээд яваад өгөв.

* * * * *

МАХН-ын үзэл суртлын нэвтрүүлэг явж байна. “Манай нам бол зүүн төвийн нам байх болно” ... давтсаар улиг болов.
Экс дарга Н.Энхбаяр мэдэгдэл хийж байна “МАХН бол зүүн төвийн үзэлтэй нам байх ёстой”... хашгирсаар хоолой нь сөөв.
Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ярилцлага өгч байна “Манай нам зүүний төвийн үзэлтэй болох гэж байгаа”... гэнгээ Н.Энхбаярыг “Зүүний үзэлтэй болно гээд байвал чамд хариуцлага тооцно шүү” заналхийлсээр зангидсан гар нь чилэв.

Жич: Энэ хоёр өгөгдлийг хооронд нь холбоод, зөв дүгнэлт гаргасан хүнийг шалгаруулна. Шагналын санг Хүний хөгжлийн сангаас шууд гаргуулна ккк. Үнэмлэхүй зөв хариултыг уралдаант шалгаруулалтын комисс өөрөө мэдэхгүй байгаа бөгөөд уралдаан нь ямар нэг зорилго, ач холбогдолгүй, хэнд ч нээлттэй бөлгөө.