2011/12/30

11 VS 11

Давхарлаж тавьсан хоног хугацаанууд хар аяндаа нимгэрсээр, дахиад нэг оныг юу юугүй үдэх болчихож. Цаг хугацааны торгон огтлолцол дээр алсарч буй жилийнхээ алдаа оноог дүгнэж, айсуй өдрүүдийн өнгийг бүдэгхэн боловч зураглаад сурчихаж.

Улирч буй оны онцлох явдлуудыг яг байгаагаар нь, ялимгүй мэйк-ап хийгээд, өмч хувьчлалаар олж авсан өөрийн ганц хөрөнгө болох дурсамжийн эрээн авдар луугаа дурданд ороогоод шидмой.

1. Цасан шуурга. Санаандгүй явж очоод саваагүй хуйд өртөв. Даарсан, яарсан, бас сэмэрсэн. Дахиж ийм шуурга дайрвал давж гарах дах дэгтий зэхэв. Урьд улын үзэгдлүүд үүний дэргэд зүгээр л сэвшээ салхи байж. Тиймээс салхин наадаанд цэг тавив.

2. Хямрал. Унтаж байсан могойны үзүүр дээр нь гишгэж сэрээв. Хамар доорхоо харалгүй харалган явсаны гай. Ухамсрын бэлзэг ядам хуруунд үлдэж, ул мөр нь зүүн чихэнд хоногшив. Хагархай зүрхийг нөхөж цойлдсон хаш эрдэнийн хоёр шигтгээ...

3. Зөрчил. Шимтэж дурладаггүй байсан шилэн хундагууд дугаарлав. Үг холбох минь ял болж, үнэндээ өнгөрснөөс өөрийгөө хайж байлаа. Гэхдээ олсон. Гэнэн өдрүүдтэйгээ, гэгэлгэн бодлуудтайгаа, өөрийгөө үнэлэх үнэлэмжтэйгээ, яг л хэлхээтэй түлхүүр цасан дээр унах мэт явдал дунд чимээгүй гээгдсэнийг олсон. Олохдоо олзтой олсон, одоо эднийгээ яасан ч алдахгүй ээ.

4. Зэмлэл. Хүчээр тогтоож байсан цорго эвдэрч, хүний санаанд оромгүй цэвдэг ус сад тавив. Шогширно, бас шагширна. Цаас байсан бол базаад түүдэг гал руу шидчихмээр, цаанаа гэдэн хөдөлж байсан ч тэсэв. Тэглээ гээд хохирсонгүй. Тэнгисийн ус ч цоргоор сэлбэгддэг.

5. Амралт. Тайзны жүжгээс бултаж, тагтны ард нуугдав. Туслах дүрийн жүжигчид эзгүй талбайг самбаачлав. Үзэгчгүй жүжгээс хааяа бултах зүгээр юм, үнэндээ надгүйгээр үзэгдэл үргэлжилсээр.

6. Гайхшрал. Уриад залаад ирдэггүй ховрын од зочиллоо. Удсан ч үгүй эргээд харуусал тээн харвалаа. Харамссангүй ээ, хамгийн бүдэг од цаг нь ирэхээр гэрэлтдэг.

7. Өөрчлөлт. Алхмын зайнд арай өөрийг сонгов. Үр дүнг нь урьдчилж хэлж мэдэхгүй ч өчүүхэн боловч сорил давахаар шийдлээ. Ашиг сонирхлын алим ар урдуур шидэлцэхийг эс тоон хийх ёстойгоо хийсэн шиг хийхийг хичээж л байна. Хүрээлэл хумигдах ч хөрвөх чадвар нэмэгдэнэ гэж горьдоно.

8. Нүүдэл. Хоногшсон газраасаа хоёронтоо хөдөлж, огт танихгүй шинэ газар амьдарч эхлэв. Ашиггүй дурсамж, хэрэггүй мэдрэмж бүхэн айл гэрийн илүүдэл хогтой орхигдов. Чухам надаар л дутах цорын ганц орчин.

9. Хувь нэмэр. Сайн дураараа, бас бусдын хүсэлтээр хэд хэдэн бүтээлд хуруу хумсаа нэмэрлэв. Учиргүй ухаарсан жил болоод тэр үү цагийн дайснуудыг цайзны тулаанд дуудаж, хайр найргүй хядан, бунханд булшлахаар зориг шулуудав. Дэмий балай зүйлст тархи зүрхээ мэдүүлж, сэтгэл хөдлөлийн сэлмэнд сүлбүүлчихгүй л байх сан.

10. Санал. Идэвх зүтгэл, амбиц шаардсан, ирээдүйд хэрэгтэй байж магадгүй хэд хэдэн санал ирэв. Бодож бодож нэг дээр нь л туналаа. Урьд хожид үнэлэгдэж байгаагүйгээрээ үнэд хүрлээ. Баярлах ч шиг, айх ч шиг. Хүссэн хүсээгүй хүсэл бодлынхоо хүрээг тэлэх цаг болжээ. Үүнийг хэрэв чадвал өөрийн гэх эрмэлзлийн маань хундаам тавигдана. Эс чадвал эгээ л байрандаа үлдэнэ. Эр чадал, эрхий мэргэнээ үзнэ дээ, болохоосоо болохгүйг хүртэл.

11. Хариуцлага. Хэзээ хэзээнээсээ илүү хариуцлага гэж юу болохыг мэдрэв. Бодож санасан юмгүй, бодлогогүй танхил явахад бас хязгаар байдаг бололтой. Зарим зүйлийг засч залруулж, индүүдэж зүлгүүрдэн эв зүйд нь оруулж, зөв гольдрил руу чиглүүлэхийн тулд өөрийгөө хоёрдугаарт тавьж сурах үе ирдэг юм байна. “Гол дүрийн гомдмоор улаан уруулт” явж залхлаа. Больё доо одоо, “бөн бөн”-рүүгээ бушуухан буцах минь.

Амьдрал маань тогтоод адал явдал үгүйлэгдээд байх шиг санагддаг байсан, сүүлийн жилүүдэд. Гэтэл 2011 он ёстой л “адал явдал дутаад байна уу чамд, май тэгвэл” гэсэн шиг учир замбараа, хөл толгой нь олдохгүй, орооцолдсон, шамбааралдсан, унжралдсан, гонжролдсон жил байв. Уналт ч байлаа, ололт ч байлаа, ухаарал түүнээс ч их байлаа. Алдаагаа давтахгүй, амжилтаа алдахгүй байх нь ирэх оны зорилт болог.

Блогоор маань зочилдог бүхэнд Шинэ оны мэнд хүргэе.

11 Сэтгэгдэл:

Оргил said...

shine onii mend saihan bayrlaarai..

free-liver said...

ehnii hesguudiig oilgosongui.

suuliin oguulberiig oilgow hehe.

Amjilt. Shine onii mend.

Dao yawj bn. shine onii mend shu.

uka said...

Нээрээ л адал явдал, ухаарал дүүрэн жил одож байгаам байна. Анддаа аз жаргал хүсье.

Gunba R. said...

engeed ooriigoo bas bagaar dugneed surchihbal ih heregtei shig baigaa shuu.

shine onii mend bugded n hurgii.

bum said...

Bi harin bugdiig "oilgov" Duud shine onii mend hurgeye

erdee said...

Ёстой л юм юмтай жил байж. Идейяадаа Шинэ оны мэнд хүргэж, ирэх ондоо энэ хэвээрээ адал явдал ихтэй, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.

Энзо ба Эрх чөлөө said...

11 iin 11 ontslohtoi humuus goeiiimoo kkkk

Idea said...

Dao: Шинэ оны мэнд, сайн сайхныг хүсье.

free-liver: Шинэ оны мэнд. Бүгдийг нь ойлгох гээд хэрэггүй ээ кк, би өөрөө ч хүчрэхгүй байгаан кк.

Ука: Үргэлж урамшуулж дэмжиж байдагт Укадаа баярлаж явдаг шүү. Ажил, амьдралд нь амжилт хүсье.

Содон Монгол: Харин тиймээ, энэ их хэрэгтэй. Эргээд дүгнэхэд бас сонин байдаг. Блог нтр бичих албагүй л ядаж тэмдэглэлийн дэвтэр дээрээ carry back хийж байвал...

Бум: Тэгээл байгаа юмаараа баярхаад байгаарай кк. Танд бас шинэ оны мэнд хүргэж, улам супер уран бүтээл хийхийг ерөөе.

Эрдээ: Больё доо хө, адал явдлаас залхжийн хэхэ. Энэ оныг элдвийн юм бодолгүй шаргуу хөдөлмөрийн жил болгохоор шийдсэн. Ядаж л шалаа өдрийн 3 толийтол угааж байнаа ккк.

Энзо: Энийг чинь 11 онтой хослуулах гэж албаар хасаад энэ. Тэрнээс биш ихдээд байна, ихдээд байна. Хурдан 2220 он гараасай кк.

Блогоор зочилж хоёр орны заагт хамтддаа байсан бүр найзууддаа ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ.

Anonymous said...

Бичлэг нь таалагддаг болохоор ай-диг нь олоод мэнд мэдтэл мэндийн ч хариугүй их зантай хүүхэн байналээ. өөрийгөө юу ч гэж боддог юм. Уг жаахан бусдыг хүндэлж сурвал зүгээр сэндээ.

Arsun said...

Эрхэм дүүдээ Сайн сайхныг ерөөе.

ZAYA said...

Эрүүл байж, их зүйл бүтээхийг хүсье.