2008/04/02

Баярласандаа бархирсан нь

Бархирах ч багадмаар юм болжээ цаана чинь. Хуруу гар загатнаад, хөлийн ул эрвэгнээд болж өгөхгүй болохоор нь худалчийн тэмцээнд нэг юм явуулж орхитол түрүүлчихсэн, Клаус авээрдс авах болзол хангачихсан байхын. Яг үнэндээ яарч сандарч сараачсан, ялихгүй тэр бичлэгдээ жаахан сэтгэл дундуур байлаа. Уяа сойлго нь жулдаад, уясан эзэн нь улайж, унасан хүүхэд нь уйлж, уншсан хүн уурлахаар юм болчихов уу гээд араас нь шүд улайгаад амаа дараад явж байлаа, сүүлийн хэд хоногт. Гэтэл аз дайрч, блогтой болсны хагас жилийн босгон дээрээ хорвоогийн хамгийн хатуу шүүгчдийн ивээлд багтлаа.

Онгирсондоо золтой л орчлонг доргиосон хавтгай найр хийнэ, хамаагүй бүгдээрээ ирээрэй гээд зарлачихалгүй биеэ барьсан нь сайн юм боллоо. Энэ дашрамд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд суугаа аав ээж, ахан дүүс, амраг садандаа намайг энэхүүү миссийн өө бишээ худалчийн тэмцээнд дэмжсэнд баярлалаа гэж хэлье гээлүү.

Одоо тэгээд уралдаанд түрүүлсэн хүн чинь хэсэгтээ л хараа дээгүүр, харц ширүүн, яриа бүлт, явдал пээдгэр, хамар сөхөлттэй, хальт ярвайлтын байдалтай амьдрах байлгүй дээ. Өчигдөр гадуур явахдаа хүмүүс намайг таних нь уу гээд ийш тийш хараад байсан чинь мэдэгдэх л юм алга байна лээ. Одоохондоо орон даяар тарж амжаагүй юм шиг байна. За удахгүй телевизүүд яриа авна гэж гүйлдээд л, хүмүүс гарын үсэг нэхээд хаалга үүд амраахгүй балрах вий дээ. Шагналынхаа хагасаар бие хамгаалагч хөлсөлдөг юмуу хахахаха.

Та нар тэгээд энд тэнд таарахаараа “Худалч аа” гээд орилоод байх юм биш биз. Нээх хөөрөөд байсан чинь нээрээ юу билээ энэ чинь. Мөрөөрөө мөөмөө савчуулж яваад “Худалч” гэдэг хусавч арилахгүй алдартай болжугам биш бээз. Хүн амьтан намайг сэрдсэн нүдээр хараад, за хө түмэнд зартай энэ худалч хүүхэн чинь түрийвч хулгай хийхвий дээ гэсэн байртай халаас хатавчаа хямгадаж, энгэр заамаа хумхиж болгоомжлоод байдаг болчуул яанаа. Өөрсдөө тэмцээн зохиож оролцуулчаад, санал өгж түрүүлүүлчээд дараа нь тэгээд хаа явсан газар хашгирч гуагчаад ар өврөөс ам хэлээ гозолзуулж арайхийж дэгээдсэн аятайхан залуу эд нарыг үргээгээд байваа. Сүүлдээ бүр үнэнгээсээ юм ярьсан чинь үнэмших хүн олдохгүй, аа чи угаасаа аюултай худалч биз дээ энэ тэр гээд эргэлзсэн нүд гаргаад байвал гохий шүү. Бүгдийг нь элэглэж бичээд “Пионерийн үнэн” дээр гаргана гэж мэдээрэй.

Нээрээ маазрах ч яахав, уралдаанд ирсэн бүтээлүүдийг уншаад байхнээ өчнөөн янзын өнгө будаг нүднээ эрээлжилж, цайлган инээдний цаана ухаарч бодууштай санаа оноо чамгүй олон байсан нь олзуурхууштай. Бид хэдийгээр тоглоом шоглоомын хандлагаар энэ уралдааныг зохиож, оролцсон ч цахим ертөнцөд юм бүхэн нээлттэй, чөлөөтэй, юуг ч зохион байгуулалтад оруулж, юун дээр ч эвлэлдэн нэгдэж, эсэргүүцэн тэмцэж болох юм гэдгийг харуулсан эрх чөлөө, эв нэгдлийн тэмцээн боллоо гэж өегшин дүгнэмээр санагдлаа..

Өмнө нь мисс, мистерээс өөр иймэрхүү олныг хамарсан онлайн тэмцээн уралдаан тэр болгон зохиогдож байгаагүй болохоор анхны санаачлагч, зохион байгуулагчиддаа унтах нойроо хагаслан, ууж идэхээ багасган, уур омгоо тэвчин, уйгагүй ажилласан явдалд талархал илэрхийлье. Мөн намайг дэмжиж, навсархай бичлэгт минь санал хайрласан блогчиддоо баярлалаа. Бас бичлэгээ илгээсэн, бусдыгаа дэмжсэн, түмэнд түгээсэн, түрлэг нэмсэн найзууддаа талархахын зэрэгцээ дараа дараагийн уралдаанд улам идэвхтэй оролцож, нөхдийнхөө санаачилсан болгонд гар бие нэмэрлэж, ганц юм хандивлаж байхыг уриалж байна.

Үргэлж блогоор минь шагайж үнэтэй санал сэтгэгдлээ үлдээн, үзэл бодлоо уралдуулан, үг хайргүй урамшуулж, бас хайр найргүй шүүмжилдэг та нарыгаа бодохоор еэвэн хээтэй зодгоо зуйван болтол таталцмаар, хазааргүй ногоон дэвжээг хасбуу тамга шиг талхалмаар, хоёр нүдний нялмас үерлээд ч байгаа юм шиг, холцруутаж сайртсан хацар дэвтээд ч байгаа юм шиг, хаврын хавсарган салхи илбээд ч байгаа юм шиг, хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй ээ /Гүрбазардав/.

18 Сэтгэгдэл:

3apaa said...

Клаусын шагнал авсанд чинь баяр хүргэе! Чамайг оролцлоо гэхэд чинь угаасаа мэдсэн л дээ. Аймаар гар юм чинь яаж бархуудээ гэж бодоод ихэд шийрэгнэсэн :P

Оогий said...

Hooooh mundag yumoooo
Bi taniii tuluu sanalaa ugsun shuuu :-)

Anonymous said...

Ziak, ajil yavdal saihan bolloo gej.
Ene neeree emegtei ym baij yahaaraa iim marzan bdag bnaa. Moomoo savchuulaad bhdaa yahav de, haha.
Одоо тэгээд уралдаанд түрүүлсэн хүн чинь хэсэгтээ л хараа дээгүүр, харц ширүүн, яриа бүлт, явдал пээдгэр, хамар сөхөлттэй, хальт ярвайлтын байдалтай амьдрах байлгүй дээ. Ene heseg bur savaagaad haychihlaa.

A.Амарсайхан said...

Баяр хүргэе.
Ийм авьяастай юм чинь сонгуульд үзчихээч. 76 шилдэг худалчийн тоонд орчихсон цохиж явах ч юм билүү? Би л лав сонгуулийн кампаанд чинь сарын цалингаа хандивлана даг.

Arsun said...

Hahaha, 76-д үзвэл ялчих шинжтэйээ. Банжиг руу орохоор савчаад уншиж болохгүй юм. Саналаа ч өгч чадаагүй яаж олж унших вэ, уралдаанд оруулсан бичлэгээ гаргаач, хө

ZAYA said...

Уралдаанд уясан бичлэгээ оруулна биз дээ. Хаана тийм юм болсныг нь мэдсэнгүй ээ. Мэдсэн бол саналаа өгөх байсийм.

Anonymous said...

Баяр хүргэе...Гаамп грампри,Хөхөө Платиниум,Битмин Цомын эзэн болсонд...шагналыг чинь бяднуус алдчих вий,хагалчих вий гээд Гаампын гэрт байдаг төмөр авдаранд хийцийн,тэгсэн цаад чинь авдарын түлхүүр аваад арилж өгсөн...Хаа одсоныг одоогоор тогтоогоогүй байгаа...Интерполын эф ээм араажавт зар өгцөн байгаа,өглөө өдөр орой гэсэн 3-н үелзэл дээр...Гаампыг ирхээр нь дариу илч довтолгож бэлгийг тань гардуулна...за тэгээд горьдочивоо...архи амсадагүй ,уудаг гэхээр чинь энэ төрлийн идээг голчилсон байгаа шүү...

xvv said...

Пээ ийм үүхэн гэж мэдээгүй явсымсан :p Тиймийн айхавтар худалч байсын бий вээ :D (цаагуур бөөн алга ташилт..)

Anonymous said...

Баяр хүргэе найзаа!!! хүүе чи нээрээ миний нэрийг яаахаараа Эрхтас болгож байгаам бээ??? үүү ёо ёоо ёо инкээд л тас болдог юм байж дээ.

Bebe said...

amjilt...hehehe

Anonymous said...

Congratulations! Za tegeed shagnalaa hezee ugaah gej bna daa? Urina biz dee?

Idea said...

Зараа: Ашгүй өнөөхийн чинь уур гарчиж. Эр хүн байж эхнээсээ шантраад байхдаа яадийн.

Оогий: Баярлалаа. Чиний санал мөн ч их нэмэр болсон шүү.

Үлмэдэх: Хэхэ ажил явдал байхдаа яахав дээ.

Амраа ах: Баярлалаа. Тэртэй тэргүй 76 чинь дандаа л худалч хүмүүс сонгогддог биз дээ. Сарын цалингийн сургаар бие дааж нэр дэвшдэг ч юм билүү гэж бодогдоод явчих чинь.

Арсун: Банжиг хоёр хоног гацаад одоо гайгүй болчихсон байх шиг байна лээ. Гэхдээ тэр бичлэгийг оруулъяаа, хэдийгээр санаанд хүрэхгүй байгаа ч гэсэн.

Заяа: Хаагуур яваад хоцорчив доо бүсгүй минь. Дараагийн постоор оруулъя аа.

Галавсаа: Ёоо шөнөжингөө Гампын гэрт байгаа төмөр авдарт санаа зовж хонолоо. Нөгөө тэнүүлч чинь гэрийн бараа харахгүй алга болоод амьтан хүнд алдчихвий, цоож цуургийг нь эвдүүлчих вий, салгалж яваад түлхүүр хаячихвий. Өөрөө согтуу орж ирээд хэрэглэчихвий, гүй ээ ер нь юу эсийг бодохов. Хэзээ ч цаадахад чинь ингэж санаа зовж байсангүй. Цочиж сэрэхдээ хүртэл "Гаампаа" гээд муухай орилж, хар хөлс цутгачихсан байгаам чинь хаха.

Хүү: Худалчийг нь мэдэхгүй явсаар мөн ч олон хулхидуулж дээ, мань хүн. Алга таших чинь сайхан санагдав, хоёр алганы чинь хооронд миний толгой байсныг эс тооцвол хэхэ.

Эрхцас: Баярлалаа. Хэхэ гүй яахав помидор кетчуп эд нар нэхээд байхаар чинь л эрх танхил тас шувуу байна л гэж бодсон юм. Тэгсэн чинь хавар хайлж байгаа цас байсийм байна.

Бэбэ: Thanks dear.

Ука: Ингэхэд алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгчээр аваагүй шагналд угаалцах эзэн мундахгүй нээ хэхэ. Мэдэхгүй ээ, зохион байгуулагчид нэг хагардаг л юм хадгалж байгаа гэсэн. Тэр нь Гаампын гэрийн төмөр авдарт байгаа, түлхүүр нь шар нохойных нь хүзүүвчинд байгаа. Шар нохой нь жигүүртний даль цуцаж, жийптэний дугуй хагараад очих аргагүй хол цайзад хоригдож байгаа гэсэн. Цайзанд араа шүдээ арсалзуулсан аймшгийн том луу.... хаха гоё үлгэрийн санаа олчлоо. Дараа үргэлжлүүлнээ.

Anonymous said...

шагналаа угаавууул ГУМБАаг мартав аа.. цаад чинь юм хүрэчих гээд л энэ тэнд чамайг л магтаад л, ухаан дутуум шиг унаж мөргөөд л гүйгээд байна лээ...

Unknown said...

Зээ аварга бураачдаа баяр хүргийеээ
Лут бурсан байгаам шүү.
Энэ жил сонгогдох 76-д лээкц уншуулий гэсэн санал ирээд байна лээ.

Болорхон said...

ккк сайхан ч юманд түрүүлчихсэн юм шиг бүүр нисэх нээ энэ хүүхэн Шагнал юм байна даа баяр хүргъе даа. /бурж чадахгүй болохоороо атаархаж байгаа болтой би. кккк./ Муу үг модон улаатай гэж нээрээ наад шагнал чинь насны юм болох вий дээ.. Болгоомжлол илүүдэхгүй. ккк

Idea said...

Сайхан санаа: Өө цаадах чинь харин жасын нярав болчихоод үнэд ороод гачин байгаа. Бараг би царай алдах болох юм шиг байна хэхэ.
Зочилсонд талархжийна шүү.

Битмийн: Болно шдээ хө, зохион байгуулагчид маань зөвшөөрвөл. "Хэрхэн амаараа улс орноо хөгжүүлэх вэ" ч гэдэг юмуу сэдэв бол олдоно доо.

Болорхон: Гүй ээ энэ чинь наддаа л Оскар аваардс, Алтан бөмбөрцөг, Гэгээн Муза, Пентатоник юу юу ч билээ, нүсэр эд байхгүй юу. Хөөрөөд л нисээд л байгаа. Тэр шагнал юу ч байсан, нэг отко ч байсан /открыт, Гаампынхаар/нэхэж байгаад авна гэж боджуга.

artagnan- артаньян said...

Зиа баяр хүргэеээээ, үг нь хурц байх болтугай. Юмны эхэнд орно гэдэг хиамар золбоотой сайн хэрэг. Айдаа гэдэг уран хүүхнийг таньж авлаа. Энд тэнд харагдаад л байдаг байсан, угийн залхуу хог доу би.. ороод үзчих сэтгэлгүй, хүйтэн хөндий гоймон, үхвэл таарна хэхэ.

Idea said...

Артагнан: Баярлалаа. Уран цэцэн юу байхав дээ ухаангүй бүлтрээчин гэхэд л болно. Би уул нь чиний блогоор зөндөө л ордог шд. Даанч өөр тийшээ нүүчихсэн юмуу нэг л шинэчлэгдэж өгөхгүй байгаад байхын. Шинэ хаягаа өгөөрэй. Өө тийм, урин дулаан цаг ирж байхад алийн болгон хүйтэн, хөндийгөөрөө байхын бэ, жаахан гэс л дээ хэхэ. Зочилж байгаарай.