2008/04/27

Бурхантын хөндийн голомтод зочилсон нь

Энэ долоо хоногийн бөгсөөр нэлээн ажилтай байлаа. Нөгөө “Оюуны дархлаа” ТББ маань нэг сургалт зохиож, ХДХВ-ын халдвартай хоёр хүнтэй сэтгүүлчдийг нууцхан уулзуулав. Одоо тэд ямар нийтлэл бичихийг нь монитордоно гэж нэг ажил байна, ер нь баахан сургалт зохиогоод нэмэр байна уу үгүй юу.

Урдах үндсэн ажлаа барахгүй байж юун олон нийтийн ажил, огогтны нүхээр ороод алга болмоор л байлаа, гэвч удирдах зөвлөлийн гишүүн, Мэдээлэл, сурталчилгаа ёсзүйн дэд хорооны дарга гэсэн сэтэр зүүлгэчихсэн чинь мурьж болдоггүй, албан тушаал хүнийг нээрээ алах юмаа гээлүү кккк. Яс юман дээрээ өнөөх нь ямар ч эрх мэдэлгүй, бас цалингүй ажил шүү дээ.

Яджаахад “Метромол” гээд гайгүй брэнд хувцасны дэлгүүр нээгджээ. Өрөөнийхөө өрөөсөн дугуйг дагуулаад хэсмээр байдаг, түрийвч түнтийхийн заяа байх биш, боловсролын үзэсгэлэн яармаг мэдээллийн зөвлөхөөрөө ажиллуулчихаад таван цаас ч хялайлгасангүй, танилын нүүр халуун гэдэг үгийг үгсийн сангаасаа авч хаяхаас үүнээс хойш.

Хүйтний ам цаашилж, хүүхний гуя наашлах тусам охид бүсгүйчүүдийн гангарч байгаа, миний навсайж байгаа чухам Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр шиг яг тэнцэнэ. Дэлгүүр дэлбэлэх юм сан, яршиг зүгээр. За за, уул нь Дарханы ДЦС-тай танилцсан тухайгаа бичье гэж гарчиглаж явснаа улаан шуналдаа хөтлөгдөөд эд бараа, элдэв хувцас хунар мөнгө төгрөг болчихлоо. Гөөхий найз минь надад “Шунангоо” гээд оносон ч нэр өгчихсиймуу, одоо бодохнээ.

Тэгэхээр манай улсын хоёр дахь том хот “Найрамдлын Дархан”-д өнгөрөгч амралтын өдр ийг өнгөрөөв. Гол зорилго нь Бурхантын хөндийн 200 мянга хол давсан иргэдийг гэрэл цахилгаантай, ус дулаантай байлгадаг, үйлдвэрүүдийг нь уураар хангадаг ганц эх үүсвэрийн ажил байдалтай нь танилцаж, болж бүтэхгүй байгааг газар дээр нь харж хуруу ч нэмэхгүй ч хошуу нэмэрлэх байлаа.

Хүмүүс мэдэж л байгаа байх, энд тэндгүй манай ДЦС-уудын үйл ажиллагаа доголдож тогоо турбин нь хагарч үе үе палхийтэл харанхуйлаад байгааг. Үнэндээ олигтойхон хөрөнгө оруулалт хийчихгүй мөртлөө үнээ нэмж болохгүй гээд төрөөс төмөр нударга үзүүлсээр явтал эрчим хүчний салбар элгээрээ мөлхөх аюулд хүрснийг эндхийн станц ч бас тойрч гарч чадахгүй байна.

Дарханы ДЦС 100 хувь төрийн өмчийнх, гэхдээ гадны хэдэн төсөл, хөтөлбөрөөс бусад засвар үйлчилгээг өөрсдийнхөө ашигт үйл ажиллагаагаар санхүүжүүлэх горимтой. Ухаандаа барилгынхаа өрөөсөн буланг баар болгоод түрээсийн ашгаар нь байшингаа шавард гэх ухааны тогтолцоо үйлчилдэг бололтой. Жилдээ 3200 кв/цаг эрчим хүч үйлдвэрлэдэг уг станц тоног төхөөрөмжийн элэгдлээс болоод заримдаа “тэг” зогсохоо шахдаг гэнэ.

Өвлийн ачаалалтай үедээ зургаа, гайгүй үедээ дөрвөн зуух байлдаанд гаргадаг энэ байгууллага 70-аадхан км-ын цаана орших Шарын голын уурхайгаас жилд 350-380 тн нүүрс авч түлэх гэрээтэй. Гэтэл хувьд очсоноосоо хойш доголдоод байгаа тус уурхай үүрэгт нүүрсээ өгч чадахгүй байгаа, нүүрс нь чулуутай болохоор зуухнуудаа шинэчилж Германы технологиор шууд үлээлгийн системд шилжүүлэн Багануурын нүүрсэнд зохицуулж байгаа гэж дэд дарга Г.Туяахүү ярив.

Яагаад ч юм уурхайчны гэрт төрж, нүүрсний угаар үнэртэж өссөн надад энэ өгүүлбэр гомдолтой санагдаж “Хамгийн том хэрэглэгч нь ингээд зангаа хувиргачихаар тэр уурхай яах болж байнаа. Анхнаасаа энэ станцыг Шарын голын уурхайн чулуун нүүрс дээр тулгуурлаж байгуулсан. Одоо 40-өөд жил ашигласан болохоор доошлох тусам чулуутай л нүүрс гарна шүү дээ” гэж илүү амлатал дарга нь уртаас урт тайлбар хэлж байна. Шарын голын нүүрсний илчлэг муудаж байна, бас үнэтэй, тонн нь сая нэмэгдээд 23600 болчихлоо, гэтэл Багануурынх 15000. Аливаа юм чинь зах зээлийн горимд захирагдана шүү дээ гэв. Багануур чинь төрийн мэдлийнх, алдагдлын зөрүүг төр олгож байгаа болохоор тийм хямд байгаа юм, тэгээд ч танайхтай Шарын гол илүү ойрхон шдээ гэж бувтнасан боловч би Түлш эрчим хүчний сайд биш болохоор тэгсгээд хэн ч тоосонгүй өнгөрлөө.

Гэхдээ энэ станцын хаалгыг барьчихалгүй, тогтвортой ажиллуулахын тулд инженер ажилчид байдгаараа чармайдаг нь илт байлаа. Зундаа + 45, өвөлдөө -45 хүрдэг эрс тэрс уур амьсгалтай энэ аймгийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа атал хоёр дахь эрчим хүчний эх үүсвэр барих тухай асуудал өнөө хэр яригдахгүй байна гээд тоочвол их л юм байдаг бололтой. Гэвч сонины нийтлэл биш болохоор дүрдээ орчихсон бурж явснаа тоормоз гишгэе. Хэлж чадах дүгнэлт гэвэл Дарханы ДЦС уурхайнуудад хоёр тэрбум гаруй төгрөгийн өртэй, Дулаан түгээх сүлжээ болон эрчим хүч түгээлтийн газруудаас 600 сая төгрөгийн авлагатай, ер нь хаанахын ч эрчим хүчний байгууллага энэ мэт өгч авахаа зохицуулж чадахгүй, урд хормойгоороо хойдхоо нөхсөөр он дамжсан өрийн сүлжээнд орчихжээ.

Засгийн газар рейтингээ бодоод үнэ нэмж болохгүй гээд л муйхарлаад байгаа болохоос өр авлагыг нь шийдээд, тоног төхөөрөмжийг шинэчлээд өгчихгүй байгаад асуудлын гол байдаг аж. 40 гаруй жилийн тэртээх оросын школоор боссон уг станц одоо германы турбинтэй, хятадын халаагууртай, солонгос хоолойтой чухал л үхрийн бөөр шиг өнгө алагласан эд болж байгаа гэх үгс ажилчдын ч, дарга нарын ч амнаас нь унаж байв. Гэхдээ л миний очиж үзсэн станцуудаас хамгийн проблем багатай, бүрэн хүчин чадлаараа тогтвортой ажиллаж байгаа газар байлаа. Болж бүтэхгүй байгааг нь үүнээс нарийвчлан бичиж, хэрэгтэй хүмүүсийнх нь сонорт хүргэх нь мэдээж, гэхдээ Улаанбаатарын хэдэн станцуудыг бодвол хэзээ л дэлбэрэх бол гэсэн айдсаас хол, сэтгэлийн үзүүрт нэг л тайван, өег сэтгэгдэл төрснөө нуух юун. Ажилчдын амьжиргаа, дундаж цалин ч боломжийн, сул зогсож ашиглалтаас гарсан зуух турбин байхгүй гээд бодохоор яах аргагүй Найрамдлын Дарханы найдвар тээсэн газар юм даа гэж бодогдов.

Бяцхан чөлөөт цаг гарч, би л болсон хойно илүү харж билүү долоож, энүүгээр тэрүүгээр өлөв долов хийхээ мартсангүй. Дархан гоё болжээ, цэлгэр, тайван, хамгийн гол нь агаар нь цэвэр. Зундаа ялигүй элсэрхэг, бас модны цагаан үр хийсч хамар ам руу орчих гээд байдаг, шумуултай гэх мэт балчир насны таагүй дурсамж тайван цэлгэр хотын цэвэр агаар, цэмцгэр гудамжинд бууж өгч байх шиг. Хонгорын хорноос болж чамгүй баалуулж, байрнаасаа хөөгдөх дээрээ тулаад байсан Засаг дарга Хаянхярваа бурхантын хөндийн бахархал болох багагүй юм бүтээжээ. “Миний монгол” цогцолбор, “Морин хуур” хөшөө гээд л. Хосууд хөтлөлцөөд, найзууд цуглараад, хол ойроос ирсэн хүмүүс тухалж, хоёр үг солих газар хотод маань хэдийхэн билээ гэж бодоод хөмсөг зангидав. Төрийн ордны цэцэрлэгт хөөгдөн туугдан суусан минь нүдэнд харагдах шиг. "Киви" зочид буудал, "Сатурн" диско баар, "Техас" ресторан эд нар хэсэгтээ л санаанаас гарахгүй байх. Санаа дагаад тэрүү юмны үнэ хотоос арай л хямд санагдсан, талх 650 байсан шүү нээрээ.

Улаанбаатарынхаа уугисан утаа, улайссан шороо, овоорсон хог гурвыг муулан муулан шаваардах ямар хэрэгтэй юм бэ гэх бодол эрхгүй төрж байлаа. Би ч яахав, юманд туйлширч автахдаа амархан, байнга очдоггүй газраа гадны нүдээр ганц хараад л өрөөсгөл дүгнэж мэдэх. Гэхдээ л, хааш хаашаа 100 төгрөгөөр таксидаж, ажил гэр хоёрынхоо хооронд 10-хан минут яваад хүрэх, хөгжил дэвшлээр дутахааргүй, үйлдвэр үйлчилгээ дэлгэрсэн, хотоос 200-хан км-ын зайд орших суурин газар Монголд минь тийм олон гэж үү. Хуучин станцаа тордоод, ойрын 10 жилд багтаагаад шинэ станц барьчихвал ч. Хаа байсан Шивээ-Овоод хятадуудад эрчим хүч хямд үнээр экспортлох станц барьж байснаас хүн ам нэмэгдэж байгаа, хөгжил дэвшил сайтай, бас хойд урд хилээс хол болохоор хөршүүдийн атганд орохгүй, төвийн бүсийг холбох байрлал сайтай энэ газар барих нь хамаагүй дээр байх даа хэмээн хэрээс хэтэрсэн "том", тэгсэн атлаа тэрсүүд бодол тээсээр утаат Улаанбаатараа зорилоо. Өнөө шөнө тог битгий тасраарай, өчнөөн бичих, хийх юм байгаа юмсан даа..

16 Сэтгэгдэл:

melkadies said...

idea tsaana chini 15000 hujaa orj ireh gej bna. bugdeeree niileed zasgiin gazriin site ruu zahia bcihiy chi enen deer tusal tehuu

melkadies said...

haashaa yaj bichih yaj hurgeh geed asuudliig sain medej biagashdee

melkadies said...

yum hiiy ee. hodolgoon ornuuley ee. yamar negen yum hiihgui bol bolohgui ni ee

Anonymous said...

мелкаа-г дэмжиж байна...

Anonymous said...

Өнөөдөр Монголын цагаар 10.30 цагт дэмжигч бүх
гишүүдийн нэгдсэн чат болох тул идэвхитэй
оролцохыг уриалж байна. Тэнд клуб байгуулж
нэгдсэн зохион байгуулалтанд орж ганц хятадын
асуудал ч биш өөр бусад нийгэмд тулгамлаж буй
асуудлыг авч хэлэлцэн хаанаас,юунаас яаж
эхлэх,ямар арга хэмжээ авах талаар тодорхой
дүгнэлтэд хүрэх тул та бүгдийг бидэнтэй
нэгдэхийг уриалж байна. Бид хөдлөх цаг болжээ.
Монголчууд аа... эрүүл нийгмээ өөрсдөө цогцлон
байгуулцгаая. Юу хүлээсэн юм бэ. Яг одоо л
эхэлье
http://news.banjig.net/news-11512.html

Оогий said...

Huueee Idea egch mineee "taniliin nuur xaluun" gedgee minii ajliig duusaj, bi uchraa medej xul tolgoigoo yalgadag bolox xurtel ugsiin sangaasaa awch xayaxaa xuleej baigaarai gsn

Anonymous said...

huue ter 15000 hujaagiinesreg yumand chin orii

idea neeree zaitai ohin shuu, lag hoorhon enjneeriiin hajuug ni ochood zogtson , ain?

Anonymous said...

ажилаа хийнэ. ТББ-тай, залуу инженеер бодно. Энэ мөд бууралтана шүү яаж амжуулаад байдын

gegeen said...

harin tiimee

Anonymous said...

��өө����ө�~ �}ө�����|өө �������s���|���~ ��үү�����~ ��үү..
�x�p�|���� �y�~�w�u�~�u���y�z�~ ���p�w�����t �p�p�~.......
�N�p�z���p�}�t�|���~ �t�p�����p�~ ������ , �}�y�~�y�z �t�p�����p�~ ���������� �s���w......
���p���y���y�z�}���p�~, �q�p�����|�p�|�p�p�p, ��үү������......

Anonymous said...

��өө����ө�~ �}ө�����|өө �������s���|���~ ��үү�����~ ��үү..
�x�p�|���� �y�~�w�u�~�u���y�z�~ ���p�w�����t �p�p�~.......
�N�p�z���p�}�t�|���~ �t�p�����p�~ ������ , �}�y�~�y�z �t�p�����p�~ ���������� �s���w......
���p���y���y�z�}���p�~, �q�p�����|�p�|�p�p�p, ��үү������......

Anonymous said...

ene ym chini yagaad dorvoljin bolood unshigdahgui bolchihvoo...

Idea said...
This comment has been removed by the author.
Idea said...

Мэлка, Галавсай: Харин тиймээ, тэгэхдээ яаж тэмцэх билээ гдэгт учир байна. Жагсаал цуглаан хийгээд таарсан хужааг зодож балбалаа гэхэд эргээд маниус Эрээн Бээжинд явахад хэцүү юм болно. Энгийн номхон иргэдээ иймэрхүү юмнаас болж алуулбал үр дүн нь бүр аймаар шүү дээ.

Засгийн газрын сайт руу бичиж болно л доо, хэхэ гол нь энэ орж байгаа чинь тэд нарын л ажил шүү дээ. Тэд найр тавиад байхад бид мянга хориглоод худлаа л байдаг байхгүй юу. Бид ч гэсэн хятадууын эсрэг бишгүй юм бичиж үзсэн, төрийн хар хайрцаг атгаж байгаа нөхдүүдийн сонорт хүрч, ажил болтлоо л өдий юм байна лээ. Эдийн засгийн эрхшээлээс нь эхлээд гарах хэрэгтэй. Хужаа хилээ сар хаахад дундажаас доош амьдралтай монгол айл бадар барина, худлаа гэж үү.

Ер нь бол одоо ч пүүгээ үүрсэн майжиг хужаа нар орж ирж л байгаа. Хугацаа нь дуусаад хөөгдөж гарч л байгаа. Заль гаргаж зарим нь үлдэж л байгаа. Нэгэнт монголчуудын цусанд хужааг үзэн ядах сэтгэл байдаг болохоор тэд бидний дунд уусч иргэншлээ л өдий. Тэдэн дээр гүйж очиж бузарлуулж байгаа эмс, өдөж сагсалзаад зодуулж байгаа залуус бол өөрсдийнх нь хохь. Аль ч нийгэмд доошоо орсон давхаргынхан байж л байгаа, аажмаар арчигддаг л байхгүй юу. Бид тэр хүүхнүүдийг өмөөрлөө гээд өмдөнд нь цоож зүүлтэйн биш, эцсийн эцэст ухамсар л мэдэх хэрэг.
Хужааг үзэн ядах нь түмэн зөв, гэхдээ Эрээнээс хараат амьдралтай энгийн иргэдээ бас бодох л хэрэгтэй.Эхлээд тэдэн шиг хөдөлмөрч, эвсэг, бусдын дор орохгүй гэсэн туйлын зорилготой болчуул монголчууд бидэнд гарт барих мод чулуу, гадаа жагсах зам талбай бол олдоно гэж хэлмээр байна.

Амор: Дэмжиж байна, оролцоно. Юм нэгээр дуусахгүй,зөв санаачлага, үр дүнд хүрэх магадлалтай үйл ажиллагааг бол чадахаараа дэмжинэ шд.

Оогий: Дүүдээ юу гэж хүйтэн нүүр гаргах вэ дээ. Ярьсан хэлсэндээ байдаггүй нөхдийн тухай ярьж байхад.

Нана: Мань чамд утсыг нь өгөх үү гээл тэнэгтэхгүй юу. Хийх юмаа олж ядцан.

Гамп: Буурал эмээ болсон хойноо Батсүмбэрт уулзъя хаха. Бууралтвал будаад, үрчийвэл тауулаад, бөгтийвөл тэгшлүүлээд л гүрийгээд байна гэж боджуга.

Гэгээн. Учир битүүлэг байна шүү аан, Гаампыг дэмжив үү, намайг дэвжив үү, Мэлкаг дэмжив үү. Бүгдийг нь байсан ч нээх буруудах юм байхгүй л дээ тэ хэхэ.

Амор: Харин уншигдахгүй л байна. Болохгүй бол латинаар биччихгүй юу доо.

Anonymous said...

saihan "survaljlaga"(temdeglel) boljee. Darhan hot maani ongolog bolson bn lee. amjilt shuu!

Idea said...

Гацуурхан: Харин тиймээ, сайхан л болж байх шиг. Энд тэндээс хүмүүс нүүж ирэх нь ч ихэссэн байна лээ. Уул нь сайтар тордоод хоёр дахь Улаанбаатар болгочуул эндээ шаваараад байхгүй зүгээр юм даа тэ.
Зочилсонд гялайлаа шүү.