2008/01/22

“Солгой агшин”

Аяа би гэдэг хүн асуудлаа шийдэж, амьдрал арзгар, Амбийгийн нүүр шиг барзгар өдрүүдийг ардаа үлдээснийг асар баясгалантайгаар мэдэгдэж байна. Амласан ёсоороо ам хэл өгье гээд амаа ангалзуулж, алчуураа дэрвүүлээд л блог руугаа гүйчихлээ.
Эргэлзээ тээнгэлзээгээр дүүрэн энэ мөчүүдэд надтай хамт байж, навсгар блогоор минь зочилж, урам өгч дэмжин, үнэтэй санал зөвлөлгөө үлдээж байсан блог-найзууддаа баярласнаа илэрхийлье. /Холливудын тайзан дээр Оскар гардаж байгаам шиг хоолойгоо зангируулав/

Та нарынхаа хүчээр би энэ бүхний ард гарч, амьдралын нэгэн нугачааг сэтгэлийн тэнхээ, сэржмийн хундагатайгаар гэтлэн давав. /Сүйрсэн онгоцноос амьд үлдсэн хүн аятай сүрийг бадруулж, хүчийг үзүүлэв./

За за балайрч элийрэх минь яахав. Нээрээ асуудлыг нэг тийш нь болгож, өөрийнхөө үзэмжээр шийдэх ямар сайхан юм бэ. Одоо буруу ч байсан, зөв ч байсан дүүрсэн. Өөрийн санаа өөртөө зөв гэж. Өөдрөг бүтэмжтэй байх юм бол яг юу байсныг дараа нь шивнэнээ, хүнд битгий хэлээрэй гээлүү.

Нуруунаасаа том ачаа авч шидсэн Idea өнөөдөр хийж байхаа олж ядан компьютерээ ухаж байгаад ийм нэг инээдтэй зураг оллоо. Элдэв холбогдох тайлбар, шалтгаангүйгээр зүгээр л блогтоо оруулмаар санагдав. Зарим хүмүүс өөрсдийгөө жигтэйхэн нууцалж, нүүр царайгаа далдалдаг юм байна лээ. Idea яахав ичих нүүрэндээ элэгний В, С вирус наачихсан юм болохоор энэ удаа өөрийнхөө гурав дахь зургийг оруулж байна. Өмнө нь оруулсан хоёр зургаар та нар Idea-г тийм ч царайлаг биш гэдгийг мэдсэн бол энэ удаа 150 хүрэхтэй үгүйтэй өндөртэй, биеийн харьцаа яагаад ч 90*60*90 биш юм байна гэдгийг мэдчихлээ. Хүмүүс эгдүүтэй хөөрхөн гэж хошгируулахад нь хөөрхий минь үнэн голоосоо итгэдэг гэжуга. За тэгээд бичихдээ бэлэн Сэнгэ /та нарын үнэлснээр/мөртлөө ярихдаа ямбий араажав шиг ээрүү гацаа гэх мэт давтагдашгүй нууц увидас чанаруудаас минь яваандаа мэдэж авах байх.

Бас нэгэн гаж ч гэх үү, гажиг ч гэх үү зүйл бол Idea солгой гартай, солгой хоолойтой, сондгой сэтгэлгээтэй, солиотой амьтан билээ. Социализмын үед солгойг нь баруун болгох гээд бага ангийн багш хүүхэн баахан хүчлээд дийлээгүй юм гэсэн. Зүүн гараараа дөрвөлжин шугамтай цаасан дээр нэмэх тэмдэг ирийлгээд бичиж байхад нь баруунаар бич гээд аашилчихаад холдонгуут бичсэн бүх нэмэх тэмдэгнийнхээ дөрвөн үзүүрт нь зураас нэмж Гитлерийн тэмдэг болгоод тавьчихсан байсан багийн хорлонтой, хоржоонтой бондгор бор охин байлаа гэж аав ээж ярих. За тэгээд нэг хэсэг солгой гараасаа үхтлээ ичдэг байж билээ. Баруунаараа бичих гэж үзээл, барьсан тавьснаа алдаад л, гэм хийчихсэн биш юунд тэгдэг байсан юм бол гэж гэмшихээр. Сүүлрүүгээ хаанаас ч билээ “Солгой хүн сод ухаантай” гэж сонсонгуутаа солгой гараа имидж болгохоо шахав. Гэтэл сод, сохор гэсэн хоёр ангилалтай байдгийн хоёр дахьд хамаарч нь байгаагаа нэлээд хожуу ухаарсан юм даа. кккк

Сонгож аваагүй солгой гараараа юуг ч юм ихэд хичээнгүйлэн тэмдэглэж байгаа энэ зургаа “Солгой агшин” гэж нэрлэлээ. Ажлын зорилго нэгдэж, аяны дөрөөнд ганзага харшсан мэргэжил нэгтнүүддээ энэ дамшрамд Ажлын өндөр амжилт хүсье. Ямар ч үед хүн байгаагаараа байх сайхан бөгөөд өөр өөрийн үзэсгэлэн, өвөрмөц давтагдашгүй чанар гэж байдаг юм байна лээ. Өөрийгөө үргэлж үнэлж, хүндэлж яваарай найзууд аа.

/солгой гараараа юм тэмдэглээд зогсож байгаа зургаа оруулсан байснаа тодорхой шалтгааны улмаас авлаа/

11 Сэтгэгдэл:

Jasmine said...

hehe saihan bichleg bailaa gej... ugaasaa tanii bichleguud dandaa l saihan bdiin, muuhai hoshin shognoos iluu eleg hataadag geech.bain bain taniixruu orj shine yum bichee boluu gej hardiishd^^
solgoi garnii %d: minii medex solgoichuud neeree sod uhaantai baidiin, solgoi gar = sod uhaan ene unen baihaa*.* AMJILT

Arsun said...

Sod shuu

Anonymous said...

надаас хамаагүй л гоолиг юм байна. Үгүй над шиг амьтан ч хаа байхав

3apaa said...

Жирэмсэн байсан юм уу? Гэдэс чинь мундаг байна шүү...

xvv said...

Доторхыг нь эхлээд харчихсан болохоор гаднаа ямар ч байсан би бас сохорчээ. Өөрийнхөө хэлж байгаа шиг хүн юм бол миний нүд юу хараад байнам бэ?

Pearle Deppsu said...

хэхэ, за би л лав амьдрал дээр тааралдвал таних эсэх нь эргэлзээтэй л юм. Цээж зургаа оруулчихвал ч ...


энэ Зараа ах нээрээ

ZAYA said...

Амбий шиг арзгарыг эмэгтэй хүн аргалчихнаа. За тэр солгой чинь харин сод ухаантны шинж. Согойгоор чинь л таних юм байна даа.

ZAYA said...

Өө, гол юмаа мартчихаж. Юу хийгээд каск өмсчихсөн юм бэ? хөдөө л газар шиг байх юм.

Idea said...

Жасмин: Баярлалаа. Багын маазрах дуртай, балайрч элийрч явдаг минь блогт л хэрэг болох юм даа гэж.
Арсун: Солгой хүн болгон сод байдаггүйм шиг байгаамаа.
Гамп: Хаха чамаас гоолиг байвал тэгээд эмэгтэй хүн болж төрсөний минь гавьяа гарч байгаа нь тэр.
Зараа: Жинхэнэ жирэмсэн баймаар гэдэс чинь надад биш наад талын давхар малгайтай нөхөрт байгаа биздээ. Нуухаа аваач ээ.
Хүү: Өө ашгүй ойрд эхо-д харуулаагүй байсийн. Манийх нь тэгээд таван цул эрхтэн ямар байна?
Хаха тоглосий шүү. Хүний дотоод гоо сайхныг харж чаддаг хүн билгийн нүдтэй байдгийн гэнэ лээ.
Пеарл: За бүр хамаг юмаа оруулаад байхад нэмээд нэхээд байхыма. Нэртэйгээр нь дотуур хувцастай зургаа тавиад блогийнхоо тоолуурыг гацаадаг юм билүү хэхэ.
Заяа: Харин тийн, Амбий аймгаас зөвшөөрөлгүй шилжин ирэгсдэд оршин тогтнох газар өгөхгүй, даруй устгана гэсэн хуулийн төсөл боловсруулж байгаа.
Аа энэ Шарын голын уурхайд очсон зураг. Наад талд нь ярьж байгаа нь уурхайн орлогч дарга гсн.

Pearle Deppsu said...

өөш, дотуур хувцас бол сайхан санаа байна шдээ. толуураа гацааж, интернэтийн хурдыг эрс багасгаад үзвэл харин ч дажгүй юм бишоо. би тэгж болож байхтий

Болорхон said...

ulaan tsamtstai ni yumuu gej ungursun hoino anaashtaw.