2012/06/13

Танд ч бас "оргил" бий...


Хаанаас нь ч харсан юүдэн малгай шиг дүнхийх “Улаан” уул... Сүрдмээр өндөр биш ч татагдмаар нууцлаг бас хоргодмоор нөөлөг... Хүүхэд ахуй цагаасаа энэ л уулын бэлийг ороож, ширхэг чулуу бүрийг нь нүдлэх шахам тоглож өссөн алс баруун хязгаарын жаал хүү нэг л өдөр энэ хайрхан нь ер бишийн түүхтэй, бас чиг гэж өөрийнх нь амьдралын чиг шугам, дам нуруу болохыг олж мэдээд ихэд гайхжээ.

“Их аянд явж байсан Дөрвөд  далай хаан түр амсхийгээд мордохдоо энэ газар малгайгаа мартсан нь хожмоо уул болон тогтжээ” хэмээн эмэг эхийнхээ хүүрнэхийг амтархан чагнаж суусан тэрбээр бяцхан цээжиндээ домгийг амилуулан, нэгэн цагт том үйл хэрэг эхлүүлж, өөрийн “уул”-аа босгох холын мөрөөдөлд автжээ.  Өнөөдөр харин тэр мөрөөдлийнхөө альхан хавьд явна вэ?

Найман хүүхэдтэй өнөр өтгөн айлын тав дахь хүү найман ханатай гэртээ олуулаа бужигнаж, бусдын л адил эгэл жирийн амьдралаар өсч торнисон ч эдүгэ Монгол Улсын хувь заяаг шийдэж яваа хоёр том намын нэгийг нь удирдах хэмжээний улстөрч болжээ. Гэхдээ түүний амьдралын аль ч цаг үед “уул” босгох мөрөөдөл нь дагасаар ирж. Түүний босгох гээд байгаа тэр “уул” нь чухам яг юу байв?

Балчир багадаа багшийнхаа “Биеэ битгий тоо” гэж бичсэн байхыг хараад ямар тоо байдаг юм бол гэж толгойгоо гашилгаж явсан хөвгүүн өсч өндийхийн хэрээр амьдрал гэдэг яг л үүн шиг, хариу нь тодорхой атлаа үйлдэл нь ойлгомжгүй олон олон “бодлого”-ын цогц гэдгийг ойлгожээ. Түүнийхээр хамгийн хэцүү бодлого юу вэ?

Бусдыг сонсоно гэдэг яагаад түүнд “ялалт” гэдэг үгтэй адил санагддаг юм бэ? Тэр яагаад гэр бүлсэг, халуун дулаан уур амьсгалыг эрхэмлэдэг юм бол? Бас одоогийн манай улстөрчдийн шилдэг арга болох “БИ, БИ” гэж өөрийгөө дөвийлгөхийг ойшоодоггүй, харин  цаг үргэлж “БИД, БИД” хэмээн ярьж, бүгдээрээ, хамтаараа шийдэх ёстой гэдгээ үргэлж өөртөө сануулж явдагийн утга учир чухам юунд байна?

Тэр яагаад  Увс нутгийн хүү атлаа нутгийн аялгагүйгээр ярьж чаддаг юм бол? Бас  уул усаа ухдаг биш ургамал модоо ургуулдаг өсгөдөг бизнес хийдэг, түүнийгээ бусад шиг хулдан далдалдаггүй, харин ч тайлагнан танилцуулж, бахархан торддог юм бол? Ахлах ангийн сурагч чухам юу хийж үзсэн болоод “мөнгө гэдэг чинь ихээхэн халуун, бас гашуун байдаг юм байна” гэж ойлгож авав... Ер нь яагаад ажил амьдрал, хүсэл тэмүүлэл нь түүний хувьд оргил юм бол?

Энэ олон “яагаад”-ын хариу, энгийн юм шиг атлаа ихээхэн гүн гүнзгий агуулгатай бодрол эргэцүүллийн учиг зангилаа Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн “Оргил өөд...” дурсамж номыг унших тусам тодорхой болж байна. Гэхдээ байдаг л нэг намтар номоос ялгаатай нь түүний өлгөж авсан өнцөг, өгүүлж байгаа хэлбэр нь нэлээд өвөрмөц.

Туулсан амьдралаа туухайлан жинлэхээс гадна өнөөдрөө эргэцүүлж, ирээдүйгээ төсөөлөн гурван цагийн бэлчирт нэгэн цаг дор аялсан хэлхээсээ “Оргил өөд...” хэмээн нэрлэсэн ч бас учиртай аж. Гурван цэг дагуулсан хоёрхон энэ үгэнд түүний амьдралын бүхэл бүтэн философи, бас утга учир орших. Зөвхөн хувь хүний ч биш улс орон маань хаашаа, ямар замаар явж буйг бас дахин нэг бодмоглохоор. Ингэхдээ тухайн цагийн өнгө төрхийг нарийн урлаж, хувь хүний бахархал харууслыг хамтатган шаглаж, тэдгээр дотор нь залуус бид санал сэдэл, ухаарал авчих сургамжууд ч элбэг тохионо.

Хүн бүрт “оргил” бий. Гэхдээ хүрэх зам, туулах хурд, тэмүүлэх тэргүүн нь өөр өөр. “Оргил өөд...” та мацах уу, гүйх үү, эсвэл зүгээр л алсаас ширтэн санаашран зогссоор байх уу гэдгээ өөрөө шийдээрэй.








7 Сэтгэгдэл:

Anonymous said...

Ingeed gants unshdag baisan blogchin haltuurchin bolchdog ym baijeeeee

Anonymous said...

bichihgui baij baigaad iim yum bichih gej. Arai l uur gej bodoj bsan chini busdiin l adil boljee

Tsomo said...

Zahialga gej bodohgui bna, gehdee chi l songuulidah dutaj dee... Mongoliin medeenii site-d unshih ch yum oldohgui bhad, ordog blog mini inghe gej ...

uka said...

Уншсан номоо л танилцуулж бичсэн байна шүү дээ. Idea угаасаа ингэж номын review бичдэг. "Номын шүүмж" гээд ангилалд нь зөндөө ном байгаа биз дээ. Бид л харин юм болгоныг улстөржүүлж хараад байх шиг байна.

erdee said...

АН бас Айдиаг маань өмчилчихөө юү???

Я.Баяраа said...

Unen ug suun hariutai
Hudal ug suhen hariutai

gej

Unen ug bii...

Энзо ба Эрх чөлөө said...

Tugsguliin 2 mur ymar goe ymar unen yum be. Hureh orgil ni uur uur, hurdlah hurd ni ch bas gej....