2010/05/18

Сүргийн манлай, сүүдрийн тэргүүн

Үхсэн ч өмхийгээ тавихгүй, буусан ч бууриа чөлөөлөхгүй гэж чичирдэг хүмүүс байх юм аа. Чичрээд зогсохгүй чинэрээд л, минэрээд л, минчийгаад л... дургүй хүнийхээ алхсан мөрөөр духаараа харж шүдээ зуун зуун гишгээл. Зорилго нь чухам юу гээч эрхэм зүйл болоод зовлогоо тэгж зовоон зүтгэдэг юм бол, зайлуул.

Зуд болонгуут гялс төрийн бус байгууллага байгуулаад хөдөөгөөр хэсч малчдад өглөг тараана. Тэвдэх цагт тэвнээр тусладаг нь хүний ёс ч явсан зам, дарсан мөр нь нэг л биш ээ. “Та минь ээ, түрүүний хүн бол хулхи, харин би бол ориг нь” гэжугам шиг хууль ёсны ерөнхийлөгчийг амдаж нэг, тандаж нэг дөрөөлнө. Дөрөөлөнгөө ергүүлж, ергүүлэнгээ жороолж, бүр хатирч нэг, цогиж нэг үзнэ. Ёстой л цоохор даагаа жирийхээр нь жирийлгэж, Цолмон ахайтнаа мишээхээр нь мишээлгэнэ.

Цагтаа цалгиж, цалин мэтийг царай алдалгүй наргиж явсан нөхрөө элгээ эвхээд эмчилгээнд явсан эзгүй араар нь “түгжилдэнэ”. Тэр муугаас болж л би ялагдсан, түүнээс биш олны манлай, оройн дээд, очир дарь хэвээр байх байсын хэмээн сүртэй сүртэй мэдэгдэл хийнэ. Зүгээр ч үгүй түүндээ олноо өргөгдсөн сэтгүүлчдийг хоморголж, хамрын самсааг нь хайр найргүй шархируулна.

Өчнөөн жил төрийн толгойд заларч, төсвийн авдар атгаж явсан атлаа халаагаа өгөнгүүтээ хавирч ёврон хазаж тангардаг зангаа харин ч нэг үзүүлж байх шиг. Төрийн алба хийгээд төлөөсийн улс төрд авлигын сүлжээ аалзны тор болж тогтсоныг гэнэт олж хараад орь дуу тавина. “Хүүе хүмүүс ээ, гүйгээрэй, бариарай, хулгайч зугтлаа шүү” гээд л. Нөхөөсний сонгуульд шархаа нөхөх гэж үзээд барахгүй болонгуут нам нэгтнээ намнах хор буцалгаж, хорз өтгөрүүлнэ. “Сонгууль гэдэг юманд чинь ямар муухай булхай ордог юм бэ” хэмээн шинжлэх ухааны нээлт хийсэн мэт халаглан зарлаж, өнгөрсөн борооны араас цув юүдэн тэмтэрнэ. Гэрээсээ хүүхэлдэйн бүжиг дэглэх стратегич толгойгоо улс оронд ашигласан бол ч өнөөгийн Монголын хөгжил өрнийн Америкийг ичээх байсан биз.

Шашин төрийг хослон барьж шар захтнуудаар одоогийн Засгийн газар, түүний хамсаатнуудын хойтхыг уншуулж өмнөхийг төвхнүүлэх лүндэн буулгаж, лүүжин дүнгэнүүлнэ. Ах Назарбаевын замналаар албан тушаалдаа үүрд хадагдах хадаас бэлдэж амжаагүйдээ амаа жигтэйхэн барьдаг гэлцдэг. Амьдралдаа ганц дутуудуулсан юм нь тэр ч байж болох. “Олиггүй харх” буюу олигархи хэмээх шинэ үеийг чухам тэр л төрүүлж, гарыг нь гадаадад гаргаж, хөлийг нь хөндийдөө тушсан гэх.

Ерөнхийлөгч саяхан хүрз шороо нийлүүлж мод тарив. Цаашид жил бүр энэ өдөр мод тарьж, усалж ургуулдаг байхыг уриалав. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв, манай хүн маргааш нь илүү том хүрз шүүрч аваад, арай олон хүн цуглуулаад бужигнуулж өгөх нь тэр. Тэрхүү ёслол төгөлдөр үйл ажиллагааг гарын доорх материал болох хэдэн хэвлэлийн хэрэгсэл нь хуудас хайрлалгүй нийтэлж, эфир гамналгүй сурвалжлан эгээтэй л орон даяар шууд дамжуулсангүй. Оюутнуудтай уулзалт зохиож, залуустай шууны бяр үзэж, арай л нинжа нартай алт ухах нь халаг. Нэг л өдөр “Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч амаржих газар хүүхэд эх барьж авлаа” гэсэн мэдээ цэнхэр дэлгэцээр хадаавал гайхах хэрэггүй л болов уу.

Авсан бол өгч болдог хууль түүнд даанч нэг үйлчилдэггүй. Экс буюу асан гэдэг үг чухам талийгаач гэсэн мэт сонсогдоно. Цаст уулын цагаан арслан цаг нь болохоор шоргоолжинд бариулдаг жамтай бол тэрбээр цэвдэгт оргил мэт мөнхөд дүнхийж байхыг хүснэ. Хүсэлдээ хүрэх зам зуур таарсан хамхуул шоргуулж, хань садан хэнд ч бай нэг бол ханаран дагах үгүй бол хадан хясаанаас түлхэгдэх хоёр л сонголт тулгана.

Ийм л нэг сүүдрийн тэргүүн их улс төр дэх үүрээ алдахгүй гэж үзэж таран үсэрч наалдаж байх л. Тэнгэрийн цагийг эрхшээж, титэм үг тэрлэж суугаа ах нараа ч бас хөлдөө чирч, ашиг сонирхлын тэнгис тийш алгуурхан хөтлөх шиг. Тээр жил “Тэр миний баатар” нэртэй булчинлаг америк эр “I’ll be back” хэмээсэн алдарт үгэндээ хүрч амбан захирагч болсон шиг манай сүүдрийн эрхэм мөдхөн наранд гарах буй за. Нартай өдөр олон байдаг хойно.

11 Сэтгэгдэл:

Anonymous said...

aimar aimar

Anonymous said...

aimar aimar

Arsun said...

Авилгыг тэр өнцгөөс нь харвал авлага болж харагдана даа.

suheenee said...

Хөөрхийг яасан ч хатуу хэлээв дээ. Юугаа хийж явах нь хувь хүний асуудал шдээ.

uka said...

Гэхдээ энэ хүний тарьсан гай хэтэрхий их учир хүмүүс хүлээж авч чадахгүй байгаа юм. Арай гэж саллаа гэж баярлаж дуусаагүй байтал...

artga said...

cecen celmeg n ceejneesee haliad cenker tenger luu cehiigeed.. zaza ce usgeer yavuulah gesen buruudchlaa.

Idea said...

Үлмэдэх: Хэн? би юу? тэр үү?
Арсун: Тийм өнцөгт очихынсон ккк.
Сүхээнээ: Өөрөө хамаатнуу гүй юу? за тоглосийн, иргэний индэрээр энэ байтугай юм явдаг шдээ.
Ука: Нууц ноёнтон байх болов уу гэсэн чинь ил амраг шиг л салахгүйм.
Артагаа: магтаж явснаа дормоожлоод байна уу гүй юу. цэхэр мэхэр гээд.

Bayarhuu said...

Coeg gem, manai doshnii bacaaniig yaahnuu? kkk

Anonymous said...

suheenee shkee, mani idea uuriinhuu sanaag l bas helev bish uu. ingej heleh baih ni ternii asuudal za.
ariunaakaa.

алтаргана said...

тэр хүн сандал ширээгүй амьд явж чадахаа больсийм шиг билээ. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдгийг мэддэггүйм бол уу экс асан гуай...арав хорин жил бүх эрх мэдлийг гартаа атгачихаад хийгээгүй юмаа одоо хийнэ гэдэгт тэнэг хүн л итгэх биз ээ. Ху нам нь тэрнийг унагаасан бол хохь нь гэж сайхан үг бий дээ.

Anonymous said...

Аавд амьдрал үзүүлмээр байна. Цаатах чинь амьдралаас тасарчаад зүүдлээд байгаам.Хүүхдүүд нь үхээд эхнэр нь хүнийх болчуул яаанаа