2010/05/25

Ч.Бямбаа: Монголчууд энэ удаа л нэгдэж чадахгүй бол дахиж хэзээ ч үгүй

/Нэг ийм ярилцлага авснаа орууллаа. "Сэрчихгүй бол сайхан л зүүд" гэдэг шиг нухчин даруулчихгүй бол сайхан л мөрөөдөл байна. Хүний нохой идэхээр өөрийн ид ээ гэж... /

Тавантолгойн орд газрын ашиглалтад оролцох зорилгоор байгуулагдсан “Монгол 999+” үндэсний нэгтгэлийн ТУЗ-ийн гишүүн, “Сборник” компанийн захирал Ч.Бямбаатай ярилцлаа.

-Монголын компаниуд нэгдэж, үндэснийхээ баялгийг эзэмших тухай яригдаад тодорхой хугацаа өнгөрлөө. Нийгэмд эерэг, сөрөг янз бүрийн уур амьсгал, хүлээлт үүсчихээд байна. Асуудал одоо яг ямар шатанд явж байна вэ?
-Бид ТУЗ-өө байгуулаад 14 хонож байна. Энэ хугацаанд арваад удаа хуралджээ. Амралтын өдрөөс бусад өдөр ажиллаад байгаа гэсэн үг. Дүрэм, журмаа батлаад, даргаа сонгочихоод байна. Нийгэмд үүсч буй янз бүрийн мэдээллийн тухайд, бид маш тайван хүлээж авч байгаа. ТУЗ-ийн дарга болон гишүүдээр сонгогдсон хүмүүстэй холбоотой элдэв дайралт, гүтгэлгүүд ч гарч л байна. “Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэдэг шүү дээ. “Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнийг нэгтгэлийн даргаар сонгосныг бүгд мэдэж байгаа. Түүний компани “жижиг Тавантолгой” гэж яригддаг “Тавантолгой транс”-ийн 49 хувийг эзэмшдэг. Уул уурхайн салбарт туршлагатай, орон нутагт ч тодорхой зүйл хийж байгаа гэдэг утгаар нь сонгосон. Гүйцэтгэх захирал болон, ТУЗ-ийн ажлын албаны дарга нар ч олонхийн саналаар, тал талаас нь шүүн ярилцаж байж сонгогдсон хүмүүс. Одоо “Монгол 999+”-д 1700 гаруй компани нэгдчихээд байна. Удахгүй бид орон нутагт салбар компаниудаа байгуулж, түүгээр дамжуулан хөдөөгийн аж ахуйн нэгжүүдийг бүртгэнэ. Удирдах зөвлөлийн гишүүд эхнээсээ орон нутаг руу явж байна. Цаг хугацаа, орон зайнаас шалтгааллаа гээд хөдөөнийхнийг орхигдуулж болохгүй шүү дээ. Энэ үйл ажиллагаа зургадугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

-Нэгдэж орохыг хүссэн компаниуд сая төгрөгийн босго төлж байгаа. Одоо цуглараад байгаа 1,7 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ? -Дүрэмд нийт 5000 компани бүртгэнэ гэж заасан байгаа. Нэг ширхэг хувьцааг 1000 төгрөг гээд бодохоор нэг компани 1000 ширхэг хувьцаа авч байгаа юм. Үлдэж буйг хувьцаанд нэгдэж орох компаниудыг бүртгэсээр байгаа гэсэн үг. Бид хуримтлалаа бүрдүүлж гүйцээд үзэл баримтлалаа боловсруулна. Тэгээд Засгийн газартай хэлэлцээ хийнэ. Тэр хүртэл нэг ч төгрөг үрэхгүй. Цугласан бүх мөнгө дансанд байгаа гэсэн үг. Түүнээс биш зарим хэвлэлээр бичсэн шиг, цөөхөн хүний “шотланд виски, шалдан хүүхэн, шарсан мах” болоод дуусчихсан юм биш.

-Энэ хувьцааг заавал аж ахуйн нэгж авах ёстой юу? Жирийн иргэд авч болохгүй юм уу?
-Үүнийг Компанийн тухай хуулиар зохицуулдаг юм байна. Тухайн консорциум үйл ажиллагаагаа эхлээд, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргасны дараа иргэд авч эхлэх эрх үүсдэг юм байна. Одоогоор татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн нийлэмжээр сан бүрдүүлэх хэмжээнд байна. Манай консорциумд нэгдэж буй компанийн тоо удахгүй 2000 хүрэх нь. Өдөрт 100 орчим компани нэгдэж байгаа гэдэг чинь хүмүүс маш идэвхитэй байна гэсэн үг.

-Хүмүүсийн итгэх итгэл сайн байгаа юм бол нийгэмд яагаад янз бүрийн хардлага гараад байна вэ?
-Хардлага сэрдлэг гарах янз бүрийн л шалтгаан байна. Нэг талаар энэ нь зүй ёсны хэрэг юм. Мөнгөө өгсөн хүмүүс чинь оруулсан хөрөнгөнийхөө араас санаа тавих нь тодорхой шүү дээ. Бүртгэл дуусмагц л төртэй шууд харьцаад эрхээ авах ёстой гэж ойлгож байтал бид бүртгэлийг үргэлжлүүлээд байгаа нь ч бас эргэлзээтэй санагдаж болно. Бид аль нэг аж ахуйн нэгжид давуу эрх олголгүйгээр, бүх хүмүүст боломж олгохыг хичээж байгаа. Түрүүлж нэгдсэнд нь ингэнэ, сүүлдэж орвол тэгнэ гэсэн юм байхгүй. Яагаад гэвэл мэдээлэл янз бүрийн сувгаар тарна, зарим нь хоцорч мэдээлэл авч байгаа, зарим нь болгоомжилно, харзнаж хүлээзнэнэ гээд юм юм болно. Энэ нэгтгэл хүмүүсийн мөнгийг төвлөрүүлчихээд хэдхэн хүний олз болгох вий, Хадгаламж зээлийн хоршоо шиг замарчих вий гэх мэт болгоомжлол байна. Бид дор хаяж 5000 компани нэгтгээд, багаар бодоход таван тэрбум төгрөгийн сантай болох ёстой. Гэхдээ энэ бол Тавантолгой, Оюутолгойг олборлоход хаанаа ч хүрэхгүй, бага мөнгө. Гол нь мөнгөндөө биш, энэ нэгтгэлийн цаана монгол хүмүүсийн эв нэгдэл, итгэл үнэмшил бий гэдгээ төр засагт ч, олон улсад ч харуулах нь чухал. Нэг компанийн ард 5-500 хүн байгаа гэж бодоход энэ асуудал наад зах нь 500-600 хүний эрх ашгийг тээж байгаа, Монголын нийт хүн амын тавны нэг нь энд байна гэсэн үг. Энэ хүмүүсийг бид төлөөлж, өөрсдийн баялгаа эзэмших томоохон төсөлд оролцох саналтай байгааг нь уламжилж байна гэсэн үг. Цаашдаа энэ нэгтгэл маань монголчуудаа төлөөлж, том, том төсөлд оролцож, санхүүгийн том корпораци болох боломжтой. Ингэснээр бид өөрсдөө ажлын байраа бий болгож, эх орныхоо баялгийг бүтээх эзэд болно гэсэн зорилго нь өөрөө том учир жижиг сажиг хардлага, гүжирдлэг мэтийг даваад гарна. Түүнээс биш амбиц, хувийн эрх ашиг гээд ярьвал хүн болгонд, компани бүрт л бий.

-МҮХАҮТ-ын дарга Д.Дэмбэрэлийг та нарын эсрэг бас нэг нэгтгэл байгуулж байна гэх боллоо?
-Тэд нарын үзэл бодлыг бид хүндэтгэнэ. Хамтарч ажиллъя гэж урьсан. Ер нь манайханд нэг ийм хандлага байдаг. ТУЗ-д л орохгүй бол үг нь хүрэхгүй, үйлс нь бүтэхгүй юм шиг санадаг. ТУЗ бол зөвхөн хүмүүсийн байр суурийг нэгтгэж, дамжуулах ажлын алба. Бидний баримталж буй байр суурь тэднийхээс арай өөр. Тэд Тавантолгойг зургаа хувааж, гадныхантай хамтарч ашиглана гэж байгаа. Гэхдээ бид зарчмын хувьд ойлголцож, үндэсний эрх ашгийн төлөө талцахгүй гэсэн хамтарсан баримт бичиг гаргаж байна. Биднийг хэрвээ өөр хоорондоо өрсөлдөөд эхэлбэл анаад сууж байгаа гадаадын компаниудад ашигтай. Үүнийг хэн ч санаж ухамсарлах ёстой. Бид Тавантолгойг гадны ямар нэг компанитай хамтарч эзэмшихгүй гэсэн байр суурь дээрээ хатуу зогсоно. Яагаад гэвэл бидэнд туршлага байна. Тавантолгой бол Оюутолгой биш. Зэс, ураны орд шиг гүний нарийн технологи шаардахгүй. Бидэнд нүүрс олборлож, ашигласан 80 жилийн туршлага байна. Хоёрдугаарт, боловсон хүчин ч хангалттай байна. Цаашдаа нүүрс коксжуулах, нано технологи буюу хүчилтөрөгч гаргаж авах бүх боломжийг хайна. Энэ бүхэн шинэ юм биш, дэлхийд байдаг, ашигладаг л зүйл. Үүнийг хэрхэн нутагшуулах вэ гэдэг л байна.

-Та тэднийг гадаадын аль компанийн эрх ашгийн үүднээс хөдлөөд байна гэх гээд байна уу?
-Бусадтай хамтарч ашиглана гэсэн агуулгаас нь харахад тийм ойлголт төрж байна. Уул нь бол эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хаших цаг болсон гэсэн эрмэлзэл танд ч, надад ч байгаа шүү дээ. Ер нь бид аль юм болгон гадаадын нэг компанийг дулдуйдаж юмаа ашиглуулчихаад өөрсдөө үзэгчийн байр сууринаас хандах буюу эсвэл гуйж очиж ажлыг нь хийх ёстой юм бэ? Одоо Оюутолгойд ажиллахын тулд олон монгол хүн шар махтайгаа хатаж, гологдож шилэгдэж байна. Ихэнх нь хар бор ажлыг нь л хийнэ. Монгол Улсын төлөө монголчууд бид өөрсдөө л нэгдэхээс бус аль нэг улсын Засгийн газар, компани зүтгэхгүй гэдгийг бүгдээрээ санаж байх ёстой. Ер нь бид одоо ингэж ярьсан дээрээ л нэгдэхгүй бол дахиж хэзээ ч монголчууд нийлж юм хийж чадахгүй. Бидний тэмүүлэл хоосон яриа болоод замхарвал монголчууд хэзээ ч нэгдэж юм хийж чадахгүй юм байна гэсэн ойлгоц гадныханд ч, бидэнд өөрсдөд маань ч гүн бат сууж өгөх юм. Магадгүй, ийм юм болоод өнгөрөөсэй гэж хүсч байгаа хүн байж болно. Түүх харуулдаг шүү дээ. Монголчууд хоорондоо хамгийн их талцалтай байсан үедээ дандаа урууддаг гэж. Манжууд монголын ноёдыг ялгаварлан, нэгд нь хэргэм зэрэг, албан тушаал, авгай хүүхэн өгч байж нөгөө рүү нь турхирах замаар талцуулсан байдаг. Үр дүнд нь монголчууд 200 жил тэдний дарлалд боолчлогдсон. Бид Тавантолгойгоо төртэйгээ хуваагаад эзэмшье, шаардлагатай бол зарим ажлаа гадныхнаар хийлгэнэ биз, гадны компаниудад бүү санаа зов гэж л хэлмээр байна.

-Монголчууд нэгдээд үйл ажиллагаагаа эхлүүллээ гэж бодъё. Нэг дээвэр дор амьдарч байгаа хүмүүсийн хүсэл эрмэлзэл, ашиг сонирхол тэр бүр өрсөн тоосго шиг өөгүй сайхан байдаггүй. Та бүхэн үйл ажиллагаагаа яаж гадны нөлөөнөөс хамгаалах вэ, ялангуяа улс төрийн нөлөөнөөс?
-Бид дүрмээ их олон талаас ярьж байж боловсруулсан. Удахгүй ном болж нийтэд очих байх. Дүрмийн агуулга бүхэлдээ тэгш эрхийг хангахын төлөө байгаа. Аль нэгийг нь давуу үзэхгүй, алтан, мөнгөн хувьцаа гаргахгүй, компанийг том жижгээр нь ялгахгүй гэх мэт. Бүх үйл ажиллагаа нээлттэй байж, ажлын тайлангаа сар улирлаар гаргаад хэлэлцүүлээд явна. ТУЗ-д ажиллах хүмүүсээ нэг жилийн хугацаатай дахин сонгон шалгаруулна. Хамгийн гол зарчим маань тунгалаг чанар байх ёстой. Элдэв нөлөөнд орж болзошгүй нөхцлийг бүгдийг нь дүрмээрээ хааж өгсөн байгаа.

-Тавантолгойд хүч үзэхээр дэлхийн 10 гаруй компани сонирхлоо илэрхийлээд байгаа. Тэдэнтэй өрсөлдөх хэмжээнд өөрсдийгөө яаж бэлтгэж байна?
-Шууд утгаараа өрсөлдөнө гэвэл хөрөнгө мөнгө, хүн хүч гээд олон зүйлээр бидний чадал дутна. Гэхдээ бидэнд нэг том боломж байна. Юу гэвэл, энэ өрсөлдөх гээд байгаа баялаг чинь бидний, монголчуудын өөрсдийнх нь юм шүү дээ. Газар нутаг, хууль орчин гээд бүх юм биднийх. Төр засаг нь ч ийм байр суурьтай байна. Тавантолгой өнөөдөр зуун хувь төрийн өмч, энэ өмчийг ард иргэддээ тэгш хүртээх, цаашлаад стратегийн ач холбогдол бүхий 15 орд газраас ашгийг нь иргэн бүртээ тэнцүү хүртээнэ гэсэн Засгийн газрын байр суурьтай биднийх таарч байгаа. Түүнээс биш энэ олон том компанитай өрсөлдөж, ялах нь бидний зорилго биш. Монголын 2,7 сая иргэн бүр энэ нэгтгэлд ямар нэг байдлаар хамааралтай. Хэрэв бид өөрсдөө энэ эрхээ авчих юм бол төсөл боловсруулах, үйлдвэр байгуулах, зураг төсөл гаргах гээд гүйцэтгэлийн чанартай ажлуудаа хаанахын, хэнээр ч хийлгэж болно.

-Монголчууд ийн нэгдэж байгааг гадаадын уул уурхайнхан, тухайлбал өрсөлдөх сонирхолтой компаниуд хэрхэн хүлээж авч байгаа бол?
-Тавантолгойг ашиглах сонирхолтой гадаадын 11 компани бүгд манай нэгтгэлийг дэмжиж байгаа. Харин ч их эрүүл, ардчилсан үзэгдэл гэж үзэж байна. Хэрэв та бүгд өөрсдөө эрхээ авчихвал бидэнд ч амар болно гэж байна. Учир нь дөрөв дөрвөн жилээр эрх нь солигддог Засгийн газартай бус хэдэн зуун жилээр оршин тогтнох үндэсний том корпорацитай гэрээ байгуулж хамтарч ажиллах нь илүү эрсдэл багатай. Ерөөсөө улс төрийн энэ бохир өрсөлдөөнөөс бид эдийн засгаа салгаж аваад, эрүүл зөв өрсөлдөөн руу оруулах цаг болсон. Ёстой нөгөө “нийгмийн захиалга” гэж хэлж болно. Үүнийг цааш нь явуулах уу, ингэсгээд зогсоох уу гэдэг нь бидний ноён нуруу, ухааны цараагаас хамаарна.

-Үндэсний томоохон корсорциум дээр тулгуурлаад эдийн засгаа өөд татсан гадаадын олон улс байдаг. Манайд энэ жишгээр явбал хууль, эрхзүйн орчин хэр юм бол?
-Компаний тухай хуулиар бол ямар нэг хориг саад байхгүй. Өөр бусад хуулиар ч гэсэн зөвшөөрөгдсөн. Яг хийгээд, хэрэгжээд явбал явцын дунд ярих шаардлагатай ганц нэг асуудал гарч ирэх л байх. Бид одоо бичиг баримтаа цэгцлээд бүртгэлийн газар өгч байгаа. 200 орчим компанийн бичиг баримт бараг хоёр том хайрцаг дүүрээд байна. Үүнийг хуулийн дагуу нэгтгэх нь маш том техникийн ажил. Хоёр долоо хоног ажиллаж байж үүний ард гарснаар салбар компани байгуулан, орон нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байна гэсэн үг.

-Хэзээ Засгийн газарт албан ёсоор өргөн барих вэ?
-Бид яарахгүй байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч яарахгүй байна. Хүмүүсээ хараад байгаа хэрэг шүү дээ. Ард түмэн үнэхээр нэгдэж чадах нь уу, зохион байгуулж байгаа хүмүүс хэр итгэл дааж, ард түмний ашиг сонирхлын төлөө ажиллах юм гэдгийг ажиглаж байна гэж ойлгож байгаа. Ямар ч байсан дүрмийн сангаа бүрдүүлээд, дэмжигчдээ хугацаандаа бүртгэсний дараа Засгийн газартай хэлэлцээний ширээнд сууна. Оюутолгой гэж бид хоёр жил бүжиглэлээ шүү дээ, одоо Тавантолгой дээрээ хоёр сар хүлээхэд юу нь болохгүй байхав.

-Ашиг орлогоо мэдээж тооцож үзсэн л байх?
-Үзэлгүй яахав. Эхлэлээ сайн тавьчихвал цаашид өөрийгөө аваад явчих бүрэн боломжтой. Миний санаж байгаагаар, хоёр жилийн дотор тодорхой хэмжээний ашиг олоод, хувьцаа гаргах буюу, ногдол ашиг хуваарилах боломжтой. Ганц жишээ дурдъя. “Жижиг Тавантолгой” гээд ярьж байна. Эднийх нэг ширхэг хувьцаанд 55 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Зуухан ширхэг хувьцаатай хүн 5.5 сая төгрөгийн ногдол ашиг сая авлаа шүү дээ. Жилд гуравхан сая тн олборлож байгаа, орон нутгийн чанартай, тэгээд түүхийгээр нь гаргаж байгаа ийм л айл. Бидний тавьж байгаа зорилго жилд дор хаяж 30 сая тонныг гаргана. Чойрт хагас коксжуулах үйлдвэр баригдсан. Бүтэн коксжуулахад нэг л дамжлага үлдсэн байна. Нүүрсээ хийжүүлээд, шингэн түлш, гэрийн хүчил төрөгч гаргаж авах боломжтой гэхээр Тавантолгой бол баялгаа бүгдийг нь түүхийгээр зөөх төсөл биш юм. Монголчуудад нэлээд удаан мөлжигдөнө.

-Нэгдсэн компаниуд эргээд бүгдээрээ Тавантолгойд ханган нийлүүлэгч болох уу?
-Энэ бол текникийн асуудал. Тэдгээр компани зөвхөн ханган нийлүүлэгч биш, тэнд туслан гүйцэтгэгчийн үүргийг ч гүйцэтгэж болно. Үйлдвэр дээр ажиллах, гол технологийг хариуцах компани ч манайд байгаа шүү дээ. Бид гадаадын төсөлд ингэж ажиллаад л явж байна. Нэг хэсэг нь ажилчдын хувцасыг оёж байна, нөгөө хэсэг нь хоолыг бэлдэж, хүүхдийг нь сургууль цэцэрлэгт хамруулж байна. Тавантолгойг дагаад тэнд бүхэл бүтэн хотхон босно. Эрхээ л авчихсан байхад энэ бүгдийг хэн хийх нь гэрээ тендэрээр зохицуулагдах зүйл. Ямар ч гэсэн одоогийн Оюутолгой шиг өөрийнхөө нутаг дахь эрдэнэсээ хүнд өгчихөөд хөлд нь сөгдөх нь холгүй ажлын байр гуйж явах ичгүүртэй байдалд орохгүй. Ийм байдал руу бусад ордуудаа оруулчихгүй юмсан, ялангуяа Тавантолгойгоо тавиад туучихвий гэсэн үндэсний том эрх ашгийг төлөө бид явж байна.

- Монголчууд өөрсдөө баялгаа 100 хувь эзэмших юм чинь байгаль орчин, нөхөн сэргээлт дээр үлгэрлээд өгөх юм байгаа биз дээ. “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоордог” байтал сүүлийн жилүүдэд ухсан нь баяжиж, ухуулсан нь хувхайраад байгаа шүү дээ?
-Үлгэрлэнэ л гэж бодож байгаа. Түүх эргээд давтагддаг нь үнэн л бол энэ бол Монголын сүүлийн хэдэн зуунд гарч байгаа том сэргэн мандалт байх ёстой. Биднийг төр засаг чиглүүлээгүй, доороосоо, өөрсдөөсөө гарч байгаа маш том нэгтгэл шүү. Анх удаа ийм олон компани нэгдэж юм хийх гэж байна. Агуу тэвчээр, сэтгэлийн хат, аажуу уужуу бодлогоор үүнийг авч явна. Бид биш юм гэхэд, хэн нэг нь, хэзээ нэгэн цагт хийх л байсан. Гадаадын компаниуд баялгийг маань ухаж авчихаад, байгалиар маань тоглоод орхихыг харж, халаглаж ханалаа. Баялагтаа эзэн суух цаг ирсэн гэж ярьдаг ч жинхэнэ утгаар нь хийж хэрэгжүүлэхгүй бол энэ янзаараа нөгөө л Африкийн орнуудын жишээг давтах болно. Хэвлэл мэдээллээр янз бүрийн л юм гарч байна. 1500 нинжа Тавантолгойг хувааж залгих юм гэнээ ч гэнэ үү. Ямар ч юмны эхлэл хэцүү байдаг. Ямар ч ажилд саад тотгор учирдаг. Эцсийн зорилго бол эв нэгдэл. Монголчуудад өөрсдийгөө харуулах том боломж гарч ирээд байна. Үнэн байх нь уу, үлгэр байх нь уу гэдгийг цаг хугацаа харуулна.

-Танд баярлалаа.

3 Сэтгэгдэл:

А said...

залбираад л хараад сууж байя даа

uka said...

Ер нь бид аль юм болгон гадаадын нэг компанийг дулдуйдаж юмаа ашиглуулчихаад өөрсдөө үзэгчийн байр сууринаас хандах буюу эсвэл гуйж очиж ажлыг нь хийх ёстой юм бэ? Одоо Оюутолгойд ажиллахын тулд олон монгол хүн шар махтайгаа хатаж, гологдож шилэгдэж байна. Ихэнх нь хар бор ажлыг нь л хийнэ. Монгол Улсын төлөө монголчууд бид өөрсдөө л нэгдэхээс бус аль нэг улсын Засгийн газар, компани зүтгэхгүй гэдгийг бүгдээрээ санаж байх ёстой. Бид одоо ингэж ярьсан дээрээ л нэгдэхгүй бол дахиж хэзээ ч монголчууд нийлж юм хийж чадахгүй. Бидний тэмүүлэл хоосон яриа болоод замхарвал монголчууд хэзээ ч нэгдэж юм хийж чадахгүй юм байна гэсэн ойлгоц гадныханд ч, бидэнд өөрсдөд маань ч гүн бат сууж өгөх юм. Магадгүй, ийм юм болоод өнгөрөөсэй гэж хүсч байгаа хүн байж болно. Түүх харуулдаг шүү дээ. Монголчууд хоорондоо хамгийн их талцалтай байсан үедээ дандаа урууддаг гэж.


Ene yostoi unen shu.

Anonymous said...

Анхандаа ч нэг л итгэлтэй бус байсан юмаа би. Одоо бол үнэхээр бүтээсэй, бүтээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Монгол минь өнөөдөр хүний бүхий л хэрэглээний зүйл өндөр хөгжилтэй орнуудынх шиг үнэтэй мөртлөө авдаг цалин нь 10 дахин бага байна шүү дээ. Эх орондоо жаргалтай сайхан амьдрах юмсан.