2008/11/12

Саналаа өгөөрэй, сугалаагаа татаарай!

Асуудал нь тулгамдсан хэрнээ агуулга нь хөгжилтэй, арай хатуу хэлбэл арга ядсан нэг хуулийн төсөл гишүүдийн ширээнээс мэндэллээ. Төрийн ажилтнууд гэрээр явж сугалаа тараагаад, тэрүүгээр нь бид санал өгч, хонжвортоо аз нь шовойсон аавын хүү нь зурагт, индүү, гар утас, алдаж сугалсан нь аар саархан юм аваад харина. Харих замдаа нийтийн унаагаар хүссэн зүгтээ үнэгүй зугаална гээд боддоо. Болоо ч үгүй дахин сонгууль болох тэр өдөр нь амралтын өдөр биш хэрнээ хот даяараа амрана. Догь байгаа биз? Сар гаруйн өмнө болсон орон нутгийн сонгууль нийслэлд ирцгүйдэж, зарим дүүрэгт бас үнэгүйдсний “ачаар” мөдхөн ингэж тансаглах нь.

УИХ-ын нэр бүхий гурван гишүүн нийслэлд дахин сонгууль явуулж, түүндээ иргэдийг идэвхтэй оролцуулахын тулд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан өчигдөр ангийн даргадаа өргөн барилаа. Орсон заалттай нь уялдаж хэд хэдэн хуульд бас “гар хүрнэ”. Хамгийн гол нь эдгээр өөрчлөлт бүхий хууль нь байнгын хороо, чуулганаар дэмжигдвэл дараа дараагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар хэрэгжээд явчих юм.

Юутай ч төсөл санаачлагчид хуульд өөрчлөлт оруулах шалтгаанаа хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж байна. Сонгуулийн санал авах өдөр амралтын өдөртэй давхцаж байгаа нь иргэдийг амрах эрхээ эдэлж чадахгүйд хүргэж байна гэж үзжээ. Иймд сонгууль болох өдрийг албаар ажлын өдөртэй тааруулаад, бүх нийтээр амарч байхаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэнэ. Орон даяараа зөвхөн нийтээр тэмдэглэх өдөр эсвэл амралтын өдөр л амардаг байсан бол одоо сонгуультай өдөр бас амрах нь.

Харин удаах шалтгаан сонгогчийн үнэмлэхтэй холбоотой. Сонгууль зохион байгуулсан хүмүүс иргэдэд үнэмлэх дутуу тараасан, буруу зөрүү нэр бичсэн, заримд нь давхардуулж өгсөн гэх мэт ам хэлэнд байнга өртдөг. Үүнийгээ ч тайлбарлахдаа нэрсийн бүртгэл өөр хоорондоо зөрүүтэй, ер нь ч тэгээд хуульд сонгогчийн үнэмлэхийг бичиж олгоно гэж заасан болохоос гэрт нь хүргэж, гарт нь бариулна гэж заагаагүй хэмээн мэлздэг аж. Гэтэл Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулинд хэсгийн хороо сонгогчийн үнэмлэхийг сонгуулийн санал авах өдрөөс өмнө тарааж заавал олгож байх үүргийг зааж өгчээ. Чухамдаа хүнгүй айлд хүн ирэх юмуу хүнтэй нь хаалгаа тайлтал нь гүрийнэ гэсэн үг аж.

Дараагийн шалтгаан нь дахин сонгууль явуулах хугацаа яагаад ч 14 хоногт багтахгүй гэдэг Сонгуулийн ерөнхий хорооны гомдолтой холбоотой. Нийслэлд орон нутгийн сонгуулийн ирц 50 хувьдаа хүрээгүй учир сонгууль дахих нь гарцаагүй болсон. Гарцаагүй дахих гэхээр сонгогчийн үнэмлэхийг дахин шинээр үйлдвэрлэж, нэр бичихэд даруй гурван хоног шаардлагатай аж. Цаашлаад зарлан мэдээлэх, бас бус бэлтгэлийн чанартай ажилд дор хаяж 21 хоног хэрэгтэй гэдгийг хуулийн төсөлд тусгажээ. Тоо баримтаас харахад сонгуульд оролцох иргэдийн тоо буурсаар ирсэн байна. Сонгуулийн насанд хүрсэн иргэдийн 13-25 хувь нь, тэдний дотроос нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 4,4-17,8 хувь нь сонгуульд оролцолгүй “гүрийж” үлддэг тухай статистик төсөл санаачлагчдын зүрхэнд орсон бололтой бэлтгэлийг гурван долоо хоног базаалгаж, ухуулга сурталчилгаа сайн хийхийг үүрэгдэх гэнэ.

Энэ хуультай уялдаад Автозамын тухай хуульд бас өөрчлөлт оруулах юм байна. “Ерөнхийлөгчийн, УИХ-ын түүнчлэн аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын санал авах өдөр саналаа өгсөн сонгогчийн үнэмлэх бүхий иргэнд түүнийгээ гэрчлэх баримтыг нь үндэслэн таксинаас бусад бүх нийтийн тээврийн хэрэгсэл үнэ төлбөргүй үйлчилнэ” гэх заалт нэмж орохоор боловсруулжээ. Мөн л энэ хуулийг орон нутгийн сонгуулийн тухай хууль батлагдсан өдрөөс хэрэгжихээр заасан байна.

Харин сонгуулиар сугалаа зохион байгуулах тухай хууль урьд нь байгаагүй болохоор шинээр УИХ-ын тогтоол гаргахаар төсөл зохиожээ. Дахин сонгуульд оролцсон сонгогчдын дунд хонжворт сугалааг нэг удаа зохион явуулахыг уг тогтоолоор Засгийн газарт даалгах аж. Сугалаанд зориулж улсын төсвөөс 200 сая төгрөг зарцуулах эрхийг мөн олгох юм байна. Зөвхөн дахин сонгуульд гэх тодотголтой энэ заалт араасаа сонгууль бүрийг үнэгүйдүүлж, дахиулах сонирхол дагуулах вий гэж эрхгүй эргэлзэхээр. Үнэгүй юм, хүний юм хоёрт нугасгүй гэдэг үг зүгээр ч нэг гараагүй шүү дээ.

Сугалаа тарааж хонжвор тааруулах туршлагыг Өмнөд Солонгосоос “шомбодсон” гэж байгаа. Тэндхийн мэдлэг, боловсролтой гайгүй хүрээнийхэн харин үүнийг жинхэнэ утгаараа сонгох эрхэнд халдсан, ард түмнээ үл хүндэтгэсэн онцгүй зүйл гэж үздэг тухай учир мэдэх нэгэн ярьж байсан юм. Санаачилсан гишүүд болохоор “Австралид бүр сонгууль өгөх нь иргэний үүрэг гэж үзээд өгөөгүйг нь торгодог юм байна лээ. Гэтэл манайд торгоё гэхээр бүртгэлийн тогтолцоо сайн хөгжөөгүй” гэж тайлбарласан. Хэрэв бүртгэл мэдээлэл сайн хөгжсөн бол торгох нь л дээ.

Ийм л нэг зугаатай ч юм шиг, зутарсан ч юм шиг хуулийн төсөл хэлэлцүүлэгт ороход бэлэн боллоо. Батлах эсэх нь мэргэн түшээдийн хэрэг, хэрхэхийг даган мөрдөх нь иргэн миний үүрэг шүү дээ. Ямар боловч хэзээд будлиан бульхайгаар тасардаггүй манай “ардчилсан” сонгууль "Балдан луйвардаад миний хонжворыг авчихлаа. Бат хахуульдаад сугалаа хүчингүй болгочихлоо " гэх мэт гомдол маргаанаар баяжих вий. Азын шооны нүх аль алдаж буухыг тэр гэхэв.

14 Сэтгэгдэл:

A.Амарсайхан said...

Тэгэх тусам нь очихгүй дээ.

Unknown said...

Алдын байна.
Архинаас хямдарсан бол одоо сугалаанаас хямдрах нь бишээ хямдруулах нь дэээ

Bayasum said...

миний санал улсад хэрэгтэй учраас ингэж байгаа байлгүй дээ..

Anonymous said...

medehgui bi yu ch oilgosongui. tiim huuli l lav batlagdahgui baih. UIHaar . itegjina

Javkhlan said...

oo yag geriin induu evderchiheed baisiin. ochij induu avii baiz. neg hunii ner duguilaad l induu avna bolj l baina shd. hehe

za bitgii huts l gemeer baina. songuuli ogoh hun oldohgui baina gedeg chin oorsdiinhon l baij baigaa tsarain ter shd.

MuggleMan said...

Сонгууль дараа нь хэзээ болох билээ? Нэг гайгүйхэн тэлэвииз өрөөндөө авч тавий байз

MuggleMan said...

хурдан болоосой

Pearle Deppsu said...

За яадаг ч байсан дүүрсэн. яаж ч байсан сонгуулиа өгсөөр л байх болно. луувир хийж чадахгүй болтол нь өгнө. яадын цусс гэж.

gegeen said...

keleed yukev. hulhin deer tsetseg urguuloo l, teruund ni bayasaad l, keduulee ch gej yadag zusav

Anonymous said...

нээрээ дэпссүү шиг луйвар хийж чадкуу болтол нь саналаа өгөх хэрэгтэй.

Anonymous said...

эмгэнэлт хошин шогийг ч сайхан тоглож байх шивээ...энэ хэдэн мангуунууд.

Anonymous said...

Яагаад өөрийнхөө үгээр хөгжилтэй, гоё юм бичихээ байчихваа, сүүлийн 2, 3 бичлэг чинь нэг л өөр нийтлэлийн чанартай юмнууд байна. завгүй болчоод нэг сумаар 2 туулайдаад байгаамуу, эсвэл сонирхолгүй байгааму /хэрэг дурлаж болноздээ/

SS

Оогий said...

Адьяа эгчдээ Улс тунхагласны баярын мэнд хүргэе.

Anonymous said...

Луйвардуулахгүйн тулд өгөхгүй ээ хэхэ, /сайн дураар хохирогч болоод яахав/. Арсун.