2007/10/29

Төрсөн өдөр

Өнөөдөр 10-р сарын 29. Нийслэл, интернэт, бид гурвын мэндэлсэн өдөр.

Утаатай, түгжрээтэй, үзэмж муутайг нь гайхсаар, амьдарсаар, бас амьсгалсаар яваа УЛААНБААТАР минь чамдаа 368 жилийн Төрсөн өдрийн мэнд!
1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээ цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Монголын бурхан шашны тэргүүн анхдугаар Богдоор өргөмжилж Анхны Шар бүсийн ордыг байгуулснаар өдгөөгийн нийслэл хотын минь үндэс суурь тавигджээ. Түүнээс хойш нийслэл хот 30-аад удаа нүүж, найман удаа нэрээ сольж 1778 онд одоогийн байгаа энэ газраа суурьшиж, 1920-оод онд Улаанбаатар нэртэй болсон билээ.
Тухайн үедээ Улаанбаатар маань Утаанбаатар болох тавилангаа төсөөлөө ч үгүй, улаан хацартай, унхиа муутай даргаар удирдуулах үе ирэхээ зүүдлээ ч үгүй байх. Эсгий хот, Азийн цагаан дагина гээд сайн муу алдар бишгүй зүүж явсан улсын маань нийслэл өнөөдөр сая гаруй хүнтэй, 90 гаруй мянган автомашинтай дэлхийд данстай хотын зэрэглэлд хүрчээ.

Маргад эрдэнийн чулуун зүмбэр,
Манант талын үүлэн сүмбэр,
Манхайх уулсын тэнэгэр хөндий
Малгайлах цасны ариун мэлмий
Манай хотод тавтай морилоорой,
Макдоналдс та салбараа нээгээрэй гэх гэсэн чинь….

Овоорон хийсэх хог шороо, олбилзон сүрэглэх золбин ноход, эмх цэгцгүй хашаа саравч, эхлэл төгсгөлгүй зам засвар… Эрээлжилсэн олон рекламны самбар, энд тэндгүй хөглөрөх траншейныхан, завсаргүй чигжрэх унаа тэрэг, зайгүй тэлэх гэр хороолол…

Их хотод минь өнгө дарах харанхуй гудамж даанч олон, их нүүдэлд жин дарах соёлжоогүй иргэд хэт арвин. Даамайхан улсын алс тосгон шиг хотод минь давсаг чангатай монгол иргэд амьдардаг. Өргөн талбайгаас нь 00 хайгаад олдохгүй, хонгил гудамжинд нь хогийн сав ховор…

Төлөвлөлт муутай барилга энд тэндгүй "ургаж", төвөг ихтэй замаар хуучин машинууд сүнгэнэнэ. Унаган иргэд нь мөнгө хөөгөөд одож, урд хойд хөршийнхэн эзэн суугаад уджээ. Хотоо хөгжүүлэх дарга нар нь хоосон магтаалд бялуурч, хороо хорины жаалууд нь хогон дотроо тоглоно. Нүд баясгах ой төглөөр шалихгүй, нүүдэлчин иргэдийг мөнхлөх түүхийн дурсгалаар ялихгүй. Өвлийн хот өнгө жавхаа гундуу, өөрийн гэж элгэмсэх цэцэрлэг хотхон гандуу. Ийм л хотын иргэн би сэтгэл дотроо жиндүү, их хотоороо бахархах элгэн дотроо эндүү.

Гэвч, дөрвөн уулын дундаа миний хот насжсан ч, дөлгөөн Туулын усан домог түүхнээ "халгисан" ч зургаан жарны настай түүхийг чинь би хүндэтгье, зуун зууны гайхамшигт эрин үеэ дээдэлью.



Холыг ойртуулж хоёрыг нийлүүлэх ачтан, хорвоог таниулж хосгүйг гайхуулах шидтэн, эх дэлхийн дундрашгүй бат холбоос ИНТЕРНЭТ танд 38 насны Баярын мэнд хүргэе.

Таны тухай хэлэх гомдлын үг ховор, танил энэ ертөнц таньгүй бол хоосон. Өдөр тутмын амьдралын минь салшгүй нэг хэсэг, өргөн мэдээллийн арвин их далай, нүдийг минь нээж ухаан тэлсэн шидтэн, нүүгэх амьдралын нугачаанд нүргэх аварга сүлжээ.

1969 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны салбарт дөрвөн ширхэг компьютер холбож, яг энэ өдөр интернэтийн анхны сүлжээг татсан тэр мөчөөс хойш 38 жил өнгөрчээ.

Энэ хугацаанд та энд тэндгүй салбарлаж, мөчир, үндэсний хэсэг тань эх оронд минь хүртэл нахиалжээ. Хүн төрөлхтөн тангүй бол амьдралгүй, хөгжил цэцэглэл таны араас замнана. Шуугин хөөсрөх далай мэт таны орон зай тэлж, шуналт энэ орчлонг аалзны тор мэт хэрнэ. Хүрээгээ улам тэлэх уужим ертөнцийн чинь булан бүрт хүрч, хүрхрээн давалгаа мэт долгио бүрээс чинь хүртье гэвэл хүн надад оногдсон цөөхөн нас хүрэлцэхгүй.

Ажил хэрэг явуулагч гол хүч болсон Аварга сүлжээ таныг зохиосон хүнд сөгдье.


Энгийн монгол өрхийн ганц охин нь болж мэндэлсэн Эрхэм IDEA танд 27 насны төрсөн өдрийн мэнд хүргэе.

Энэ орчлонг тоглоомын талбайтай андуурч, эрхэлж зугаацаж явсаар та 50-ийн талыг насалжээ. Туулсан амьдралын чинь алдаа оноог цэгнэюү гэтэл туухайны зүү гацаж, “тэг” заахын учир юун. Бүтээсэн хийсэн бүгдийг чинь шүүж тунгааж хартал бусдад болоод өөрт чинь наалдах бүртийх гавьяа алга. Ухамсар суусан цагаасаа хойш хэдхэн зүйлийг эзэмшсэн, ухаангүй энэ толгой чинь цэнэглэгдэх шинж үгүй.

Гэвч, найзын итгэлийг чи даахын төлөө амьсгалдаг, нартын амьдралыг утгатай өнгөрөөхийг мөрөөддөг, айсуй зорилтынхоо төлөө өнөөдрийг зольж чадах, агуу зоригийг чинь үнэлж амжилт хүсэн мэндчилье.

/шоундаа гарлаа/

10 Сэтгэгдэл:

Nana said...

happy birthday to U!!!

show saikhan boltugai,hurai hurai hurai!!1

daisy said...

Happy birthday to you. Blogiig chini ehnees n duustal unshlaa. Ih taalagdav.

3apaa said...

Төрсөн өдрийн мэндийг төө зайгүй чамдаа хүүүрээгеээ! За тэгээд тааруулж ууж тарахдаа хариарай гэж...
Бэлэн цэцэн гэж жигтэйхэн амьтан юмаа.

2onki said...

Найздаа төрсөн өдөрийн мэнд хүргэе...Сайхан баярлаарай..

бж said...

Happy Birthday!!!

Arsun said...

Та гуравтаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Arsun said...

Буга намнаач гэсэн чинь
Булга зүүгээч байжээ. Их уран байсийн.

Anonymous said...

Namaig torohod hajuud uilaad bsan ohin bh chini eee.

iga said...

Бацаанаа төрсөн өдрийн мэнд шүү. Арай гэж орж ирлээ ...27той болцон гэж бодохоор л хавь ойрын бөхчүүдийг барьж шидмээр ч юм шиг, харчуудын зүрхийг няц гишгэмээр ч юм шиг, харанхуйд зогсоод ном уншмаар ч юм шиг ... хайртай шүү нас нэмэгч ээ.

Anonymous said...

чамайг би нийслэлтэй хамт төрсөн гэдгий чинь мэднэ. харин интернэт бас байсан юм уу. баяр хургэе өнгөрсөн ч гэсэн. нийслэл шигээ өнөр өтгөн болоорой. гэхдээ утаагий нь дуурайх гээд тамхи татаад байв. интернэт шиг уудам орон зайд өөрийн дураар амьдраарай гэж