2010/06/06

Шинэ өглөөг даллаж болжморууд жиргэнэ

/Төрөлх суманд маань төсөл хэрэгжүүлэхээр зориг шулуудсан хоёр оюутан охины сонинд бичсэн нийтлэлийг оруулав. Тэд "Сүйхэлжин" нэрт баг байгуулан, "Нутгийн шийдэл" сангаас оюутнуудын дунд зарласан төслийн уралдаанд шалгараад санхүүжилтээ дөнгөж хүлээж аваад байна. Миний бие "Болжморуудын клуб" төслийн зөвлөхийн үүрэг хүлээсний хувьд үр дүн, үйл явцаас нь блогтоо оруулж байхыг хичээх болно/

... Олондоо хар алтаараа алдартай Дархан Уул аймгийн Шарын гол сум өнөөдөр шар алтны хуучин орд тойрсон хятадууд, уугуул суугуул "нинжа" нарын хөлд дарагдаж, цаанаа нэг гандуухан бөгөөд гундуухан харагдана. Гагцхүү эндхийн цэлмэг хөх тэнгэр, цэнгэг сайхан агаар нь хотын бидний сэтгэлийг хөдөлгөн бишрэл бахдалыг төрүүлж байсныг нуух юун.

Галт тэрэгний зогсоолоос сумын төвийг чиглэх нарийн замаар хүн бүр яаран алхалж, өөр өөрийн зам мөрийг хөөн одсоор. Нутгийн иргэдийн аж байдлыг судалж тандахаар очсон бид ч тэр замаар ойр орчимдоо содон харагдах сумын төвийн гурван давхар маргад ногоон байшинг зүглэн алхлаа. Тэр барилга нь сумын 11 жилийн 2-р дунд сургууль бөгөөд дам танил хүнтэйгээ уулзахаар тохирсон газар маань байлаа. Өглөөний 8 цагийн орчимд алхаж явсан бидний хажуугаар түмпэн сав барьж, шуудай хүрз үүрсэн ажлын бараан хувцастай 20-45 орчим насны хүмүүс зөрж өнгөрсөөр. Тэдгээрийн дунд охид, эмэгтэйчүүд ч цөөнгүй харагдана. Тэд бол алтны "нинжа" нар бөгөөд ажил амьдралаа залгуулж, амин зуулгаа олохоор "албан" ажилдаа гарч яваа нь энэ аж.

Шарын голын нүүрсний орд газрыг Монгол, Зөвлөлтийн хайгуулчид 1958-1960 онд нээн илрүүлж, 1961 оны намар уурхайчдын тосгоны суурийг тавьжээ. 16060 га нутаг дэвсгэр бүхий тус суманд одоо 8000 гаруй хүн оршин сууж байна. Нүүрсний орд түшиглэн байгуулагдсан үйлдвэрлэлийн хотхонд мал бэлчээрлэх олигтой нутаг дэвсгэр ч байдаггүй нь харин гашуун үнэн юм. Ерээд оны сүүлээр нутаг, дэвсгэрийн хуваарийг шинээр хийхдээ тус суманд багахан газар хуваарилсан нь одоо алт хайсан хүмүүсийн гарт танигдахгүй болтол сүйрээд, газар нутаг гэх юмгүй болж байна хэмээн галт тэргэнд таарсан нутгийн хүн халаглаж байсан юм. Үнэхээр ч багахан сууринг тойроод бараг хорь орчим алтны уурхайн ашиглагдахаа больсон ором, овоолсон шороо, нүхнүүд үлдсэн байв. "Шүрүүп" гэгдэх, гадаргыг нь хэвээр үлдээсэн атлаа дотор нь хөндийлж чанх доошоо ухсан нүхэнд мал амьтан олноор унаж хорогдох болжээ. Алтны ангуучид нөхөн сэргээлт хийлгүй "алтыг нь аваад авдрыг нь хаясан" учир ихэнх гол горхи нь ч ширгэсэн байх юм. Харин эндээс мөнөөх "нинжа" нар олзоо хайдаг аж. 15-20 орчим хүн нийлж нэг гал болсоор нийт 120 гаруй хүн эндээс амьжиргаагаа залгуулж байна. Энд тэндээс ирсэн явуулын "нинжа" нараар тэдний эгнээ улам тэлж байгаа аж.

Харин эмэгтэйчүүд голдуу хэсэг бүлэг хүн "нинжа" нарын хаясан шороог дахин угааж өнжинө. Тэд нүх ухаж, газар сэндийлж чадахгүй болохоор бусдын орхисон шороог бүсэлхий хүртлээ хүйтэн усанд зогсож угааж байж жаахан жуухан юм олно. Энд алтны ченж ч олон байв. Тэд нэг цэн алтыг 150-180 мянган төгрөгөөр иргэдийн гар дээрээс шууд худалдан авдаг бөгөөд тус сумын идэр залуусын ажлын байр зөвхөн энэхүү овоолгоотой шороо болжээ.

Алт дагасан даржин амьдрал энд үнэхээр амь бөхтэй оршиж, улам бүр "цэцэглэж" байгаа аж. Учир нь ганц гал залгуулж байсан Шарын голын нүүрсний уурхай хэдэн жилийн өмнө хувьд гарснаар хэвийн үйл ажиллагаа нь хумигдан, олон хүнийг ажилгүй болгожээ. Нүүрсээ бусдаар ухуулж байгаа тэд алтны үлдэгдэл дээр өөрсдөө найрлахаас ч өөр яах билээ. Одоо Шарын голын уурхайд ердөө 500 хүрэхтэй үгүйтэй хүн л хоолоо залгуулж байна.

Болзсон хүнтэйгээ уулзаж, хэрэг явдлаа хэлээд бид хамтдаа сумын төвийн зах хэмээгдэх төсөрхөн байшинд очлоо. Уугуул иргэд нь үүнийгээ "бирж" гэж нэрлэж заншжээ. Энд 45-60 орчим насны цөөн тооны эмэгтэй голдуу хүмүүс ойр зуурын хүнсний хэрэглээний бараа дэлгэн суужээ. Харин өглөөгүүр болоод тэр үү үйлчлүүлэгч нэг их харагдсангүй. Биржийнхээс бидний санал асуулга, судалгаа эхлэв. Амьдрал хэр байгаа, орон нутагтаа хамгийн их эмзэглэж, дутагдаж явдаг асуудлын талаар санал солилцож бидний яриа эхэлсэн юм.

"Бид байнгын айдас хүйдэстэй амьдрах болсон. Эргэн тойрон хятадууд химийн хортой бодисоор алт угааж байна. Үүнд нь бид хордсоор, хоёр дахь Хонгор болох нь дөхөж байна. Эрүүл мэнд өдөр тутам муудаж, идэж буй хоол хүнс, тэр ч байтугай өөрийн зарж буй бараандаа ч итгэхээ больсон. Залуу хүүхдүүд ажлын байр байхгүйгээс бүгд л алт ухан, эрүүл мэндээ хөсөр хаяж, хэдэн бор төгрөгийн араас хөөцөлдөн өдөр хоногийг өнгөрөөх нь энгийн үзэгдэл болжээ. Өөр сонголт ч тэдэнд алга байна шүү дээ" хэмээн захын худалдагч, 50 орчим насны эмэгтэй Д.. бидэнд хуучилсан юм. Амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд юу хийж болох, өөрт олдсон боломжоо хэрхэн ашиглаж эрүүл мэндээ сайжруулах, цагаа үр ашигтай зарцуулах талаар тэдний ихэнх нь тодорхой, цэгцтэй мэдлэггүй гэж хариулж байсан юм.

Дараа нь бид сумын нэгдсэн эмнэлгээр орлоо. Энд санаснаас олон хүн хэвтэж эмчлүүлж байв. Ихэнх нь дотрын тасгийн өвчтөнүүд байх аж. Сүүлийн жилүүдэд тус суманд хоол боловсруулах эрхтний эмгэгийн гаралтай ходоод, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэсний өрөвсөл шархлаа болон зүрх судас, таргалалтын өвчлөл эрс нэмэгдэж, жилээс жилд залуужсаар байгаа гэнэ. Дотрын тасгийн их эмч Ж.Гэрэлмаа ярихдаа "Манай суманд уул уурхайд ажилладаг, гар аргаар алт олборлож амьдардаг иргэд олон байдаг. Ажлын хүнд хүчир нөхцөл, ачааллаас болоод иргэд тэр бүр ажил амралтаа зохицуулж, амьдралын зөв хэвшил мөрдөж чаддаггүй. Ялангуяа сүүлийн гурван жилд ходоодны архаг үрэвсэл, дээд гэдэсний шархлаагаар өвчлөгсдийн тоогоор аймагтаа тэргүүлж байна. Тэдний ихэнх нь буюу 40,6 хувь нь 20-45 насны залуус байна. Харин хүйсийн тухайд эрэгтэйчүүд 59 хувийг эзэлж байна. Саяхны явуулсны судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 8,6 хувь нь л хоолны дэглэм баримталдаг гэсэн бол үлдсэн 91,3 хувь нь хоолны дэглэм огт баримталдаггүй, баримтлахыг ч хичээдэггүй гэсэн байгаа. Буруу хооллолтоос үүдэлтэй ходоод, улаан хоолой, нойр булчирхай, зүрхний өвчлөл хойшид нэмэгдэх хандлагатай байна" хэмээн холбогдох тоо баримтуудыг дэлгэн харууллаа.

Эндээс бидний зорьсон зорилгын учиг тайлагдах шиг болов. Шарын голчуудын өвчлөлийн гол шалтгаан нь буруу хооллолт, ажил амьдралын зохисгүй хэв маяг гэдэг нь олон талын эх сурвалжаар нотлогдож байна. "Эрүүл биед саруул ухаан оршино" гэдэгчлэн эндхийн хүн амд бага боловч тус хүргэх үүднээс эрүүл зохистой хооллолтын талаар сургалт явуулж, амьдралын зөв хэв маяг, цагийн менежментийг төлөвшүүлэх зорилт бүхий өглөөний клуб ажиллуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрэв.

Энэ бодол маань иргэдтэй уулзахад ч батлагдаж байлаа. Шарын гол сумын нийт иргэдийн 56 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Тэдний 70 орчим хувь хөдөлмөрийн насныхан бөгөөтөл нас баралт харьцангуй эрт байгаа нь ч ахуй нөхцөл, амьдралын дадал хэвшилтэй холбоотой аж. Нүүрсний уурхайн гүний хэсэгт ажилладаг залуустай уулзахад ихэнх нь өглөөний цайгаа уулгүй гараад үдээс хойш нэг мөсөн их идэж, орой ажил тараад хүнд хоол оройтож идээд унтдаг хэмээн ярьж байв. Ажлын ядаргаагаа тайлах гэж архи нэлээд "залдаг"-аа ч бас ний нуугүй хэллээ. Тус сум архидалтаас үүдэлтэй өвчлөл, гэмт хэргээр улсад нэлээд дээгүүр "давхидаг" тухай албаны эх сурвалжууд өгүүлж байсан.

Харин эмэгтэйчүүдийн дунд хэт таргалалт түүнтэй холбоотой өвчлөл эрс нэмэгдэж байгаа гэнэ. Зохистой хооллолт, зөв хэвшил, идэвхтэй хөдөлгөөн нь эрүүл байхын үндэс гэдгийг тэд мэддэг ч хэрэгжүүлж чаддаггүй, хэрэгжүүлэх нөхцөл боломж, түлхэц дэмжлэг ч байдаггүй тухай ярьж байв. Хэрэв ийм сургалт, клуб нээгдвэл дуртайяа хамрагдахаа ч мөн онцолж байлаа.

Гэхдээ Шарын голчуудыг бүгдээрээ эрүүл зөв амьдралын мэдлэггүй гэж хэлж болохгүй. Тэдэн дунд хүнсээ өөрсдөө бэлдэж, эрүүл зөв хооллон, ажил амралтаа зөв зохицуулж, амжилт гаргаж яваа иргэд цөөнгүй байна. Гэхдээ түүнийгээ олон нийтэд хүргэж, мэдлэг, мэдээлэл өгөх аргаа нэг л олохгүй байгаа нь ажиглагдаж байв. Чухам ийм л хүмүүсийг түшиглэж, өглөөний клуб ажиллуулах нь зүйтэй санагдлаа. Дэд бүтэц, холбоо харилцаа, зам харгуй сайтай энэ хотхоныг өнгөц харахад байхгүй юмгүй мэт боловч өнгөр рүү нь шагайгаад үзвэл ард иргэд рүү чиглэсэн, өртөг хөрөнгө тэгтлээ шаардахгүй атлаа үр дүн нь хүнд хүрэх ажил үнэхээр ус агаар мэт дутагдаж байна. Хэрэгтэй цагт нь хэрэгтэй мэдлэг, мэдээллийг хүргэж чадвал хэзээ нэгэн цагт заавал үр дүн нь гардаг. Газар нутгийг нь унаган төрхөнд нь оруулж, ганц амьдрал болсон уурхайг нь өөд нь татан додомдож чаддаггүй юм гэхэд хүмүүст нь хэрэгтэй, хүүхдүүдэд нь тустай мэдлэг өгч, гэр бүлд чиглэсэн эрүүл амьдралын хэвшил тогтоох нь зүйтэй гэсэн нэгэн үзүүр сэтгэл өвөрлөсөөр уурхайчдын хотхоноос буцах болов.

Бид Шарын голд өглөөний клуб байгуулах төсөл бичихээр шийдлээ. Түүндээ "Болжморуудын клуб" гэж нэр өгнө. Клуб маань өглөө эрт ажиллана. Эрт босож, эрч хүчээр цэнэглэсэн хүмүүсээс эерэг бодол, ирээдүйг чиглэсэн сайхан мөрөөдөл гарна. Тэнд хүмүүс цугларч, зөв сайхан зүйл ярьдаг байгаасай, зөв амьдрахад хэрэгтэй мэдээллийг авч, харилцан туршлага солилцдог байгаасай гэж хүснэ. Хэрэв төсөл маань батлагдаад, санхүүжилт олдвол нэг ч гэсэн хүнд эрүүл зөв хооллолт, цагийн зохистой менежмент, амьдралын зөв дадал зуршил суулгах эерэг мэдээлэл өгч, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нь туслах эмийн бус эмчилгээ болох юм. Ингэвэл дээр өгүүлсэн айхтар айхтар тоо, сэтгэл эмзэглүүлсэн сөрөг үзүүлэлтүүд бага ч болов буурна. "Улсын хөгжил хөдөө орон нутгаас эхтэй" гэж бид олонтаа ярьдаг. Тэгвэл хөдөөгийн хөгжил хувь хүнээс эхлэх болов уу. Эрүүл энх байж хүн хөгжилд хүрэхээс бус энэ мэт өөрийн биеэ золиослон, таван цаасны төлөө тартагтаа тултал зүтгэсээр эцэст нь эрүүл мэнд ч үгүй, хийж бүтээсэн зүйл ч үгүй дуусахыг тэд өөрсдөө ч хүсээгүй нь мэдээж. Эх орны нүүр царай болсон оюутан бид ч үүнийг хүсэхгүй. "Дэм дэмэндээ" гэгчээр чадах ядахаараа цаг алдалгүй ямар нэг зүйл хийж, хувь нэмрээ оруулахыг хүснэ.

Биднийг жижигхэн эрэл хайгуулаа дуусгаад буцахад сумын төв замын хажуу талын улиаснуудад болжмор жиргэсээр үдсэн юм. Шингэх наран, сэвшээ салхитай Шарын голынхны амьдралд бага боловч ахиц үзүүлэх алхам нь шинэ өглөө, түүний өгөөж байх болно.

МУБИС-ийн сэтгүүлзүйн III курсын оюутан
Н.Рэгдэнгарав, Б.Ууганбаяр
/2010.05.19/
УБ-Шарын гол-УБ


5 Сэтгэгдэл:

Anonymous said...

Өө юувээ Өргөн чөлөө юү өдөр тутмын сонин уу? Идеяа чи юм бичихгүй бол битий болсон болоогүй юм чихээд блогоо гутаагаад бай л даа.

Arsun said...

Сайхан санаачлага байна. Амжилт хүсье.

Zolbayar said...

Шарынгол сайхан нутаг
Шүрэн галын дөлт
Шар хар алтны нутаг
Сум гэлтгүй хотжилттой
Суурин гэлтгүй хөдөөтэй
Эрт галавын нэгэн үеийг
Элэг хэвлийдээ хадгалан ирсэн
Энэ түүхийн нэгэн жарныг
Энгэр цээжиндээ сийлэн бичсэн
Арван ястан цуглан эвлэж
Арван хуруугаараа бүтээн босгосон
Аймгийн дайтай нэгэн сум
Аягын чинээ нэгэн хот
Уурхайчдын өлгий нутаг болсон
Уулсын дундах бяцхан Тосгон
Буурал хангайн үргэлжлэл болсон
Бараа ихт Буянтын уулс
Шаагин урсдаг нь дурсамж болсон
Шаазгайтын голын саарин голдрил
Тойроод ирмэгц нутгийн бараатай
Тормон чулуут Хадан хошуу
Аадар бороо асгарч үзээгүй
Амгалан тайван Шиврээ нарийн
Шар цэцгийн хивсээ дэвссэн
Шарын голын ногоон нуга
Молор эрдэнийн туурайн төвөргөөнтэй
Монгол наадмын Морин толгой
Омголон эрсийн л оройд нь гарах
Онгон дагшин Дархан уул
Ирсэн бүгд нь эндээ идээшдэг
Явсан бүгд нь яараад буцдаг
Шарынгол миний нутаг
Сайхан нутгаа гэсэн
Санаа нэгтэй бидний нутаг


2010.06.23 О.Золбаяр

Zolbayar said...
This comment has been removed by the author.
Zolbayar said...

Шарынгол сайхан нутаг
Шүрэн галын дөлт
Шар хар алтны нутаг
Сайхан сайхан гэвч нутаг минь
Сар жилээр уйлж байна
Шарынголынхоо урсгалтай хамт
Сайхан мэлмий нь хатаж байна.
Шаагин урсдаг байсан нь дурсамж болж
Шаазгайтын гол хайргаар шаргиж байна
Элгэнд нь нуугдсан эрдэнийн төлөө
Энгэр цээжийг нь ярж байна
Бурхантын хөндийг бурхан танихгүй болтол
Буурлын нутгийг үрс нь мэдэхгүй болтол
Будаа шиг олон уурхай нутгийн минь хөрсийг
Буцааж сэргэшгүй сэндийлж байна
Мал биш машин бэлчдэг болжээ нутагт минь
Машин машиндаа механикжсан техник урамддаг болжээ
Монгол наадмын Морин толгойд минь мөдхөн
Морьдын төвөргөөн биш моторын дуу хангинах вий дээ
Тэнгэр дуугарахад голын хор арилдаг гэж
Тэсэн ядан хүлээдэг байлаа багадаа
Бүлээн урсгалт голдоо сэлэхээр
Бургастын шугуйдаа яардаг байлаа
Тэгтэл одоо тэнгэрийн дуунаас түрүүлж
Техникийн дуу нүргэлдэг болжээ
Умбаж байсан голын минь урсгал
Улаан хоормогоор эргэлдэхболжээ
Амгалан тайван Шивэртийн хөндийд хүртэл
Алтны сургаар онгичоод эхэлж
Харь зүгийн доншуулагчид ч ирэх юм
Халх түмний минь үрс ч цугларах юм
Иргэншил өөр угсаа ондоо ч
Ирсэн зорилго нь үл ялгагдана
Хангайн минь хишгийг хэдий хүртэвч
Ханаж цадахаа мэдэхгүй юм даа
Дархан уул минь нулимсаа барж
Тахихаас нааш ивлэхээ больж
Өврөөс нь ивлэдэг байсан тэр рашаан
Өнө эртний дурдатгал болж.
Алтыг нь аваад авдрыг нь хаялгүй
Авч үлдэе энэ нутгаа
Сайхаан сайхан гэхдээ миний нутаг
Санаа нэгтэй бидний нутаг.

2010.07.01 О.Золбаяр