2007/11/02

Бухимдал…Тайтгарал…

Саяхан л нэгдэхийн өглөө нойрмог нүдээ нухлаад л дуртай дургүй сэрж байсан чинь өнөөдөр юу вэ баасан гариг. Өдөр хоног гялалзаж өнгөрөөд л, өөрөө би амсхийх зуургүй дагаж жирэлзээд л. Юу билээ энэ чинь гээд сэхээрсэн чинь юу юуны туханд хүрэлгүй бухимдал огшоод явчихав.

Амьдрал сайхан байноо гээд гүйж явтал, атуусны мөнгө аль хэдийн нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа түргэн өсөлтийн гольдрилд оржээ. Шатахууны үнэ мөч хормоор өгсөж, шар гэрлээ унтрааж хүчрэхээ болив. Зарлага нэмэхээс цааш машин унахгүй гэхээр замын хажууд өнжөөд ч такси олдохгүй болжээ. Дуудлагаар ирдэгүүд нь амандаа орсноо нэхэж, дураараа явдагууд нь адал явдал хайна.
Яанам бэ…
Авдаг хэд минь яг хэвээрээ, үрдэг хэрэглээ харин өмнөхөөсөө өсөх янзтай. Нүүрний буянтай хэсэг бүлгийнхний цалин нэмэгдэж, нүгэл нь дэндсэн мань мэтийнх нь буурах тийшээгээ.
Хүйтний ам наашлахтай зэрэгцээд хорт утаа цээж хорсгож, уужим амьсгал нэхсэндээ уушиг зүрх ухаан алдана. Харуй бүрийтэй уралдах замын түгжээнд уягдаж, харих гэсээр явтал үүр цайх нь халаг. Зөрж өнгөрөх болгоноос ууртай царай харагдаж, зөөлөн аядуу аашилж гэмээ нь өөрөө дорой мэдрэгдэнэ. Өглөөнөөс эхэлсэн бухимдал үдшийн чөлөөнд үргэлжилж, омогшиж ирсэн уцаар оронд хамт нойрсоно.
Яанам билээ…
Ажил хөөцөлдөөд явахаар авилга нэхэгсэд бүслээстэй, тамга даруулах төдийхэнд танилын нүүр бэдрээстэй. Зурагт асаагаад харахаар зугаа цэнгэл эсвэл гэмт хэрэг. Итгэхэд ч бэрх хэргүүдийн шалтгаан нь “иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж…”
Асуудлыг шийдэж, улсаа хөгжүүлнэ гэхээсээ ард түмэнд таалагдахын төлөөх шоучид. Наанаа нэгийг ярьж нирваан дүр эсгэчихээд, цаанаа өөрийг хийж хор найруулах түшээд. Улсын мөнгө, хандив хахуулиар дэгжигчид, улс төрчдөд биеэ худалдах бизнесменүүд. Даргын суудлын төлөө цусгүй тулах нам эвслүүд, далд зорилгын театр өлсгөлөн, жагсаал, хөдөлгөөнүүд.
Яахийм бэ…
Амны салиагаа арилгаагүй байж албан тушаалд санаархагчид, халтар хэдэн төгрөгний төлөө харийханд олзлогдох охид эмс…гарч орох нүх сүвэнд эзэн суусан цагаачид, гадаад дотоодын гологдол өлөн нүдэлсэн хужаа нар.
Мөрөөрөө яваа нэгэнд нь амьдрах баталгаа алга, өөрөөрөө байгаа заримд нь өөдлөх ирээдүй бүрхэг. Нүүрлэх дарамтнаас салья гэж цэнгээний газар орохоор нүцгэлэх нь холгүй охид өгөөш хайн тормолзоно. Миний Монголын нэг өдөр ийм л дүр зурагтай, хүний нүдээр харвал хөх инээд хүрээстэй.


За болъё, заяа тавилангаа голж чамлахаа зогсъё. Өрц цөмлөх шахсан хар бодлоосоо ангижирч, өмнөх харгуйгаа сүүлэх гэгээн бүхнийг эрэлхийлье. Хувь хиртээ бодлоосоо хоромхон зуур сатаарч хуруу дарам дотно найзуудаа үгүйлэв. Ганц хоёроос бусад нь гадаадад яваа гэхээр, гарцаагүй миний Монголын дэвшил. Ядах юмгүй сүндэрлэх гоёмсог барилга олшрох нь яалт ч үгүй бас нэгэн амжилт. Мөчит дөрвөн хөлтний мөр гараагүй алсад миний ард түмэн хэзээ жийп хөлөглөн хүрч байв. Хөдөө хотыг холбосон цардмал өргөн замаар хаанахын хэн тэгж хөнгөн тэргээр жийж байв.
Тавиур дүүрэн алаглах таван тансаг амттанаас, тааваараа хүртэж зооглох нь миний ардын таалал. Мэдээллийн эрин зуунд хөндлөн гулд цахилсаар мэндийн үг дайх нь миний Монголын бахархал.
Хацар гоо охид нь дэлхийн тавцанд алдаршуулж, халхын хүчирхэг хөвгүүд нь арлын орныг шуугиулна. Уянгалаг хоолойтой хөвгүүн нь улаан Москваг доргиож, ухаалаг чадвартай залуус нь өрнө дорнод гайхагдана.
Хэлэх үгээ хэнээс ч айлгүй илэрхийлж, хийж бүтээхээ бусдаар үл заалгах нь хоёр сая иргэдийг хорвоод таниулсан ардчилал.
Түр зуурын шилжилтэд хором хөл алдсан ч түүхийн олон нугачаанд тусгаар оршсон Монгол. Өнгө мөнгөний ороолцолдоонд хуруугаа дүрсэн нэгэнд нь өршөөл энэрэл үзүүлдэггүй төрийн сүлд биднийх. Хоёр хөршийн дарангуйллаас ангид оршиж чадсан хол ойрын ертөнцөд нөлөөгөө эзлэх түмэн. Бусдын харааг булаах арвин баялагтай оронд минь буруу санасан нэгэнд нь гишгэх газар үгүй.
Сурч мэдэхийг эрмэлзэх залуу хойч үед нь суу алдраа дуурсгах бүрэн боломж манайд бий. Амьдралаа сайжруулах гэж харийг зорьсон залуус нь арвин туршлага хуримтлуулсаар нутаг усаа тэмүүлнэ. Саруул ухаанаар удирдаж саармаг бүхнийг гээж чадвал сайхан амьдралд хөлбөрөх гэрэлт ирээдүй бидэнд байна.

/Социализмын үеийн эх орны магтуу шиг солиотой юм бичиж байж тайвширав. Улсын төлөө боож үхсэн оготны дүрд тоглосноос утгагүй юм сараачиж, хоосон мөрөөдөхийг илүүд үзэв ээ гэж. Ерөөл бат оршиг/

7 Сэтгэгдэл:

3apaa said...

Юм бүхэн хоёр талтай байдаг ажгуу.
Сайн талыг нь харж явбал самсаа юунд салхи дүүрнэ
Саар талыг тунгаан гутарвал сартай шөнийг ч харанхуйд тооцно
Толгой дээгүүр явъя гэвэл тоомжиргүй сайхан хэнэггүйт
Тоонотдоо шаналан хэвтье гэвэл тоорцогоо базлаад гутран шалбий... гсн :P

melkadies said...

he he zaraagiin helsen ug ch oroi luu orloo shuu. Tolgoi deeguur yavay gevel toomjirgui saihan henegguit. Idea chinii zovoo, taitgar taitgar esvel sukhbaatariin talbaid ochood jags oor arga alga, ardchilal ardchilal gevch ardchilal janjin sukhiin talbaid hasgirsanaar duusav. Amitnii ferm geed nom biadag daa. odoo yag teren shig, gehdee more complicated horsh ornuudiin bodlogo hajuugaar l ni orood compicated bolgochihloo. ha ha. Gahain tooroinuud ch zasgiin erhend garaad balai avch bna doo.

Arsun said...

Эхний хэсгийг дарж байгаад уншуул тайвшрах янзтай.

iga said...
This comment has been removed by the author.
iga said...

Говийн зэрэглээний клубын тайлбарлагч та 2 нүднээ тодорчийн. Орчин цагийн монголын сайн талыг ингэж магтсаныг блог дээр л бичиж болдог байх даа, хэхэ сонин дээр мэдээ болгоод биччүүл өгөр коммунист болчийшд, үзэл бодлоо илэрхийлэх арга барил заавал юу биш байх иасутай. Төгсгөл нь татаасан.

гэснээс булган сүүлтэй эмэгтэйтэй холбоо барьсан уу? бөглөө бүлтлэх юмсан. бүлтэрсэн бөглөөг надад өгвөл өг өг.

бж said...

Zochilsond bayarlasan shuu.
Neeree buhimdlaar duuren baigaa l tuhai unshih yum daa. Uran tsetsen ugeer nudend haragdtal dursellee.
Zaraa goyo heljee.

Anonymous said...

Хэн бэ? Орчин цагийн бэлэн Сэнгэ энд явжэээшд. Яаж тэр үгийг олж, зүйрлэж чаджээнээ. Биширмой.