2009/01/20

Б.Галаарид: Улстөр, бизнес хоёр хэт цус холилдохоор нийгэм ч, сэтгүүлзүй ч эрүүлжихгүй

“Гэрэлт цалиг” сонины эрхлэгч, сэтгүүлч, судлаач Б.Галааридтай ярилцлаа. Тэрээр “Өнөөдөр”, “Зууны мэдээ” зэрэг өдөр тутмын сонинг анх үүсгэн байгуулж, гарыг нь ганзаганд хүргэсэн. Энэ удаа ч мөн шинэ сонин эх барьж аваад байна. Гэхдээ цоо шинэ өнгө төрхтэй, зөвхөн уншдаг, сэтгэдэг, оюунлаг хүмүүст зориулсан сонин. Хаа сайгүй санхүүгийн хямрал нэрвэж, сонинтой манатай энэ үед шинэ сонин гаргана гэдэг хэр баргийн хэнхэг хүний хийчих ажил биш. Гэхдээ тэрбээр шинэхэн мэндэлсэн сониноо “бараан цагийн гэгээн сонин” гэж тодорхойлов. Монголын сэтгүүлзүйд өөрийн гэх орон зайгаа хэдийнэ эзэлж, блог ертөнцөд ч бас дуу хоолойгоо хүргэж яваа хүнээс үг сонсоно гэдэг “ногооноороо байгаа” над шиг хүнд том боломж. Тиймдээ ч би тэр хүнээс их олон зүйл шалгаалаа. Амнаас нь унасан үг бүрийг гээхгүйг хичээсэн. Зарим нь хэт салбарын чанартай, тулга тойрсон, нуршуу ч яриа болсон байж мэднэ. Б.Галааридын хамтран зүтгэгч нь манай топ блогеруудын нэг, алдартай шогч, авьяаслаг зураач Амарсайхан. Ороо бусгаа цаг үед оюунлаг зүйл хийхээр зориг шулуудсан уран бүтээлч ах нартаа кийборд бас үзэг нэгтэй дүүгээс нь амжилт хүсье.


НЭГ ХЭСЭГ НЬ ӨӨРИЙГӨӨ ЗОЛИХГҮЙ БОЛ БО
ЛОХГҮЙ ЦАГ ҮЕ ИРЧИХЛЭЭ

- Сард хоёр удаа гардаг шинэ сонин мэндэллээ. Монголын зах зээл сонин, хэвлэлээр хахаж байгаа энэ үед яагаад Та сонин гаргах болов?
- Манай зах зээлд сонин цөөдөөгүй. Харин ч бүр олдоод байгаа. Нөгөө талаас дэлхий даяар үргэлжилж буй эдийн засгийн хямрал сонин хэвлэлийн зах зээлд ч бас нөлөөлж байна. Сонины захиалга буурч, худалдан авч уншдаг хүмүүс цөөрлөө. Ийм үед шинэ сонин гаргана гэдэг ихээхэн эрсдэлтэй алхам гэдгийг ойлгож байгаа боловч сэтгэл зүрхнийхээ захиалгаар гэх үү дээ шог зохиолч, сэтгүүлч А.Амарсайхан бид хоёр “Гэрэлт цалиг” гэж нэг шинэ сонин эх барьж аваад сууж байна. Ер нь уншдаг, сэтгэдэг, оюунлаг хүмүүсийн хэрэгцээнд зориулсан танин мэдэхүйн чиглэлээр сонин гаргах юмсан гэж хэзээнээс хүсч байсан юм. Сонин маань 14 хоногт нэг гарна. Сонины мэдээллээс өөрт хэрэгтэйгээ аваад амьдралдаа ашиглаж чаддаг хүн амжилтанд хүрдэг. Тийм хүмүүст санаа өгөх, мэдлэгт нь нэмэр болох, хувь хүний амьдралд, цаашлаад улс орны хөгжилд хэрэг болохуйц асуудал хөндөж, аливааг олон талаас задалж шинжлэх буюу бусад улсын жишгээс харьцуулах гэх мэт хэрэгтэй мэдээлэл өгөх нь манай сонины нийтлэлийн зорилго юм. Улс төр, хов жив, хүмүүсийн ор хөнжлийн явдлыг дэлгэсэн сонин тэртэй тэргүй Монголд дүүрэн байна. Бид тэр сэдвээс ангид байх болно. Эхний дугаартаа л гэхэд цөлжилтийн асуудал, эдийн засгийн хямрал гэж юу болох, 1940-өөд оны үед хямралыг хэрхэн даван туулж байсан жишээ гэх мэтийг оруулсан байгаа. Мөн түүх соёлдоо нэлээд анхаарахыг зорьж байгаа. Бас парапсихологийн салбарыг таниулах сурталчлах сонирхол байгаа. Энэ нь миний сонирхдог, уншдаг салбар л даа. Манайд жаахан буруу ойлголтоор яваад байна. Үүнийг нь зөв гольдрилд оруулчих юмсан гэж боддог. Нүүр булан тогтмол явуулах болно. Ерөнхийдөө багцалж хэлбэл таны тархинд талх болж очих танин мэдэхүйн мэдээ мэдээллүүдээс бүрдсэн сонин байх юм.

- Шинээр гарч байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа сонин, телевиз цаанаа санхүүжүүлэгчгүй бол явахгүй шүү дээ. Танай сонины далд эзэн хэн юм бэ?
- Заавал далд эзэнтэй байх албагүй шүү дээ. Гэхдээ манайд гарч ирж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг цаана нь хэн нэгэн улстөрч эсвэл бизнесмэн санхүүжүүлж, өөрийнхөө бодлогыг тулгадаг, ажиллаж байгаа сэтгүүлчдийг гар хөл, дуу хоолойгоо болгодог явдал түгээмэл байна. Бидний хувьд хоёр сэтгүүлч өөрсдөө бор зүрхээрээ, хэн нэгэн хүнээс хамааралгүйгээр энэ сонинг авч явна. Ингээд харахад сард хоёр удаа гаргах нь хол санагдаж болох юм. Гэвч хэзээ ч уншсан хуучирдаггүй мэдээлэл гэж байдаг. Тэнд тийм хурал боллоо, тэр улстөрч тэгж хэллээ гэхээс хэтэрдэггүй мэдээллүүд цаг хугацаа, үнэ цэнээ амархан алддаг. Бас чи зах зээлийн ашиг асуух гээд байх шиг байна, эхний ээлжинд бид ашиг харахгүй ээ. Танин мэдэхүйн орон зайг нөхсөн сонин хэвлэл тодорхой хугацааны дараа хүнд хүрдэг, хүний тархиар дамжиж зүрхэнд очиход багагүй хугацаа бий гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.

- “Гэрэлт цалиг” гэж яагаад нэрлэсэн юм бэ? Ц
алиг гэдэг үг их өвөрмөц сонсогдож байна?
- Яг үнэндээ манайд чинь аж ахуйн нэгж олшироод давхардуулалгүй нэр авахад хүндрэлтэй болчихсон юм байна. Миний төлөвлөж орсон хэд хэдэн нэр бүртгэгдсэн байсан. Бас монгол хэлний үгсийн сан нэлээд ядуурч байна. Утга агуулга сайтай олон сайхан үг мартагдах шахаж байна. Тийм үгнүүдийн нэг нь цалиг юм. Монголчууд эртнээс хүзүүндээ зүүдэг, биедээ авч явдаг шүтээн сахиусаа цалиг гэж нэрлэж ирсэн. Энэ үгийг сэргээе, нөгөө талаар энэ сонин маань монголчуудыг мэдлэгжүүлж, оюунлаг хүмүүсийн шүтээн болоосой гэсэндээ ийм нэр өгсөн.

- Улстөрийн мэдээ мэдээлэлд их болгоомжтой хандана гэж хэлж байна. Аль нэг нам, хүчин, нөлөө бүхий хувь хүнээс ангид байж чадах уу?
- Хүн толгойтой болгон улс төр ярьж байна. Тэртэй тэргүй хэвлэл мэдээллийг ил далд улстөрийн ашиг сонирхолдоо ашиглаж байна. Үүнтэй зэрэгцээд бид хэн нэгэн нэр нөлөөтэй хүний ивээлд багтаж, өрсөлдөгчийг нь намнадаг, тэр хүний, тэр намын дуу хоолойг хүргэдэг сонин болоод яах юм. Ийм хэвлэлүүд эрүүл зах зээл дээр амьдарч чадахгүй. Гэхдээ огт улстөр бичихгүй гэж байгаа юм биш, танин мэдэхүйн талаас нь бичнэ. Жишээ нь ийм тохиолдолд дэлхийн тэр улс ийм шийдэл гаргаж байсан байна гэж санаа өгдөг ч юмуу. Тэрнээс өнөөдөр тэр улстөрч тэглээ, тэр ийм фракц бүлэглэлд орж ингэж хор найруулах гэж байна гэх мэт үнэн худал нь мэдэгдэхгүй, ямар зорилготой нь ойлгомжгүй мэдээллээс татгалзана.

- Таныг бас сэтгүүл гаргаж байгаа гэж сонссон?

- “Гоц үлдэгдэл судлал” гээд нэг сэтгүүл хэвлэлтэд өгөхөөр бэлдсэн. Энэ нь нөгөө парапсихологийг сурталчилсан, судалгаа, эрдэм шинжилгээний агуулгатай сэтгүүл л дээ. Эрхэлж байгаа сонин, сэтгүүл маань аль аль нь ашгийн бус байдлаар явж байгаа. Зах зээлд борлуулаад ашиг олно, насаараа амьдарна гэж үзвэл нэлээд хүндрэлтэй. Гэхдээ энэ нийгэмд чинь хэн нэгэн сэтгүүлч хүн гэгээрүүлэх, мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх чиглэлээр ажиллахгүй бол цацагдаж байгаа мэдээлэл өөрөө дандаа сөрөг, хүмүүсийн тархийг угаасан хар мэдээллүүд байна. Энэ дунд хүнд хэрэгтэй эерэг, мэдээлэл дутагдаж байна. Тодорхой хүмүүс өөрсдийгөө золихгүй бол болохгүй цаг үе дээр ирчихлээ. Энэ утгаараа бид өөрсдийгөө золих маягаар урсгал сөрсөн үйлдэл хийгээд энэ сонин сэтгүүлийг гаргаж байна. Мундагтаа ч юм уу эсвэл илүүдээ гарсан мөнгөтэйдээ хийж байгаа юм биш зүгээр л сэтгэл зүрхний дуудлага юм даа. Эргээд харахад би дандаа л иймэрхүү замаар явж ирсэн байх юм. Үнэгүй зарын сонин гаргаж байна гээд л баахан шатсан. Хувийн телевизээр ”Жолоо” гээд залууст зориулсан нэвтрүүлэг явуулж байсан, иргэний сэтгүүлзүй хөгжүүлдэг хүн болж хэдэн нөхөртэйгээ нийлж “Бүгдээрээ.мн” сайт ажиллуулж байлаа. Аль аль нь бүтэлтэй юм болоогүй ч эргээд харахад мэргэжилдээ үнэнч хүний хэнхэглэл байгаа юм.

- Манай сэтгүүлзүйн чиг хандлага нэг л буруу тийшээ яваад байх шиг байх юм. Сонин телевиз хэт олширч, нэг ижил мэдээлэл цацаад байж байна. Мэдээллийн өрсөлдөөн жинхэнэ утгаараа бий болж чадахгүй байгааг Та юу гэж үзэж байна вэ?
- Сэтгүүлзүйн чиг хандлага гээд ярьвал дэлхий нийт хэрэглээ тал руугаа орчихлоо. Хэрэглээний сэтгүүлзүй гэдэг нэр томьёо хүртэл бий болчихлоо. Монголд болохоор үндсэндээ 100 жилийн өмнөх Америкийнх шиг, капитализмын сүүлч үеийнх шиг үзэгдэл давтагдаж байна. Чи өөрөө бодоод үз. Манайх гурван сая хүрэхгүй хүн амтай. Өдөр тутмын 14 сонин, 16 телевизтэй. Дээр нь долоо хоног, 10 хоног, 14 хоног тутмын хэчнээн сонин, сэтгүүл, хэчнээн FМ радио байгааг бодоод үзэхээр мэдээллийн хүчирхийлэл дэндүү их байна. Нийтлэлийн бодлогыг аваад үзвэл аль нэг тодорхой байр суурийг барьсан бүлгийн, тодруулбал бизнес, эдийн засаг, улстөрчийн бүлэглэлүүдийн сонирхлыг илэрхийлсэн талцсан мэдээллүүд цацаад, тэгсэн хэрнээ оршин тогтноод байгаа нь Монголын сэтгүүлзүй үнэхээр эрүүл бишийг харуулж байгаа юм. Уул нь сэтгүүлзүй ерөнхий зарчмаараа бол ямар нэг улстөр бизнесийн бүлэглэлээс ангид, үнэнийг эрхэмлэсэн салбар байх ёстой. Нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг онцгой салбар. Гэтэл манайд энэ хариуцлагын талаар яриад ч хэрэггүй. Бусад орон хэвлэл мэдээллийн хэрэгсэл зар сурталчилгаанаас ашиг олоод амьдраад байж болдог. Гэтэл Монголд энэ жижигхэн зах зээл дээр, өөрөөр хэлбэл 2-3 өдөр тутмын сонин, гурван телевиз чадан ядан багталцах эзлэхүүнтэй орчинд ийм олон хэвлэл яваад байна гэдэг бол сэтгүүлзүй өөрөө гажуудаж байгаагийн шинж.

- Гэхдээ энэ олон сонин телевиз чинь дампуурчихгүй яваад л байна шүү дээ?

- Үүний цаана юу харагдаж байна гэхээр, тодорхой улстөр бизнесийн бүлэглэлүүд, тодорхой хөрөнгөлөг чинээлэг хэсгүүд санхүүжүүлээд нөгөө хэдэн муу сэтгүүлчээ зүгээр нэг хөлсний ажилчид болж хувиргаад өөрсдийн ашиг сонирхлыг нийгэмд түгээх, дуу хоолойгоо хүргэх, үүгээрээ дамжуулаад массын тархийг угааж, тэр нь эргээд өөрсөд нь ашигаа өгч байна гэсэн үг. Аль аль талдаа ашигтай байгаа учраас цаанаас нь амь тариа хийгээд хүчээр амьдруулаад байна л даа. Өөрөөр хэлбэл, бүх эд эс нь үхэжсэн, амьдрах боломжгүй болсон хүний тархийг ч юмуу зүрхийг механикаар, цаанаас нь амьдруулаад байна гэсэн үг. Одоо дахиад хоёр ч шинэ телевиз нээгдэж байгаа сурагтай байсан. Сонинууд ч бас шинээр гарч байна. Хэрэв энэ нь цэвэр өрсөлдөөний талбар байсан бол ямар ч тэнэг хүн ийшээ хөрөнгө оруулахгүй. Т эгэхээр сэтгүүлзүй манайд үндсэн үүргээ умартаж шал өөр ашиг сонирхолд үйлчлээд байна гэсэн үг. Гэхдээ би МОНЦАМЭ-г өдөр тутмын хэвлэл гаргасныг буруушааж байгаа юм биш. Танайх гадаад дотоодод мэдээлэл цацах үндсэн үүрэгтэй мэргэшсэн байгууллагын хувьд энэ нь танай үүрэг байх ёстой.

- Энэ байдал хэр удаан үргэлжлэх бол оо?

- Ямар байдал? Хэн нэгэн мөнгөтэй, эсвэл эрх мэдэлтэй хүн халааснаасаа мөнгө гаргаад, хэн нэгэн гайгүй сэтгүүлчийг хөлслөөд өдөр тутмын сонин гаргуулаад, өөрийнхөө өрсөлдөгчдийг намнах, бусдыг дарамтлах хэрэгсэл болгож байгаа гунигтай байдал уу?

- Тийм.

- Уул нь түр зуурын үзэгдэл гэж бодоод тайван байдаг байсан чинь үгүй юм шиг байна. Тэр телевиз сонинг цаанаас нь амь тариа хийгээд байгаа нөхдүүд чинь улстөрд тодорхой зорилготой орж ирж байна. Бодоод үз л дээ. Саяын орон нутгийн сонгуулиар нийслэлд ч юмуу дүүрэгт депутат болохын тулд 200-300 сая төгрөг зарлагдсан тохиолдол бий. Энэ их мөнгийг тэр хүн халааснаасаа гаргана байхгүй. Тодорхой хувь хүн, аж ахуйн нэгжээр дэмжүүлээд дараа нь төсвийн ч юмуу олон түмний орлогоор бүтдэг эх үүсвэрээс хоёр гурав дахин нугалж авах зорилго тавьж байгаа юм. Улстөрд хөл тавих хамгийн энгийн зорилго нь энэ эдийн засгийн сонирхол. Цаашлаад алдар нэр, албан тушаалд дөрөөлөх зам гишгүүрээ болгох. Нийгмийн энэ өвчин одоо залууст халдварласан. Залуус сурч мэдье, өөрийгөө эхлээд боловсруулъя гэхээсээ илүү улстөр сонирхох болсон. Адгуусан сонирлоор гэх үү дээ. Түүнээс биш нийгмийг эрүүлжүүлье, улс орноо хөгжүүлье гэсэн эрмэлзлээр биш. Энэ нөхдүүдийн амбиц дарагдаагүй цагт, улстөрийн орчин өөрөө эрүүл болоогүй цагт, хүмүүсийн ухамсар жинхэнэ ардчиллын мөн чанарыг ойлгож, нийгэмд шударга ардчилал тогтоохын тулд хүн болгон зорьдог болоогүй цагт энэ бүхэн алга болохгүй. Өөрөөр хэлбэл, улс төр бизнес хоёр цус холилдсон цагт нийгэм ч, сэтгүүлзүй ч эрүүлжихгүй.

СЭТГҮҮЛЗҮЙ ХЭЛБЭР ТАЛААСАА ДЭЭШИЛЖ,
АГУУЛГААРАА БОЛ УРУУДСАН

- Б.Галаарид гэж хүний орон зай сэтгүүлзүйд ч, улс төрд ч үгүйлэгдээд байгаа шүү дээ. Таныг хэд хэдэн өдөр тутмын сонин эх барьж авч, өсгөж өндийлгөчихөөд одоо зөвлөх төдий нэртэй явдаг гэдэг. Мөн Та 90-ээд оны ардчилагчдын нэгд тооцогддог юм билээ?
- 90-ээд оны үед улс төрд идэвхтэй оролцож явсан маань улстөрд хайртай, дуртайдаа биш юмаа. Энэ нийгэм чинь энэ янзаараа яваад байж болохгүй байна, бүх юм хаалттай боолттой байна гэдгийг мэдэрсэн хэдэн залуу сэтгэлийнхээ хөөрлөөр, дуудлагаар хийж байсан юм. Миний нэр тэдний тэргүүн шугаманд биш гэхэд арын эгнээнд явах байх. Тэр үед залуу халуун байсан, үнэхээр улс орныг өөрчлөх ёстой, энэ тогтолцоо нь болохгүй байна гэдгийг ярьж байсан. Энэ ч зорилгоо биелүүлсэн гэж боддог. Түүнээс биш тэр хүмүүсийн хэн нь ч өнөөгийн улс төрийн өнгийг тааж хараад, цаашаа намын дарга болоод ч юмуу аль нэг бүлэглэлд орж, УИХ-ын гишүүн болоод алдар нэр, албан тушаалд хүрэх юмсан гэж зориогүй. Ялангуяа миний хувьд, хувь хүний “натур”-д одоогийн улстөр үнэхээр таарахгүй. Би хувьдаа иргэний үүргээ л биелүүлсэн болохоос биш сэтгүүлч л хүн, бурхнаас чи юм бичиж байхдаа таарсан амьтан гэдэг хувь заяаг өгсөн болохоор би энэ замаар л үнэнч яваа. Харин сэтгүүлзүйд орон зай үгүйлэгдээд, дутагдаад байгаа гэсэн асуулттай санал нийлэхгүй байна.

- Тэгвэл та хөндлөнгөөс өнөөдрийн улс төрийн байдалд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
- Өнөөдрийн нөхцөлд үнэлэлт өгөх шаардлага заавал байна уу? МАХН, АН гэсэн хоёр том хүчин улс орныг ээлжлэх үедээ ээлжилж, хамтрах үедээ хамтарч удирдаж яваа хэрнээ сөрөг хүчний байр сууринаас бие биенээсээ ялгарч байгаа юм алга. Аль аль нь хувийн, намын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан нийтлэг ашиг сонирхолд л захирагдаж байна шүү дээ. С.Зориг агсаны үг бий шүү дээ. Нэгдүгээр улс эх орны, хоёрдугаарт намын, гуравдугаарт хувийн эрх ашгийг тавих хэрэгтэй гэж. Гэтэл манайд яг одоо бол эсрэгээрээ яваад байна. Үүнээс илүүг хэлээд хэрэггүй байх.

- Улстөрд төдий сонирхолгүй бол таны хамгийн мэддэг салбараар ярилцлагаа үргэлжлүүлье л дээ. Залуу сэтгүүлчийн хувьд надад ч сонирхолтой байна. Манай сэтгүүлзүй дандаа сөрөгөөр явж байна гэж бодохгүй байна. Эерэг зүйл ч зөндөө бий шүү дээ?
- Сэтгүүлзүйн орчинд би тасралтгүй ажиллаж яваа. Багшилж, олон шавь төрүүллээ. Хамгийн гол нь манай сэтгүүлзүй хэлбэр талаараа суга дээшилсэн. Харин агуулга, чанар талаасаа уруудсан. 15 жилийн өмнө өнгөт сонин гаргана гэдэг мөрөөдөл байлаа. Гэтэл өнөөдөр өдөр тутамд өнгөтөөр сонин гарч болж байна. 15 жилийн өмнө олон телевизтэй болно гэдэг бас л хүршгүй мэт санагдаж байсан. Энэ бүхэн дэвшил мөн үү гэвэл мөн. Тэгсэн мөртлөө ажилладаг хүмүүсийн чадвар, бүтээлч хандлага ухарсан. Монгол хэл өөрөө сүйрлийн ирмэгт ирчихсэн, үүнд сэтгүүлчид буруутай гэдгээ бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. FM-ээр нэг хөтлөгч “сонсогч нар” гээд ярьж байна л даа. Түүнийг нь сонссон хүүхэд залуус бас л ингэж ярих байх. Энэ бол 90-ээд оны эхээр боловсролын салбар бодлогоо алдсаны илрэл гэж боддог. Одоо сэтгүүлзүйгээр сурч байгаа хүүхдүүд арван үгний тавыг нь алдаж бичиж байна. Тэр үед монгол бичиг үзэж байсан үеийнхний түрүүч нь эргээд багш болчихсон багшилж байна. Цаг хугацаа ийм хурдан явж байхад манай сэтгүүлзүй цагийн өөрчлөлтийг зөвхөн хэлбэр талаас нь л гүйцэж байна.

- Бичлэгийн төрөл зүйл бас их цөөрсөн гэж байна л даа. Энэ нь мэдээллийн хурдтай холбоотой байх?
- Аль ч хэвлэл мэдээллийн байгууллага хоёр том салбарт хүмүүсээ хувааж мэргэшүүлэх хэрэгтэй. Дэлхий нийтийн сэтгүүлзүй ерөнхийдөө мэдээллийн, аналитик гэж хоёр хуваагдаж байгаагаас бид гажиж болохгүй. Мэдээллийнх нь зайлшгүй хурдаа дагана. Гэтэл аналитик тал нь манайд хөгжиж чадахгүй байна. Тухайн асуудлаар мэргэшээд, гүнд нь орчихсон, тэр салбараар үе үе үнэлэлт дүгнэлт өгч, харьцуулсан дүн шинжилгээтэй бичлэгүүд байхгүй байна гэсэн үг. Дөнгөж сургууль төгссөн юу ч мэдэхгүй хүүхдийг жишээ нь цөлжилтийн асуудлаар юм бичээд ир гээд явуулж байна л даа. Юу ч мэдэхгүй юм чинь нэг хүнээр яриулаад амнаас гарсныг нь ба бэ-гүй буулгах ч юмуу эсвэл нэг талын байр суурь баримталсан мэдээрхүү юм бичээд л болчихно. Мэргэшинэ гэдэг энэ биш. Түүнээс гадна бичлэгийн төрөл зүйлд ярилцлага давамгайлах болсон. Асуулт асуугаад хариулт тавьчихдаг болохоор сэтгүүлчээс нэг их ур чадвар гарахгүй. Шинэ залуу сэтгүүлчдэд ярилцлаганаас бусад төрөл зүйлээр хөөцөлдөх, юм судлах, араас нь явах сэтгэлийн хат, сахилга бат дутаад байгаа юм. Гэхдээ бидний үеийн уламжлалт сэтгүүлзүйн хэвшмэл ангилал одоо өөрчлөгдөж байна. Урьд нь илүү утга уянга, уран сайхан тал руугаа хэлбийсэн, хэт олон төрөл зүйлд шинжлэх ухаанчаар ангилсан байсан. Одоо тэр бол хоцрогдож байгаа. Харин мэргэшсэн сэтгүүлзүй бол цаашид улам шаардагдана. Миний нэг шавь бий л дээ. “Зууны мэдээ” сонинд эдийн засгаар бичдэг Ж.Цогзолмаа гээд. Тэр бол сэтгүүлзүйд хөл тавихдаа анхнаасаа нэг салбар бариад авахаар хэр хурдан ахиж болдгийг харуулж яваа залуу сэтгүүлч. Ер нь хүн мэдээллийн энэ их хурдан дунд өөрийгөө боловсруулж л явах хэрэгтэй.

- Залуу сэтгүүлчид мэргэших хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ мэргэшсэн, нэрд гарсан сэтгүүлчид захиалгаар их бичиж байна. Жаахан нэрд гараад ирэхээрээ бусдад худалдагдах ирээдүй хүлээж байгаа юм биш үү?
- Үүнд сэтгүүлчийг буруутгах аргагүй юм. Ямар ч чадвартай, мэргэжилдээ үнэнч хүний ар талд амьдрал байгаа. Сэтгүүлчийн цалин өнөөдөр хэд билээ. Гэр бүлээ тэжээхийн тулд тэр хүн мөнгө амласны талд бичиж байгаа нь яалт ч үгүй үнэн. Бас сэтгүүлч мэргэжлээ ашиглаад баахан сөрөг баримт цуглуулчихаад тэрүүгээрээ дарамталж мөнгө олж байна. Газар, байр, орон сууц авч байна. Ажлаа бүтээлгэж байна. Чи сонсч л байгаа байх, манайхан чинь гал тогоондоо иймэрхүү юмаа яриад л явдаг шүү дээ. Энэ бүхэн манай сэтгүүлзүйг дарамтлагч сэтгүүлзүй болгож байна. Гэхдээ ингэж мөнгө хийж байгаа хүн унахдаа нэлээд чанга ойчдог. Захиалгын сэтгүүлзүй газар авах нь нөгөө л бохир улстөр, хэвлэл мэдээллийн хэрэглэл хэт олширсонтой холбоотой. Сэтгүүлзүй дангаараа зах зээлийн хуулиар амьдраад, нийгмийн хоточ нохойн үүргээ гүйцэтгээд явбал чадалтай хэд нь сэтгүүлчээ хийгээд чадал муутай нь зайгаа тавих байсан. Гэтэл манайд болсон болоогүй орон зай нь байгаа болохоор янз янзын “натур”-тай хүнийг шингээгээд, мэргэжлийн хариуцлага, сэтгүүлзүйн дархлаа гэдэг асуудлыг ярихад инээдтэй байдал үүсчихээд байгаа юм. Гэвч эцсийн бүлэгт, чи мэргэжлийн сэтгүүлч л юм бол, энэ салбарт цаашдаа ажиллах л юм бол хүнлэг, бас шударга байхыг эрхэмлэж өөртөө дархлаа тогтоох ёстой. Түүнээс биш хэсэг нөхөд маань сэтгүүлч мэргэжлээ буруу зүйлд ашиглаж байна гээд ганцаараа тэмцэж хүчгүйдэх, эсвэл би ч бас ингэмээр байна гэж дагаж намирч болохгүй.

- Захиалгаар бичиж их мөнгө олж байгаа сэтгүүлч унахаа хүрвэл чанга ойчдог гэж байна. Манайд сэтгүүлзүйн хууль эрхзүйн орчин бусад оронтой харьцуулахад ямар байдаг вэ?
- Үнэхээрийн өрөвдөлтэй. Хэвлэлийн эрх чөлөөний, ОНРТВ-ийн хууль гэх мэт хоёр гуравхан хуультай. Хэрвээ энэ салбарыг зах зээлд дасан зохицсон, амьдрах чадвартай байлгая гэвэл багц хууль хэрэгтэй. Татвар, боловсрол, байгаль орчны салбарыг хар л даа. Бүхэл бүтэл багц хууль байна, хэрэгжүүлж л чадвал бүх харилцаа нь тодорхой байна. Гэтэл нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг сэтгүүлзүй “шалдан” хуультай. Тэгэхээр хэн дуртай нь өөртөө таалагдаагүй сэтгүүлчээ шүүхэд өгөлгүй яахав. Нөгөө талаас хэн дуртай сэтгүүлч нь занасан хүнээ намнах, гүтгэх, дарамтлах үйлдэл хийж, хүссэн нэг нь өрсөлдөгчийнхөө талаар сөрөг мэдээлэл цуглуулж сэтгүүлчид захиалга өгч бичүүлж байна. Зүй нь сэтгүүлч ингэж мэргэжлээ хувийн зорилгодоо ашиглавал хариуцлага хүлээнэ, яг ийм нөхцөлд ийм л үйлдэл хийнэ, эс тэгвэл хууль зөрчсөн болно гэдгийг заах ёстой. Английн хуульд хэргийн газар дээр очсон сэтгүүлчийн үйлдлийг хүртэл заагаад өгчихсөн байдаг. Ийм тохиолдолд хохирогчийг энэ талаас нь харуулж болно гэх мэтээр бүр нарийвчлалтай. Гэтэл саяхан манай нэг өдөр тутмын сониноор “Анод” банктай холбоотой мэдээлэл гарлаа л даа. Хүмүүс банкинд итгэх итгэлээ алдаад мөнгөө татаж байгаа тухай судалбар зурагтай. Том цүнхтэй мөнгө хамгаалагчид бариулаад машин руугаа орж байгаа эмэгтэйн зурган дээр машиных нь дугаар тодоос тод гарчихсан байна лээ. Үйл явдлыг шуурхай сурвалжилсан нь сайн ч хэрэв тэр эмэгтэй халдлагад өртвөл яах вэ. Яг ийм үйлдлийг детальчилж хуульчилж өгөх хэрэгтэй. Ийм багц хуульгүй улмаас сэтгүүлч нэг бол хохироод нэг бол бусдыг хохироогоод явж байна. Ер нь манай сэтгүүлзүйн салбар их эмэгтэйлэг болчихоод байгаа. Энэ салбарын 60, 70 хувь эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна. Эх бэлтгэгч, зураглаач гэх мэт техникийн чанартай ажлыг л эрчүүд хийгээд, гол цөмийг нь эмэгтэйчүүд хийж байнаа гэдэг чинь сэтгүүлзүйд эмэгтэй хүний сониуч, тулга тойрсон, хов жив ихтэй мэдээлэл давамгайлж байгаа юм. Ийм хүйсэрхэг хандлага ч бас газар авах шинжтэй.

- Тэгээд эрэгтэйлэг болгохын тулд яах ёстой гэж?

- Эрэгтэй хүмүүсийг л их ажиллуулахгүй юу. Яг ч ингээд шууд ойлгож болохгүй л дээ. Мэдээллийн тэнцвэртэй байдал чухал байгаа юм. Нөгөө талаар эмэгтэйчүүд аль ч салбарт ажиллах чадвартай, тэсвэртэй байгааг, эрэгтэйчүүд сэтгэлийн тэнхээ муутай, залхуу гэдгийг харуулж байгаа хэрэг. Гэхдээ асуудлын гол нь үүнд байгаа юм биш, мэдээллийн тэнцвэрт байдал алдагдагдаж байгаад юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздүүд гэж хүмүүст их учир байна. Тэд голдуу сэтгүүлч мэргэжилтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс хэрнээ ашиг сонирхлын бай болж байна. Тэдэнд нийгмийн хоточ нохойн үүрэг гүйцэтгэхээс илүү сэтгүүлзүйгээс ашиг олох, карьер хийх нь чухал байдаг. Зар сурталчилгааны хуулийг хэлэлцэж байхад би бусад орны жишгийг барьж тухайн нийтлэл нэвтрүүлгийн 30-аас илүү хувийг зар сурталчилгаанд зориулахгүй байя гэж саналаа оруулж байсан. Ингэж хуульчлах нь цаагуураа уншигчдаа бодож байгаа хэрэг. Гэтэл нөгөө эздүүд сэтгүүлзүйн нэрийг барьж, хэвлэлийн эрх чөлөө ярьж гүйсээр байгаад босгогүй болгочихсон. Одоо зарим сонин 50-70 хувь рекламтай, телевизийн цагийн нэвтрүүлэг 20-30 минутанд нь сурталчилгаа явуулж үзэгчдийг залхааж байна. Дараа нь энэ хуулийг ингэж баталж өгсөн тэр тэр гишүүдэд баярлалаа гэх мэдээ явж харагдсан. Зүй нь сэтгүүлзүй нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг онцгой үүргээ нэгдүгээрт, бизнесийн эрх ашгаа хоёрдугаарт тавьж байж л алхам урагшилна.

ЭНЭ ЯНЗААРАА ЯВБАЛ МАНАЙ УЛС ДҮРВЭГСДИЙН ХУАРАН БОЛНО

- “Зууны мэдээ” сонинд Та цөлжилтийн сэдвээр цуврал булан хөтөлж байгаа. Яагаад энэ сэдвийг барьж авах болов?
- Бидний нүдэн дээр, маш богино хугацаанд манай орны байгаль сүйрч байна шүү дээ. Бусад орны ямар замаар яваад иймэрхүү эмгэнэлт байдал хүрсэн түүхийг судалж үзээд эмзэглэж, энэ сэдвийг өөрийн эрхгүй барьж авсан. Ялангуяа Монголын улс төр ийм хариуцлагагүй байхад, толгойтой болгон газар доорх баялаг руугаа улайран шунаж байхад цөлжих үйл явц бусад орноос ч хурдан явна. Манайхан хүнээ л амьтайд тооцдог, хөөрхий хэдэн малчид гээд л ярьдаг. Гэтэл энэ байгаль дэлхий гэдэг чинь хүн шиг амьд шүү дээ. Ярьж чаддаггүй, ёолж чаддаггүйдээ л тэсээд байгаа болохоос биш хүнтэй яаж харьцдаг, яг тэр байдлаараа хандах ёстой. Эд баялаг биднээр дуусч болно, харин энэ газар шороо биднээр дуусахгүй. Бидний үр хүүхэд хэдэн үеэрээ энд чинь амьдарна. Энэ утгаараа би байгаль орчны нэлээд хүчтэй дуугарахыг зорьж байгаа.

- Эрт үеэсээ монголчууд байгалиа амьдшуулж хамгаалдаг байсан. Гэтэл одоо мухар сүсэг төдийхнөөр хэмждэг болж?
- Ер нь уламжлалт соёл гэдэг өөрөө их онцлогтой. Монголчуудад эртнээс нааш уламжлагдсан ахуй, ухамсар, амь гэсэн амь бөхтэй философи бий. Үүнийг гурвалсан онолоор миний хүндэлж явдаг түүхч Д.Нагаанбуу гаргаж ирж байсан. Байгаль, уул ус чинь өөрөө амьтай. Амьд байгальтай зохисгүй харьцвал эргээд заавал хариугаа авдаг. Гэтэл үүнийг сүүлийн үед мухар сүсэг гэж үзээд хайхрахгүй байна. Хад чулуунд ямар амь байдаг юм гэж бодсон үндэстэн яаж цөлжиж, халуун хуурай салхинд идэгдэж, мөхлийн ирмэгт ирж байгааг бид Африкийн зарим орны жишээнээс харж байна шүү дээ. Зөвхөн ашгийн төлөө, буруу бодлого хэрэгжүүлж байгаа улс үндэстнийг хөгжингүй орны хөрөнгө чинээтэй хүмүүс ашиглаж байна. Хамгийн хоцрогдсон техник ашиглаж, байгальд хамгийн их хор хөнөөлтэй технологиор богино хугацаанд хамаг баялгийг нь аваад хэдэн халтар төгрөгтэй орхиж байна. Мөнгө бол мөнхийн байгалийн дэргэд юу вэ. Одоо бүр мөнгөө ч авч чадахаа байсан. “Бороо гоулд”-ыг хар л даа. Эрх мэдэлтэй хүмүүсийн толгойг эргүүлж байгааг 40 тонн алтыг маань ямар ч татваргүйгээр авчихаад байна. Африкийн орны 70-80 хувь нь цөлжчихсөн. Экологийн дүрвэгсэд гэдэг нэр томьёо ч гарч ирж байна. Арван жилийн дараа гэхэд Африкаас 50-60 сая хүн дүрвэнэ. Үлдэж буй хэсэг зөвхөн гадны тусламжийн хоол хүнсээр амь зогооно гэсэн тооцоог Дэлхийн байгаль орчны сангаас гаргасан байна лээ. Манайх ч гэсэн энэ янзаараа байгаль руугаа дайрч, цөлжихийн эсрэг дорвитой юм хийхгүй явсаар байвал 80 жилийн дараа дүрвэгсдийн хуаран болно. Одоо ч дүрвэж байна шүү дээ. Хөдөөгийнхэн хот руу, хотынхон гадаад руу гарч байгаа нь цаагуураа дүрвэж л байгаа гэсэн үг. Бүгдээрээ нэг хотдоо шаваарчихаад бүгд ажилгүй, ядуу, утаатай гээд хэрэлдээд сууснаас шилжилт сааруулахын тулд байгалиа л зөв зохистой ашиглаж, үр шимийг нь нэмэх хэрэгтэй байна шүү дээ.

- Цөлжилтийг сааруулж байгаль орчинг хамгаалахад яг ямар ажил хийвэл богино хугацаанд үр дүнгээ өгөх бол?
- Эхлээд төр засгийн ямар ч бодлого шийдвэр хэтийг харсан байх хэрэгтэй. Ямаа үржихийг дэмжсэн шийдвэр гаргаад л байвал бэлчээргүй болно. Бас уул уурхайн нөхөн сэргээлт гээд ярьж байна. Нөхөн сэргээсэн байгаль эргээд хэвэндээ ороход маш их хугацаа шаардана. Зүй нь анхнаасаа бага сүйдлэхийн тулд байгаль орчинд хамгийн хөнөөл багатай аргыг ашигламаар байгаа юм. Бүр ийм шалгуурыг голлож тэр лиценз энэ тэрээ өгмөөр байна. Дээрээс нь иргэдийн оролцоо чухал. Төр засаг энэ уулын амыг ирж хамгаалсангүй гэчихээд өөрсдөө шөнө өдрөөр мод огтлоод, зөөгөөд байж таарахгүй. Ер нь байгалийн үр шимийг хүртдэг хүн сайн хамгаалагч байдаг. Энэ зарчмыг голлож ажил явуулах хэрэгтэй. Хамгаалдаг нэг хэсэг хүн байхад хулгайлдаг нэг хэсэг байвал зөрчил улам л нэмэгдэнэ гэсэн үг. Нэг үеэ бодоход нааштай хандлагууд гарч л байна. Гэхдээ байгальтай зохистой харьцана гэдэг үнэхээр тоглоом биш гэдгийг ойлгох болоогүй л байна.

- Танд баярлалаа. Амжилт хүсье.

15 Сэтгэгдэл:

Чепак said...

Шинэ сонин гаргаж буйд амжилт хїсье нэг ийм сонин баймаар даа

Тэхгїй бол долоо хоног тутмын сонин нь нэг л явуургїй унших ч юмгїй болж дээ

Сайхан ярилцлага тавьсанд гилайлаа

Оогий said...

Саяхан ярилцлага тавьсанд баярлалаа

Anonymous said...

Galaarid guain olon saihan buteeliig unshij bsan, ih uhaalag tuvshin chadvarlag hun shig sanagddag. Tand amjilt husie.
Idea ch yostoi zagatnasan gazraa maajuulsan ym shig yariulsan bna da.

Anonymous said...

Галаарид гэж нээрээ их гоё ирээдүйтэй юм ярьдаг хүн байна. Нээрээ байгалаа тахиж, шүтэж, хамгаалж өмгөөлж амьдрах хэрэгтэй шүү.. Хүн бүр дор бүрнээ хайрлаад мод цэцэг тарихгүй ям аа гэхэд тасдахгүй байвал уг нь

Anonymous said...

Galaarid ooroo irgenshsen baij baij hun amitand zaaval yamar ve ! yadaj l shinjleh uhaanaar logiktoi tailbarlaach !
Busad haluun honjil , blog edrees yalgaraad baih yum yordoo ch alga.

Anonymous said...

uls tut ediin zasgiin medleggui bol amaa hamhih heregtei shd ! hudlaa huuhduudiin tolgoi horduulj suuhaar !

Anonymous said...

uls tur *

Anonymous said...

Салбарын хүмүүстээ хэрэгтэй л байх. Мань мэтэд бол ийм урт ярилцлага уншаад суух цаг зав, сонирхол алга. Энэ блогоос би уран цэцэн, хурц, хөгжилтэй хоржоонтой бичлэг уншиж кайф авах гэж орж ирдэг юм. Түүнээс биш хэн нэгний яриа, эсвэл мэдээ унших гэж орж ирдэггүй. Тэртэй тэргүй тийм сайтууд дүүрэн байна. Блогын эзэн тэр юмнуудаа өөр газар оруулаад, энэ талбар дээрээ өөрийнхөө өнгө аясаар бичээсэй гэж хүсч байна. За за хүний хувийн талбайд орж ирчихээд горимын санал хэлчихлээ, уучлаарай.

Anonymous said...

Ene sonin haaguur ymar unetei zaragdaj bga talaar medeelel alga. Bas baigali orchnii talaar oshoo iluu yaruilsan bol...
Gehdee Mongoliin setguulzuin unuugiin baidliin talaar mash zuv unelelt dugnelt ugchee. Argagui l togoong ni chanagdaj yavaa humuus shig setgel zovinoj yariltssan bna. Asuusan, hariulsan 2-t ali alind ni amjilt husch, ug ni tsetsen, uzeg ni hurts bhiig husie.

Urankhas

Anonymous said...

Ug ni tsetsen, uzeg ni hurts baig.

Anonymous said...

hi. vneheer goy yariltslaga bn sh dee. galaarid ah vneheer ondor medlegtei mundag hvn shuu. hamgiin gol ni hvniihee huvid jinhene mujik bgam daa. haravaas tiim bgaz dee. nvdend dulaahan, zoolon ih saihan er hvn bgam daa. manai mongold iim erchuud tun hocor bolson doo. tand amjilt hvsey. taniig nuutshan harj yavdag negen...

Idea said...

Чепак: Амжилт хүссэнийг дамжуулъя. Энэ сонинг орон зайгаа хурдан олох байх гэдэгт итгэж байгаа.

Оогий: Саатан уншсанд баярлалаа.

Ука: Тийм шүү, дүгнэлттэй санал нэг байна. Надад сонирхолтой байсан юм аа.

Үлмэдэх: Чухмаа, байгалиас өөр байнга орших юу билээ. Гэтэл дэндүү богино сэтгэх хүмүүс бас байх юм даа.

Үлмэдэх: Ямар утгаараа халуун хөнжилтэй зүйрлэж байгаа юм бол. Сайн ойлгохгүй байна.

Үлмэдэх: Миний ойлгосноор оюутнуудад улс төр, эдийн засаг биш сэтгүүлзүй заадаг юм шиг бна лээ.

Үлмэдэх: Саналыг хүлээн авлаа.

Уранхас: Баярлалаа. Сонины тухайд, дээр оршил хэсэг дээр оруулсан хоёр блог линкээр ороод өөрсдөөс нь асуугаарай. Би агуулга талыг нь сонирхсоноос биш үнэ мөнгийг нь асуусангүй.

Үлмэдэх: Баярлалаа. Үг үнэлэгдэж, үзэг элэгдэхийн төлөө зүтгэж л явна.

Нууцхан дурлагч: хэхэ ганц ярилцлага хийсэн биш хэрэгт орох нь ээ. Нууцаар хайрлагчийг илрүүлээд. Гэхдээ хүний сайхныг олж харна гэдэг билгийн нүдтэйнх байх. Амжилт хүсье.

Anonymous said...

Galaarid bagsh aa, amjilt shu. Tan shig saihan setgeltei, medlegtei hun niigemd neg l ner hund olohgui yavaad bdagt haramsaj l yavdag ym. Soningoo hurdan hul deer ni bosgooroi. Mongoldoo ochihooroo chadlaaraa huvi nemer oruulna gej bodoj bna.
Taniig bagshaa gej, bas saihan mongol er hun gej hundelj yavdag negnees.

Anonymous said...

Galaarid ahad, “Gerelt tsalig” sonin uls ornii ireeduin luujin tsaashid “think tank” bolno gej itgej ba. Hevlel medeelliin salbart Galaarid ah, Tsevlee guia, Globe-iin Naranjargal egch shig turuulj bodoj, yarisnaa amdrald heregjuulj, zaluust ulger duurialal boldog humuus ulam olshroosoi.

Bi huvdaa sanal bodloo zaaval ch ugui hundelj yavdag, zuv boddog humuusees asuuj, batalgaajuulahiig hicheedeg. Galaarid ah baigal orchnii salbart ih zuil hiih heregtei gej helsentei sanal neg baigaad dotroo bayrlaad, ayagatai taragnaas neg zalgillaad l suuj ba. He he he

Adeia-d bayr hurgei. Yariltslaga ih saihan boljee. Herev blogiin ezen sanaj baigaa bol dadlagiin ohin yariltslagiin asuultaa yamar zuv daraalaltai, onovchtoi tavisniig magtaj bn. Herev yairltslagiig uneleh erh olgovol, blogiin ezen hicheengui ohiniig magtaj baisnaa uuruu heregjuulj, unshigchdad ene salbariin talaar buren oilgolt ugluu gej heleh ba.

“Salbariin humuustei heregtei l baih ,”... tsag urlee gesen utgatai sanaliin tuhaid

Ardchilsan niigemd alivaa hairltsaa huuliar zohitsuulagddag.. Tegvel niigmiin buh hariltsaa huulind zahiragdaj baigaa esehed hevlel medeelel hyanalt tavj, alivaa zurcliig ilruulj zuv goldrold ni oruulah uuregtei gej oilgood baigaa.

Tanai gerliin mungiig shudarga busaar tootsjee. Ta baitsaagchid hellee nemergui. Huuli hyanaltiin baiguullagad nandaad ajlaa baraad yah ve gej bodono. Esvel ta ajliinhaa hajuugaar ene asuudliin hoinoos huutsulduh argagui tul "manaihan arai denduu shuu" geed ungurnu. Irgenii ene erh zurchigduj baigaa, mergejliin uurgee bieluulehgui baigaa gerliin baitsaagchiin dutagdliig setguulch olon niited hurgej niigmee eruuljuuleh uuregtei. Tiimees irged yadaj niigmiin hotoch nohoi bolj baigaa tiim sonin setguuliig hudaldan avch, ene salbariig haraat bus bailgahad anhaaral tavihaas argagui yum.

Blog sonirhoj, bichdeg humuus hamgiin ih medremjtei ih yum unshdag, niigmee tuvshitgeh zurh setgeltei humuus shig baidag. Ted ardchilaliin tulguur hevlel medeellin salbariig tudii l oishoogooguig uzehed Globe zereg ardchillin todorhoi chigleleer ajilladag baiguullaguud zuvhun setguulchded bus niigmiin yanz buriin davhargad ene salbariin talaar oilgolt uguh chigleld ajil yavuulbal zugeer yum bolov uu gej bodogdov.

Soning haanaas avch boloh talaar medeelel tavibal bayrlana.

Anonymous said...

Сайхан ярилцлага болж, олон сонингийн тухайд үнэн үг шүү,