2011/06/07

Буцламгай 38-р өргөрөг

Сэтгэлд хүрсэн ном, кино, жүжиг хэдэн өдрөөр бодол ээрч, хэн нэгэнтэй хуваалцахгүй л бол санаа амардаггүй хуучин зуршил сэргэж байгаа нь баярламаар ч бас лайтаймаа, мөрөөрөө амьдармаар байхад чинь кк.

Саяын амралтын өдрүүдээр хөдөө явахдаа Хойд Солонгосын ард түмний бодит амьдралаар бичсэн “Атаархах зүйл үгүй” номыг авч явж уншлаа. Нэг хойгт оршдог нэг үндэстэн яагаад хоёр хуваагдан үүрдийн дайсан болсон, тэнд ямар тоглоомын дүрэм үйлчилснээс нэг нь өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх гүрэн болж, нөгөө нь ертөнц дахины доог тохуу, дарангуйлал, өлсгөлөнгийн сонгодог жишээ болов гэдгийг сэтгүүлзүйн орчин үеийн төрөл non-fiction буюу баримтат утга зохиолын хэлбэрээр, нэлээд өөр өнцгөөс харуулж бичсэн нь сонирхол татав.

Зохиогч нь Барбара Дэмик гэгч америк эмэгтэй, “Лос Анжелес Таймс” сонины Бээжин, Өмнөд Солонгос дахь сэтгүүлчээр олон жил ажилласан, ер нь л Азиар занималдсан нэгэн аж. Тэр хойд Солонгост сурвалжлага хийх санаатай хэд хэд очсон ч үзэл сурталжсан нийгэмд үүн шиг гонжийн жоо голионы баас байдаггүйг мэдэрчээ. Үзүүлэнгийн хот Пхеньяан нь бодит байдлаас хол тасархай хуурамч дүр төрхийг бүрдүүлсэн байдаг бол хил боомт орчмын жуулчдад нээлттэй хэдэн суурин тусгайлан боловсруулан хатуу хөтөлбөр тулгадаг болохоор үнэний учиг олж атгах нь элснээс зүү эрэхээс ч хэцүү аж.

Тиймээс зохиогч хойд Солонгосоос Хятад, Япон, Өмнөд Солонгос рүү дүрвэсэн янз бүрийн насны хүмүүстэй уулзаж, 1945 онд Солонгос үндэстэн хоёр хуваагдсанаас эхлээд Кем Ир Сений цогцлоохыг оролдсон социализм эдийн засгийг нь хэрхэн унагасан, тэр нь ард иргэдийн амьдралд яаж нөлөөлсөн талаар яриулан, тэдний яриаг байж болох бүх гарцаар баталгаажуулж, “хориотой бүс”-д хөл тавьсан хөндлөнгийн хүмүүстэй холбоо тогтоох, баримт цуглуулахад сүүлийн хэдэн жилийг зориулсан байна. Энэхүү ном нь дүрвэгсэдтэй хийсэн түүний долоон жилийн ярилцлагынх нь үр дүн бөгөөд мэдээж энд хэтрүүлсэн, гуйвуулсан, зарим талаар хувь хүний үзэл бодол шингэснийг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч хойд Солонгос одоо хүртэл гадаад ертөнцөөс таслагдсан чигтээ байгаа болохоор тэнд чухам юу болдогийг хэнбугай ч дотор нь амьдардаг ард түмнээс давж мэдэх боломжгүй билээ.

Пхеньяанд одоо 108 давхар зочид буудал сүндэрлэж, орчин үеийн жишигт нийцсэн үйлдвэр үйлчилгээний газар ажиллах авч иргэд нь ядуу, эдийн засаг нь уналттай, нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ үлэмж доогуур, цэрэг, армийн зардал улсын төсвийн ихэнхийг нь залгисан хэвээр байгаа. Дотроо болж буй муу муухайгаа өнгөлөн далдалж нэлээд гүрийсэн ч хоёр сая хүн өлсгөлөнгөөр үхсэний дараа удирдагчид нь уналтад орсноо арга буюу зарласнаар имперлист дайсан гэж үздэг АНУ болон Өмнөдүүдээс тусламж авч эхэлсэн юм. Сүүлийн хэдэн жил цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэнэ гэсэн болзолтойгоор тусламжийн хүнсээр гол зогоон тэсч байгаа ч тэдгээр нь жинхэнэ очих ёстой газраа очдоггүй, өдөр нь айлуудад гурил будаа биечлэн тараадаг хэрнээ үдэш нь хаашаа ч юм зөөж хураадагийг энд өгүүлнэ.

Нийслэлд нь хайрт удирдагч Ким Ир Сен, түүний хүү Кем Чин Ирийн тэнгэр баганадсан хэдэн арван сүрлэг хөшөөнд өдөр бүр цэцэг өргөж, хайрлан ширтэж байгаа залуус хаа сайгүй таардаг ч сайн ажигласан хүнд тэдний харц ямар ч баяр баясалгүй харагддаг аж. Цэргийн дүрэмт хувцастнууд хөшөөнд мөргөхөөр тонгойход арьсан гутлынх нь дотроос нүцгэн шагай нь гялсхийдэг гэжуга. Оймс ямар нүдэнд харагдах биш, эх орны хамаг үйлдвэрүүд зогсчихоод байхад далд хувцас хунар ч яамай. Өлмүүн зэлмүүн амьдралын эрхээр жингээ алдаж турж эцсэн бол нийслэлд амьдрах эрхээ хасуулж хөдөө хөөгдөнө, НҮБ-ынхан болон гадныханд тусгайлан бэлдсэн эрүүл чийрэг хүүхдүүдийг л харуулна, ерээд оны эхээр бидний хэсэгхэн мэдэрсэн цахилгааны хязгаарлалт, картын бараа, хүнсний талон зэрэг нь энд ижил дасал болоод удсан амьдрал.

Хувийн өмч битгий хэл хувь хүний нууц гэж байхгүй энэ газар өөрөөсөө өөр хэнд ч итгэх аргагүй, бүгд нэг нэгнээ тагнаж чагнаж, мэдээлж байх үүрэгтэй. Хувь хүний төдийгүй үндэстэн угсаатны эрх ашгийг уландаа гишгэсэн нийгмийн харгис тогтолцоо хүний сэтгэх хийгээд эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх үзэл бодлыг арчин, хүлцэнгүй, муу санаатай, бас өөрсдийнхөө төлөө тэмцэх хүсэл эрмэлзэлгүй болгосныг харуулсан хирдхийм хурц жишээнүүдтэй хуудас болгонд таарах болно.

Гэрэлгүйн улмаас харанхуйд дотноссон хосууд, насаараа намын гишүүн болохын төлөө үхэн хатан зүтгэж байгаад өөрийгөө хятадын нохойноос дорд амьдарч байгаагаа тохиолдлоор мэдсэн эмч, “эх оронд ийм их эсгий гутал үйлдвэрлээд байгаа юм бол яагаад миний хүүхдүүд хөл нүцгэн байна” хэмээн гэртээ хэлснийхээ төлөө хөршөөрөө матуулж насаараа шоронд хоригдсон эр гээд номын баатар бүрийн амьдрал үзэл сурталд гинжлэгдсэн бүхэл бүтэн үндэстний эмгэнэлт түүхийг өгүүлжээ.

Үүрийн таван жингээр бүрээн дуунаар босч гимнастик хийхээс эхлээд социалист субботник, Хөдөлмөрийн намын сонсгол гээд хүмүүсийг амсхийх, амьдралаа эргэцүүлэх, тэмцэх завдал өгөхгүй байхыг эрмэлзэнэ. Хөдөлмөрийн намын гишүүн, өндөр албан тушаалтай хэсэг бүлгээс бусад нь дотооддоо үйлдвэрлэсэн цөөн нэр төрлийн хувцасаар л гангарах эрхтэй. Хамгийн ноцтой нь тэднийг төрсөн цагаас нь эхлэн тархийг нь угааж, бусад орнуудаас жаргалтай амьдарч байгаа, ямар ч атаархах зүйл үгүй гэж итгүүлнэ. Нэгдүгээр ангийн математикийн өгүүлбэртэй бодлогод “Найман хөвгүүн, есөн охин Ким Ир Сенийг магтсан сүлд дуулал дуулж байна. Нийт хэчнээн хүүхэд байна вэ” гэх буюу “Японы түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн дайны үеэр нэгэн охин эх оронч цэргүүдэд мэдээ дамжуулахаар явж байхдаа захидлаа таван алим хийсэн сагсанд нуун явжээ. Гэтэл цэрэг замд нь зогсоож, хоёр алимыг нь булаан авав. Тэгвэл сагсанд нь хэдэн алим үлдэх вэ?” гэх мэт.

Байдал өнөөдөр ч хэвээрээ байгааг тэнд гурван сараас дээш амьдарч үзсэн хүмүүс хэлдэг. Хоёр жилийн өмнө оюутан солилцоогоор Монголд ирсэн хоёр залуу л гэхэд хаа ч явсан салдаггүй, бие биеэ үргэлж тандаж чагнаж байдгийг мэдэх юм байна. 1990-ээд оноос эхлэн Хойд Солонгосын Өмнөдтэйгээ харилцах харилцаа улам хурцдах болсон. Байсгээд л гал нээж, хөлөг онгоц дэлбэлж, ижил цустай боловч өөр тархитай хоёр үндэстний зөрчилд дэлхийн халуун цэгүүдийн нэг болох 38-р өргөрөг үе үе буцалсаар байгаа. Тэнд зэвсэг техник, соёл хөгжил, үзэл суртал, эдийн засгийн гээд бүх талаар дайн өрнөж буй.

Ким Ир Сений ач, одоогийн удирдагч Ким Жон Илээс ч ихийг хүлээх хэрэггүй, учир нь тэр өвөөгийнхөө адилаар зөвхөн өөрийн хүчинд тулгуурлах "Жүчэ" үзэл суртлыг баримталдаг нэгэн. “Хойд Солонгосчуудад итгэл найдвар бараг үлдээгүй. Нэг үеийг бодвол тэд тотилитор дэглэмээс хэзээ нэгэн цагт салах хэрэгтэйг мэддэг болсон ч юу ч хийж чадахгүй. Чаддаг ганцхан зүйл нь зүгээр л суух. Ингэхдээ зөвхөн тэд л чадах хэв маягаар, хөлөө нугалан цээжиндээ авч өлмийн гүдгэр дээрээ тэнцвэрийн цэгийг нь тааруулан хэдэн цагаар сууж чаддаг. Хийх ажилгүй, суух сандалгүйдээ ингэж сууж сурснаас гадна ямар нэг юм өөрчлөгдөхийг хүлээсэн байдалтай байдаг” хэмээн зохиогч номоо дуусгажээ. Унших тусам Монголд төрсөндөө, монгол хүн болсондоо баярлах сэтгэл төрж байсныг хэлэх хэрэгтэй.

Мунхагийн алдаа ухаантны туршлага болдог. Монголчууд ч ялгаагүй их гүрнүүдийн эрх ашиг, үзэл суртлын золиос болчих гээд байдаг тал бий, болж ч явсан. Буруу бодлого, явцуу эрх ашиг, ядуу сэтгэлгээний балаг баялагтай, малтай улсыг ч тойрохгүй гэдгийг харуулах жишээ олныг дурдаж болно. Бид талхны амтат хачир болоод хэн нэгний ходоод руу орчихгүйн тулд тархи, сэтгэхүйгээ эрүүл байлгахсан.

7 Сэтгэгдэл:

Anonymous said...

Хойд солонгос ийм байгаа болохоор ямар ч хүчирхэг улс юу ч гэж хэлж чадахгүй байна шдээ. "Олон юм яриад байвал та нарт дунд хуруугаа үзүүлнэ шүү" гэж айлгаал нөгөөдүүл нь "аан за уучлаарай" л болж байна. Гэхдээ мэдээж сайшааж байгаа юм биш. Монгол маань дунд хуруугаа үзүүлдэггүй юмаа гэхэд ноомой дуугаар ч болсон үгүй гээд хэлчихэж болоогүй л юм байхдаа. Цөмийн хаягдлаа авцраад булсан юм дуулдаад байх юм.

free-liver said...

зөндөө олон юм бичиж байснаа болилоо,

ер нь бол сайхан зүйл уншчлаа,

Anonymous said...

Адьяа уншсан номоо л бичдэг болж дээ. хүлээж хүлээж орж ирэхээр л ном...

Сэгсгэр said...

Бид ч бас дөнгөж саяхан ийм л байсан. Гэхдээ тэр үед хүнд үзүүлчих "дунд хуруу" ч үгүй байсан... Ядаж айлгах "хуруу"-тай юм даа тэд.

Unknown said...

Номыг уншиж дуусаад хоолоо идлээ ямар их баярлаж хоол идсэн гээч би. Монголд төрсөндөө хоол ундтай байгаадаа хэхэхэ

Anonymous said...

Sain baina uu Idea,
Namaig Demberel gdg, Hollandaas bichij bn. Bi franchising-n talaar 1 nom orchuulj bgama, neleed engiin ug hellegtei, sonirholtoi nom bga, hevluuleh asuudlaa erunhiid ni zohitsuulsan. Ooroor chini umnuh ug, review bichuuleh sonirholtoi bna. Bolomj bololtsoo her bga bol? dmbrl@yahoo.com ruu holbogdono uu. Bayarlalaa.

Баярмаа said...

Гуталгүй гэж гомдоллодог аав арай шоронд ороогүй байхаа, сайн хараарай. Ямар ч байсан заль хийж байгаад мултарсан гэж байх шиг байсан. Би мөн сая 2 хоногт уншаад сэтгэгдлээ ингэж бичье гэж бодож байсан ч өөрөө амжчихлаа ))), дажгүй болжээ. БНАСАУ Хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа улс, манай улс бол хажууд нь эрх чөлөө нь дэндсэн улс юм даа.