2010/07/01

Шарынгол сайхан нутаг

/6-р сарын 6-нд блогт маань орсон "Шинэ өглөөг даллаж болжморууд жиргэнэ" бичлэгт нэгэн шүлгэн коомент иржээ. Төрөлх сумынхаа сайхнаар бахархсан, басхүү алтны ангуучдын сүүдэрт үзэсгэлэнт төрхөө гээж байгаад нь санаа зовиносон нэгний харамсал нэвт шингээстэй уг шүлгийг арай олон хүнд хүргэх үүднээс бүрэн эхээр нь орууллаа. Уран яруу, утга төгөлдөр үгсээр ухаарал хайрлаж, унаган нутгаа хамгаалахыг уриалан дуудсан О.Золбаярт баярлалаа/

Шүрэн галын дөлт
Шар хар алтны нутаг
Сум гэлтгүй хотжилттой
Суурин гэлтгүй хөдөөтэй

Эрт галавын нэгэн үеийг
Элэг хэвлийдээ хадгалан ирсэн
Энэ түүхийн нэгэн жарныг
Энгэр цээжиндээ сийлэн бичсэн

Арван ястан цуглан эвлэж
Арван хуруугаараа бүтээн босгосон
Аймгийн дайтай нэгэн сум
Аягын чинээ нэгэн хот

Уурхайчдын өлгий нутаг болсон
Уулсын дундах бяцхан Тосгон
Буурал хангайн үргэлжлэл болсон
Бараа ихт Буянтын уулс

Шаагин урсдаг нь дурсамж болсон
Шаазгайтын голын саарин голдрил
Тойроод ирмэгц нутгийн бараатай
Тормон чулуут Хадан хошуу

Аадар бороо асгарч үзээгүй
Амгалан тайван Шиврээ нарийн
Шар цэцгийн хивсээ дэвссэн
Шарын голын ногоон нуга

Молор эрдэнийн туурайн төвөргөөнтэй
Монгол наадмын Морин толгой
Омголон эрс л оройд нь гарах
Онгон дагшин Дархан уул

Ирсэн бүгд нь эндээ идээшдэг
Явсан бүгд нь хоргодоод буцдаг
Шарынгол миний нутаг
Сайхан нутгаа гэсэн
Санаа нэгтэй бидний нутаг

Шүрэн галын дөлт
Шар хар алтны нутаг
Сайхаан сайхан, гэвч нутаг минь
Сар жилээр уйлж байна

Шарынголынхоо урсгалтай хамт
Сайхан мэлмий нь хатаж байна.
Шаагин урсдаг байсан нь дурсамж болж
Шаазгайтын гол хайргаар шаргиж байна

Элгэнд нь нуугдсан эрдэнийн төлөө
Энгэр цээжийг нь ярж байна
Бурхантын хөндийг бурхан танихгүй болтол
Буурлын нутгийг үрс нь мэдэхгүй болтол

Будаа шиг олон уурхай нутгийн минь хөрсийг
Буцааж сэргэшгүй сэндийлж байна
Мал биш машин бэлчдэг болжээ нутагт минь
Машин машиндаа механикжсан техник урамддаг болжээ

Монгол наадмын Морин толгойд минь мөдхөн
Морьдын төвөргөөн биш моторын дуу хангинах вий дээ
Тэнгэр дуугарахад голын хор арилдаг гэж
Тэсэн ядан хүлээдэг байлаа, багадаа

Бүлээн урсгалт голдоо сэлэхээр
Бургастын шугуйдаа яардаг байлаа
Тэгтэл одоо тэнгэрийн дуунаас түрүүлж
Техникийн дуу нүргэлдэг болжээ

Умбаж байсан голын минь урсгал
Улаан хоормогоор эргэлдэх болжээ
Амгалан тайван Шивэртийн хөндийд хүртэл
Алтны сургаар онгичоод эхэлж.

Харь зүгийн доншуулагчид ч ирэх юм
Халх түмний минь үрс ч цугларах юм
Иргэншил өөр, угсаа ондоо ч
Ирсэн зорилго нь үл ялгагдана

Хангайн минь хишгийг хэдий хүртэвч
Ханаж цадахаа мэдэхгүй юм даа
Дархан уул минь нулимсаа барж
Тахихаас нааш ивлэхээ больж

Өврөөс нь ивлэдэг байсан тэр рашаан
Өнө эртний дурдатгал болж
Алтыг нь аваад авдрыг нь хаялгүй
Авч үлдэе энэ нутгаа

Сайхаан сайхан гэхдээ миний нутаг
Санаа нэгтэй бидний нутаг.

2010.07.01 О.Золбаяр

3 Сэтгэгдэл:

Anonymous said...

сайхан шүлэг байна өө, Шарын гол шар алтнаасаа болж уруудаж байгаад харамсаж байна

ulak said...

ene shulgiig enhjargal bagshin huuhed zolbayar ah zohioson yumu

Ariunaa said...

goe shvleg bna... uuchlarai ter erhem manai nutag neeh ch bas uruudan doroitood hetsvded bgaa yum bhgvi bgaa