2019/01/29

Хугархай



Хувиа бодох ... энэ зан халдварладаг гэвэл үнэмших үү.  Хэн нэг хүн зөвхөн өөрийгөө ярьж, өрөвдөж, дөвийлгөж, өөрийнхөөрөө дүгнэж, цэгнэж, шийдэж, тэгээд тэрийгээ тулгаж... Тэр тулгалтынх нь өмнө ямар ч хүчгүй мэт санагдаж, өдөр ирэх тусам гарах гарцгүй мухардаж...

Яван явсаар дотоод дуу хоолойгоо өөрт нь биш өрөөлд гаргадаг болчихсон ... Сонсож байгаад нь хашгирч, хань болж байгаад нь ачирхаж... Хувь эгод минь халдсан өчүүхэн л хандлага ирвэл өргөст хатгуулсан мэт өрвөсхийж, хэнд ч бай шүүлтүүргүй хариу барих...буцаахдаа мэдээж буцлалт огшилтоор сумлах ... хадсан хадаасаа тэгсгээд сугалж авах ч үлдсэн ормынх нь талаар өчүүхэн ч бодохгүй...

Хайрлуулах, ойлгуулах хэрэгцээ хангагдахгүй болохоор хаа хамаагүй нэгнээс нөхчих гээд л... Юм болгонд хожчих юмсан гэсэн нэг тийм хөнгөхөн шунал ... Ярилцах, сонсох, дэмжүүлэх ёстой орон зайдаа нэвтэрч чадахгүйгээс мөнхийн дутуугийн мэдрэмжтэй... ... Тэртэй тэргүй үг, үйлдэл буруудах учир оч шидэж өрдсөнөөс цурманд оруулж намжаах нь өлзийтэй..  Байгаа онохгүй болохоор тэс өөр орчил руу онилж тайвшраад л... Яахав, ялсан баатрын бахдалтай хэсэг явнаа бас... 

Харилцааны яг энэ доголдлыг ойлготлоо өч төчнөөн цаг хугацааг үрж, мөн тооны хүмүүсийг түлхэж, тэр хэрээр ганцаардаж, өширч, гомдож, улам бүр хувиа хичээсээр... Харин ойлгосон хойноо зүгээр л хоосон санаа алдсан. Хэнд ч юуг ч тайлбарлахыг, залруулахыг, буцааж авчрахыг хүсээгүй.  

Магад ингэж бодож байгаа минь буруугийнхаа шалтгааныг бусад руу чихэж аваад өөрийгөө өмөөрөх гэсэн бас нэг төрлийн хувиа бодолт ч юм билүү... Үзэл бодол, үнэт зүйл, ахуй орчин, аз жаргал, хайрын тухай ойлголт... бүх юм тэс өөр, өөр өөрийн үнэнээрээ зүтгүүлж, резин шиг 2 тийшээ татагдсаар хэзээ тасарч харвахыг зүгээр л хүлээмээр... Түрүүлж үйлдэл хийгээд, түүнийгээ дааж чадалгүй яллуулж суугаагийнхаа горыг үүрээд ... оногдсон буландаа өөр рүүгээ шургаад чимээгүйхэн хярах...

Сэтгэл доторх хугархай харагдах бишдээ ямар...

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

"Сэтгэл доторх хугархай ямар харагдах биш дээ"............ гунигтай