2008/09/25

Боломж ба нисдэг морь

Гүйгээд бичээд буцаад гүйдэг ажилтай байсан бол одоо гүйгээд, хайгаад ирээд нэгмөсөн суугаад нэлийлгэдэг ажилтай болов. Нэг л их өдөр хоногийг яарч өнгөрөөсөн, гэр орондоо зөвхөн толгой тавих л гэж шагайдаг “хоногийн бор” болж хувирав. Юун нөгөө өөртөө цаг зав гаргаж хэл ус үзэх, царай зүсээ тордож фитнесс юмаар хичээллэх, гэр орныхондоо анхаарал тавьж хошуу ам нэмэрлэх, дуртай юмандаа сатаарч өөрөө өөрийгөө баясгах.... Гадуур гүйдэггүй суудлын ажилтай болчихоод болуул өнжөөд нэг, болохгүй бол хааяа нэг далайцтай, томхон юм хийчихээд тааллаараа явах юмсан гэж хүсдэг байсан минь талаар болов. Дүйнгэ тэнэг царайтай, дүмбэл донгио төрхтэй, дүлий гөлгөр л нөхөр байна.

Боддог байлаа, юу ч хийсэн багтаагаад байхаар томоо зай талбартай болчихоод өөрийн дураар жаалах юмсан гэж. Гэтэл хүсээд байсан зай нь олдоод, хүлээгээд байсан нөхцөл нь бүрдэнгүүт өдөр тутмын үйл явдлын араас үхэн хатан гүйсээр цагийг өнгөрөөдөг, хүсэл эрмэлзлээрээ биш үүрэг биелүүлж нүүр тагладаг нэгэн болчихлоо.

Би боломжгүй юм хүсдэг юм уу, боломж намайг үргэлж тойрдог юм уу бүү мэд. Боломж бүрдээд байгаа ч хүссэн мөрөөдсөн болгон маань нэг л буруу тийш яваад байх шиг. Мэдэхгүй ээ.

Хүн ер нь хорь нэлээн гараад ирэхээрээ өөрийнхөө тухай их боддог болчихдог юм байна, би ер нь хэн бэ? нийгэмд ямар байр суурь эзэлж байна? яг одоо хаана явна? цаашдаа хэн байхав? Нэг нь ч хариулт байхгүй нэг л толгой өвтгөсөн хоосон асуултын тэмдэгүүд... Энэ сэдвээр найз нөхөдтэйгээ ярьж суух ч дуртай болдог юм байна. Юун яасан хөөрхөн залуу, шоу диско, моодны хувцас энээ тэрээ... Анхаарлын тэмдэгүүдтэй найзалдаг байсан аз жаргалтай үе минь ард хоцорчихож.

Энэ салбарт өөрийгөө явуургүй гэж бодож ч үзлээ. Тэгээд өөр хийж чадах юм юу байна гэж? Бас л хариулт үгүй. Аль алиныг хүлээн зөвшөөрөх дургүй байгаадаа л тэр. Зохиосон онигоо, бодож олсон хэлц үг, ёжлол ёгтлол маань мессенжэрээр эргээд надад ямар ч авторгүй ирдэгт онгирох биш харамсах ёстой юм байна. “Энэ үгийг чинь уул нь би гаргасан шдээ” гэвэл хэн ч надад итгэхгүй нь мэдээж. Саяхны тараад байгаа нэг олны танил бачкагийн онигоо мэт гээд л. Ерөөсөө л, бодож олсон юмаа чулуу болгох арга заль, сүйхээ самбаа алга. Байхгүй газраас боломж атгах нь бүү хэл байгаад байгаа юмыг өөртөө нааж чадах авьяас үнэхээр "ноү"... Дээрээс нь, амьтан хүний арга эв олж, аашны сайхан, аальны хөөрхөнийг үзүүлэх авьяас ч алга, авхаалж ч алга. Гэтэл хүмүүс аймар овжин сэргэлэн, юмханаар юм хийж, юухан хээхнээр тоглохдоо үнэхээр гаргууд байх юмаа.

Би ер нь гүйх ёстой биш бодох ёстой гэдгээ мэдэж байна. Гэхдээ суудалд шигдэхгүйгээр бодох хэрэгтэй. Бодсоноо бодит ажил болгох хэрэгтэй. Олдож байгаа боломжийг овжин ашиглах хэрэгтэй. Өөр салбарын тухай бодлыг одоохондоо канселдэх хэрэгтэй. Бүгдийг эхнээс эхлэх нь дундаас үргэлжлүүлэхээс хэцүүг санах хэрэгтэй. Ёоо ямар олон “хэрэгтэй” вэ?

Уул нь өлгөж авч чадвал чадвар, боломж байх шиг л байна. Даанч сэтгэлгээ жаахан хумигдмал, тэвчээр дутуу, шаргуу хөдөлмөрч биш, шантрамтгай гээд шалтаг, саад өчнөөн. Гэтлэн давахын тулд өөртөө боломж олгож сурмаар байна. Хаалга хаана байгааг хайж бэдрэхийн оронд зүгээр л хүлээх нь заримдаа хамгийн сайн сонголт болдог талтай. Засс... цэцэрхэл үүгээр өндөрлөв.

Сургаал ишлье. Над шиг өөртөө боломж нээж чадахгүй байгаа, эсвэл олж харж чадахгүй байгаа хэн нэгэнд хэрэг болох юун.

Персийн султан хоёр хүнд алах ял оноожээ. Тэдний нэг нь ганц хурдан удмын сайхан азаргатай, султан түүнд нь санаархдагийг мэддэг аж. Тэгээд амийг минь өршөөвөл хурдан азаргаа нэг жилийн дотор нисдэг болгоод өгье, эс чадвал жилийн дараа цаазлуулъя хэмээн гуйжээ.
Дэлхийд хаана ч байхгүй нисдэг морийг өөрөө унахыг хүссэн султан болзлыг нь зөвшөөрчихөж. Нөгөө ялтан нь найз руугаа үл итгэсэн янзаар харж “Морь нисдэггүй гэдгийг чи мэднэ биз дээ. Чамд яагаад ийм эрүүл бус санаа төрөв өө? Чи зайлшгүй тулгарах зүйлийг зөвхөн хойшлуулж л байна” гэхэд нөгөө хүн “Тийм биш ээ. Би өөртөө эрх чөлөөгөө олж авах дөрвөн боломж олгож байна. Нэгдүгээрт султан энэ хооронд нас барж болно. Хоёрдугаарт би нас барж болно. Гуравдугаарт морь үхэж болно. Дөрөвдүгээрт, ... би морийг нисгэж сургаж ч магадгүй шүү дээ” гэжээ.

Нээрээ л, цаг хугацааны явцад юу ч болоо билээ, аливааг заавал анхны хувилбараар нь хүлээн зөвшөөрөх хэрэггүй мэт. Тав дахь хувилбарыг би нэмье гэвэл жилийн дотор тэр улсад цаазаар авах ял хүчингүй болж, хорих ялаар солигдох ч юм билүү, хэн мэдлээ. Ер нь ганц гарцтай юм гэж хэзээ ч байдаггүй бөгөөд жоохон өргөн сэтгэчихвэл цаана нь өөр хаалга байж л таараа. Түлхүүрийг нь даанч бааранд гээчиж êêê. 

11 Сэтгэгдэл:

Anonymous said...

Боломж бүр бидэнд гарч ирдэгүй боломжийг бид өөрсөддөө бий болгодог гэдэг нь энэ сургалиас харагдалаа. Боломжооо бий болгохын төлөө энэ хундагыгг уууяааа

Оогий said...

Боломжоо та өөрөө нээчихсэн байгаам байна гэж ойлголоо. Амжилт хүсье. Хэхэхэ

Friska said...

яг нэг хэсэг бас ингээд боддог байлаа, одоо арай бага бодож байгаа...ингэж бодох хэрэгтэй үгүйг ч мэдэхгүй, өөрийгээ голох бүртээ зоосны нөгөө талыг олж харахыг хичээгээд л, тэргээрээ сэтгэлээ аргацаагаад л кэкэ. бүү мэд, мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй юмсаар дүүрэн байна энэ амьдрал.

Anonymous said...

bodoj bainaa gedeg chini AMID baigaagiin shinj. Chi er ni galtai tsogtoi huuhen shig sanagddiin. Buh zuild chini amjilt shoo.


Horvoo deer hun bolj turnu gedeg negen turliin kolonii gazar yavahtai adil gesen sanaa OMAR hayamiin neg shulgen deer bdin. Tegeheer hussen zuil huzuugeer tatahad amt ni ugui bolood uur zuil husch eheldeg. Iluu zuil huseh tusmaa l amidral amttai bolsoor baidag. Tegeheer bas ch gej amidral gegch ammtai kolon ch yum u.

Anonymous said...

сүрхий шүү...
боломж бүхнийг ашиглана гэвэл бие гүйцэхгүй байхаа..
боломж гаргаад зүтгэвэл харин ...
биеэ гамнана шүү хө хэхэ..

MuggleMan said...

Санаж явбал бүтнэ
Сажилж явбай хүрнээ гэж... За тэгээд юм болгон луу сарвайгаад байваа!!!

ganga said...

Zavgui guih saihaan. Bolomj bolomj ene ertuntsiin tumen bolomj tuunii dotorhi chuham bolomj duud tohioh erhem bolomj (Natsagdorjdov)

Arsun said...

Сэтгэнэ гэдэг сэт татна гэсэн үг шүү Idea.

Idea said...

Гамп: Сургааль умшаад юм хум ойлгоод байхыг бодоход чи бүр гарч өгчээ. Хундагыг тулгаяаа.
Оогий: Нээчихсэн үү, нээлттэй байсныг хаачихсан уу, бүү мэд ээ. Ямар ч байсан ашиглах л хэрэгтэй байна.
Фриска: Хэлээд юүхэв. Бодлоо гээд болгож байгаа ч юм алгоо.
Үлмэдэх: Санал нэг байна. Омар Хайяамын гоё санааг оруулсанд талархав. Заримдаа дүрэлзэж байгаад гэнэт унтардаг, эсвэл газар аваад дийлдэхээ байдаг бяцхан оч л байна, одоохондоо. Өөрт чинь бас амжилт.
Амор: Гамнана гэсэн чинь нэг онигоо санаанд ороод хихихи. Гамнана ч гамнуулна ч хэхэхэ.
Ууганбилэг: Хэт олон юм руу сарвайгаад юу ч гүй үлддэгийн амьд жишээ болсоор л явна.
Ганга: Хэхэ Нацаг ахын ишлэлийг гоё хөрвүүлжээ. уул нь тийм л дээ, гэхдээ ядрах, залхах гэж хоёр өтөнд хааяаа бариулчих гээд байхын.
Арсун: Хамаа намаагүй сэт татаж байж хамаргүй болчих вий л гэж айхын хэхэ.

oyunaa said...

Bolomjuudaa neej olson bol magadlal ondorteigoos ni ehleed uzeed l bh gazar daa... Uneheer l boon olon asuultiin temdegen dotor l amidraad bh boltoi uymaa? hariult tseg ni ali bolomjid oirhon bgaa bol?????

Idea said...

Оюунаа: Хэлээд юүхэв. Хариу нь таарахгүй бодлого шиг л зовоох юм. Гэхдээ бодож байгаа цагт болох байлгүй л гэж уужрахийн заримдаа. Надад уул нь боломж их л байх шиг байна, даанч ашигт үйлийн коэфцентийг хэрхэн нэмэхээ мэдэхгүй байна.