2012/01/20

Нүд худалч, хамар үнэнч

Ирэх сонгуулийн дөрөөн чимээ ид харшиж эхэлсэн энэ үед таних танихгүй хүмүүсийн болсон болоогүй саналууд оочерлож дугаарлана, ойж бууна. Ганц надад ч биш эрээн цаас цоохорлож элдэв үгс хэлхдэг болгон иймэрхүү асуудалтай нүүр тулж яваа байх.

Нүүр тулна гэснээс саяхан нэг хачин хүнтэй уулзлаа. Монголын нэлээд өргөн хандалттай веб сайтын эзэн, бас хэд хэдэн порталын үүсгэн байгуулагч, ер нь л онлайн медиагаар мэргэшсэн нөхөр гэж өөрийгөө танилцуулаад, зорьж ирсэн хэрэг зоригоо хэлэв.

Сонгууль болгоноор өөр өөр намнах хэрэгсэл моодонд ордог, 2008 онд жишээлбэл дүрст монтаж яаж од болж байв, тэрний өмнө төлбөрт нэвтрүүлэг, бүр 2000 онд бол сонины захиалгат нийтлэл жинхэнэ “алуур” байсныг үүх түүх, жишээ сэлт сөхөж ирээд л ярилаа.

Харин энэ сонгуулиар улстөрчид сонины хуудас, хөл толгойг нь тасдаж зассан эвлүүлгэн штёркоос нэг их айхгүй, харин хэрэглэгч ихтэй фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайтуудаас ихээхэн жихүүцэх нигуртайг аанай л баримт судалгаа дурдан ангайтал тайлбарлаж гарваа.

Ярих тусам нүд нь гялалзаж, гар хуруугаа зангах түүнийг би “хамраа оролдсон хачин нөхөр вэ” гэсэншүү юм бодож сонсож суулаа. Ялангуяа, “бид энд тэнд худалдагдчихсан хүмүүсийг сонирхохгүй байна, ёс суртахууны хувьд эвдрээгүй, эх сурвалжаа мэддэг чадварлаг хүмүүстэй хамтран ажиллаж, зөвхөн улс төрийн анализ нийтлэлээр дагнана. Түүнээс биш явган хов жив, баримтгүй гүтгэлэг ятгалгаар хөөцөлдөхгүй” гэж хэлж байхдаа хамраа майжиж харагдав.

Цалинг бол долоон оронтой тоогоор л ярина, унаа унана, утас барина, дэд захирал хийнэ, дээр сууна, дээж иднэ... за за сүүл рүүгээ жоохон хэтрүүлэг ороод явцан шүү. Ер нь бол нэг иймэрхүү л юм хэлээд байсан.

Та тэгээд мэдээллийн сайтаар их мөнгө хийнэ гэдгээ яаж мэдээд байгаа юм бэ гэхэд “Цаг үеэсээ түрүүлж алхах хэрэгтэй. Хүмүүс бичүүлэх гэж мөнгө төлж байхад бид бичсэнийг арилгуулах гэж мөнгө төлүүлэх болно.”....

Жаахан гайхаад явчихлаа. Эхлээд баахан шар мэдээлэл цуглуулж, ямар нэг байдлаар баталгаажуулчихаад дараа нь палийтал цацаж, нөгөө хүнээ наадхаа аваач ээ гэнгүүт нь мөнгө нэхнэ гэсэн үг байх нь. Нөгөө бусдын улыг шагайж, захиалгат тархи угаалт хийхгүй гэсэн яалаа.

“Тиймэрхүү юмаар хол явахгүй дээ, тэгээд ч тэгж олсон булууны ясанд тээглэж үхвэл яана” хэмээхэд минь жигтэйхэн шоолов. “Нууц хэлье, сонин бол цагаан дээр хараар бичиж үлдэх учир эрсдэлтэй, телевизийн бичлэг бас эзнээ алдаг. Харин сайтад гаргаад, буцаагаад авах хооронд хэн ч яаж ч чаддаггүй юм, одоогоор тийм хууль ч байхгүй. Гол нь нийгмийн сэтгэлзүйд айхтар хүчтэй нөлөөлөөд үлддэг байхгүй юу. Тиймээс аль болох сонирхолтой, хөнгөн, уншууртай бичихэд л хангалттай. Доор нь орох сэтгэгдлүүдийг ч зохион байгуулж болно. Тэртэй тэргүй тэрбум тэрбумаар нь идэж байгаа нөхдүүдээс цагийг нь олж жаахаааан юм салгахад юу нь буруу гэж....”

“Монголдоо ноймер нэг” гэж ирээд л тодрох, намайг үнэндээ мэдээллээс тасархай гэж бодоод байх шиг. Хов жив хөөцөлдөхгүй, зөвхөн улс төрийн анализ нийтлэлээр хүчээ авна гэж хэлэхдээ хамраа ухаж ч байх шиг... Бас ардаа ямар ч санхүүжүүлэгчгүй, цэвэр медиа өрсөлдөөний зарчмаар явна гэх атлаа зөвхөн зурхайн номны нүүрэнд гарахын тулд хэн хэдийг цацахад бэлэн байдгийг аминчлана. Их л урт настай юм хийгээд байгаа мэт ярих боловч сонгууль өнгөрмөгц амь тариагаар гачигдах нь бас мэдрэгдээд авав.

Яагаад ч юм ялигүй гонсойх ч шиг. Жилээс жилд, сонгуулиас сонгуульд сэтгүүлзүй бохирдон угаартаж, эргэж хэзээ ч өнгө орохгүйгээр үхширэн замхарчих гээд байгаа юм шиг хүйт даагаад болдоггүй.

Гүй тэгээд...юу... заавал шантааж мэдээлэл.... гээд намайг ээрч ядаж байтал “Шантаажсаад байх албагүй. Зүгээр л мэдрэмжтэй байх хэрэгтэй. Жишээ нь гурван жилийн өмнө нэг улстөрч эмэгтэй нууц амрагтайгаа болзож байхад нь бид нар эхнэр рүү нь утасдсан. Тэгээд анаж байгаад алгадаж үсдэлцсэн зургийг нь аваад тавьчихсан. Нөхөртөө араараа тавиулсан хүүхний зөвшөөрлөөр шүү дээ. Эзэнтэй, захиалагчтай юм чинь яадгын. Дараа нь оффисоор нэг юм болсон ч овоо юм салгасан байхгүй юу. Одоо бол хувийн амьдрал гэхээсээ албан тушаал, лобби, хор найруулалттай холбоотой юм илүү теряаж өндөртэй тусна шүү...

Зорьж ирснийг нь хүндлүүштэй ч хамраа ойр ойрхон оролдох хачин хүний ярианд би автсангүй ээ, үзэгний үзүүрээр зөвхөн хар судал татуулах ёстой гэсэн шаардлага нь ч таалагдсангүй. Айхтар хэрсүүдээ биш, ажигч гярхайдаа ч бүр биш, зүгээр л зуун хувь итгэл төрөөгүй хэрэг. Нэг яриа нь нөгөөгөө үгүйсгээд л, муулж явсан хүнээ магтаад ч байх шиг. Ядахдаа хамраараа яасан ч их оролддог юм, имрээд л, маажаад л, малтаад л... сонин.

Юу юугүй гэрээ байгуулчих гээд чичрээд байгаа нь бас сурууштай дайчин, томоохон мэдээллийн сайтуудад хувь эзэмшдэг гэх тэр эрхмийг Оюутолгойн гэрээ хийх бүрэлдэхүүнд оруулчихдаггүй, харалган хамтарсан засаг юм аа.. ккк

Цагтаа чихээр сонссон бүгд худал, нүдээр сонссон бүгд үнэн байв. Тиймдээ ч сонссоныгоо харж баталгаажуулах нь сэтгүүлзүйн тулгуур зарчим байлаа. Гэтэл фотошоп гоо сайхныг авардаг болсон өнөө үед компьютер график гэгч нь нүдний үүрэг роль, үнэ цэнийг унагасаар. Хэнийг, юутай ч нийлүүлж, хөгшрүүлж залуужуулж, гурван талт хэмжээсээр хэлээгүйг хэлсэн, хийгээгүйг хийсэн болгож болдог цагт чихэндээ ч, нүдэндээ ч бүрэн итгэх аргагүй. Харин нотлох ганц хэмжүүрээр хамар л үлдээд байна уу даа.

Чухамдаа хүний хэр үнэн худал ярьж, ятгалаг гүтгэлэг хийж байгааг хамартай харьцах хөдөлгөөнөөр илрүүлж болох талтай гэдэг. Онолын хувьд, хүн ярьж байгаа зүйлдээ эргэлзэн, алдаа гаргахаас айж байгаа тохиолдолд цаг хожихын тулд гараа ам хамар орчимдоо байлгадаг. Бодлоо хүнд хэт тулгасан, эсвэл ярьж байгаа зүйлдээ сайн итгэлгүй бол хүний гар хамар руугаа явдаг нь хүний биеийн физиологоос болдог аж. Учир нь яриандаа эвгүйрхэж байгаа хүн дотроо сандардаг тул цусны даралт нь ихсэх, зүрхний цохилт түргэсэн хөлс асгарах зэрэг өөрчлөлт гарч, хамар загатнах мэт мэдрэмж төрдөгийг шинжлэх ухаан нотолжээ.

Бидний сайн мэддэг Пиноккиогийн хамар худлаа ярихаар уртасдаг нь огт оргүй үлгэрийн фантааз биш бөгөөд зохиогч дээрх зүй тогтлыг сайн мэддэг байсан тул хүүхдийн зохиолдоо хэтрүүлэн хэрэглэсэн нь энэ юм. Онлайн медиагийн од Пинокиотой уулзсан хөшигний цаадах хөөрөлдөөн нэг иймэрхүү.

Юмыг яаж мэдэхэв, хэдүүлээ ч гэсэн худлаа ярих хэрэг гарч, хэн нэгнийг зөвхөн өнөөдрийн зорилгодоо ашиглахаар зориг шулуудвал гараа л хамраасаа холхон байлгадаг юм шүү.

8 Сэтгэгдэл:

uka said...

Зөөз. Бичүүлэхийн төлөө биш арилгуулахын төлөө мөнгө авна гэдэг айхтар л санаа байна. Солиорцын.

Anonymous said...

...Өнөөдөр Мөнгө олно гэдэг шулуун шудрага хөдөлмөрийн үнэ цэнээр биш шунал залилан, худал хуурмагийн үйл хэргээр олддог болж, залуус бидний ихэнх нь энэ замын эхний гишгүүр дээр нь гишгэсэн... амархан санагдсан бол тэрийг аль хэдийн санаандаа гүйцэлдүүлсэн! ай амьдарлаа гэж! надад тэр шатан дээр гишгэх мянган санаа түмэн бодол төрдөг л юм. -Би яасан МУУ хүн бэ!!!
___________________________________

Uuskuu.B

А said...

Цаашдаа иймэрхүү хүмүүс уулзы гэгүүл нь гараа ямар нэгимаар будчаад гар барьж уулзаад ярилцлагаа эхэлж байгаарай.

Ярианы төгсгөлд хамрын өнгөнөөс л

Anonymous said...

Манайхан тээд аль юмны мууг нь түрүүлж хэрэгжүүлэх гээд үзчихиймаа. Ухаандаа хэн нэгнийг аймаар шүүмжилж байгаад,болиочээ чи гэнгүүт нь тэгүүл мөнгөө өг гэж шантаажлах юм даг уу да.Хэсэг сэтгүүлч ХМБ бүхэл бүтэн мафи байгуулж болохын байна шүү. Дээрээс нь хэдэн рекет залуустай гэрээгээр ажилчихвал за тэгээд Томоос том мафи.Ийм нууц хуйвалдааныг олонд илчилж өгсөнд баярлалаа. Энэ чинь л тэгээд зөв шүү дээ.

Оргил said...

bas huihaa maajdagshd neeree..

sukhbat's blog world said...

Cham shig humuus olon baigaasai. Neg alhamiin zaadahiig ch harahgui buderj undag humuus hezyy yum daa. Bi bol chamaig 100% demjijiin.

Idea said...

Ука: Харин тэхх, онлайн сэтгүүлзүйд шүүлтүүр хэрэгтэй болжээ.

Үлмэдэх: Бодол төрөх нэг хэрэг, бурууг нь мэдсээр байж хэрэгжүүлбэл жинхэнэ муу хүн болох байх, түүндээ бусдыг мунхруулж ашиглавал бүр нэгэн цагт горыг амсах хар үйл болно гэж л бодож явдаг шдээ, энэ бүхнийг нийгмийн цаг зуурын шалгуур л гэж найдахаас өөр яахав.

Юки: Гараа хөөдчөөл байжийя ккк. Аягүй бол айхтар улсууд холоос hi гэчээл ярьж өгнө дөө.

Үлмэдэх: Илчилж сүйд болсон юм байхгүй ээ, угаасаа байдаг л зүйл. Харин өөрт жаахан хамаарах янз ороод ирэхээр дуугүй байж тэссэнгүй. Энэнээс аймаар мафи зөндөө байгаа ч нийгмийн хамгийн эрүүл байх ёстой хэсэг ингэж дотроосоо идээлээд байвал хэцүү л юм.

Дао: Хуйх яахвээ, хүүхдэд голдуу байдаг зүйл болохоор ярианы сэдэвтэй нээх уялдахгүй байх. Барагтай илүү хөдөлгөөн хийдэггүй томчууд хамар хавиараа л намба алддаг юм шиг байгаан. За тэхдээ кринималистууд илүү ихийг хэлэх биз.

Сүхбат: Талархав. Гэхдээ тэд мэдэхийн хувьд мэдэж байгаа, нэг өдөр эвгүйтнэ гэдгийг. Хамгийн гол нь тэр үед жийрэглэх бамбай бэлдчихээд сууж байдаг нь зэвүүн. Тэр нь зүгээр л нэг амьжиргаа хөөсөн, эсвэл мэргэжилдээ үнэнч байна гээд андуурцан, гэнэн цайлган нэгэн байх жишээтэй.

Anonymous said...

новшийн ёсзүйгүй сайтууд зөндөө байнашд. хүний юмыг дураараа авч ямар ч авторгүй тавьдаг, блог фэйсбүүкт оруулсан зургийг зөвшөөрөлгүй хуулж аваад балиар эротик өгүүллэг нтр-ийг зурагжуулдаг. дор нь коммент бичиж зарга хийгээд ч нэмэргүй. Тиймэрхүү хулгайчуудыг шууд шууд блоклох хэрэгтэй байгаам даа. Тэгэхгүй бол интернэт харасмент улам л гаарна.