2009/12/07

"Шар тэнгисийн тарчлаан"


Аяга усгүй хатахын цагт
Авдар авдар алтаар яана...

Халтайж нооройсон хувцасны тантаг эгэлдэрлэж, хатаж омголтсон уруулаа шилэмдэж туйлдсан нэгэн омог үүлэнд цойлдон манарах үнсэн хөх цөлийг туучин хаа нэг тийш гэлдэрч явна. Даанч тэдэнд очих газар, урсах горхи битгий хэл уйлах нулимс, нулимах шүлс ч үлдээгүй. Амьд явах цорын ганц утга учир нь аяга ус олж уух.

Өнгө мөнгөний хойноос шунасан өнөө цагийн нүгэлт монголчуудын үр удмыг залгасныхаа төлөө тэд байгальдаа харалган хандсан өвөг дээдсийнхээ баялагт хараалгасан үйлийг биеэр эдлэх гэсгээл хүртжээ. Усны төлөөх тэмцэл 100 жилийн дараа яг л өнөөдрийн алтны төлөөх улангасал шиг увайгүй агаад хэрцгий.

Аль л залуу, өнгөтэй өөдтэй охидоо суугуул омгийнхонтой ундны усаар сольсоор тэнд зөвхөн хоёрхон охин үлдэнэ. Нэг нь омгийн ахлагчийн охин, нөгөөх нь Сарнай нэрт залуухан бүсгүй. Зах хязгаар нь үл харагдах элсэн манхан дунд бэдрэн яваа омгийн эрчүүд тэднийг эцсийн мөчид эргэлзэх юмгүй худалдах л болно. Ундаасаж туйлдсаны улмаас урагшаа гишгэж чадахаа больсон Сарнайд балга ус олж өгөхөөр сэтгэлт залуу Мөнхөө омгийн ахлагчтай дайн зарлана. Гэвч дашмагтай усыг нүдний цөцгий мэт хямгадах бусад нь түүнийг ойртуулах ч үгүй.

Мөнхөөгийн ээж омог дотроо хамгийн настай нь. Ус гол халгиж, ургамал амьтан багширч байх тэр сайхан цагийг нүдээр үзсэн азтай эмэгтэй. Нүдэн дээр нь туйлдах охиныг эвийлэн хайрлахдаа ам цагаан хулганы үлгэр хүүрнэж суух тэр авгай аанай л ахлагчийн бүсэн дэх аягатай усыг авахаар гэтэж байгаад баригдаж, эзгүй элсэн цөлд хүүгийн хамтаар хаягдана. Харин цэвэр усны амьд нөөц болох Сарнайг омгийнхон хүчээр цааш авч явна. Уур амьсгалын өөрчлөлт суугуулхныг ч тойроогүй, генийн өөрчлөлтийн улмаас охин хүүхэд төрөхөө болиод уджээ.

Үйл явдал энэ мэтээр үргэлжилж, ус тойрсон ширүүн хурц тэмцэл өрнөсөөр. Эцсийн эцэст амьдрах нутаггүй, балгах усгүй болсон хүн төрөлхтөнд алт эрдэнэс ямар ч үнэгүйг харуулна.

Монголчууд байгаль дэлхий, газар шороогоо одоо л хайрлаж хамгаалахгүй бол нэлэнхүйдээ цөлжиж, хатаж ширгэсэн цөл, хагаширч сайртсан хөрснөөс өөр юм үр хойчид маань үлдэхгүйг, ямх ямхаар биш алд дэлмээр тэлж байгаа цөлжилт ямархан зовлон авчрахыг зохиолч, сэтгүүлч Б.Галаарид “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжигтээ өвөрмөц содон зохиомжтойгоор дүрсэлжээ.

Зохиолын гол зангилаа нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт өрнөдөг ба домгийн баатрууд, энэ цагийнхан, ирээдүй үеийнхэн гэсэн гурван үеийн төлөөллөөр монголчуудын байгаль дэлхийгээ хайрладаг байсан уламжлал, өнөөдрийн хонжоо хайсан зүй бус харьцаа, ирээдүйд угтах гунигт дүр зургийг харуулдаг. Мэдээж энэ цагийнхний үйлдэл Туулын хөвөөнөө архидах залуус, хонжоо авааны төлөө хоёр нүдээ өгөхөөс наахнуур хор найруулах төрийн түшээ, нанхиад найзын нялуун авир гээд юу эсээр хязгаарлагдах билээ.

Амьд байгаль руугаа улайран дайрсан энэ цагийнхны нүгэлт үйлдэл уул усны эздийг хүртэл зөрчилдөхөд хүргэж, тэрхүү зөрчил тэмцэл нь бодит ба хийсвэр ертөнцөд зэрэг өрнөнө. Улмаар хүмүүсийг өмөөрч хамгаалсан талынхан ялагдаж, уул ус, ургамал, ногооны эзэд өөр өөрийн мэдлийн баялгаа хаман одоход ирээдүйн монголчууд хязгааргүй цэлийх тэнгис мэт элсэн цөлд дуслах ус, дуугарах жигүүртэнгүй бөртийж хоцрох эмгэнэлт төрхийг энэ жүжгээс харж болно.

...Ирээдүйдээ зовнисон сэтгүүлчийн эмзэглэл шаналлаас урган гарсан энэ жүжгийг үзэж байхдаа би даарах мэт дагжин чичирч байв. Үзвэрийн танхим сэрүүн байсных уу, эсвэл жүжгийн утга санаа бүхэлдээ түгшүүрт автуулж жиндүүлснийх үү, юутай ч “энэ янзаараа явбал бид яг ингэнэ дээ” гэсэн аймшигт мэдрэмж салж өгөхгүй шөнөжин зовоов. Өглөө нь босоод шүдээ угаах зуураа усаа хааж байгаагаа ч анзаарлаа.

Алт шүтсэн гашуун тэмцлийн золиосонд амьд байгаль хэрхэн сүйдэж буйг бид одоо ч харж байгаа. Ургамал мод нэг мөр хувхайрч, ус голууд бүрмөсөн татарчихаагүй дээр амжиж ямар нэг зүйл хийхсэн. Хууль баталж, лиценз олгодог эрхтэн дархтан, эвэртэн туурайтнуудад энэ жүжгийг үзүүлэх юмсан.

Сүүлчийн навчис үнс болон хийсэхэд сүүдэрлэх мод, суух зүлэггүй үлдэхийг бид хүсэхгүй байна. “Өвөг дээдэс минь даанч яав даа” хэмээн халаглах үр хойчоо шийтгэх эрх бидэнд бий билүү? 100 жилийн дараа бидний амьдрах найдвар хаана гээгдэж үлдэх бол?

... Торгон цэнхэр холоосоо амсаж нэг тухлахдаа
Тоотой насны жаргалыг үрс нь нэг мэдэрдэг дээ
Толин цэнхэр нуураа ширтэж нэг суухдаа
Тоонот гэрийнхээ заяаг тэгшилж нэг даатгадаг даа.

Ариун галын эзэд минь өршөө
Рашаан булгийн эзэд минь өршөө
Аварга лусын эзэд минь өршөө
Андуу эндүүтэй үрсээ өршөө

/"Шар тэнгисийн тарчлаан" жүжгийн дуунаас/

Жич: Олон олон бодрол, орхиж боломгүй ухаарал авчрах энэ жүжгийг заавал үзээрэй гэж залуустаа уриалмаар байна. Жүжгийн албан ёсны нээлт энэ сарын 9-нд буюу лхагва гарагийн 19 цагаас УДЭТ-т болно.

Эх орон, ирээдүй хойчийнхоо төлөө цохилох зүрх, шаналах сэтгэлтэй Галака ахдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Та шүү, таны дараа... хэхэ би ч бишээ зүгэр, мэджил байна. Энэ Номико, Бумка, Амка гээд ах нар байна дөө байна. Манай блогчид ийм мундаг...

11 Сэтгэгдэл:

amor said...

сайнуу?
нээрээ л жижиг голууд ширгээд сайр чулуунууд болсон байсанд харамсаж билээ 3 жилийн өмнө харихдаа.
одоо бүүр хэцүүдж байгаа байх даа.
боломж олдуул жүжгийг үзэхсэн..

uka said...

Чи байж яагаад болдгүй ийн, ах нарт нугасгүй амьтан шүү хэхэ. Жүжгийг гадаадад байдагуудад үзэх боломж олдох болуу, нэг их хуучирч эл доль болчихоос өмнө олоод үзчихийнсэн. Дивиди эднүүс хийх болуу, асуугаарай.
Гэснээс сайн бичжээ айдаа, уншаад өөрийн эрхгүй айдас төржийнө, бас жүжгийг заавал үзэх юмсан гэж шууд бодогджийно.

sanakae said...

Ах нар чинь ямар энхрий нэртэй юм.
Тэрка энэкэ өөр тэгээд ка ко гээд хэхэ.

Pearle Deppsu said...

Нээрээ өчигдөр мэдээгээр үзсэн шүү. Галака ахын царайг тэгж нэг харавш.

9нд нээлтээ хийнэ гэсэн байхаа?

Anonymous said...

aidaagiin ah nar yahvee aguulga ni goe jujig bolj, Galaarid guai ih saihan gegeeleg hun shu.

Anonymous said...

Ene jujgiig uzehees ch aij bn shuu, hun unenees aidag shig.....
Gehdee ailaa geed hoish suugaad yahuu dee, unentei hezee negen tsagt nuur tulah n unen yum chin. Bid ene aimshigt gamshgaas herhen zailj, uhaalgaar holduulah ve gedgee odoonoos bodoj, shuud ajil hereg bolgoh n chuhal. uneniig helehed baigali eh bidend ugsun amidrah undsen orchin l bidnii hamgiin chuhal baylag shuu dee. bid us, agaar geed amidrah undsen orchin baihgui tsagt yaj amidyavah yum be? ene buhen baihgui bol bid mungu olood ch haa dutaah bilee? haramsaltai n humuus bid ene buhniig meddeg ch yum shig, meddeggui ch yumshig baisaar baigaad baga bagaar ayul ruu oirtsoor l baina. Bi bodoj bnl daa, bid yu hiij chadah vee gej, tur zasag bodlogiin chanartai zuilee hiig, harin jiriin irgen bid baigali delhiigee hamgaalah unench setgeltei l baiy, hen negen hog hayaad gol us ruu hogoo hayad baival ochood uurlachdag, huuhduud maani usaa goijuulaad baival uchir jantsangii n heleed usaa haah geh meteer uchuuhen jijig zuilees ehelj baigalia hamgaalsnaar bid delhiigee avarch chadnaa. Baigali delhiigee hamgaalah hamgiin engiin arga bol hemneh yum shuu de.

Anonymous said...

Uznee ene jujgiig, yamar unetei bna? Idea chi medeelel hurgej bga bol uniig ni bich l dee hehe.

Galaka ch mundag ah bololtoi.

Anonymous said...

Танай Галака ахаас сэтгэл үнэртдэг юм даа

Н.Ганчимэг said...

Үйл явдал цаашаа яаж өрнөх бол гээд л явжийсан чинь...

Idea said...

Амор: Сайн хө. харин тиймээ, зун хөдөөгүүр явахаар сэтгэл өвдөөд байдаг болсон, арай дэндүү.

Ука: Дивиди гаргана гэж байсан, чих тавьж л байя.

Санаажав: Ах нарт нугасгүй, дүү нарт дургүй хүншд би, бацаан нарын нэрэнд шууд "жав" залгаад явчина.

Сувдансондор: Ха ха Галака жэхшиг гачин нэртэй болсноо өөрөө битгий мэдээсэй тээ,таануус битий хэлээрэй. Нээлт 9-нд, тэрнээс хойш хэд хоног гарах юм бна лээ.

Үлмэдэх: Тэр зөв шүү хө, маний убатах яахуу, улс орон усгүй болох гээд байхад.

Үлмэдэх1: Яаг үнэн. Байгалиа хамгаалах хамгийн энгийн арга бол дор бүрнээ хэмнэх, гамнах. Бас үйлийн үрийг ойлгох... юм шиг байгаан.

Үлмэдэх2: Үнэ нь үү? юу шалиа аж дээ, рестораны нэг таваг хоолноос ч хямдхан. Нарийн зус уу яасан, хүн загнаад... хэхэ

Арсун: Мэдсий шүү...хэхэ. гэснээс сэтгэл ямар үнэртэй байдын бол..

Н.Ганчимэг: Тэгсэн чинь яасан тэрэкэ, энэкэ гээд хэлээ зажлаад ороод ирсэн үү, хэхэ. Ба, бэ-гүй биччихвэл сонирхолгүй шдээ.

Arsun said...

Байшин дээрээ гараад
Байшингаа би харлаа
Уулаа би зарсан.

Цонхон дээрээс би
Цонхоо харлаа
Усаа би зарсан...

гээд нэг шүлэг радиогоор явж байна.