2010/10/13

Хазайлттай гурван жил

Хэнд ч хэрэгтэй юм, гудамжны нэртэй нэг булан нээгээд гуачиж савчсаар явтал гурван он улирчихаж.

Гурван жил гэдэг хүний амьдралаар жишвэл чамгүй урт түүх. Хулс тарьсан бол цахиур нахиа цухуйчих, хүүхэд төрүүлсэн бол биеэ хөөрхөн даачих, бизнес эрхэлсэн бол эргэлтийн мөнгө хуримтлагдчих, биеийн тамираар хичээллэсэн бол боломжийн булчин суучих хугацаа.

Гэвч, хумсалж авсан орон зайд минь хулс ч ургасангүй, хүүхэд ч торнисонгүй, блогийн эзэн ч бахь байдгаараа, бодол санаа нь ч тасан хэвээрээ, нүдэнд торойж санаанд сарайх хувирал хийгээд дэвшил хумсын толиохон чинээ ч үзэгдэхгүй л байна.

Гагцхүү халтайж нойроосон хагас мянган сэтгэгдэл, хальж халтирсан зуу давсан бичлэг, эргээд уншихад ичмээр эрээн мяраан дурсамжууд, эргүү галзуу нь мэдэгдэхгүй этгээд хачин сараачмалууд энд эзэн суужээ. Баллаж сохлоод ч, баллуурдаж зүлгээд ч арилахгүй хойно гэнэн тэнэгийн гэрч болоод байж л байг.

Надаар овоглосон навсархай шар блогоор минь зочилж, цагаа үрж үгээ үлдээдэг, хүлээлгийн өрөө шиг хүнийрхэлгүй зөвлөдөг зоригжуулдаг бүхэнд талархаж таван үг татлахгүй бол ойд зориулсан бичлэг минь лаагүй бялуу шиг, ламгүй хийд шиг сүргүй хийгээд хүчгүй болох нь гарцаагүй. Нэмж өгүүлэхэд, нэрээ нууж орж ирээд нэвширтэл балбаад гардаг нэг ч юм уу, нэг хэсэг ч юм уу сээгийчдэд “хайртай шүү” гэчүүл хамаагүй далийсан болчихийн болуу.

Анх албан мэдээний хайрцагнаас гарах жижкээн хүслээр блог нээж байлаа би. Зээлээд байх илүү мөнгөгүй, зэврээд байх иртэй үзэггүй хүнд өөр ямархан том зорилго байгаа аж. Эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг өөрийн нүдээр хараад, энгийн үгээр бичиж оруулж байх гэж энд арын хаалгаар, дарга найзын хүчээр газар авсан санагдана. Гэтэл үндсэн зорилгоосоо үлэмж хазайж, хувийн чанартай галбирын хальтиргаа, ослын буулт хийсээр таарч.

Тэргүүн шугмын төлөө тэнхээ мэдэн давхилдах тэмцэлдээнтэй салбарт ажилладаг хэрнээ арын эгнээнд арав дахь хавраа угтаж яваа нь магад маний тавилан ч билүү.. Сүүдэрт нуугдсан он жилүүдийн сүүлийн гурван жилийн “бонус” нь блог юм уу даа. Энд нар тусдаг, хааяа ширүүн салхилдаг. Гэвч би жинддэггүй. Зорилго энэ тэр ч бодолгүй, зоргоороо сайхан л жиргэжийн.

За тэгээд.., заримдаа харамсах юм байнаа байна. Хамаа намаагүй сараачдаг энэ орон зайгаа нууц хэвээр нь хадгалж, минийх гэж мэдэгдэхгүй авч явах минь яав даа гэхчлэн. Өөрийнхөөрөө байж чадахгүй, хэлмээр санагдсанаа хэнхдэг рүүгээ шиддэг, хэн нэгэнд тал алдчих вий гэхдээ үгээ зөөллөж, үйлдлээ сааралтуулдаг талбар надад дутсан биш дээ уг нь.

Зарим нэг нь хувийн сараачмалаас сайн дураараа дүр олж авчихаад дуугаа хурааж дургүйлхсэн ч удаатай. Хүний өдрийн тэмдэглэлийг олж уншчихаад хамаагүй реакцлах нь хаашаа юм, хаалгаа онгорхой орхичихоод орж ирснийг нь хажиглах ч хэцүү, яамаар ч юм бэ дээ. Алгын чинээ амины бүсдээ амны цаас шиг тоомжиргүй хандсан нь миний хохь болж таарчийнуу, яажийн.

Хааяа, “Өргөн чөлөө”-гөө өндөр чулуугаар хашиж, хааж хаячихаад тэс өөр газар, тас танихгүй нэрээр үнсэн саарал гудамж сүндэрлүүлмээр ч юм шиг. Тэр нь харуудын хороолол шиг хачин замбараагүй, саравчтай малгай хэлтгийдүүлж, салтаа нь унжсан өмдтэй хип хопууд, эсвэл Алисагийн ертөнц шиг бодит амьдралд боломжгүй зүйлсээр дүүрэн... Тэгээл хэн нэгнийг халз мэтгэлзээнд дуудаж, зарлаагүй дайнд ирээгүй хэргээр гоц мөргөөл... Эсвэл хар тамхичин ч юм уу, халаасны хулгайчийн дүрээр бодол төсөөллөө бодит юм шиг гөвөөл...

Гөжүүдэлмээр байг-өөөөөө сүүлийн үед. Жич хэлээд өнгөрөх юмыг асуудал болгон дэвэргэх, өөрт нь гай тариагүй байхад өлгөж аваад барьцалдах, юухан дээр ч болов тэгш биш хандах, юуны төлөө ч юм өө эрэн зуух... Хэн ч биш хэн нэгэнд хүртэл хэрд нь таарсан баллуурдагч байдаг болтой. Бусдын үгээр хачир хийж, буруутгах хандлагаар линз хийх амархан, гэхдээ хүнийг бас сонсдог байх хэрэгтэйшд.

Заза, айлын ширээний амттан болгон руу сарвайх сахилгагүй хүү шиг саваагүй шар блогийнхоо сэвлэгийг нэг иймэрхүү дундуур сархадтай, дутуу идээтэй л үргээлээ. Эзэн хүүхэн чадарчихгүй бол эрийн цээнд хүрэхээр нь нижгэр найр хийнэ... Эсвэл бийзи байна , барахгүй нь гээд бийг сэйлдээд зарчихнөө, ядах юмгүй.

... нээх гоё үгээр дуусгачий гэтэл наклад зуураад кардан татаж болдоггүй гэнээ. Бинзенээ юүлээд ч хамаагүй зогсохгүй бол бантсандаа бадайраад, бадайрсандаа балайрч өгөх нь. Нэг дажавтар үг байдгымаа, сая би зохиочвуу, яав? “Бичихээс залхах тэр мөч ирэхэд би утаа мэт замхарна”...

18 Сэтгэгдэл:

А said...

Зээээ буцаад ирэхэд булаг шиг дайраад ирэхэд далай шиг байх болтугай.

Хурдан юмаа 3 жил.

Anonymous said...

Монголхатан:блог гэж мэддэггүй байхдаа л танайхаар эргэлддэг байлаа. өөр өнгө аяс, үг өгүүлбэр холбох уран яруу авьяастай бүсгүйд баярын мэнд.
Гашуун гэж гололгүй ганц зуу татчих уу, найзаа...

Amgaa said...

Бичихээс залхах тэр мөч мөддөө бүү ирэг

Galavsai said...

Uuu tanai ohin tom boljee. Manai banditai uyten yumshivdee. Daahiig n urgeehdee duudaarai. Haich bhgui ch hazaad ch boltugai heden haylgas suga tatahtaigaa bgaa shuu muu uvuu n...

uka said...

Happy birthday to your blog!

Yagaal tursun udruuruu urvaij unjignaad baina daa, tsoglog bai l daa, udiid bayriin shiree gollood suutsan, gurvan laagaa gunig urgetel uleedeg gazar bishu.

Yaj ch bsan Urgun chuluug bitgii haagarai, ene blog irgenii setguulzuin tuluulul gdg utgaaraa chamaas urt naslah yostoi shu.

munkhbold36 said...
This comment has been removed by the author.
munkhbold36 said...

sayhnaas tanai blogiig meddeg bolloo ho. Setgelge chn selemnii ir shig ayultai, ugiin baylag ulemj yumaa. Bichdg shigee yaridg bol balaig n holihnee.Amjilt^^

zzz said...

сэтгэгдэл уншдаг ч үгүй, бичдэг ч үгүй болохоор энэ хүмүүсийг яг ямар сэтгэгдлүүдээс болж баярлаж, гомдож, зарим нь блогоо хувийн болгох дээрээ тулдаг болохыг мэдэхгүй юм даа. Мэдээж бусдад уншуулах гэж, бусдын саналыг сонсох гэж л юм бичээд, тэрийгээ ил байлгадаг л байх л даа. Аа тэхдээ,...гэдэг шиг, хүмүүс угаасаа бөгс ухах дуртай л байдагшт. би ч, чи ч адилхан тодорхой хэмжээнд тийм дур хүсэл агуулж л байгаа. Тэгээд хамгийн гол нь, тэр үг, үйлдлийг нээх хүндээр тусгаж аваад байх шаардлага байгаамуу? яахавдээ, хэн гэдгийг чинь, хаана ажилладгийг чинь мэддэг байлаа гээд, чиний оршихуйд тэгтлээ аймар халдаж чадахгүй биз дээ?

pbolor said...

Баярын мэнд хүргэе! Хайртай шүү, байнга уншдаг.

amor said...

хүлээж уншдаг блог шүү.
эзэн авхай чадрахгүй бичээд л байвал уншигч би бээр үхэхгүй гүрийгээл уншаад баймаарсан.
дүүрэн дүүрэн амжилт!

Idea said...

Юки: Буцаад ирэхдээ бурамтай чихэр, дайраад ирэхдээ данхтай цай май бариад ирдийншдээ, тэгээд.

Монголхатан: Архи гашуун ч амьдралд тустай, амттан сайхан ч шүдэнд хортой гэдэггүй билүү, тогтооё оо.

Амгаа: Аль хэдийн ирчихсэн ч юм уу, мэдэхгүй ээ.

Галавсай: Өгөх бэлэгний үнийн саналыг харж байгаад урилганы хуваарилалт хийх юм байгаан.

Ука: Лаа үлээх нь байтугай лааз өшиглөх дээрээ тулчаад явжийнөө. "Өргөн чөлөө" үлдэнээ үлдэнэ, өөр хайчив л гэж. Унжийсан шалтгаан блогтой хамаагүй ээ, би харин тэс хөндлөн нэг параграф оруулчиж.

Мөнхболд: Бичихдээ бирээтиг шиг, ярихдаа ямбий араажав шиг нэг хүн байнаа энүүгээр. Далайсан сэлэмдээ өөрөө сүлбэгдээд, дайрсан үгэндээ өөрөө ороогдох л юм хааяа, хэхэ саатан уншдагт талархав.

ЗЗЗ: Сэтгэгдлүүдэд нээх гомдож баярлаж сүйд болдоггүй юм аа. Гол асуудал хувийн чанартай бичлэгүүд дотор орсон бусдын тухай үг өгүүлбэрүүдэд байгаа юм. Жишээ нь хамт ажилладаг хүнийхээ нэг үйлдэлд дургүй хүрээд блогтоо бухимдлаа тайллаа гэхэд тэр олж уншаад /эсвэл бусдаас сонсоод/ тангараг тасрах жишээтэй. Яг нэг хүнд хандаж бичээгүй ч ерөнхий агуулга дотроос өөр дээрээ тусгадаг ч юм уу, тэрийг л хэлээд байгаа ухаантай. Гэхдээ тэгж зэнзийрхэх хэрэггүй юм шиг байна, хойшдоо.

Пболор: Баярлалаа, бас дахин үнсий.

Амор: Эзэн авгай чадрахгүй ч энүүхэндээ цагаан туг өргөхөд бэлэн л явна, улаан туг гэж.. Гэснээс үргэлж хамт байж, үгийн дулаанаар урам өгдөгт ихэд талархаж явдаг шүү.

Энзо ба Эрх чөлөө said...

өглөө үдэшгүй өлийж гөлийж байн хүлээсээр "хазаалттай гурван жил" бичлэгтэй золголоо. сайхан байна өө таны бичлэгийг уншихаар.

Barkhasbadi said...

Эзэн нь мөнх блог нь бас мөнх байгээ. Магадгүй эзэн нь чадарсны дараа ч блог нь байж л байх байхдаа. Google гуай хэд наслах юм байгаа юм. Одоо үеийн блогууд 1000 жилийн дараа сүнс сүүдэр шиг хэдэн юм хүн амьтан айлгасан, учир битүүлэг зүйлс болох байх даа.

Anonymous said...

Chi neeree vnen belen tsetsen vgtei shvv haanaas gardag yum be getel ni undargaj uguh yum aa. Za yamar ch baisan blogiig chin 3-n nas hvrsen bayar hvrgie.

Arsun said...

Гучин жилийн дараа бас бичээрэй

Болорхон said...

Үзэг хурц байг ээ.... Арсун ахын ерөөлийг давтaя. I love your posts.

Surika said...

hun gej sonin amitan...urgelj saihan tsarai gargah gej yadarch yavdag amitan yum. Chinii blog unuudur nadad yamar ikh erch ugvuu...zovlongoo huvaaltsana gedeg ug chin iim uchirtain bii vii...kk.

bebe said...

ундраад барагддаггүй уран цэцэн үгээрээ улам олон хүмүүсийг татаарай бичлэг бүхэн чинь биширмээр байгээ гэж ерөөөеэээээ