2008/07/09

Д.Батсуурь: Монгол гэрийг цүнхэнд багтаах амаргүй байсан

Монголчууд бид өөрсдийгөө “Орчин цагийн нүүдэлчид” гэж егөөддөг. Зарим талаар энэ нь бахархал болох нь бий. Нэгэн үе нүүдэлчин амьдралыг харанхуй, бүдүүлэг хэмээн гоочилж суурин соёл иргэншлийг илүүд үзэж байсан бид эргээд байгаль руугаа эрхгүй тэмүүлж, гэрээ ачаад дуртай газраа сэлгэж явдаг хэрмэл ахуйгаа санагалзсаар байна.

Урин дулаан
болохоор хээр хөдөө л гарахгүй бол амарсан болдоггүй зан бидний цусанд шингээстэй болохоор яалтай ч билээ. Ингэхдээ ус бороо нэвтэрдэг орос майхан биш, оосор бүчгүй орд цагаан өргөө бариад төвхнөж явахыг хүсэхгүй хэн байхав. Энэ хэрэгцээг мэдэрч, монгол гэрийн уламжлалыг хадгалсан, авч явахад авсаархан хэрнээ өвөрмөц шийдэлтэй “Аянчин” эвхдэг гэр зохион бүтээсэн Д.Батсуурь /Арсун/-тай уулзаж ярилцлаа.
Тэрээр холбооны инженер мэргэжилтэй ч мужаан дархны ажилд сонирхолтой, басхүү шинийг эрэлхийлж явдаг сониуч зандаа хөтлөгдөн энэхүү гэрийг зохион бүтээж, захиалгаар хэрэглээнд нийлүүлж эхэлжээ. Майханг бодвол тохь тухтай, дулаахан атлаа тоноглол бүр нь угсардаг хийцтэй энэхүү гэрийг сэтгэж урлахад мэдээж хоббиноос нь гадна дархан ааваасаа өвлөж авсан бурхан ухаан, уулын модыг ураа шингээж амилуулах арга барил нь түүнд тус дөхөм болдог нь тодорхой.

- Эвхдэг гэр хийх санаа анх хэзээ төрсөн бэ? Монгол гэрийн овор хэмжээг багасгаж, цүнхэнд хийдэг болгоно гэж яаж сэтгэв?

- Аав маань Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Дархан Даваа” нэрээр нутаг усандаа алдаршсан мужаан хүн байлаа. Багаасаа алх дөш, харуул сүхний чимээнд өссөн болохоор мужаан дархны ажил надад их ойр санагддаг, юм юмнаас нь сонирхдог, оролддог байлаа. Хүмүүст тустай олон эд юмс шинээр зохиож хийдэг байсан болохоор ааваараа их ч бахархдаг байлаа. 70-аад оны үед аав маань эвхдэг зуух хийж, түүнийг нь хүмүүс оторт авч явдаг байсан. “Хөглөг Алтайн жавхаа” баримтат кинон тэр эвхдэг модон зуух их тод гардаг. Дараа нь аав маань эвхдэг гэр ч юмуу, өвлийн майхан ч юм уу нэг сууц хийх гэж байгаад дуусгаж чадалгүй бурхан болсон юм. Цуглуулж, тохируулж байсан тоноглол нь манай гэрт байгаад л байдаг байлаа. Нэг өдөр харж байгаад гэр болгох санаагаа олсон доо.

- Тэртэй тэргүй монгол гэр хана, унь, тооно гээд салангид тоноглолоос бүрддэг. Таны бүтээсэн эвхдэг гэр уламжлалт монгол гэрээс юугаараа ялгаатай, бас юугаараа давуу вэ?
- Монгол гэрийн мод овор хэмжээ ихтэй, морь тэмээнд тэгнэж ачихаар зориулагдсан, урт хэрэглэлүүдээс бүрддэг. Харин уламжлалт гэрийн агуулга, хэлбэрийг алдахгүйгээр орчин үед нийцүүлэн жижигрүүлж, суудлын машины багажинд багтдаг болгон “эвхэх” нь миний гол зорилго байсан. Мэдээж монгол гэрийг цүнхэнд багтаах амаргүй байсан. Хэрэв иж бүрэн гэрийг хадгална гэвэл орон сууцны айлд илүү жижиг амбаар хэрэгтэй, ачаад нүүнэ гэвэл бага оврын тэвштэй машин шаардлагатай. Гэтэл миний зохиосон гэрийг тагтан дээрээ хураагаад, экселд ачаад явчих боломжтой юм. Үүнд л гол ач холбогдол нь байгаа юм.

- Монгол гэрийн бүх хэрэглэлийг ямархуу байдлаар эвхэж жижигрүүлсэн бэ? Эвлүүлдэг тоглоом шиг салгаад угсрахад хэр хугацаа орох вэ?
- Гэрийн модыг эвхэгддэг болгож тохируулахад хамгийн хэцүү нь тооно байлаа. Үүнийг холбооны антениас санаа авч дугуйлдаг, буцаад хумигддаг байхаар тооцож хийсэн. Ханыг уртааш нь эвхэхээс гадна өндрөөшөө залгадаг болгож тайраад, унинуудыг углуургаар угсардаг байхаар зохицуулсан л даа. Бүгдийг нь салгаад уутанд хийхэд 50 кг ачаа болно. Буцаад угсарахад 20-30 минут л хангалттай. Анх өрхийнхөө хэрэгцээнд зорилуж нэг гэр хийгээд зун аялах зугаалах, хөдөө гадаа рашаан сувилалд явахдаа авч явдаг болсон. Жижиг машинтай ирээд яах ийхийн зуургүй гэр барьчихаар хүмүүс их гайхаж, сонирхдог юм байна лээ. Тэгж яваад анхны захиалагчаа олсон гэх үү дээ. Ер нь майхныг бодвол тохь тухтай, зай багтаамжтай, халуун хүйтнээ тохируулдаг болохоор авсан хүмүүс их ам сайтай байгаа.

- Зайтай гэснээс хэчнээн хүн багтах вэ? Дотор нь зуух тавиад гал түлж болох уу? Ялангуяа дээр өгүүлсэн эвхдэг зуухыг?
- Бололгүй яахав, дотор нь гал түлж цай хоол хийх, ойр зуурын тавилга тавьж болдгоороо майхантай зүйрлэхээргүй. Бага дөрвөн ханатын хэмжээтэй болохоор 10 хүн өлхөн багтана. Бас салхи шуурга, бороо шороонд тэсвэртэй юм байна лээ. Эвхдэг зуухыг дотор нь тавиад галж түлэх бүрэн боломжтой. Ер нь би цаашдаа эвхдэг гэр дотроо тохирох тавилга хийе гэж бодож байгаа. Зуух, жижигхэн хөөрхөн авдар гээд малчин айлд байдаг тавьцуудаар тохижуулчихвал гадна дотны хүмүүст ч сонирхолтой, уламжлалт монгол ахуйг бүрэн хадгалж чадна гэж бодож байгаа.

- Гэрийн бүрээс, дулаалга, хаалганы тухайд?
- Цагаан бүрээсийг ус нэвтэрдэггүй материалаар хийсэн. Ноосон даавуун давхар дулаалгатай. Бүгдийг нь угладаг маягаар оёсон нь барихад маш хялбар. Хаалгыг нь харин зузаан эсгийгээр уламжлалт сөхдөг хэлбэрээр шийдсэн нь зарим худалдан авагчид таалагдаагүй байна лээ. Хаалгаа модоор хийгээд, хаагаад цоожлоод явдаг болговол зүгээр юм гэсэн санал ирсэн. Голоороо нугастай ч юм уу, эвхэгддэг маягаар хийх санаагаа олчихсон байгаа, мөд хийгээд эхэлнэ. Ер нь эвхэгддэг гэдэг утгаараа анхдагч бүтээл болохоор алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч би гэр авсан хүмүүстэйгээ байнга холбоотой байж ганц нэг юм нь эвдэрч хэмхэрвэл засч өгдөг, санаа оноог нь сонсож дараа дараагийн бүтээлдээ тусгаж сайжруулаад явахыг хичээдэг.

- Чанарын хувьд хэр бат бөх вэ?
- Насны баталгаа өгнө гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй байх /инээв/. Гэхдээ ус чийгнээс хол байлгаж, ариг гамтай хэрэглэхгүй бол мод, төмрөөр хийсэн хийсэн ямар ч эд мууддаг шүү дээ.

- Монгол гэрийг дотроо өрөө тасалгаатай байхаас эхлээд янз бүрээр хийсэн байсныг харж байсан. Харин эвхэгддэг гэрийг харж байгаагүй. Та анхлан зохиосон болохоор мэдээж оюуны өмчөө баталгаажуулж авсан байх?
- Шинэ бүтээлийн гэрчилгээгээ Оюуны өмчийн газраас авчихсан байгаа. Аялал зугаалгад илүү тохиромжтой болохоор “Аянчин” нэрээр бүртгүүлсэн. Гэрээ хийхийн тулд нэлээн ч юм судалсан, хүн хартай уулзсан. Угаасаа монгол гэрийг их сонирхож судалдаг болохоор хоббигоороо цаашаа улам сайжруулаад, боловсруулаад явна гэж бодож байгаа. Ер нь монгол гэр нүүдэлчин ахуйд нийцсэн хамгийн тохиромжтой сууц. Хубилай хааны үеэс гэр өртөө байгуулж улаа нэхдэг байсан нь яван явсаар орос хэлэнд юрта болж буусан гэх таамаглал байдаг юм билээ. Эвхдэг гэрийг маань зөвхөн зун гэлтгүй дулаалга нэмээд өвөл ч хэрэглэж болно.

- “Аянчин” гэр хэдий хугацаанд ямархуу өртгөөр босдог, бас ямар үнээр зарагддагийг хүмүүс сонирхох байх?
- Нэг гэр хийхэд 1-2 долоо хоног л хангалттай. Ажлын хөлс, материалын зардал, багахан ашиг шингээгээд 500 мянгаар зарж байгаа. Гол нь гэр маань эвхэгддэг болохоор материал маш их голдог. Яргүй, сайн чанарын модоор хийх ёстой. Ямар сайндаа модны зах дээр явж байгаад нэг эмэгтэйд “Яргүй мод, ясгүй мах гэж юу байсан юм” гэж зэмлүүлж байхав дээ. Модоо өөрөө тааруулж тохируулж бэлддэг, хаягдал их гарна. Хаягдлаар дээр дурдсан жижиг тавилга хийх санаа байгаа. Сандал зэргийг хааяа хийдэг л юм.

- Хүмүүсээс захиалга ер нь хэр ирж байна? Худалдан авагчид хэр сэтгэл хангалуун байна вэ? Нийт хэчнээн гэр хийчихээд байна вэ?
- Гэр авсан хүмүүс цаашаа танилдаа хэлэх маягаар захиалга нэлээн ирдэг болсон. Түүнээс биш би ямар нэг сурталчилгаа хийдэггүй. Авсан хүмүүс их сэтгэл хангалуун байгаа. Нэг анчин эр бүр “Аянчин” гэрийн ачаар амьдрал өөрчлөгдөөд байгаа. Урьд нь майхантай байхдаа дагжиж чичирч эхнэртэйгээ ярьдаг байсан чинь одоо галаа түлээд л додигор суудаг болсон гэж байна лээ. Бас зохиолч Д.Цэнддоо гуай худалдаж авснаасаа хойш аман реклам сайн хийж яваа сурагтай байна лээ. УИХ-ын Ж.Гүррагчаа, нийтлэлч Баабар гээд олны танил хүмүүс ч авч байгаа. Нэг хөгжилтэй юм ярихад Баабар эвхдэг гэрийн тухай нөхдөдөө “Дотор нь хүн босоогоороо явж болдог юм байна лээ” гэж ирээд ярьж л дээ. Д.Бадамдамдин гишүүн намханаар нь цаашлуулаад “Би юу? Чи юу” гэсэн чинь цаадах нь мөчөөгөө өгөхгүй “Үнэндээ бол үүдэн хийморийн ялгаа байхгүй шдээ” гэсэн байгаа юм. Ноёнхутагтын шүлгэн дээр “Үйл нь ирээд үхэхийн цагт үүдэн хийморийн ялгаа юу байхав” гэдэг шиг өндөр нам ялгаагүй гэсэн үг юм шиг байна лээ. Нэг үеэ бодоход ажилдаа гаршаад, дүү нараараа хүч нэмэгдүүлээд нэлээд хэдэн гэр хийчихээд байна. Энэ жил л гэхэд 20-30 гэр хийчихээд байгаа. Хүмүүс сэтгэл хангалуун байх нь надад урам зориг өгдөг.

- Гадны хүмүүс хэр сонирхож байна? Ер нь хэлбэр, хэмжээг нь өөрөөр хийлгэх захиалга ирж байна уу?
- Жуулчид сонирхож, захиалж байгаа. Нэг франц хүн нэгийг хийлгээд нутаг руугаа авч явсан. Очсон хойноо надтай холбогдож дахиад нэгийг захиалж байна лээ. Монгол судлаачид бас их сонирхдог. Хэмжээг нь арай томсгож, илүү багтаамжтай, жийпэнд ачаад явахаар хэмжээтэйг хэд хэдэн хүн захиалж хийлгэсэн. Томруулах тухайд асуудалгүй юм байна лээ. Харин жижигрүүлэхэд жаахан төвөгтэй. Нэг гадаад хүн ганц хүний гэр захиалсан нь тухайн үедээ санаанд багтаагүй болохоор хийж өгч чадаагүй, яахав мөлхөж ордог, жижиг хэмжээтэй хийж болно л доо. Гэхдээ нөгөө монгол гэрийн маань утга учир алдагдах болохоор би хүлээж аваагүй. Хэзээ монгол гэртээ хүн толгой бөхийж явдаг байлаа, уламжлалаа бодсон ч 4-өөс цөөн хүнийх болгож жижигрүүлэх зохимжгүй юм байна лээ. Цаашид цүнхэнд багтдаг “Аянчин” гэрээ брэнд болгоод, жуулчны бааз, дэлгүүрүүдтэй хамтарч ажиллах төлөвлөгөө бий. Гэхдээ давхар ажилладаг болохоор зав зай муутай, дээрээс нь анх сонирхлын журмаар эхэлсэн ажил маань бизнес болтлоо өргөжинө гэж бодоогүй байсан болохоор байр сав, багаж хэрэгслээс эхлээд бэрхшээлтэй асуудал байж л байна. Гэртээ нарны зай ашиглах, гэрийнхээ хананаас халдаг болгох, сэргээгдэх эрчим хүчээр гэрэлтүүлэх гээд дэвшилтэт технологиор баяжуулах санаанууд бий. Ер нь боломжийн хөрөнгө оруулагч олдвол гэрээ байгуулаад ажиллаж болмоор санагдаад байгаа.

- Эвхдэг гэрээрээ улсын чанартай үзэсгэлэн, шинэ бүтээлийн уралдаанд оролцож байв уу?
- Хоёр удаа үзэсгэлэнд оролцсон. Хоёр жилийн өмнө СТӨ-нд болсон үзэсгэлэнгийн үеэр хүмүүс нэлээд сонирхож, “Дөрвөн ханатай гэр хоёрхон цүнхэнд багтчихаж байгаа юмуу” гээд гайхаж байсан. Дараа нь Төв аймагт болсон “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэнгээс шилдэг бүтээлийн цом хүртэж байлаа. “Аянчин” гэрээ аавынхаа дурсгалд зориулж хийсэн болохоор Говь-Алтай аймгийн Бугат сумын музейд нэгийг хийж бэлэглэнэ гэж бодож байгаа. Дархан Даваагийн хүүгийнх нь хийсэн эвхдэг гэр музейд нь байвал нутаг усныхан нь баярлах байх.

- Танд патентыг нь авчихаад хэрэглээнд гаргаж амжаагүй өөр бүтээл байгаа юу?
- 90-ээд оны эхээр бие засах өрөөний автомат унтраалга хийж, патентжуулсан. Гурван настай хүү маань унтраалганд хүрэхгүй, ОО-д орохдоо заавал хүнээр асаалгаж унтраалгадаг байснаас өөрөө асч унтардаг гэрэлтэй болгох санаа төрсөн. Ийм зарчмаар ажилладаг, өндөр үнэтэй автомат мэдрэгчийг бодвол минийх гарын доорх материал ашигласан, хаана ч хэрэглэчихээр энгийн бүтэцтэй байснаараа онцогтой болсон. Үүнд миний мэргэжил, электроникийн талаарх мэдлэг тус болсон. Бас уснаас устөрөгч ялгаруулах замаар гал гаргаж болох оролдлого амжилттай болсон. Энэ хэдийгээр оросууд түрүүлээд олчихсон, шинэ санаа биш боловч манай нөхцөлд, аяны зориулалтаар ашиглах бичил төхөөрөмж бүтээх нь шинэлэг зүйл юм. Би үүнийг даруй хийнэ гэж бодож байгаа. Усаар гал түлж цай чанаж болно гээд бодохоор цахилгаан хэмнэхээс эхлээд олон давуу талтай. Ялгарч буй дулаан нь өндөр температурынх болохоор төмөр гагнасан ч болно. Гэхдээ аюулгүй байдлыг бодолцох ёстой. Үүнээс гадна ажлынхаа шугамаар, тагнуулын чиглэлийн ганц хоёр юм шинээр санаачилж, хэрэглээнд нэвтрүүлсэн л дээ. Даанч мэргэжлийн нууцтай холбоотой болохоор дэлгэрэнгүй ярьж болохгүй байна.

- Цаашдаа бизнес тань амжилттай байгаад мод эвлүүлж мужаан дархан хийх, мэргэжлээрээ ажиллах хоёрын нэгийг нь сонгох болбол Та яах вэ?- Мэдээж хоббигоо дагана. Цэргийнхэн эрт тэтгэвэрт гардаг болохоор надад ажил мэргэжлээ орхиод сүйд болох юм байхгүй. Тэгээд ч шинэ модны холтос, зоргодос үнэртсэн мужааны өрөөндөө ажиллах нь ачаалал болохоосоо амралт болдог. Ер нь модны ажил хүнийг их тайвшруулж, эрч хүч өгдөг шүү дээ. Алт мөнгөний дархан ч бас адилхан. Хамаг ур ухаанаа шингээгээд нарийн хийц урлаж байхдаа орчлонгоос тасарчихсан байдаг гэж аав мааньярьдаг байлаа. Энэ үед нь орж ирсэн хүний инерги бүтээлд нь шууд тусдаг болохоор дархчуул маш мэдрэмтгий улс гэх юм байна лээ. Сайхан сэтгэлтэй хүн орж ирвэл хээ нь сайн цутгагддаг, муу санасан хүн орж ирвэл эдэнд нь ан цав үүсдэг гээд нарийн яривал сонирхолтой юм их байдаг.

- Ер нь Та гар урлал, техникт сонирхолтойгоос гадна өөр ямар хоббитой хүн бэ?
- Аав, ээжийн талынхан аль аль нь техник сэтгэлгээ сайтай, тэр үедээ анхны жолооч, засварчин явсан улс байна лээ. Ээжийн талын нэг хүн анхны хэдэн онгоцны нисэгчдийн нэг, харамсалтай нь дайнаас эргэж ирээгүй гэсэн. Ер нь би ямар нэг юмыг шинээр хийхсэн гэж байнга л бодож хорхойсч явдаг. Монгол инженерүүд, хувь хүмүүсийн гар, ур ухаанаар бүтсэн юмыг их сонирхож судалдаг. Оюутан байхдаа Өмнөговьд нэг өвгөн биотехнологийн урвалаар түлш хийсэн байсныг нь дууриаж хийж үзэж байлаа. Манай аавын багш нь Монхооног гээд алдартай уран дархан хүн байсан гэсэн. Тухайн үедээ /1930-1940 онд/ төмөр савыг пааландсан, орос цэргүүдийн хаясан манвэлиэр буу хийсэн, 12 түлхүүртэй цоож урласан гээд аав маань олон сонирхолтой түүх ярьдаг байлаа. Тэр хүний тухай сонсч, аавынхаа дархны ажилд ойр өссөн болохоор би өөрийн эрхгүй ийм хоббитой болчихсон. Бас далд ухамсар, гипноз, ховсдохуйн ухааныг их сонирхдог. Хүн далд мэдрэхүй дээрээ тулгуурлаад өнгөрснөөрөө болон ирээдүйгээрээ аялах боломжтой, үүнийг туршиж нотлох оролдлого хийдэг, нэг талаараа нэлээн “сонин” хүн дээ. /инээв/

- Ярилцсан Танд баярлалаа. Амжилт хүсье.


Жич: Энэ ярилцлага "Зөвлөх зөгий" сэтгүүл, "Монцамэ"-ийн хэвлэлүүдээр нийтлэгдсэн.

19 Сэтгэгдэл:

Anonymous said...

"Монгол гэж ярихын тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй" гэдэг шиг хөхтолбот гэж нэр авсандаа, юу ч хийж амжаагүй яваадаа нэг их ичээд гарлаа.

Сайхан нийтлэл байнаа. Арсун ахад болон ярилцсан бүсгүйд талархав.

Anonymous said...

хэхэ Арсун ахын зургийг харсан чинь сонин байшүү. Блогын тухай нь жоохон ярику. Ярилцлага хүргэсэнд гялайлаа Идя

Anonymous said...

Хөөх мундаг байна шүү. Цааш цаашдын чинь ажилд томоос том амжилт хүсье.
Их сонирхолтой байлаа. Баярлалаа

Anonymous said...

Whoever owns this blog, I would like to say that he has a great idea of choosing a topic.

Cаарал said...

Hoorhiig zurag horog ner ustai ni ingej hamaagui ilen dalangui gargaj bolj baigaa yum uu? Ooroos ni zovshoorol avsan uu?

Cаарал said...

Zarim ulsuud zurag horgiig ni haraad sonin hachin bolood ch baih shig.

Anonymous said...

Goe ger bna. Zahialiy gevel yaj holboo barih ve? Ooriinh ni blogt comment uldeeh u?

Anonymous said...

бахархаад гарлаа..
их ур ухаан шүү..
ийм сайхан хүнтэй ярилцаж түүнийгээ бидэнд хүргэсэн сайхан бүсгүйд талархаж бна.
2-нд нь ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Anonymous said...

Sahlaa avchihval huurhun l zaluu yum. Yagaad sahal tavidag yum bol?

Idea said...

Хөхтолбот: Манай Гөхөө их гүн ухаанчаар хүлээж авчээ. Бага ч гэсэн ухаарал өгсөн бол яамай даа.
Артаньян: Эрэгтэй хүн байж яахаараа эрэгтэй хүнийхээ зургийг харахаараа сонин болдог байнаа хэхэ. Блогын тухай энэ удаа зориуд үлдээсэн юмаа.
Болжмор: Баярлалаа.
Спам: Илгасъя.
Саарал: Мэдээж зөвшөөрсөн болоод л тавьж байна. Санаа тавьсанд баярлалаа.
Ука: Ярилцлаган дээр утасны дугаар нь байгаа. Эсвэл өөрийнх нь блогт коммент үлдээсэн ч болно.
Амор: Баярлалаа. Блогчид бид хийж бүтээж байгаа нэгэндээ чадах ядахаараа тусалж, дэм өгч явах хэрэгтэй юм шиг байна лээ.
Үлмэдэх: Хэхэ Сахал самбайны асуудлыг өөрөөс нь тодруулсан нь дээр байхаа.

Anonymous said...

Би ярилцлага өгөх гэсийн болхуу.

Idea said...

Гаамп: Хийсэн бүтээлтэй, байгуулсан гавьяатай хүнээс ярилцлага авна гээд байхад. Ямар юм ойлгодоггүй хүн бэ. Урмыг нь бодоод 33-ддаг юм билүү. хэхэ мэргэжлийн хэлээр ярьчлаа.
Хөөрхий сэтгэлийг нь үнэлээд "Халуун хөнжил"-ийн сурвалжлагч дууддаг юм билүү.

meesh said...

Хэхэ төөрсөөр төрөлдөө гэж түрүү зун Өгий нууран дээр 4 сансрын нисгэгчидийнхэнтэй амарч байхад даанч Гүрээ гишүүн ийм гэр гаргаж ирээд л гялс угсарч тавиад байсан юм аа....Явж явж мундаг блогч Арсун ахын бүтээл байсан байна шт...Үнэхээр мундаг
юмаа.....

xvv said...

Ёо ямар мундаг юм бэ. Уншсан чинь өмнөөс нь хоолой руу нэг юм огшоод ирлээ! Арсун ахад үйлс, амьдрал ер нь бүх юманд нь амжилт хүсье! Үнэхээр бахархмаар мундаг хүн юмаа...

Ийм сайхан ярилцлага нийтлэл бэлдэн Айдадаа баярлалаа. Тэнд харин хийморийн биш хойморын байх гэж бодох юм??? Баярлалаа үнэхээр гоё нийтлэл байнаа. Зөгийг олж уншиж амжаагүй л явна... Уншина даа :D

Anonymous said...

Арсун гэдэг аятайхан ахад дурлав. Уулзуулж өгөөрэй Идяаа :D

Idea said...

Мийш: Хэхэ тийм байна шдэ. Тохиол болгон жижиг гэлтгүй сонин байх юмаа.
Хүү: Үнэлсэнд баярлалаа. Тийм шүү, сонирхол нь бизнес болсон гэж бодохоор гоё байгаа биз.
Уранхас: За ганц ярилцлага хийсэн биш сүүлдээ бүр танилцах албаны зууч болох нь. Блогт нь ороод өөрөө танилцахгүй юу хэхэ.

Зэлмэ said...

Мундаг юмаа, ийм хүмүүс олон болвол тэр хоммунизм гэдгийг чинь байгуулчиж болмоор байна гэдэг билүү,
сайхан ярилцлага болжээ.
Арсун ахад хэлэхэд нэгэнт ийм юм хийж бүтээгээд амжилттай явж байгаа юм чинь жаахан маркетинг хийгээд зах зээлээ томруулвал ямар вэ, тэгэхгүй бол муу хүмүүс хуурамч юм хийгээд эхэлчихнэ шүү!!

alt said...

ger zahialah gesen yum yaj holboo barih we?

Idea said...

Суурь ахын утас 92007789