2009/07/22

Тослог, усархаг, номорхог өдрүүд

Овоож оцойтол хийж гийгүүлээд байгаа юмгүй ч ойрд ерөнхийдөө зав муутай, блогтоо ч юм оруулчих сөгөө гардаггүй. Нарны, шархны, толбоны тоснуудыг нялбайтал давхарлаж ойр ойрхон нялсаар маслотай талх шиг малигар бор хүүхэн л гүйж явна. Тортны крем аятай зузаан шавсан тоснууд нь тэгээд наранд хайлж улам гялтганаад, эсвэл бороонд урсаж загал саарал судал татуулаад хүн харвал нэг л их тос дааварласан, баруун аймгийн ааруул шиг бараан зүсмийн нүнжигтэй амьтан л байна даа. Үсээ угаалгүй хэд хоноод толгойгоо тослогтуулчихвал ч...гээл завааркуу юу.

Хаашдаа тос өөхөнд хөлбөрснийх торго дурданд өнхөрөх юмсан ч гэж бодогдохын. Хүн тааралдвал “Тослог сайхан зусч байна уу” гэж мэндлээл, уулга алдвал “тосоор гоож” гээл, уур хүрвэл “тостойгоо холилдмор” гэж хараагаад, сайн хэл дуулгасан хүнийг “тосон амт” гэж ерөөгөөд, тус мэддэггүй баагийг “Өөх өгсөн хүнтэй өглөө болтол заргалдана” гэж мэгж загнаад л... Яджухад тостой голдуу хоол идмээр санагдаад байхын, эртээд машин хүртэл эвдрэхдээ тосоо цацчихсан байсаншд., балаймшиг.

За энэ ч яахуу, ойрд нээрээ ширүүн байнаа энэ тэнгэр хангай. “Наадмын дараа үер, үерийн дараа үхдэл” гэмээр л юм болж байна. Гэр нь үерт урсаад, хорооноос нь гэр өгөөд, авсан гэрээ буцаагаад тэр газраа бариад, дахиад үер болоод... ёооё авгай тахиа өндөг гаргалаа, гаргасан өндөг нь газарт уналаа... гэдэг дуусдаггүй дуу шиг. Хамаг үерийн далан, суваг шуудуйг бөглөж бууцгаачихаад, хэзээ урсах бол гэсэн айдас тээж амьдрана гэдэг ямар сайн байхав. Олигтойхон ус зайлуулах хоолой, үерийн хамгаалалт ч хийчихгүй манай энэ хотын мээр нэг орлогчоо дөрөв болгож нэмэгдүүлснээс өөр юу хийсийн бол.

Өөрсдөө шавартай гудамжаар хол хол харайж, аарцагны булчингаа цочтол үсэрч цовхчиж явахын зовлон мэдэхгүй, автобусны буудал асфальтан замаас хол эзгүй газар хашаа хатгаж хана тойруулж амьдарч үзээгүй болохоор яаж ч мэдэхэв. Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэе, үнэгүй газар өгье гэсэн боловч хөдлөхгүй байна гэж ярьж байна лээ. Хотод нүүж ирсэн гэчихээд хорин хоёрын товчооноос хол, зам ч үгүй, тог ч үгүй газар амьдрах хэцүү болоод л тэгж байгаа шүү дээ, хэнд ч гэсэн төвлөрөл дагах эрх байдаг л юм чинь, ад үзэхээсээ илүү амьдралд ойр шийдвэр гаргамаарын.

Цаг агаарын өөрчлөлтөөс болоод байгалийн гамшиг болох нь ихэслээ, дээр үед ийм байдаггүй байсан л гэж байна, ямар ингэж их барилга байшин шаваараад, хүн ам шамбаарч байсан биш, мэдэгдэхгүй л өнгөрдөг байсан байлгүй. Түүнийг өөрсдөөсөө зайлуулаад дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт рүү чихээд байхдаа ч яахав. Ганц удаагийн гамшигаар осолдсон олон хүнийг бодохоос л өр өмрөх. Ихэнх нь сүүлийн таван жилд хөдөөнөөс шилжиж ирэгсэд байсан гэсэн, нутагтаа байж байсан бол эрсдээчүү, газрын холоос тэмцэн байж үхэл рүүгээ тэмүүлэх гэж. Ойрд монголчууд Оюутолгой, үер хоёроор л амьсгалж байна даа. Наанаа эх оронч нүүр гаргачихаад цаанаа хужаагийн талд кноп дарж суугаа түшээд сүүлийн үед яг л үерийн усанд хөвж яваа ялгадас шиг харагдах болсон. Заза энэ тухай дараа жич бичнээ. Яасан нь мэдэгдэхгүй ярваганах нэгний явуургүй аашнаас залхаад л байна бас, энэ тухай хэзээ ч бичихгүй ээ, яршиг.

Саяхнаас овоо ном уншиж байгаа. Дармын Батбаяр гуайн “Чамд аз жаргал хүсье”, “Мөнхөөр савласан мөнх бус”, Г.Аюурзанын “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиол” номуудыг надад уншуул унш гэж өгсөн яруу найрагч Оюунтөгс бүсгүйд талархжийнаа. Уншиж байгаа дүрдээ ороод л, аливаад аягүй гүн ухаанч хандмаар санагдаад л, гэнэт сэтгүүлчээ болиод сэтгэл судлаач болмоор, эсвэл аглагт очоод арьс нөмрөөд суучихмаар ч юм шиг, үгүйдээ л үүргэвч үүрээд цөл туулмаар цөс хөөрч бяр амтагдаад болохын биш. Хэд хоногоос шалчийгаад, хээр гээгдсэн гүзээтэй тос шиг болноо гайгүй.

Ер нь их туйлбаргүй хүн л дээ би. Зургийн үзэсгэлэн үзэхээрээ зураач болчий ерөөсөө гээд ханцуй шамлан, тэр оройдоо бийр цаас цоохорлож явснаа тэгсгээд орхичихно. Эсвэл гэнэтхэн юм оёдог баатар болж нэг хэмжиж долоо огтолно. Хивс нэхью гэж хайчилсаар хайчилсаар хачин сайхан халаасны алчуур хийгээд дуусна даа. Хааяа гэнэт хангинатал дуулаад эхлэнэ, жалганы гавьяатаас гэтрэхгүйгээ мэдээд дуугүй болно. Жарын тал руу явж байж төлөвшиж өгөхгүй юм. Арай л мисс хараад мисс болмоор байна гэхгүй, төрөлхийн навтгар төрсний минь ганц гавьяа энэ дээр л гарах юм даа. Яг одоо бол Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа”-г уншиж байна, орчуулга нь санасанд хүрэхгүй л шинжтэй.

Зиа ойрд нэг иймэрхүү, одоо дахиж муу блогоо ингэж удаан орхихгүй ээ. Цай ч үгүй, царай ч үгүй яваад байхаар цангаад, халтайгаад байгаа юм шиг санагдаад, санааны мухраас нэг юм зулгаагаад байхын. Цалин надад өгдөггүй ч цагийг зугаатай өнгөрүүлэхөд тусалдаг сайн хүүхэд байгаан, өө юун хүүхэд, сайн блог байгаан энэ чинь.

13 Сэтгэгдэл:

Anonymous said...

bi ch unuudur 1t baih shiv.neg medsen 7 sariin 22 boltson bn shuu. hed honog tag baij baij ovoo garaad irj. bolohgui butehgui umiig bichivch ul baragdmaar sanagdah um daa. taivan shig l suuj baihaas. blogt chini durtai shuu. bicheed baigaarai, amjilt. arja.

khaka said...

Chi ch yag zuv mergejlee songojee. Yostoi helnii chigleliin hun baimaar yum bna.

Unknown said...

"Яасан нь мэдэгдэхгүй ярваганах нэгний явуургүй аашнаас залхаад л байна бас, энэ тухай хэзээ ч бичихгүй ээ, яршиг."


Энэ ч их ноцтой асуудал байна шоо

ариука said...

миний хувьд ойрд хадамрхаг өдрүүд болжийгоо, хэхэ

Dosu said...

hehehe buun tos uu kk

chuups said...
This comment has been removed by the author.
chuups said...

neeree oligtoihon us zailuulah hooloi hiimeer yumdaa. us tuulj guiseer bgaad l duusajiin daa . holoo ugaah ch hereg alga

uka said...

Goe ym bicheech ee, chiher shig hulheed baimaar yum chamaas gardag shde.

amor said...

хаа сайгүй үер ус, үхэл гамшиг..
Бум-Эрдэнэ ах, та 2-г хааяадаа хараад хүлээх янзтай болчихсон ш дэ..
амласнаа биелүүлээрэй үүнээс хойш ! хүн хүлээлгэх муухай ш дэ хэхэ..

Amgaa said...

Күйээ тэгмээрдээ

Anonymous said...

tegeel blogoo bichlegeer taslahgui geel amladagiin, tegeel bhgui. Hunii muug dandaa surnaa, Elbegee Erunhiilugchiinhuu belen amiig amjilttai surch yavaa huuhen dee

tedy said...

Сайн байна уу

Блогын баннераа солилцох уу?

blog.tedycenter.com/?option=com_blog&view=show&pid=49

erhtsas said...

Хэ хэ хэ чиний блогт ирэхээр мэдээлэл, мэдлэгийг инээд хөөртэйгөөр нь мэдрэх юм.