2011/12/30

11 VS 11

Давхарлаж тавьсан хоног хугацаанууд хар аяндаа нимгэрсээр, дахиад нэг оныг юу юугүй үдэх болчихож. Цаг хугацааны торгон огтлолцол дээр алсарч буй жилийнхээ алдаа оноог дүгнэж, айсуй өдрүүдийн өнгийг бүдэгхэн боловч зураглаад сурчихаж.

Улирч буй оны онцлох явдлуудыг яг байгаагаар нь, ялимгүй мэйк-ап хийгээд, өмч хувьчлалаар олж авсан өөрийн ганц хөрөнгө болох дурсамжийн эрээн авдар луугаа дурданд ороогоод шидмой.

1. Цасан шуурга. Санаандгүй явж очоод саваагүй хуйд өртөв. Даарсан, яарсан, бас сэмэрсэн. Дахиж ийм шуурга дайрвал давж гарах дах дэгтий зэхэв. Урьд улын үзэгдлүүд үүний дэргэд зүгээр л сэвшээ салхи байж. Тиймээс салхин наадаанд цэг тавив.

2. Хямрал. Унтаж байсан могойны үзүүр дээр нь гишгэж сэрээв. Хамар доорхоо харалгүй харалган явсаны гай. Ухамсрын бэлзэг ядам хуруунд үлдэж, ул мөр нь зүүн чихэнд хоногшив. Хагархай зүрхийг нөхөж цойлдсон хаш эрдэнийн хоёр шигтгээ...

3. Зөрчил. Шимтэж дурладаггүй байсан шилэн хундагууд дугаарлав. Үг холбох минь ял болж, үнэндээ өнгөрснөөс өөрийгөө хайж байлаа. Гэхдээ олсон. Гэнэн өдрүүдтэйгээ, гэгэлгэн бодлуудтайгаа, өөрийгөө үнэлэх үнэлэмжтэйгээ, яг л хэлхээтэй түлхүүр цасан дээр унах мэт явдал дунд чимээгүй гээгдсэнийг олсон. Олохдоо олзтой олсон, одоо эднийгээ яасан ч алдахгүй ээ.

4. Зэмлэл. Хүчээр тогтоож байсан цорго эвдэрч, хүний санаанд оромгүй цэвдэг ус сад тавив. Шогширно, бас шагширна. Цаас байсан бол базаад түүдэг гал руу шидчихмээр, цаанаа гэдэн хөдөлж байсан ч тэсэв. Тэглээ гээд хохирсонгүй. Тэнгисийн ус ч цоргоор сэлбэгддэг.

5. Амралт. Тайзны жүжгээс бултаж, тагтны ард нуугдав. Туслах дүрийн жүжигчид эзгүй талбайг самбаачлав. Үзэгчгүй жүжгээс хааяа бултах зүгээр юм, үнэндээ надгүйгээр үзэгдэл үргэлжилсээр.

6. Гайхшрал. Уриад залаад ирдэггүй ховрын од зочиллоо. Удсан ч үгүй эргээд харуусал тээн харвалаа. Харамссангүй ээ, хамгийн бүдэг од цаг нь ирэхээр гэрэлтдэг.

7. Өөрчлөлт. Алхмын зайнд арай өөрийг сонгов. Үр дүнг нь урьдчилж хэлж мэдэхгүй ч өчүүхэн боловч сорил давахаар шийдлээ. Ашиг сонирхлын алим ар урдуур шидэлцэхийг эс тоон хийх ёстойгоо хийсэн шиг хийхийг хичээж л байна. Хүрээлэл хумигдах ч хөрвөх чадвар нэмэгдэнэ гэж горьдоно.

8. Нүүдэл. Хоногшсон газраасаа хоёронтоо хөдөлж, огт танихгүй шинэ газар амьдарч эхлэв. Ашиггүй дурсамж, хэрэггүй мэдрэмж бүхэн айл гэрийн илүүдэл хогтой орхигдов. Чухам надаар л дутах цорын ганц орчин.

9. Хувь нэмэр. Сайн дураараа, бас бусдын хүсэлтээр хэд хэдэн бүтээлд хуруу хумсаа нэмэрлэв. Учиргүй ухаарсан жил болоод тэр үү цагийн дайснуудыг цайзны тулаанд дуудаж, хайр найргүй хядан, бунханд булшлахаар зориг шулуудав. Дэмий балай зүйлст тархи зүрхээ мэдүүлж, сэтгэл хөдлөлийн сэлмэнд сүлбүүлчихгүй л байх сан.

10. Санал. Идэвх зүтгэл, амбиц шаардсан, ирээдүйд хэрэгтэй байж магадгүй хэд хэдэн санал ирэв. Бодож бодож нэг дээр нь л туналаа. Урьд хожид үнэлэгдэж байгаагүйгээрээ үнэд хүрлээ. Баярлах ч шиг, айх ч шиг. Хүссэн хүсээгүй хүсэл бодлынхоо хүрээг тэлэх цаг болжээ. Үүнийг хэрэв чадвал өөрийн гэх эрмэлзлийн маань хундаам тавигдана. Эс чадвал эгээ л байрандаа үлдэнэ. Эр чадал, эрхий мэргэнээ үзнэ дээ, болохоосоо болохгүйг хүртэл.

11. Хариуцлага. Хэзээ хэзээнээсээ илүү хариуцлага гэж юу болохыг мэдрэв. Бодож санасан юмгүй, бодлогогүй танхил явахад бас хязгаар байдаг бололтой. Зарим зүйлийг засч залруулж, индүүдэж зүлгүүрдэн эв зүйд нь оруулж, зөв гольдрил руу чиглүүлэхийн тулд өөрийгөө хоёрдугаарт тавьж сурах үе ирдэг юм байна. “Гол дүрийн гомдмоор улаан уруулт” явж залхлаа. Больё доо одоо, “бөн бөн”-рүүгээ бушуухан буцах минь.

Амьдрал маань тогтоод адал явдал үгүйлэгдээд байх шиг санагддаг байсан, сүүлийн жилүүдэд. Гэтэл 2011 он ёстой л “адал явдал дутаад байна уу чамд, май тэгвэл” гэсэн шиг учир замбараа, хөл толгой нь олдохгүй, орооцолдсон, шамбааралдсан, унжралдсан, гонжролдсон жил байв. Уналт ч байлаа, ололт ч байлаа, ухаарал түүнээс ч их байлаа. Алдаагаа давтахгүй, амжилтаа алдахгүй байх нь ирэх оны зорилт болог.

Блогоор маань зочилдог бүхэнд Шинэ оны мэнд хүргэе.

2011/11/21

Ихэрлэв...

Гарчиг хараад намайг ихэр хүү юмуу охин төрүүлсэн гэж бодсон нь гараа өргө кк. Ихэр нэг юм мэндлэх нь мэндэлсэн, даанч миний уран бүтээл биш. Блогч олон уншигчаа байсгээл бурмаар дайлдаг Бум-Эрдэнэ зохиолч "Өнөөх", "Эмэгтэй ном" гэсэн богино өгүүллэгийн хоёр ном гаргасан юм аа.

Тэгээд мундаг зохиолч 4, 5 дахь хүүхдээ эх барьж авжаахад чи юундаа хөөрцөглөсийн... гэж асуух гэж байна уу та нар. Хоёуланг нь би өдөр шөнөгүй идэж, өөд уруугүй пиавдан, даралтаа ихэсгэж, давхар харвин суун байж редакторласын.

Тэгээд хүний хийсэн бүтээснээр хүүдэгнэн онгирох зантайн хэрэг юу билээ, хоёр номынх нь нүүрний зургийг, өмнөх үгтэй нь оруулж нтр гангаръя гэж бодсын. Гэхдээ "Өнөөх" номын өмнөтгөлийг миний бие, "Эмэгтэй ном"-ын өргөл үгийг Б.Эрдэнэсолонго гэдэг эмэгтэй нэгтэй, эрэгтэй зохиолч бичсийн. Зиа тэгээд, Редакторын хувьд номын талаар хэлэх үг гэвэл
"ӨӨРСДӨӨ УНШИХГҮЙ ЮУ!!!"...

Чимхлүүр

Блог хэмээх бодит юм шиг атлаа бодрол бясалгалын хийсвэр ертөнцөд, компьютерийн цаанаас Т.Бум-Эрдэнэ гэгч зохиолчийг уншаад дөрвөн жил болжээ. Анх Бумаа нэрийг хараад эмэгтэй хүн гэж боддог байлаа.

Зөвхөн эмэгтэй хүний л, тэр дундаа нэлээд мэдрэмжтэй, аливааг элсний ширхэг мэт нарийвчлан харж, бодож эргэцүүлдэг бүсгүй хүний мэдэрч чадах тэр л торгон мэдрэмж, эмзэг турьхан атлаа эрэлхэг, ухаалаг өгүүлэмжүүдийг унших тусам энэ бодол маань батлагддагсан.

Харин
жил гаруйн өмнө нүүр тулах завшаан тохиож, “61 ах” номыг өөрөөс нь гардахдаа нөгөө дэндүү чимхлүүр мэдрэмжтэй зохиолч маань эрэгтэй хүн байсныг, бүр нас тогтож яваа тулхтайхан ах болохыг хараад гайхаж билээ. Яаж мэдрэхээрээ үг бүр нь залуухан бүсгүй өдөөр гуниг зурах шиг тунгалаг, утга санаа нь давтагдашгүй атлаа таашгүй, олон үйлдэлт оньсон тоглоом мэт нууцлаг байдаг байнаа гэж дуу алдах шахсан.

Өнөөдөр түүний дөрөв дэх ном хэвлэлтээс гарч байна. Хэвлэлтээс ч гэж, зохиолчийн нөгөө л хэтийдсэн мэдрэмжээс, төсөөллөөс, сэтгэлд нь амилж, алсарч явдаг өнгө будагнуудаас төрөн гарч байна. Эхлэл, төгсгөл нь ойлгомжтой энгийн санаануудыг эвлүүлж урласан юм шиг атлаа санаанд
оромгүй шаглаа, хажлага хамжааргагүй холбоос, зөн совинд хэзээ ч буухааргүй зүү ороолтууд... Хайчгүй эсгэж, оёдолгүй урласан дээл нэг иймэрхүү болдог ч юм болов уу.

Дурласан бүсгүйг бүдэгхэн үзэмжит аялгуу тойрон эргэлддэгийг, буйд ахуйн үдэш зөөлөн гуниг агч мод шиг үнэртдэгийг, усан бороонд уйтгар нэрэн алхахад газрын судас гүрэлздэгийг, үхлийн өмнө хүртэл хормойгоо хямгадан эрхэмсэг оршиж болдогийг, зөөлөн хатуу энэ орчлонд зөвхөн дурсамжаар цадах өдөр ирдэгийг нээрээ мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг.

Гучин настай бүсгүй... Хөнгөхөн шүүрс алдмаар ч юм уу. Магадгүй эмэгтэй хүний хамгийн сайхан нас байх. Жимсээр бол гүйцэд боловсорч, дарсаар бол амт үнэрийн хамгийн оргил зохицолдоо ирсэн мэт. Үүнээс хойш гоо үзэсгэлэн алхам алхмаар нүүр буруулж, хорвоо хоёр нүүрээ харуулах юм шиг сэтгэлийн мухарт сэмхэн гуниг хааяа бударна. Хорин хэдтэй хонгор үетэйгээ харьцуулахад аливааг байгаагаар нь ойлгож, хамгийн ойроос мэдэрч чадах тэр л үе. Чухамхүү гучтай бүсгүйн сэтгэлд л ханиа хайрлах хайр, хорьтой залуугийн сэтгэлийн хөөрөлд автсан догдлол хоёр зэ
рэгцэн оршиж чадна. Магад үүнийг биеэр туулж байж л ойлгох байх. Харин зохиогчийг аль насандаа гуч гарч буй “бүсгүй” байсныг гайхаж ядна.

Өнөөх... Хүн болгонд “өнөөх” бий. Дотор сэтгэлтэйгээ, дотоод хүнтэйгээ ярилцдаггүй, зөвлөдөггүй нэгэн гэж үгүй биз. Харин өнөөх нь өөрөөс тань хүчтэй бол гадаад ертөнцөд таныг яаж харагдуулах вэ... Бидний “гажиг” гэж хардаг хүмүүс харин ч дотоод сэтгэлийн хүч ихтэй, хором саатаад сонсвол хосгүй хүмүүс болж таарав уу. Сэтгэцийн юмтай хүмүүст дотоод сэтгэлийн асар том урлан оршдогийг “Зураас”-т ч бас таталжээ.

Хүний цорын ганц өмч бол бодол. Гэр бүл, хань ижил, ажил алба, эд хөрөнгө бүгд чинийх биш. Харин бодол л чиний мэдлийнх. Тиймдээ ч бид юу ч бодож болно. Аз болоход “юу ч бодож болдог орчлон” юм даа. Амьдралын эд эс бүхнийг бодол л өнгө зүстэй болгодог. Харин анзаарч хардаггүй, хэн ч тоомгүй атлаа хэт энгийн хором мөчүүд өөрөө амьдралыг утга учиртай болгодог аж. Ийм энгийн байх гэж...

Бүтээлүүд нь араанд уусаад өнгөрөх амтат чихэр гэхээсээ илүү хүлхэх тусам амт ордог хатуу хурууд шиг тослог, эргэн эргэн бодмоглоход этгээд мөлжүүртэй байдаг нь Бумаа ахыг бусдаас ял
гаж өгдөг онцлог юм уу даа.

Өөрийг өгүүлмээргүй, зүгээр л уншигч таны мэлмий, мэдрэмжид үлдээхийг хүснэм би. Хэзээнээсээ хэт сэтгэлд хүрсэн зүйлээ хэлэх, ярих эвээ олдоггүй хачин зангийн маань илрэл энэ буюу. Харин, ариутган шүүх үүрэг хүлээсэн хэрнээ өгүүллэгүүдийг засч янзлах гэхээсээ унших тусам ухаарал авч, зохиолын дүрүүдтэй хамт гунихдаа гуньж, хөгжихдөө хөхиж, мэдэрч, эмтэрч байснаа л хэлж чадна...

Редактор Idea
2011. 10. 20


Эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил
Дон Жуан гэдэг хэвшмэл нэршлийг зөвхөн шалиг завхай эрийн түүх гэсэн өрөөсгөл хандлагаар тайлбарлахыг зөвшөөрөмгүй санагддаг юм. Францын, бидний сайн мэдэх реалист утга зохиолын “Дон Жуан” Ги де Мопассан “Зөвхөн эмэгтэй хүн л чин үнэнчээр хайрлаж дурлаж чадна” гэж яагаад хэлсэн юм бол оо. Тэгэхээр юу гэсэн үг вэ, эрчүүдэд боломж байхгүй гэж үү.

Алдартай зохиолч хайрын газрын зураг барьчихаад нэг насаараа малтлага хийгээд олж чадсан нь энэ. Эрчүүдэд боломж, магадлал тун бага гэдгийг бүр сүүлд шинжлэх ухаан тайлж, 7 билүү 17 секунд тутамд эр хүний бэлгийн эс ялгардаг, тиймээс эрчүүдийн хувьд хайраас илүүтэй үр төлөө үлдээх зөн давамгайлдаг тухай байгалийн учир зүй талаас нь тайлбарласан билээ.

За, ингээд гол зүйлдээ анхаарлаа хандуулъя. Зохиолч Т.Бум-Эрдэнэ эмэгтэй хүний тухай ном бичжээ. Зөвхөн бичээд зогсохгүй энэ хачин /гайхам/ ертөнц рүү өнгийж, тэндээс олж харснаа бидэнд дэлгэн үзүүлж байна. Т.Бум-Эрдэнэ “Сэмэрч үл барагдана”, “61 Ах” зэрэг өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн нь үргэлжилсэн үгийн зохиол сонирхон уншигчдад хэдийн танил болоод амжсан. Харахад даруухан, элдэв долоон үггүй энэ эрийг ямархуу ажигч, ямар өр зөөлөн нэгэн гэдгийг өмнөх хоёр номноос нь олоод харчихаж болно. Эх орноосоо алс амьдарч байхдаа унаган ахуйгаа санан санан бичсэн түүний зохиолууд мөн түүн шиг хартай бүхнээсээ алсад суугаа олон монголчуудын сэтгэлийн цангааг тайлж байсныг мэдэх юм.

Т.Бум-Эрдэнийн өгүүллэгүүдэд хүнийг төөрөлдүүлсэн хачин жигтэй, санаанд багтамгүй үйл явдлуудын зураглал огт үгүй. Бидний мэдэх, бидний амсаж туулж яваа энэ амьдралын ухаарал, сэхээрэл, бодлогшролуудыг зүй зохистойгоор өрөн тавьсандаа ч тэр үү ахуйд ойр, сэтгэлд дотно санагдана. Түүний өгүүллэгүүдээс жинхэнэ хат суусан монгол эрийн санаашрал, гэр бүл, эх орон, хүмүүст хайртай бүтээлч хүний үгийн хэлхээсийг харж болно.

Харин өнөөдрийн хувьд тэрээр эмэгтэй хүний тайлагдашгүй ертөнц рүү өнгийж нэг харжээ. Эмэгтэй хүнийг хайрлаж чадсан хүн л хамгийн сайн ойлгоно. Бүхний өмнө ил хэрнээ хамгийн нууцлаг энэ ертөнцийн талаар бусдад ойлгуулахаар махран зүтгэнэ гэдэг нэг талаар сайн хандлага, бас ихээхэн бөх зүрхтэй хүний барьж хийх ажил юм. Учир нь эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө тухай бичээд ч хайрын /хүн судлалын/ их шинжээчид хэдэн зуун жил нухаад ч олигтой үр дүнд одоо хүртэл хараахан хүрээгүй байгаа гэдэг.


Энэ номыг уншаад дараах асуултуудыг өөртөө тавьж үзлээ.

- Яагаад эрэгтэй хүн хүүхэд төрүүлдэггүй юм бэ. Үүнд нэмэлт бяцхан тайлбар:
- Яагаад хүнээс хүн төрдөг цорын ганц тохиолдол нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай /мэдээж эрчүүдийн оролцоог энд үгүйсгэхгүй/ байна вэ.
- Яагаад энэ хүн “Сэмэрч үл барагдана” гэж бичээд байна вэ. Эх хүн сэмэрнэ гэж яадаг юм. Яагаад сэмрээд дуусчихдаггүй юм бол.
- 100 доллар хийгээд шүүдрийн дусал хоёрын аль нь үнэтэй вэ. Аль аль нь эхийн ачийг бүрэн хариулж чадах уу.
- Эмэгтэй хүний зүрхийг шилжүүлэн суулгасан ч хайрыг бас зүрх шиг шилжүүлэн суулгаж болох уу.
- Яагаад үргэлж зүрх, дээр нь нэмэх сэтгэл гэсэн холбоо үгс хайртай бас эмэгтэй хүнтэй хоршиж сонсогддог юм бэ.
- Яагаад 40 настай хижээл эмэгтэй нөхрөө хууран байж болзоонд явахдаа “Victoria secret”-ийн дотуур хувцас өмсдөг вэ.
- Ер нь яагаад эхнэрүүд нөхрөө хуурдаг вэ.
- Хууралтын дараа хүүхнүүд яаж гэртээ орж ирдэг вэ.
- Эсвэл нөхөр нь хуурсны дараах эмэгтэй ямар байдаг вэ.
- Яагаад эмэгтэй хүн эр нөхрөө ээжээсээ илүү хайрладаг юм бэ.
- Яагаад хуурч мэхлэгдсэн эмэгтэй нөхөртөө зориулан “Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болно” гэж хэлдэг юм бэ.
- Яагаад энэ бүхнийг эрэгтэй хүн бичиж байна аа.

Энэ үй олон “яагаад”-ын хариулт мөдхөн таны шимтэн унших гэж буй “Эмэгтэй ном”-нд бий. Бүсгүйчүүд, ерөөсөө нийт уншигчид түүнд ямар дүн тавих бол гэдэг ч бас л нэг асуултын тэмдэг. Эмэгтэй хүний ертөнцийг өөрийн нүдээр олж харж, тэднийг сонсож, ажиглаж, тэднийг илэрхийлэхийг оролдсон хичээл зүтгэлийг бүсгүйчүүд л ганцхан үнэлж чадах биз. Тиймээс зохиолч Т.Бум-Эрдэнийн зориглон зурагласан эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил.


Б.Эрдэнэсолонго

2011.11.01

2011/11/09

"Халбага" бичлэг...

Хаагуур, юу гийгүүлж яваагаа халбага бичлэгээр дуулгахгүй бол хавийн амьтад хашгичиж гуугачин, хаа таарсан талбартаа харааж зүхэн, хаа гуя ханзлангаа алдаж хага татаж хаяхнээ намайг... гэсэн сүрийг бадруулж, хүчийг нэмэгдүүлсэн өгүүлбэрээс харахад энэ удаад ха-гаар эхэлсэн үгнүүд түлхүү хэрэглэгдэх төлөвтэй болоо явцышүү. Гарчиг нь хүртэл халбага бичлэг... Халбага пийв гэдэг шиг тээ?

Гэснээс пийвийг халбагадаж уугаад, самрыг ширхэглэж аваад аягүй хэмнэлттэй аж төрж байгаа би. Одоо хоолыг капсулаар идээд, архийг пепиткээр уугаад кофег дуслаар хэрэглэдэг болчуул болчих гээд байна. Алийн болгон аливаа хэмжигдэхүүний максимум нэгжээр амьдрахав.

Сонин сайхан гэвэл... анх удаа блогоо хоёр сар гаруй хөсөр хаяв. Сэрүү орсон тулдаа хэдэн бээгий сээгийнүүд өмхийрчилгүй, өтчилгүй, хатчилгүй, шарлачилгүй, шамбийчилгүй... тэсч байж хөөрхий. Нэгэн сайхан утаатай өдөр зүс царайгаа тордоод, зүүсгэл гоёлоо өлгөөд, хаалгаа цэлийтэл нээгээд хавиар өнгөрснийг дайлдаггүй юм гэхэд далласан шиг сууна даа гэсээр явтал нэвтэрч ордог нууц үгээ мартах шахаж. Алдаагаа засах уламжлалт амлалтаа авдагаараа авна даа сайхан...

Өөр чинь... өө тий, ажлаа сольж нүүдэл суудал хийлээ. Хаашаа гэж үү, хажуу өрөө рүүгээ ккк. Хананы наана цаана боловч чиг үүрэг нь арай л ондоо газар амьдралынхаа аравны нэгийг /үхдэггүй ээ/ өнгөрөөсийм болохоор одоохондоо чихний бөглөө, нүдний таглаа гараагүй, хагас ангайсан амаа хамхиж амжаагүй л явна.

Зарим нэг хүмүүс загнаад л байгаа, бичдэг хүн тв маягийн юманд ороод, дүрсний планд хавчигдан, сэтгэлгээ чинь хумигдан зэвэрч дуусна даа гээд... Надад бол одоохондоо тэгж санагдахгүй л байна. Өмнө нь үйл явдлыг өөрийн өнцгөөс харж, өөлж гоочлохоо олж яддаг байсан бол одоо өлгөөд авчих өөдрөг гэгээлэг юм юу байна, улс орныхоо талаар гадагшаа гайгүй юм цацчих юмсан, алийн болгон аль нэг орны дагавар мэтээр ойлгогдож явахав хэмээсэн нэг муу төрийн төлөөх оготны амбицархуу юмтай минь таараад байгаамаа бас. Яваандаа ярих бичихийн дундах Берлиний ханыг нураачихвал ч...

Бас, богино өгүүллэгээр блог ертөнцөд тэсрэлт хийсэн нэгэн эрхмийн дөрөв дэх номыг редакторлав. Хянаж засахаа ч алд, даган баясч, далдганан хөөрсөн гэвэл илүү ононо. Шинэ ном тун удахгүй хэвлэлтээс гарах тэр мөчид хэн гэдэг нь тодорхой болох тул олныг нурших илүүц байх.

За иймэрхүү л гялтайх гавьяа, бүртийх бүтээлгүй хоёр сар хойно хоцорч яваа харагдахым даа...

2011/09/01

Есдүгээр сарын 1 ба ЦЦГ

Бодоод байсан чинь есдүгээр сарын нэгэнтэй холбоотой сэтгэлд тод үлдсэн дурсамж ховор байх юм. Шинэхэн будагны үнэр, тэгээд холгогдсон хөл... гэсхийгээд болоо. Жил болгоны 9 сарын нэгэнд шинэ гутал өмсөнө, тэр нь ёс юм шиг хөл барина. Аав маань ажлаар Алтанбулаг руу их явдаг байв, ганц охиндоо хэрэг болгож орос бажийнк авчирна, аминдаа хөлийн тавхайг кардон дээр зурж аваад явдаг мөртлөө гайтай юм шиг дандаа багадуулна. Тэр үед гутал хувцас одоогийнх шиг элбэг биш, солино барина гэсэн юм байхгүй, сонин монин чихсэн болж хоёр гурав хонуулаал өмсдөг байлаа, яваандаа тэгсгээл суначихдаг байсан юм байлгүй. Будаг бол мэдээж анги засварын үнэр... Зарим паарт нь сайн хатаагүй тохойнд нялгадаж нтр, заваарч өгнө дөө.

Харин анх нэгдүгээр ангид орж байсан маань их хөгжилтэй. Толгойноосоо том цэцгэн тууз үсэндээ зангидаж, хэрэндээ догдолсон охин аавдаа хөтлүүлээд сургуулийн босго алхаж байлаа. Жижигхэн биетэй болохоор таарах паарчик олдохгүй нагац эгч нөхөртөө авсан шинэ цагаан цамцаа хайчилж оёод, ханцуйгаар нь мөр хийж, торон цацгаар эмжиж өгч байв. Бөөн цацаг, цэцгэн дундах хоёр том нүд л явж байсан байдгын, зураг харжээхнээ. Нээрээ би багадаа овоо бүлтгэр охин байсышд, одоо байхгүй ээ, хацрандаа шахагдаад жижгэрциймүү хаачсын бүү мэд, дундажаас доош хэмжээтэй юм л сүүмийж харагдахын.

Тэгээд, “Багшийн асуултанд хариулахдаа гараа өргөж байгаарай” гэж эгч баймгай сайн захисныг хэлэх үү “уншиж чаддаг хүүхэд байна уу” гэнгүүт хагас дутуу үсэг холбодогоо мэдэхгүй шууд гараа өргөөд самбарын өмнө гарч явцан. Нэг номноос шүлэг унш гээд, ганц нэг мэдэхгүй үсгийг эс тооцвол санаанд багтаж нтр. “За байз дээрээ зураас шиг юмтай чинь ямар үсэг билээ, аа тий хагас и” гэж бодонгуутаа:
Тугал хоёр нүдтэ “хагас и”
Туг ширээ бөхтө “хагас и”
гээл дуржигнуулсан чинь ангиар нэг инээдэм. Багш баахан хөхөрч байснаа “чамд хэн үсэг заасын” гэхээр нь өөрөө үсэгтэй шоо өрж тоглосоор байгаад сурцын гээд л үнэнээ хэлсэн.

Дараахан нь юм бичүүлсэн чинь би үсэг, тоонуудаа буруу талаас нь бичээд зөндөө загнуулсан. Шууд уншихад уншигдахгүй, толинд харахаар зөв уншигддаг хэлбэрээр би одоо ч хааяа бичдэг. Тэр үед солгой хүүхдүүдийг баруунаар бичүүлж сургана гэж ёстой үйл там үздэг байлаа шд, хичээлийн дараа авч үлдээд хуудас хуудас юм хуулуулж нтр, иймэрхүү залхаан цээрлүүлэлтээс болоод муухай бичигтэй болсон байх өө. Тэгсээр байгаад манай ангийн нэг солгойг лав баруун болгоод авсан. Харин би байхгүй ээ, чернилэндээ халтардтал уйлсаар байгаад солгойгоороо үлдсэн. Тэгээд сав л хийвэл буруу талаас нь биччих гээд гүй мөн олон укасагдуулсан даа. Том ангид орсон хойноо харин тэр чадвараа ёстой ашиглах шиг болсон, шипи бичээд жижиг толинд тусгаж хуулна, өдрийн тэмдэглэл, шүлэг гээд нууцлах гэснээ сарайлгана, араб бичиг шиг хачин арзайсан юмыг хэн ч тоож уншихгүй амар байдгийн. Одоо ч заримдаа энд тэнд юм тэмдэглэхдээ өөрийн мэдэлгүй буруу талаас нь биччихсэн сууж байдаг л юм.

Бас нэг удаа хичээлийн шинэ жилийн нээлт дээр үг хэлэх болоод хөгөө чирсиймдаг, уг нь урд өдөр нь багштайгаа баахан бэлдсэн, яг индэрт гарсан чинь өөдөөс өч төчнөөн таньдаг таньдаггүй нүднүүд дүрлийгээд, амьсгаа авахаар микрофоноор нэг муур шиг юм хэржигнэж сонсогдоод, ёстой онигоо... дурсах ч юм биш.

Наймдугаар ангид билүү дээ, 31-ний орой формондоо монжаатиг хадаад сууж байсан чинь тог тасарчихдагийн. Лаа асаагаад, дээрээс нь тонгойгоод л оёод байсан гэнэт хиншүү үнэртээд явчихсан. Тэгсэн чинь чёлкоо хуйхлаад. Уг нь моодорхоод урдуураа үс тайрцан байсын, өглөө нь харсан чинь хачин өрвийсөн юм. Хичээлдээ явахгүй гэж уурлаад, юмыг дандаа цагт нь тулгадаг чиний л хохь гээд ээжээс банга хүртэж байж дуртай дургүй сажилж билээ. Нэг иймэрхүү яль шаль дурсамжууд санаанд үлдэж дээ.

Одоо гэтэл охиноо тав дахь удаагаа хичээлийн шинэ жилийн нээлтэд үдэж байдаг. Өчигдөр орой хичээлийнх нь ширээг янзалж, илүү дутуу дэвтэр цаас шургуулганаас гаргаж хаяад сууж байхдаа нэг инээдтэй зураг олов.

“Цуутын цагаагч гүү” үлгэрээр цуврал зураг зурсан бололтойм. Манай хүн ч гичээлийг бол ёстой туушиндаал өнгөрч. Үйл явдлынх нь дараалал энд тэндээ орчихсон, унаганых нь толбонууд биенээсээ илүү гарчихсан, бас нар нь баруунаас мандаад, шувуунууд нь мориноосоо том гэх мэт дефектийг эс тооцлоо гэхэд үлгэрийн гол баатар амиа алдсан хэсгийг дүрсэлсэн нь элэг аваад хаячих дөхлөө. Морийг хүн шиг оршуулж, хөшөө босгоод, дээр нь ЦЦГ /цуутын цагаагч гүү/ гээд нэрийг нь онтой бичдэг гэнээ хаха үнэн тэнэг, он нь яджаахад 2011, энэ үлгэр хэзээ гарсан болоод гүү нь одоо үхдийн бол... Хөөрхий цагаагч гүү цолмон цоохор унагаа орхиод өөд болсныг өөрөөр харуулах боломжгүй байсын байх өө. Яагаад ч юм, миний хялбарчлах дуртай, залхуу занг дууриасан юм шиг санагдаад үхтлээ инээв. Өөрийнхөө дутагдлыг хүүхдээсээ олж харах бас тийм ч таатай биш юм. Дэргэд нь шоолбол гөжүүдлээд дахиж зурахгүй байх гэж бодоод сэмхэн блогтоо оруулчихлаа яадын. Энэ нээрээ яахаараа ийм сонин сэтгэдэг хүүхэд вэ, иж нь уг нь аягүй дажгүй хүүхэн байдышд... ккк.


Зургийн тайлбар:
1. Цуутын цагаагч гүү цолмон цоохор унагатайгаа үзэсгэлэнт ногоон хөндийдөө бэлчиж байгаа нь
2. Голын хөвөөнд байсан долоон цагаан өндөгийг мэдэхгүй гишгэчижээ /нүдлээд шарчихсан юм шиг урсдаггүй гэнээ/
3. Шувуун сүрэг гүү рүү дайрч байгаа нь
4. Цолмон цоохор унага ганцаараа үлдэв
5. Цуутын цагаагч гүү нас нөгцчихсөн, унага өөд болсон газар нь ирэхэд бал бурам ургасан байв
6. Цоохор унага нутагтаа очоод эзэнтэй болсон нь

Үлгэрийг бүрэн эхээр нь эндээс уншаарай. Эцэг эхийн сургааль ямар үнэтэй болохыг харуулсан хөөрхөн үлгэр шүү.

За тэгээд, нөхдөд шинэ хичээлийн жилийн мэнд хүргээд шинэ эрч хүч, шинэ урам зориг илгээе.

2011/07/13

Нэрмэлтэй нэг сар

Үүрийн 04.30
-Идеаа босоорой миний хүү, нар мандах нь...
-Мандвал мандана л биз дээ, надаа ямар хамаатай ийн.
-Гү чи өвсний сорон дээр хөл нүцгэн гишгэнэ, хоолойн ангинад сайн, сэрээгээрэй энээ тэрээ гээдээсэн биз дээ...Нар мандахаар шүүдэр хөөрчихнө шдээ.
-Аа бүлтэрч л байхгүй юу, хэн тэгцэн сүнс сүүдэр шиг солиорцон явжээдгийн.... яршиг та надыг үнээгээ саах болохоор л дуудчих.

Өглөөний 05.30
-Идеааа, эгч нь саалиндаа гарлаа шүү...
-Нмммм... гар гар, ингэхэд та нар намайг ирэхээс өмнө яаж болжээсийн бэ...
-Чи өөрөө үнээ сааж сурмаар байна, дууд гээд байгаа биз дээ, тэрнээс чамтай чамгүй бололгүй яахуу.
-Би тэрийг сурлаа гээд сангийн аж ахуйд саальчин болох биш, лай зүгэр...

Өглөөний 8.00

-Хүүхээ босч цайгаа уу...
-Аан за, будаатай цай чанаа юу хэхэ, цаг хэд болцийнннн /суниангаа арай уриалгахан дуугарна/
-8 болж байна..
-Пэээ хар үүрээр тахиа шиг донгодоод та чинь ямар тамтайм бэ..
/буцаад хөнжилдөө шургална/

Өдрийн 11 цаг
-Ёоох... шөнөжин сэрвэгнээд олигтой унтсангүй, дээрээс нь та орилоод. Гэхдээ ч агаар нээрээ тасархай байна шүү.
-Өдрийн хагаст унтчихаад ид халуунаар өндийхөөр яаж амарсан болохов дээ, өглөө эрт босч байж л агаарын цэнгэг, ногооны униарыг мэдэрдэг юм даа.
-Ялгаа юу байсын, хөдөө л бол хөдөө. За би төв рүү явчаад ирье. Хүн хартай уулзана, утсаа цэнэглэнэ, нэт-д сууна, амжвал хальт блог бичнэ.. гээд бөөн ажил. Танд захих юм байна уу?
-Хэхэ өчигдөр уржигдар явахад чинь захицан болохоор авчруулах юм алгөө...

Оройн 18 цаг
-Хээээ та үнээгээ саачаа юу, надыг хүлээж байхгүй ццццц /шогширно/.
-Ишш охин минь, хөдөөний ажил чинь цаг нартай, сүү саалиа эрхтэн авч нарны голтойд боловсруулахгүй бол амжихгүй. Хотын таанууд шиг хойшлуулж болох биш ямар.
-Сүртэйшд. За та нааг маргааш өглөө үүрээр сэрээгээрэй, босч өвсний шүүдэр дээр алхчихаад үнээ саана, тэгээд наад ажлуудыг чинь умалзуулчина, юухан байх уу.
-Хэхэ, тэгээрэй л дээ. Чи маргааш төв орохгүймуу?
-Аа бас бус ажил гарвал орноо.

Энэ бол амраад очсон айлын маань эзэгтэй бидоёрын хооронд өрнөдөг өдөр тутмын ярианы нэг хэсэг. Эндээс харахад та нар намайг хэрхэн хөдөө хөхөрч гадаа гандан, гэрт орж эм болж, гадаа гарч эр... хаха энэ нээрээ тэнэг үг шүү тээ, нээх сонин чиг хандлагатай. Ер нь бол гандаж хөхөрсөн нь үнэн, гэхдээ сурсан ажил, бүтээсэн бөртийх ч гавъяагүйгээр нэгэн сарыг нэрмэлдэж өнгөрүүлээд одоо ингээд буцах болчоод дэнгийн гэрэлд дэн дун сүүмийгээд сууж байгаа харагдахым даа.

Сар болсым гэсэндээ будаатай цай, өрөмтэй талх, хоёр усны хорз, айл хэсч даалуу эргүүлдэг ажлаа хэсэгтээ үгүйлж эзгүйрэх байхдаа. Болоогүй ээ, өчдөр орой нэрмэл фракцийнхнаа цуглуулж үдэлтийн паарий хийгээд байгаамаа, галын наадмархуу юм зохиож нтр. Амралтаараа гэртээ ай-пи-өү хийж байгаа айл айлын оюутнуудаас бүрдсэн манай фракц үдэш орой үхэр мал үргээж, шимийн архи хулгайлсан хэрэгт үе үе орооцолддогийг эс тооцвол тун чиг ажилсаг, туйлын цоглог залуус бий. Айлын хүүхдүүдийн ажлыг алдууллаа гэж ахлагч би бээр мөнчиг их загнуулж, даанчиг их зэмлүүлсэн дээ. Гэхдээ гомдох юм алгөө. Ер нь вол улстөрийн хэрүүл, улангасан буцлах хотын амьдрал, машины түгжрээ, зам засварын шороо, зарим нэг хүмүүсийн инээд, эгдүү хүргэсэн үйлдэл... гээд өдөр тутмын өөдгөө сөөргөө бүхнээс сар тайм аут авснаараа нүд чихээ амрааж, тархи зүрхээ тайвшруулсан олзтой л явна.

Хүн ер нь хаана төрсөн, хаана амьдарч байгаа нь хамаагүй, хаана ч амьдрах бэлтгэлтэй, дасан зохицох чадвартай байвал зүгээр гэж боддын. Ямар ч нөхцөлд, аль ч орчинд амиа тээгээд явчих мэдлэг, туршлага олж авах хэрэгтэй гэсэн үг л дээ. Жишээ нь элдэв араншинтай хүмүүстэй нэг өрөөнд ажиллаж байгаагаа өөдрөгөөр харвал цаашдаа баргийн чимээ шуугиан, элдэвлэл хийрхэлийг тоолгүй төвлөрч чадах дадал сууж байна гээд бодохоор наяулаа шаагилддаг навсгар өрөөндөө хайр ч хүрэх шиг. Эрүүл агаар, үзэсгэлэнт байгаль, хэнээс ч үл хамаарах буйд ахуй, амгалан тайван хэвшлийн дэргэд өнөө маргаашийн бухимдал, өрц өвтгөж байсан шаналан зэрэг юу ч биш санагдаж, уруулын амтанд хорогдон уйлж дуулж явсныг бодохоор элэг хөшиж, эвкэрч унамаар ч болж байна.

Аа тий, дээрх харилцан ярианд хальт дурдагдсан болоод өөр бусад хөдөөний ажлыг сурч, хийж гийгүүлсэн юм байхгүй тул хойтон зун хүртэл хойшлуулахаар шийдлээ. Найр их, наадам олон, нас ч залуу байна дөө ккк.

2011/06/07

Буцламгай 38-р өргөрөг

Сэтгэлд хүрсэн ном, кино, жүжиг хэдэн өдрөөр бодол ээрч, хэн нэгэнтэй хуваалцахгүй л бол санаа амардаггүй хуучин зуршил сэргэж байгаа нь баярламаар ч бас лайтаймаа, мөрөөрөө амьдармаар байхад чинь кк.

Саяын амралтын өдрүүдээр хөдөө явахдаа Хойд Солонгосын ард түмний бодит амьдралаар бичсэн “Атаархах зүйл үгүй” номыг авч явж уншлаа. Нэг хойгт оршдог нэг үндэстэн яагаад хоёр хуваагдан үүрдийн дайсан болсон, тэнд ямар тоглоомын дүрэм үйлчилснээс нэг нь өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх гүрэн болж, нөгөө нь ертөнц дахины доог тохуу, дарангуйлал, өлсгөлөнгийн сонгодог жишээ болов гэдгийг сэтгүүлзүйн орчин үеийн төрөл non-fiction буюу баримтат утга зохиолын хэлбэрээр, нэлээд өөр өнцгөөс харуулж бичсэн нь сонирхол татав.

Зохиогч нь Барбара Дэмик гэгч америк эмэгтэй, “Лос Анжелес Таймс” сонины Бээжин, Өмнөд Солонгос дахь сэтгүүлчээр олон жил ажилласан, ер нь л Азиар занималдсан нэгэн аж. Тэр хойд Солонгост сурвалжлага хийх санаатай хэд хэд очсон ч үзэл сурталжсан нийгэмд үүн шиг гонжийн жоо голионы баас байдаггүйг мэдэрчээ. Үзүүлэнгийн хот Пхеньяан нь бодит байдлаас хол тасархай хуурамч дүр төрхийг бүрдүүлсэн байдаг бол хил боомт орчмын жуулчдад нээлттэй хэдэн суурин тусгайлан боловсруулан хатуу хөтөлбөр тулгадаг болохоор үнэний учиг олж атгах нь элснээс зүү эрэхээс ч хэцүү аж.

Тиймээс зохиогч хойд Солонгосоос Хятад, Япон, Өмнөд Солонгос рүү дүрвэсэн янз бүрийн насны хүмүүстэй уулзаж, 1945 онд Солонгос үндэстэн хоёр хуваагдсанаас эхлээд Кем Ир Сений цогцлоохыг оролдсон социализм эдийн засгийг нь хэрхэн унагасан, тэр нь ард иргэдийн амьдралд яаж нөлөөлсөн талаар яриулан, тэдний яриаг байж болох бүх гарцаар баталгаажуулж, “хориотой бүс”-д хөл тавьсан хөндлөнгийн хүмүүстэй холбоо тогтоох, баримт цуглуулахад сүүлийн хэдэн жилийг зориулсан байна. Энэхүү ном нь дүрвэгсэдтэй хийсэн түүний долоон жилийн ярилцлагынх нь үр дүн бөгөөд мэдээж энд хэтрүүлсэн, гуйвуулсан, зарим талаар хувь хүний үзэл бодол шингэснийг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч хойд Солонгос одоо хүртэл гадаад ертөнцөөс таслагдсан чигтээ байгаа болохоор тэнд чухам юу болдогийг хэнбугай ч дотор нь амьдардаг ард түмнээс давж мэдэх боломжгүй билээ.

Пхеньяанд одоо 108 давхар зочид буудал сүндэрлэж, орчин үеийн жишигт нийцсэн үйлдвэр үйлчилгээний газар ажиллах авч иргэд нь ядуу, эдийн засаг нь уналттай, нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ үлэмж доогуур, цэрэг, армийн зардал улсын төсвийн ихэнхийг нь залгисан хэвээр байгаа. Дотроо болж буй муу муухайгаа өнгөлөн далдалж нэлээд гүрийсэн ч хоёр сая хүн өлсгөлөнгөөр үхсэний дараа удирдагчид нь уналтад орсноо арга буюу зарласнаар имперлист дайсан гэж үздэг АНУ болон Өмнөдүүдээс тусламж авч эхэлсэн юм. Сүүлийн хэдэн жил цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэнэ гэсэн болзолтойгоор тусламжийн хүнсээр гол зогоон тэсч байгаа ч тэдгээр нь жинхэнэ очих ёстой газраа очдоггүй, өдөр нь айлуудад гурил будаа биечлэн тараадаг хэрнээ үдэш нь хаашаа ч юм зөөж хураадагийг энд өгүүлнэ.

Нийслэлд нь хайрт удирдагч Ким Ир Сен, түүний хүү Кем Чин Ирийн тэнгэр баганадсан хэдэн арван сүрлэг хөшөөнд өдөр бүр цэцэг өргөж, хайрлан ширтэж байгаа залуус хаа сайгүй таардаг ч сайн ажигласан хүнд тэдний харц ямар ч баяр баясалгүй харагддаг аж. Цэргийн дүрэмт хувцастнууд хөшөөнд мөргөхөөр тонгойход арьсан гутлынх нь дотроос нүцгэн шагай нь гялсхийдэг гэжуга. Оймс ямар нүдэнд харагдах биш, эх орны хамаг үйлдвэрүүд зогсчихоод байхад далд хувцас хунар ч яамай. Өлмүүн зэлмүүн амьдралын эрхээр жингээ алдаж турж эцсэн бол нийслэлд амьдрах эрхээ хасуулж хөдөө хөөгдөнө, НҮБ-ынхан болон гадныханд тусгайлан бэлдсэн эрүүл чийрэг хүүхдүүдийг л харуулна, ерээд оны эхээр бидний хэсэгхэн мэдэрсэн цахилгааны хязгаарлалт, картын бараа, хүнсний талон зэрэг нь энд ижил дасал болоод удсан амьдрал.

Хувийн өмч битгий хэл хувь хүний нууц гэж байхгүй энэ газар өөрөөсөө өөр хэнд ч итгэх аргагүй, бүгд нэг нэгнээ тагнаж чагнаж, мэдээлж байх үүрэгтэй. Хувь хүний төдийгүй үндэстэн угсаатны эрх ашгийг уландаа гишгэсэн нийгмийн харгис тогтолцоо хүний сэтгэх хийгээд эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх үзэл бодлыг арчин, хүлцэнгүй, муу санаатай, бас өөрсдийнхөө төлөө тэмцэх хүсэл эрмэлзэлгүй болгосныг харуулсан хирдхийм хурц жишээнүүдтэй хуудас болгонд таарах болно.

Гэрэлгүйн улмаас харанхуйд дотноссон хосууд, насаараа намын гишүүн болохын төлөө үхэн хатан зүтгэж байгаад өөрийгөө хятадын нохойноос дорд амьдарч байгаагаа тохиолдлоор мэдсэн эмч, “эх оронд ийм их эсгий гутал үйлдвэрлээд байгаа юм бол яагаад миний хүүхдүүд хөл нүцгэн байна” хэмээн гэртээ хэлснийхээ төлөө хөршөөрөө матуулж насаараа шоронд хоригдсон эр гээд номын баатар бүрийн амьдрал үзэл сурталд гинжлэгдсэн бүхэл бүтэн үндэстний эмгэнэлт түүхийг өгүүлжээ.

Үүрийн таван жингээр бүрээн дуунаар босч гимнастик хийхээс эхлээд социалист субботник, Хөдөлмөрийн намын сонсгол гээд хүмүүсийг амсхийх, амьдралаа эргэцүүлэх, тэмцэх завдал өгөхгүй байхыг эрмэлзэнэ. Хөдөлмөрийн намын гишүүн, өндөр албан тушаалтай хэсэг бүлгээс бусад нь дотооддоо үйлдвэрлэсэн цөөн нэр төрлийн хувцасаар л гангарах эрхтэй. Хамгийн ноцтой нь тэднийг төрсөн цагаас нь эхлэн тархийг нь угааж, бусад орнуудаас жаргалтай амьдарч байгаа, ямар ч атаархах зүйл үгүй гэж итгүүлнэ. Нэгдүгээр ангийн математикийн өгүүлбэртэй бодлогод “Найман хөвгүүн, есөн охин Ким Ир Сенийг магтсан сүлд дуулал дуулж байна. Нийт хэчнээн хүүхэд байна вэ” гэх буюу “Японы түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн дайны үеэр нэгэн охин эх оронч цэргүүдэд мэдээ дамжуулахаар явж байхдаа захидлаа таван алим хийсэн сагсанд нуун явжээ. Гэтэл цэрэг замд нь зогсоож, хоёр алимыг нь булаан авав. Тэгвэл сагсанд нь хэдэн алим үлдэх вэ?” гэх мэт.

Байдал өнөөдөр ч хэвээрээ байгааг тэнд гурван сараас дээш амьдарч үзсэн хүмүүс хэлдэг. Хоёр жилийн өмнө оюутан солилцоогоор Монголд ирсэн хоёр залуу л гэхэд хаа ч явсан салдаггүй, бие биеэ үргэлж тандаж чагнаж байдгийг мэдэх юм байна. 1990-ээд оноос эхлэн Хойд Солонгосын Өмнөдтэйгээ харилцах харилцаа улам хурцдах болсон. Байсгээд л гал нээж, хөлөг онгоц дэлбэлж, ижил цустай боловч өөр тархитай хоёр үндэстний зөрчилд дэлхийн халуун цэгүүдийн нэг болох 38-р өргөрөг үе үе буцалсаар байгаа. Тэнд зэвсэг техник, соёл хөгжил, үзэл суртал, эдийн засгийн гээд бүх талаар дайн өрнөж буй.

Ким Ир Сений ач, одоогийн удирдагч Ким Жон Илээс ч ихийг хүлээх хэрэггүй, учир нь тэр өвөөгийнхөө адилаар зөвхөн өөрийн хүчинд тулгуурлах "Жүчэ" үзэл суртлыг баримталдаг нэгэн. “Хойд Солонгосчуудад итгэл найдвар бараг үлдээгүй. Нэг үеийг бодвол тэд тотилитор дэглэмээс хэзээ нэгэн цагт салах хэрэгтэйг мэддэг болсон ч юу ч хийж чадахгүй. Чаддаг ганцхан зүйл нь зүгээр л суух. Ингэхдээ зөвхөн тэд л чадах хэв маягаар, хөлөө нугалан цээжиндээ авч өлмийн гүдгэр дээрээ тэнцвэрийн цэгийг нь тааруулан хэдэн цагаар сууж чаддаг. Хийх ажилгүй, суух сандалгүйдээ ингэж сууж сурснаас гадна ямар нэг юм өөрчлөгдөхийг хүлээсэн байдалтай байдаг” хэмээн зохиогч номоо дуусгажээ. Унших тусам Монголд төрсөндөө, монгол хүн болсондоо баярлах сэтгэл төрж байсныг хэлэх хэрэгтэй.

Мунхагийн алдаа ухаантны туршлага болдог. Монголчууд ч ялгаагүй их гүрнүүдийн эрх ашиг, үзэл суртлын золиос болчих гээд байдаг тал бий, болж ч явсан. Буруу бодлого, явцуу эрх ашиг, ядуу сэтгэлгээний балаг баялагтай, малтай улсыг ч тойрохгүй гэдгийг харуулах жишээ олныг дурдаж болно. Бид талхны амтат хачир болоод хэн нэгний ходоод руу орчихгүйн тулд тархи, сэтгэхүйгээ эрүүл байлгахсан.

2011/06/02

Өндөг ба хайруулын таваг

Санаандгүй алдаж хагалсан өндөг газрын хөрсөн дээр яах ийхийн зуургүй шажигнан шарагдаж, өнгөн талаасаа хорхой хүргэм шаргалтана. Хазаад идчихмээр байвч бохир хөрсний хөгц амтагдаж, нүүрсхүчлийн гашуун угаар үнэртэнэ. Бас хүлэмжийн хий хормын зуурт хоолыг хор болгож амжжээ.

Ийм л орчинг хүн төрөлхтөн өөрөө бий болгосон. Технологийн ололт, эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэр, ашиг орлого хүүлэх агуу баялгийн төлөөх шунал, байгалийн баялгийг гартаа хийхийн тулд үхэлдэн тэмцэлдсэний “ач тус” эх дэлхийг хайруулын таваг болгожээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй ахуйн хэрэгцээ, өөрөө өөрсдөдөө бүрдүүлсэн өндөр хэрэглээндээ боомилогдсон бид нэг л өдөр улайссан ширэм дээр унасан өндөг шиг шарагдах болно.

Энэ бүхний шалтгаан нь мэдээж эдийн засгийн “дайн”. Баялаг бүтээж, бусдыг эрхшээлдээ оруулах гэсэн их гүрнүүдийн санаархал дэлхий ертөнцийг улам бүр хайлуулж, хавтгайруулж, давчдуулж байна. Агаар муутай газрын хүүхэд хавчиг цээжтэй төрдөг шиг хэт халсан дэлхийн гадаргын хүн амьдарчихмаар хэсэг улам бүр хумигдан, нэг бол элсэн цөлөөр хучигдаж, үгүй бол хэдэн мянган жил хөдөлгөөнгүй байсан мөсөн уулын гэнэтийн хайлалтад “живэх” дээрээ тулав. Нэг л өдөр дэлхий ээж гэрлээ унтраачихвал халуун, хайлмал, хавчигдмал дэлхий маань “харанхуй” гэсэн шинэ тодотголоор баяжина.

Бид яаж яваад ийм болчихвоо, үүнд хэн хамгийн их буруутай вэ? Нэн түрүүнд хамгийн хүчирхэг эдийн засагтай, хамгийн их нефтийн хэрэглээтэй, хамгийн өндөр барилгуудтай, хамгийн олон тарган хүнтэй гүрэн санаанд чинь зурсхийж байгаа биз? Зөвхөн гаднаас нь хараад буруутныг тогтоож болдог бол үүн шиг амархан зүйл алга. Гэвч цаад учир шалтгааныг ухаад үзвэл дан ганц Америк биш, ерөөсөө л хомосапенс гэж амьтны сэтгэлгээний гажуудал, “нэг нүдтэй” сэтгэхүйд учир байгаа болов уу. Хурдтай гүйж эхэлсэн хүн гэнэт зогсож чаддаггүй шиг нэгэнт эрчээ авсан үйлдвэрлэл, амаа ангайн өгөөшөө хүлээх аварга загас шиг асар том зах зээл, түүнээс хэдэн мянган их наядаар унах ашиг орлогоос гэнэт татгалзах нэгэн бий билүү?

2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг эргэн санъя. Энэ хатгалгаанаас үлдсэн сэв одоо ч цээжнээс арилаагүй, амьсгалах тоолонд хэржигнэж байхад санаж ядах ч юу байхав. “2008 онд эхэлсэн их хямрал эмээгийн чинь үед байсан энгийн нэг хямрал биш юм. Энэ бол жаахан хүч зарцуулж, багавтар эрсдэл туулж, бяцхан зохицуулалт хийгээд л өмнөх үедээ очиж болох эдийн засгийн уналт биш байсан юм. Үгүй ээ, энэ Их хямрал бол хамаагүй чухал эд. Энэ бол даарснаас ч юм уу үүсдэг жирийн нэг хатгалгаа биш, энэ бол зүрхний шигдээс байсныг бидэнд сануулсан дохио байсан юм” хэмээн “Нью-Йорк Таймс” сонины эдийн засгийн тоймч Т.Фрийдман бичжээ.

Гэхдээ аз болоход энэ зүрхний шигдээс нь үхлийн цохилт биш байсан аж. Моргежийн зээлээс үүдэлтэй энэ хямрал АНУ-д зах зээл гэж ер нь байна уу, банк байна уу, жижиглэн худалдаачид байна уу, гол мөрөн байна уу, ой мод байна уу, цаашлаад гариг ертөнц байна уу, алинд нь ч бид эрүүл бусаар хөгжиж байгааг сануулах гэсэндээ дэлдсэн харанга байжээ. Их хямрал бол байгаль эх болоод зах зээл хоёр нийлээд дэлхийн эдийн засгийг тодорхойлогчид болох АНУ, Хятад зэрэгт “Одоо болноо, цаашид энэ хэвээр үргэлжлүүлж болохгүй. Хангалттай л бол хангалттай” хэмээн өвдөж байгаагаа илэрхийлсэн зовиуртай ёололт байжээ.

“Үнэн хэрэгтээ бидний баялаг бүтээж байсан арга маань санхүүгийн ертөнц болоод байгаль дэлхийд хэтэрхий хортой байсан учир 2008 оны есдүгээр сард зах зээлийн болоод экологийн системийн үндсэн суурийг ганхуулж эхэлсэн юм. Хэдийгээр өнгөн талдаа эдгээр нь холбоогүй юм шиг харагдаж байвч эдийн засаг болоод байгаль эхэд тогтворгүй байдал үүссэн нь нэг л ижил учир шалтгаантай. Энэ л шалтгаанаас болоод цагаан баавгай, хулсны баавгай устах болсон. Энэ л шалтгаанаас Ситибанк, Исландын банк дампуурч, Өмнөд туйлын мөсөн эрэг бүгд зэрэг хайлах болжээ. Бодлогогүй алхмууд бүгдийг нь адилхан нэрвэж орхив. Хувь хүний болоод байгууллагын өргөн хэмжээнд хариуцлага алдсан үйлдэл нь санхүүгийн ертөнц, байгаль дэлхийд адилхан хор нөлөө үзүүлсэн талаар би яриад байна. Үүний дээр хувь хүмүүс, банкууд, хөрөнгө оруулалтын фирмүүд эрсдлийг санаатайгаар дутуу тооцох эсвэл нуух, олон нийтэд юу болоод байгааг мэдэгдэлгүйгээр ашгаа хувийн болгож алдагдлаа нийтийн болгох зэрэгт хүргэсэн худал тайлан гаргасан үйлдэл мөн оршино” хэмээсэн Фрийдманы дүгнэлт Танд нэгийг бодогдуулах буй за.

Энэ бол зүгээр нэг баялгийн төлөөх улайрал биш хүмүүсийн, байгууллагын, улс гүрнүүдийн өөрсдийнх нь ухвар мөчид үйлдэл, хариуцлагыг хөндсөн ноцтой дүгнэлт юм. Гэхдээ оношлогддоггүй өвчин, олддоггүй гарц гэж үгүй. Хүн төрөлхтөн манай гаригийг халуун, хавтгай, хавчигдмал болгож буй эрчим хүч болоод хүрээлэн байгаа орчны асуудлыг шийдэж чадах технологи, бодлого шийдэл боловсруулж чадаж гэмээ нь хуучны сайн сайхан бүхнээ буцаан авах боломж бий. Гэвч энэ бүхнийг даруй хийхэд хүргэх хүн төрөлтхний үнэт зүйл болсон эв санааны нэгдэл, эрмэлзэл хаана явна вэ?

Цаг хугацаа алдах тусам дэлхийн суган дахь халууны термометрийн заалт өгсөж, өндөр халуурч буй хүний адилаар дархлаагаа алдан дагжин чичэрсээр байна. Дараагийн 15 жилийн дотор дэлхийн хүн ам дахиад нэг тэрбумаар нэмэгдэж, тэдгээрийн олонхи нь Америктай адил хэрэглэгч, үйлдвэрлэгч болно. Цахилгаан бараа, эрчим хүчний хэрэгцээ энэ хэрээр нэмэгдэж, хог хаягдал тэр чинээгээр овоорно. Энэ их тоон “хүчирхийллийн” өмнө эх дэлхий маань сөхөрч, элгээ эвхэх аюул нэгэнт нүүрлэжээ. Америк хүн шиг, барууны орны иргэн шиг амьдрахыг хүсч байгаа хэнийг ч буруутгах аргагүй юм. Технологи хөгжөөгүй зарим газар хүмүүс зэс гаргаж авах гэж гэрийнхээ гадаа нууцаар цахилгааны утас шатааж, алтыг нь салгахын тулд компьютерийн эх хавтанг чанасаар байх болно. Хоёрхон сая хүнтэй Монголд хүртэл мөнгөн усаар алттай шороо угааж, даарахын эрхэнд дугуйны гадар шатааж амь зогоодог нийгмийн бүхэл бүтэн үе давхарга бий.

Гэтэл ертөнцийн нөгөө бөөрөнд хөрсөндөө газрын тостой төрснийхөө төлөө юу ч хийхгүй жаргаж, амьд шонхороор зугаа гарган амьдрах бүтэн үндэстэн ч бас буй. Тэд экологийн тэнцвэр алдагдахад санаа зовох шаардлагагүй. Учир нь нефтийн шавхагдашгүй ундарга нь хүн төрөлхтнийг эрхшээлдээ байлгах шидэт дохиур юм. Тэнд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, шашны ялгавар хүчээ авч байхад “хүний эрх, эрх чөлөө, шударга, тэгш нийгэм” гэж орилдог АНУ аргагүйн эрхэнд хэлээ хазаад өнгөрч байгаа. Тэгвэл цаг уурын өөрчлөлтийн нөлөөнөөс үүдэн улам дулаарч буй дэлхий дээр хэн хамгийн их хохирч байна вэ? Хэрэглээндээ чирэгдсэн баян Америк, баялагтаа бялуурсан тансаг Араб өөрсдөө лайгаа үүрч, үйлээ эдэлдэг бол ч бас яахав.

Цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй, автомашин хэрэглэдэггүй, цахилгаан станц байхгүй, нүүрсхүчлийн хий ялгаруулах хэмжээний томоохон үйлдвэргүй дэлхийн хамгийн ядуу хэсэг буюу цаг уурын өөрчлөлтөд хамгийн бага хувь нэмэр оруулж буй бүлэг илүү хохирч байгаа юм. Тэдний амин зуулга нь мод, үр жимс, газар, хөрс тул амьжиргаа нь байгалийн доройтлоос шууд хамаарч байдаг. Энэ бүхнийг зохицуулъя гэхээр эрчим хүчгүйгээр нэг ч алхах хэцүү. Шударга бус гэмээр иймэрхүү уялдаа холбооны хор нөлөөг залруулах “хэргийн эзэд” нь гэтэл юу хийж байна?

Байгаль орчны доройтол нь шинэ сэдэв биш хэдий ч өмнө нь эдийн засгийн хөгжлийн уршиг талаас нь төдийлөн авч хэлэлцдэггүй байсны гор сүүлийн зуунд илүү хүчтэй мэдрэгдэх болов. “Ногоон” хувьсгал нь хүмүүсийн амны уншлага болж, тэр хэрээр “эко од” болохыг хүсэгчдийн эгнээ хүрээгээ тэлжээ. Зүй нь энэ асуудалд илүү бодитой хандах ёстой бөгөөд хэдий чинээ олны анхаарлыг татаж, талархлыг хүлээнэ төдий чинээ “ногоон биш” байдаг нь ч нотлогджээ. Массын сэтгэлийг хөдөлгөхдөө биш аль болох хэмнэлт, хязгаарлалтад чиглэсэн, зарим талаар технологийн хувьд ухарсан “уйтгартай” бодлого л дэлхий ээжид тусалж чадахаар болсон аж.

“Харалган итгэл горьдлого тасрахтай адил аюултай” хэмээн Жорж Монбиот “Халцгай: Дэлхийн шаталтыг хэрхэн зогсоох билээ” номондоо бичсэн байдаг. Чухамдаа ирээдүй хойч гэж алсыг хардаггүй юм гэхэд өнөөдөр амьдарч буй өөрсдөдөө жаахан ч гэсэн чөлөөтэй амьсгалах агаар, алхах талбай үлдээхийн тулд дан ганц геополитикийн бодлогоор далайлгах нь хүчин мөхөсдөх болсон байна. Энэ мэт асуудлыг хөндөж, гарах гарцыг тодорхойлсон нэгэн бүтээлийг монгол залуус саяхан орчуулжээ.

Дэлхийн уур амьсгалыг хүн өөрчилж байгаа ч уур амьсгал ч хүний бие организмийг өөрчилж байгаа нь гашуун үнэн. Цэвэр агаар, цэнгэг усаа алдаж буй хүн төрөлхтөн оюун ухаантайгаа байгаа дээрээ юу хийх ёстойг, ер нь бидэнд яагаад ногоон хувьсгал хэрэгтэй байгаагийн хариултыг та Т.Фрийдманы “Халуун, хавтгай, хавчигдмал дэлхий” номоос олоорой.

2011/05/19

Зодоон

Эд эс бүрийг минь тэжээж тэтгэж байдаг эрх мэдэл, үүрэг хариуцлага бүхий чухал хоёр эрхтэн яван явсаар нэгэн биед багтаж шингэхгүй дээрээ тулах нь.

Таарч тохирохоо больсон тархи зүрх хоёрын зөрчилд энэ бие ядарч, эцэж цуцан сульдана. Зүрх зоргоороо аашилж, судасны лугшилтаас зөрж цохилно. Аль л болохгүй бүтэхгүй рүү тэмүүлж амар заяа үл үзүүлнэ. Хорих тусам булгилж ховдолоосоо хальж дэлсэнэ. Тархи түүнийг тогтоон барих гэж тамаа цайж, тамир нь барагдаад ирэхээрээ "ухамсар"-аас тусламж хүснэ. Хариуд нь зүрх зогсохоороо айлган, хэнхдэгээ цохихдоо хэм алдана.

Өрөвдөн нигүүлсэж, ойлгон хайрлах сэтгэлийг үзэн ядалт, өшөө хорсол болгочихгүйн тулд зүрх байдгаараа тэлчилнэ. Өрөөлийн өнгөрсөн үйлдэлд биш өнөөгийн хандлагад эгдүүцнэ. Тархи түүнийг тайвшруулж, "одоо болноо, орхи" гэж мянгантаа үглэвч нэмэргүй. Зүггүйтэж яваад олсон шархандаа зүрх хөндүүрхэн эмзэглэсээр. Тархи тамтагаа барж, зүрхийг зөнд нь хаях гэж үзнэ. Гэвч ганцаардаж өнчрөхдөө гарцаагүй санаа тавих буюу заримдаа зэмлэн буруушаана.

Дурын нэгнийг дургиулж, давах босго, савах хаалгагүй явсаны чинь гор хэмээн тархи хааяа хатуурхана. Уураг тархи чи тийм л ухаантай юм бол урьдчилж сануулж, унахаас аврах чинь яалаа хэмээн зүрх зөрүүлээд ам асууна. Тэгээд л зодоон эхэлнэ, тэдний тэмцэлдээнд тэсэхийн аргагүй шархиран өвдсөндөө эзэн ялархаж, чаддагаараа гоморхлын нулимс мэтгэнэ. Зангиран бөмбөрөх нулимсыг завсаргүй нэрж залхсандаа нүд бас эгдүүцэн бухимдана.

Огло харайн хэлбэлзэх зүрхний хэмнэлийг гүйцэж чадахгүй болохоор тархи шаралхаж, яах учраа олж ядан янгинан өвдөнө. Ёс суртахуун, хэм хэмжээ ярин номчирхох тархинд өширхөж зүрх зогсоо зайгүй үсчинэ. Зөрүүдхэн энэ бие зүрх тархи хоёрынхоо алийг нь дагахаа мэдэхгүй, салаа зам дээр санаашран зогсоно. Зүрхээ дагаж зөндөө тэнэг үйлдэл хийсэн одоо болъё, тархиа дагаж там шиг мэдрэмжийг дотроо ганцаар оршуулсан, одоо болно. Тархи зүрхний зодооныг таслах цаг болжээ. Чухам яаж...

Зүгээр л чөлөөл. Уучлаад уужир. Яг л орсон бороо татардаг шиг, хурсан үүл сарнидаг шиг уйт бодол, улигт шаналлыг үлдэн хөөгөөд өөрийгөө амирлангуй хайраар шагна. Өрөөлийг орон зайд нь үлдээ. Зүрхнээсээ “адреналины гуниг”-ийг авч хаяад, тархинаасаа амттай дурсамжийг нэгбүрчлэн арч. Тэгээд сэтгэлээ алгуурхан чагна. Солгой хэмнэл үл сонсогдож, сондгой зураас эс үзэгдэнэ. Зодоон дуусч байна.

Ангид. Алсад. Амар. Тэнгэрийн агуу нь бүүдийгээд цэлмэдэгт, оршихуйн агуу нь огшоод замхардагт буй...

2011/04/19

Баба Самбуу & Баярлалаа Глоб!

Ажлаа хийж яваад л асуудалд орчихсон сэтгүүлч бүсгүйг өрөвдөв. Анхнаасаа ингэхээ мэдсэн бол эрхэм гишүүнээс ярилцлага авахгүй л байсан байх. Ажлыг нь сурталчилж, үзэл бодол, байр суурийг нь олон түмэнд хүргэе гэсэн биш хандах хүн, хамгаалах газаргүй болж хамраараа газар хатгажээ. Нэмж хачирлаж, зохиож гувуйлсан бол бас яахав, гэтэл харин ч хасч танаж, найруулж додомсоныхоо төлөө шүү. Бэлээхэн хальс бичлэг нь байсаар байтал баримт гэж үзэхгүй байгаа нь сонин.

Өдрөөс өдөрт өргөжиж тэлэхийн хэрээр буруу бусармаг юм үүрлэж, мэргэжлийн ёс зүй, үнэ цэнээ гээж яваа салбар бол яах аргагүй хэвлэл мэдээлэл. Гэхдээ хэсэг бүлгийн увайгүй үйлдлээс болж нийтээр нь хавтгайруулан гутаах хаашаа юм. Ямар ч байсан гал тогоонд нь харьяалагддаг хүний хувьд, Монголын сэтгүүлзүй шилжилтийн энэ үеэ давчихвал цэгцэрч, эв зүйдээ орно итгэж л явдаг юм.

Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах тохиолдол зөндөө бий. Цаг хугацаанд хавчигдана, бусдын үзэмж, чөлөө завыг царайлчилна, бүгдийг мэдэгч биш болохоор мэдлэг, ур чадвар дутна. Ялангуяа манайх шиг процедурын хуульгүй, яг юуг алдаа гэж үзэх нь тодорхойгүй оронд эрүүгийн хуулиараа далайлгаад сэтгүүлчийг шоронд илгээх тун амархан. Ингэснээрээ бусдынх нь зүрхийг үхүүлж, нэг бол худалдагдах, үгүй бол жийгдэхээс аргагүй байдалд хүргэнэ. Өнөөдүүл нь ч яаж зүгээр байхав, баахан баримт цуглуулж шантааж хийнэ. Ийм л бохир эргүүлгэнээс мөддөө гарах янзгүй, хамгийн гол нь золиосонд нь жирийн сэтгүүлч явчих гээд байхын.

“Бизнес хийхийн тулд тэртэй тэргүй улс төрийнхөнд авлига өгдөг. Авлига өгч байсан хүмүүстэйгээ одоо УИХ-д зэрэгцээд л сууж байна” гэж ярьсан Ш.Сайхансамбуу гишүүнээс “Та тэр хүмүүсээ нэрлэ гэвэл нэрлэж чадах уу” гэж асуух нь зүйн хэрэг биз дээ. Нөгөөх нь ч ам бардам “Чадалгүй яадаг юм гэж”... Ингээд л маргаашийнх нь нэг өдөр тутмын сонин дээр ярилцлага дурайж, хууль хяналтынхны анхаарлыг татав. Хуулиараа авлига өгсөн авсан аль аль нь бурууддаг бөгөөд авлига авсан хүнийг мэдэж байгаа бол мэдээлэх үүрэгтэй. АТГ-ыг одоо л ажлаа хийгээсэй гэсэн хүлээлт ч бий болов.

“Урт хэл хүзүү орооно” гэгчээр мань гишүүн байдал бишдэнгүүт “УИХ-ын гишүүн хэлсэн ярьсандаа хариуцлага хүлээхгүй” гэсэн дархан заалтаар бамбай хийх гэж оролдов. Харамсалтай нь тэнд “чуулганы танхимд” гээд заачихаж. Ингээд хэдий халдашгүй эрх эдэлж байгаа ч бусад хууль тогтоомж адил үйлчлэх ёстой нь тодорхой болов. Дараа нь “Угаасаа л Оюутолгойн гэрээг алдаатай хийсэн С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт гурвыг нийтээрээ авлигач гээд байгаа биз дээ. Би тэрийг л хэлсэн” гэж мэлзэж үзээд ч нэмэр болсонгүй.

Болохоо байхаар нь сонины эрхлэгчтэй уулзжээ. Тэгээд л ханцуйн дотор найраа хийж, сэтгүүлчийг гөрдсөн болохоор тохиролцож... Редакц маань намайг хамгаална гэж бодож явсан сэтгүүлчид том цохилт болох нь мэдээж. Эрхлэгч, хуулийн зөвлөх /урьд нь огт үзэгдэж харагдаагүй нэгэн гэжуга/ хоёр нь дуудаад “За чи ярицлагынхаа сүүл хэсгийг нь зохиосон гэж мэдүүл. Манай хамтарч ажилладаг гишүүн учир бид хамаагүй юм ярьж болохгүй байна. Хальс байгаа гээд бардам байх шиг байна, наадах чинь цагаа тулахаар баримт болохгүй. Ер нь ч тэгээд бидэнд өгчих...” гэсэн аж.

Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон сэтгүүлч ажлаасаа гаръя гэтэл асуудлаа цэгцэлчээд яв гэх. Асуудал нь цэгцрэх байтугай улам ноцтой болж, АТГ байцаалтад үе үе дуудна. Утас нь амрахгүй хангинаж, таних танихгүй хүмүүс элдвийн юм хэлэх болов. Ингээд л арга буюу хэд хоног хөдөө явж бүгэх хэрэг гарчээ. Цалин хөлс, замын зардал ч бүр дүүрч.

Энэ зуур хамт их сургууль төгссөн хэдэн сэтгүүлч найздаа учир байдлаа хэлж, өнөөдүүл нь “Нэгэнт материалыг нийтэлсэн бол редакц хариуцлага хүлээх” олон улсын сэтгүүлзүйн хэм хэмжээг сануулсан нийтлэл, мэдээ бичицгээж, чадах нь тэр болохоор. Бас “Сэтгүүлчийн эрх ашгийг хамгаална” гэсэн сүржин уриа хийсгэдэг МСНЭ, Сонины холбоо гэх мэтэд хандахыг зөвлөж. Нэмэр байсангүй. Урт хэлтэй гишүүний гар бас урт болтой.

Харин “Глоб интернэйшл” ТББ хуулийн зөвлөгөө өгч хамгаалтандаа авчээ. Хальсыг нь дижитал руу буулгаж, хэд хэдэн хувь дискэнд хуулж баталгаажуулсан гэнэ. Тэгээд ямар ч тохиолдолд үнэнээ мэдүүл гээд өмгөөлөгч гаргаж өгч. Одоогоор байдал иймэрхүү байгааг танил бүсгүй өөрөө ярьсан юм.

Хүн сэтгэлийн хөөрлөөр юм ярьсан байж болно. Гэхдээ хэлсэн үгэндээ эзэн болох л хэрэгтэй. Ялангуяа төрийн түшээ хүн. Парламентад суугаад хууль тогтоох нь наймаа хийгээд нарантуулыг удирдахаас арай л өөр гэдгийг “муухай” Самбуу гуай эрхбиш энэ гурван жилд ойлгосон л баймаар. Сонин телевизээр гарч, олны анхаарлыг татаж л байвал юу ч гэсэн яахав гэж асуудалд ханддаг гишүүд олширсон. Их хурлаа “их тайз” болгосон ийм удирдагчидтай цааш явна гэхээр ирээдүй нэг л итгэлгүй санагдаад байхын.

Нөгөөтэйгүүр, авсан өгснөө хэлээд тавьчий гэхээр мань гишүүн бөөн дарамт шахалтанд орох гээд байсан байх. Түүнээс биш авлигаас болж Монгол Улс хөгжихгүй байгаа гэж ярьсан уг агуулга нь бол зөв шүү дээ. Энэ үйл явдал нь хэдэн жилийн өмнө АПУ-гийн хувьчлал ид болж бужигнаж байх үеэр Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр “Зууны мэдээ” сонины сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Миний өрөөнд 500 сая төгрөгийн авлига өгөхөөр хүмүүс орж ирсэн. Би хөөгөөд л гаргасан” гэж мэдэгдээд, дараа нь сэтгүүлч гуйвуулсан болж өнгөрөөсөнтэй адил замаар замхрах гээд байх шиг.

Хамгийн гол нь мөрөөрөө ажиллаж явсан ажилтнаа мөнгөний сургаар золионд чихдэг редакц... Арай ч дээ. “Арван ембүү хараад алгаа тосдог аав уу даа, Хорин ембүү хараад хормойгоо тосдог ээж үү дээ” гэдэг дууг л зориулъя даа, өөр хэлэх үг алга. Ингээд бодохоор сэтгүүлчээс сэжигтэн, ярилцагчаас ялтан болж хувирах дэнс нэг л алхмын наана цаана байх.

Энэ бол өнөөдрийн “бохир” гэж тодотгогдсон сэтгүүлзүйн нэгхэн хэсгийн тусгал... Хэзээ хэн цэвэршүүлж, эрүүлжүүлэх тогтолцоо юм бүү мэд. Гэхдээ сэтгүүлзүйгүйгээр нийгмийг төсөөлнө гэвэл бүтэшгүй. Ямар боловч зарга хатуу, редакц хол цагт авралын гараа сунгасан “Глоб интернэйшл”-д талархъя.


PS: Нэг зүйл мартжээ. Төлөвлөөд байгаа ял нь Эрүүгийн хуулийн 111-д хамаарч байгаа бөгөөд 2-5 жил хорих, эсвэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлж төлөх. Энэ нь одоо нэмэгдсэн 140 мянгаар биш өмнөх 108 мянгаар тооцоход 27 сая төгрөг бөгөөд сэтгүүлч сарын цалингаараа төлнө гэвэл зургаан жил дөрвөн сар тасралтгүй ажиллаж байж ард нь гарах мөнгө.


2011/04/17

Аялал

Шинэхэн кадилакт суугаад гурван сар орчим хөгжилтэй аяллаа. Хурдны замаар, юу ч бодохгүй, юуг ч хүсэхгүй, жигүүртэй юм шиг жингүйрэн давхих сайхан байв. Хүрэх газар хаана ч юм бүү мэд, хүлээх үр дүн гээд байх ч юмгүй, зөвхөн тэр л цаг хугацаагаар амьдарч, амьсгалж чадсан өдрүүдийг эргээд дурсахад эгэлгүй сонихон...

Харамсалтай нь, /золоор ч гэх юм уу/ аялал минь гэнэтхэн таслагдсан. Ерөөс гэнэ сэнэгүй байхад минь, ер нь юу ч бодож амжаагүй байхад, оргилсон их хурдан дунд огцом тоормоз авсан, нөгөө кадилак.... Яг тэр үед нь замын эргүүлэг таарч, ямар ч бэлтгэлгүй явсан би эгээтэй л годроотож унаагүй. Хамгаалалтын бүс, хийн дэр, аваарын дохио... аль аль нь байгаагүй, хамгийн гол нь, сэтгэл минь түрүүлээд нисч явсан болохоор хэсэгтээ захирагдахгүй хэцүү л байсан...

Төгсгөлийг нь төлөвлөө ч үгүй байж намайг аялалд урьсан төмөр хүлгэнд буруу өгөхгүй ээ. Тэр их хурдан, гоёмсог, сүүлийн үеийн эд байлаа. Харин хэр найдвартайг нь би мэдэж чадаагүй, угаасаа надад амь даатгал ч байгаагүй.

Гэхдээ..., машинаасаа би айх байтал машин минь надаас гэнэтхэн жийрхсэн нь жаахан хачирхалтай. Бүх насаараа туулайчлах бүтэлгүй зорчигч гэж үзсэн үү, эсвэл биедээ бөмбөг нуусан амиа золиослогч гэж санасан уу... Айсуй өдрүүдийг хэт хүндрүүлж төсөөлсөн ч юм уу, амласнаа огоороод аяллын дунд гэнэт зогссон. Тэгээд буухыг хүсээд аяллаа өндөрлөсөн. Анхнаасаа гарах ёсгүй замд гарлаа гээд ангалд унахаас аварч байгаа нь тэр юм байх.

Зуу хол давсан милийн хурдан дунд зугуухан эрчээ сааруулж болох л байсан. Эсвэл, зорчигч өөрөө зориг гаргаж ослын буулт хийхийг нь хүлээх ёстой байсан байх... За ер нь тэгээд, заавал миний санаагаар загварчлагдах албагүй л дээ. Ямартаа ч, гэнэтийн тэр аялал гэрэл гэгээ, эрч хүчээр дүүрэн байсан болохоор өнгөрсөн цаг хугацаанд өнгө нэмж үлдсэн.

***
Алжааж ядарсан аянчин холын замаас ирэв. Аяны тоосоо гөвөөд хорвоог өөрөөр харав. Зузаан линзээ аваад эргэн тойрноо ажиглалаа, зулзган ногоо цухуйж урь ирсэн байлаа. Анхны бороо аль хэдийнэ орчихжээ, амьдрал яг л урдынхаараа өрнөнө. Орхиод гарсан бүхэн нь өнөөх л янзаараа, оршихуйн тэр ертөнц нь үнэ цэнэтэй хэвээрээ.

Илүү найдвартай машин зогсоолдоо түүнийг хүлээнэ, ирэх өдрүүдийн уртад түүн шиг түшиг үгүй. Багадаа сонгосон болохоор дассан гэдэг тоймгүй, бартаат хол замыг цугтаа туулахдаа ажрахгүй.

Зорчигчоо зовоохгүй гэсэн замын ганц дүрэмтэй, зоргоор нь биш гэхэд хүслээр нь маршрутаа товлодог. Хальж халтирах бүрийд нь чимээгүйхэн чиглүүлж, хамтын урт аяллаа итгэлтэйхэн үргэлжлүүлдэг. Тэнэглэж дуусахыг нь тэвчээртэй хүлээнэ, тэглээ гээд замын дунд явгалахгүй. Тэнгийн ачааг тэнцүүлж үүрэх гэж хүлэг минь болсон ч тэнхээндээ найдаад бараг ганцаар үүрнэ.

Хараа булаахаар дэгжин загварлаг биш ч ханилж явахад цаанаа нэг тухтай. Заримдаа, замын уртад аяншиж түүртэхэд залуураа огцом эргүүлж салхи сөрөн давхина. Аадар бороо, цасан шуурга юу ч тохиолоо гэсэн аль чадлаараа нөмөрлөж, аяллаа үл сааруулна. Анхнаасаа над шиг хайнга хүнд зориулагдсан гэлтэй аливаад ажрахгүй, барагтайд барьц алдахааргүй бат бөх...

Харьцуулах гээгүй ээ, угаасаа л үйлдвэрлэсэн он, бүтээгдсэн газар нь ондоо, өөр өөрийн орон зай, цаг хугацаандаа эзэн болсон өөлөхийн аргагүй өвөрмөц хүлгүүд. Аль нэг цагийн соёрхлоор аян замд надтай таарах л байсан адармаатай учрал...

Цаг зуурын болгон дурсамжийн мананд замхарсан. Цаашлах алс минь тодоос тод дурайна. Улирч одсон өдрүүдэд аяны ерөөл үлдээгээд урагшлах харгуйдаа мөрөөдөл дүүрэн тэмүүлнэ.

Амьдрал тэр чигээрээ аялал. Гэхдээ аялалд ч бас апдэйт хэрэгтэй...